“ТОМ XVНИЙ КUHО ҮЗСЭН МИНЬ…” Болсон явдал – Элгээ мэдээрэй
“ТОМ XVНИЙ КUHО ҮЗСЭН МИНЬ” – Хүүхэд насны хөгтэй дурсамж
ЖОГНООГИЙН БЯМБАСАЙХАН
Би унаган хотын хүүхэд л дээ. Өсвөр нас маань хоёр нийгмийн зааг, шилжилтийн үед тохиосон болохоор адал явдлаар дүүрэн.
Тэр он жилүүдийг туучаад гарсан хүн бүр ямархан цаг үе байсныг мэдэх биз ээ.
Шинэ жил ч дөхөж байна, шинэ тууж ортол цувралаар өөрт тохиолдсон паянгаасаа хуваалцаж, хамтдаа дурсамжаа хөглөн хөгжилдье гэж бодоод энүүхэндээ ийм нэг бяцхан булан нээж байна.
Ингээд анх хэрхэн том хүний кино үзсэн паянгаа хүргэе. 90-ээд оны эхэн үед Мэргэжилтний 20-ын байр болгоны хонгилд “приставка”-гаар кино үзүүлдэг байв.
Миний үеийн хүүхдүүд Шаолин сүм, нинжа болон Брюс Ли-гийн тоглосон киног тэр үед бүгдийг нь үзэж дуусгасан.
Өдөр нь хүүхдүүд кино үзэж оройдоо том xvний кинo гарна. Хүүхэд орох xopиотой.
Нэг удаа манай ангийн дөрөв, таван хүүхэд том хүний кино гэж ямаршуу юм байдаг юм бол гэж сонирхоод чимээгүй, томоотой сууна гэж ам, шүдээ өгөх нь холгүй гуйж шалсаар байгаад тэр киног нь үзэхээр оров оо.
Том xvний кино үзэж байгаа болохоор том xvний мөнгө төлж таарав. Таван төгрөг байл уу даа, мартаж.
Байрны хонгилд байх тэрхүү “кино театр” маань сургуулийн анги шиг багшаархан танхимд гучаад сандал өрчихсөн, тээр урд жижигхэн зурагт тавиастай, ердөө л нэг ийм газар.
Гэрэл унтраад кино эхэлмэгц бид хэд амьсгалаа түгжиж аваад, мөлхөх нь холгүй огт чимээ гаргалгүй нинжа шиг гэтэж мяраасаар сандал эзэгнэсэн ах нарын өмнө шалаар зулан суулаа.
Тэд нар кино руугаа анхаараад маниусыг тоож байгаа ч юм алга. Кино нь ч дээ. Зодоон цохион байхгүй, уйтгартай, яг л нойрны эм.
Нэг хvvхэн, залуу хоёр хөтлөлцөөд энэ тэрүүгээр зугаалаад л байна, зугаалаад л байна. Ядаж байхад хэл нь ойлгогдохгүй, юу гээд шулганаад байгаа юм.
Тэгж тэгж тэд нэг өрөөнд ормогцоо учиргүй хувцсаа тайлцгааж гарав. Бид хэд амьсгалахаа ч мартаад, зурагт руу нүд бүлтийстэй, ам ангайстай.
Тэгтэл гэнэт кино маань харааны бяд гүйцэхээргүй жирэлзэн урсаж, зажилсан хуурцаг шиг жонгинон дуугараад, жижигхэн дэлгэц дээр нэг л том цагаан бөгc учиргүй хурдан хөдлөөд,
Юу ч болоод байгаа юм бүү мэдээ. Ах нар ч уурлаж “Зүгээр гаргаач ээ, наадахыг чинь үзэх гэж ирж байхад” гээд хашгиралдав. Кино гаргаж байсан ах “Энд хүүхдүүд байна” гээд бид хэдрүү заалаа.
“Тэр чинь ямар хамаатай юм. Vxсэнээ хийж оруулсан юм. Мөнгийг нь өгөөд хөөж гарга” гэж энд тэндээс ах нар уурлаж, бид нар руу хялалзав.
Хэдэн төгрөг нь хаа юм гэж бодсон уу кино гаргаж байсан ах “Алив та хэд буруу харж суугаад чихээ тагла” гэж тушаав.
Бид л болсон хойно буруу харж суусан ч юу боллоо гэж чихээ гүйцэд таглах билээ.
Харин зурагтын бүдэг гэрэлд нэг л зүйлрүү шимтэн харах тэр олон ах нарын хөмхий зуусан шаналангуй, ав адил, ив ижил царайг хараад миний инээд өөрийн эрхгүй хүрч билээ.
Одоо ч санаанд минь тэдний суугаа нь харагддаг юм. Хөшөө шиг, огт хөдөлгөөнгүй суух тэдний гагц нүд нь очтон гялалзаж байсан билээ.
Ингэж л анх би том хүний кино үзсэн гэх нь ч хаашаа юм, сонссон гэх юм уу даа. Аан тийм, ямар мөнгөөрөө кино үздэг байсан юм бэ гэж үү? Хэрхэн мөнгө олдог байсан тухайгаа маргааш өгүүлье.