“ТАНИХГҮЙ БАЙЖ БУУДАЛД БАЙХАД МИНИЙ ОРОН ДЭЭР ӨӨРӨӨ ХҮРЧ ИРЖ ХАЖУУД УНТААД…”

“ТАНИХГҮЙ БАЙЖ БУУДАЛД БАЙХАД МИНИЙ ОРОН ДЭЭР ӨӨРӨӨ ХҮРЧ ИРЖ ХАЖУУД УНТААД…”

Сайн байна уу. Намайг Б гэдэг, одоо 29 настай. Хувиараа ажил эрхэлдэг, одоогоор бол тун боломжийн амжилттай яваа л гэж өөрийгөө дүгнэдэг. Өдий 30 нас шахаж байж гарын таван хуруунд багтахаар тоотой хэдхэн бүсгүйчүүдтэй үерхэж нөхөрлөж байсан.

Гэхдээ хамгийн удаан харилцаатай байсан нь гэхэд л оюутан байхдаа нэг охинтой долоон сар л үерхэж байлаа. Нэг ёсондоо хэн нэгэнтэй хамт ч амьдарч үзээгүй, эмэгтэйчүүд бүсгүйчүүдийн асуудал дээр бол жулдрай нөхөр л гэсэн үг хэхэ.

Тэгсэн нэг жил гарангийн өмнө нэг бүсгүйтэй танилцаж, танилцсан өдрөөсөө хойш өнөөдрийг хүртэл холбоотой л байна. Зүрх сэтгэл маань цаашдаа ч хамт байхыг хүсээд байх шиг байна.

Гол асуудал нь гэвэл бид хоёр нэг зочид буудлын өрөөнд найзынхаа төрсөн өдрөөр танилцаж байсан. Бүр тэр өдрөө үнcэлцэж танилцаж байсан юм. Унтахдаа хүртэл миний унтаж байсан орон дээр өөрөө хүрч ирээд хэвтээд хонож байсан.

Гэхдээ мэдээж ямар нэг зүйл болоогүй л дээ. Тухайн үедээ тэр олон байхад очиж очиж танихчгүй байж миний хажуугаар орж хэвтсэнд нь гайхаж л байлаа. Би өглөө эрт ажилтай байсан тул тэр эмэгтэйн дугаарыг найзаасаа аваад тэгээд салсан.

Тэгээд яагаад ч юм өөрийн мэдэлгүй утасруу нь залгаж улам дотно танилцаж уулздаг болсон. Би тухайн үед өөрөө ч сайн мэдэхгүй байж тэр эмэгтэйг яагаад тэгж бодсон юм бол бүү мэд, харахад л хүүхэд төрүүлчихсэн юм шиг харагдаж байсан.

Тэгсэн бодож байснаар минь ч ганц бие ээж болж таарсан. Охин нь одоо хоёр нас хүрч байгаа хөөрхөн охин байдаг. Би гэхдээ түүнийг ганц бие ээж, өмнө нь амьдрал зохиож байсныг нь мэдчихсэн мөртлөө л сэтгэлээ татаж авч чадалгүй байсаар өнөөдрийг хүртэл нэг жил гаран холбоотой, бүр дотно харилцаатай болчихсон.

Уг нь бол эхэндээ хаяа л ганц нэг уулзаж байя гэж бодож байсан боловч өдөр ирэх тусам л татагдсаар байгаад холбоогүй ганц ч өдөр байж чадахаа байчихжээ. Өмнөх амьдралынх талаар өөрөөс нь асуутал

-Хадмындаа амьдарч байгаад яхир хадам, хахир нөхрийнхөө ааш авир гарынх нь аяыг дийлэлгүй төрхөмдөө буцсаан гэж хэлж билээ. Үнэн худал хэлсэнг нь мэдэхгүй ч итгэхийг хүссэн болохоороо би итгэсэн.

Тэгээд өнөөх танилцуулж байсан төрсөн өдрийн эзэн найзаасаа асуухад -Ямартай ч нөхөр хүүхэдтэй болчихсоон гэчихсэн явж байсан. Яагаад салсан нарийн учрыг нь мэдэхгүй ч цаадах нь өөрөө бас жаахан хөдөлгөөнтэй байж магадгүй шүү, нээх сууж барих гээд яах юм бэ гэж надад хэлсэн.

Өмнөх амьдралынх нь талаар мэдчихвэл сэтгэлд минь сэв суучихаж магадгүй гээд улам гүнзгийрүүлж тодруулж асууж чадалгүй тэр яриагаа тэгсгээд өндөрлөсөн дөө.

Гэтэл одоо тэгсэн би бараг суух талаар бодчихсон, хосууд шиг л харилцаатай байх болсон. Уг нь хэзээ ч өмнө нь амьдрал зохиож байсан бүр хүүхэдтэй эмэгтэйтэй сууж гэрлэх байтугай уулзаж учрах талаар бодож байсангүй.

Би тэгээд өмнөх нь амьдрал нь, эсвэл найзын маань хэлж байсан жаахан хөдөлгөөнтэй байж магадгүй шүү гэсэн үг нь бодогдоод би заримдаа хэрүүл өдөөд аашилчихдаг юм.

Намайг уурлаж бухимдаж хэрүүл хийх тоолонд тэр маш ухаалгаар шийдчихдэг, дан ганц хэрүүл уруул ч гэлтгүй ер нь бүх л асуудлыг эвтэйхээн шийдээд зохицуулж чаддаг нэг тийм айхтар эмэгтэй гэх юм уу даа.

Би ч иймээ тиймээ юм болсон ч төд удалгүй л арганд нь ороод ямар нэг байдлаар яаж ийж байгаад эвлэрчихсэн, инээчихсэн явж байдаг юм. Тийм болохоор намайг маш сайн ойлгож чаддаг, миний хүсэж байсан хүн мөн юм шиг л үе үе санагддаг.

Даанч хүүхэдтэй, өмнө нь өөр хүнтэй гэр бүл болж байсан гэж бодохоор л дотор харанхуйлаад шууд л салмаар зугтаамаар санагдах юм. Тэгээд тэсэлгүй хоёулаа салъя, бүр мөсөн болье гэж хэлж ч байсан удаатай.

Тэгж хэлэхээр өөдөөс -Би чамаас юу ч хүсэхгүй ээ. Хүүхдийг минь хайрла, надтай хамт амьдар гэж хүсэхгүй, зүгээр л хамт баймаар байна гэдэг. Ингээд намайг гээд байхаар нь би сүүлдээ гомдоохоос ч айдаг болсон байна лээ.

Гэлээ гээд гэхдээ би өмнөх амьдрал нь ямар байсан нь мэдэгдэхгүй, хэдэн эр хүнтэй холбоотой байсан нь тодорхойгүй хүнтэй амьдралаа холбож чадахгүй юм шиг санагдаж байна.

Ээж, аав гэрийнхэн маань ч бэртэйгээ хурдхан танилцъя гээд намайг гуйгаад байдаг, тэгсэн өмнөх нөхрөөсөө салаад хоёр дахь амьдралаараа амьдрах гэж байгаа хүүхэдтэй эмэгтэй дагуулаад ирвэл урам нь хугарах байх даа.

Би яасан нь дээр бол? Энэ эмэгтэй надад хань болж чадах болов уу. Задарч яваа юунаас засарч яваа юу нь дээр гэдэг шиг ер нь ямар хамаатай юм амьдраад үздэг ч юм уу гэж бодох шиг.

Заримдаа өмнөх нөхөртэй нь уулзаж яагаад салж сарнисан талаар нь асуумаар ч юм шиг санагдах боллоо. Харин нөхөр нь надад үнэнийг хэлэх болов уу, худлаа яриад бүр сэтгэлийг минь бүр мөсөн сэмлээд хаячихвий гэдгээс айж байна.

Үзэж харж мэргэлдэг заяаны хань мөн бишийг нь хэлдэг хүн дээр бас очиж үзүүлбэл хэр барагцаатай хэлдэг бол. Эсвэл сайхан, гоё эмэгтэйчүүдийн ихэнхд нь ийм сул тал байна гэж байх уу.

Би ч бол яахав намайг хуурч иймээ тиймээ асуудал гаргахгүй л бол охиныг нь өөрийн охин шигээ хайрлаж, түүнийг гомдоохгүй амьдралаа сайхан аваад явна гэж баттай хэлж чадна.

Хормой султай хөнгөн явдалтай байсан эмэгтэй хүн үнэхээр засарч сайн хань болж чаддаг юм болов уу. Та бүхэн зөвлөөч. Би яасан нь дээр вэ? Харилцаагаа үргэлжлүүлэх үү, эсвэл эрхтэн зайгаа барих уу…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!