“ТАВИЛАН” ӨГҮҮЛЛЭГ

О.ӨНӨРЦЭЦЭГ

Нүүдэл дагасан нэгэн эмэгтэй хүүхдээ дагуулан өндөр уулын хажуугаар алхана. Цувааг дагаад ядарч байгаа ч хормойгоо шууж хавчуулаад хүүгээ хөтлөн яаран яаран алхах гуалиг бүсгүйг Дэжид гэдэг. Хүний нутагт хань бараа болох хүнгүй айл айл даган шогших түүний энэ зовлонг бяцхан хүү гадарлах ч үгүй халтардсан гараараа нусаа шудран ээжийнхээ хормойд бүдчин дагана. Зовлон үзсэн хүнд зовох гэдэг зоригийг нь хурцлахаас бус дараа болоод байхаа больдог ажээ. Тэрээр хүүгээ тэжээхийн тулд бүргэдийн барьсан гөрөөсийг түүнтэй булаацалдан тэмцэлдсэний эцэст авч мултарч чадаж байсан эмэгтэй. Яагаад энэ эмэгтэй ингэж зовох болсон юм бэ гэж үү, гунигтай түүх ч гэлээ ярьж өгье, түүний хайрт хань нь анчин хүн байсан бөгөөд адуу мал эргүүлэн явангаа чонын үүртэй таарчээ. Тэгээд бэлтрэгийг нь суйлаад морьлуугаа явж байтал араас нь сүрэг чоно дагаж явсаныг тэр яахан мэдэх билээ. Тэгээд л гэнэдчихсэн, хадан дундаас түүний хэдэн хэсэг болон тасчуулсан цoгцocыг нь хүмүүс дараа нь олж илрүүлсэн юм. Хүүгийн минь аминд хүрсэн өөдгүй хүүхэн гэж ээж аав нь түүнийг ганц хүүтэй нь нүд үзүүрлэн хөөж орхисон нь амьдралын хатуу хүтүүг үзээгүй 20 хон настай байхад нь тохиолдсон учир тэр энэ бүхэнтэй анхандаа эвлэрч өгөхгүй их уйлдаг байжээ. Гэвч жаахан үрээ хараад эх хүн гэдэг юу ч хийхээс буцахгүй болдогийг тэр сайн мэднэ. Ийнхүү айл айл дамжин хашаа саравчинд нь ч хүртэл хоног төөрүүлж явсан Дэжид хүүхнийг өрөвдөөд баян Балбарынх тэдэнд нэгэн илүү гэрээ өгчээ. Энэ нь эх хүү хоёрт үнэхээр том бэлэг болж тэдний ачыг хариулахын тулд нэг хэсэгтээ малыг нь хариулж сүү саальд нь туслахаар болов. Айхтар хүүхэн шүү, сүрхий тэвчээртэй, юм юм л үзсэн хүүхэнд ээ гэж хэлэх хүмүүсийн үгнээс тэр жийрхэхээ больжээ. Тэр айлын эзэн их сайн хүн байж таараад түүний үнээ сааж тугал эвэлгэсэн хоногийнх нь тоог гарган цалин ч бодож олгох болжээ. Анх удаагаа л гар дээрээ хийсэн хөдөлмөрийнхөө үрээр мөнгө барьж үзсэн бүсгүйн нүүрэнд мишээл тодроход хүү нь дэргэдээс нь хараад гайхаж байлаа.

Хүүдээ ээж нь ямар үзэсгэлэнтэй харагдсаныг тэр насан туршдаа мартахгүй буйзаа. Мөнгө хөрөөд инээж байгаа ч гэлээ итгэлийнх нь үзүүрт гэрэл туссан болохоор л тэр ийнхүү инээж байгаа хэрэг гэдгийг хүү яахан мэдэх билээ. Тэднийх удалгүй айл шиг айл боллоо. Ор дэвсгэр, шүүгээ, аяга шанаганы тавиур гээд бүх юмтай болов. Одоо Дэжид үргэлж инээмсэглэн суух болжээ. Түүний хүү ч 10 нас хүрч том эр болоод ээждээ аргал хоргол түүж өгч овоо тусад оров. Одоо дээлийнх нь энгэрийн товчыг хадаж өгөх ханьтай болчихвол зүгээр юмсандаа, алийн болгон ингэж суухав гэж тэрээр лааны гэрэлд юм бодонгоо хэн нэгнийг сэтгэлээсээ хайна. Галд нь саяхан хийсэн хуурай мод шашигнан асаж гэр дулаахан байхад толгойд нь юу эс орж ирэх билээ,тэрээр лааны дөлийг ширтэн хэсэг суув. Гэтэл гаднаас нэгэн хүн хоолой засах дуулдаад сүр хийтэл хаалгийг нь нээгээд ороод ирэв. Энэ чинь хэн байдаг билээ гэж явган ширээгээ тулан бүсгүй босон сайн харвал Балбар баян жаахан халамцуухан байгаа нь харагдав. – Та дээшээ суу гэж Дэжид ачит хүнээ хүндэтгэн зузаан олбог авч дэвсэж өглөө. – Уучлаарай Дэжид минь, ах нь өнөөдөр жаахан уучихлаа. Хэт баяжаад ирэхээр хүмүүс тал засаад юу байгаагаа л барих юм. Өнөөдөр баян Шагдарын хүүгийн хурим болоод тэнд жаахан уучихаад ирлээ. Ах нь олон юм ярихгүй ээ, чи битгий санаа зов гэснээ ширдэгэн дээр унаад өглөө. – Хүүе ,хүүе Балбар ахаа гэр чинь хажууд байхад гэртээ ороод унтаач дээ, алив босооч дээ гэж хэд хэдэн удаа татаж үзсэн боловч тэр сэргэсэнгүй тэндээ үүр цайлгалаа. Амьтан хүн одоо юу гэх бол, намайг л муу хэлнэ дээ, өгсөн хоолыг нь аятайхан идчихэж чадахгүй эзэнд нь санаархана гэнээ гээд л ахиад л хүү бид хоёрыг хөөж орхино доо гэж бодохоор л тэр нүүр хийх газараа олж чадахгүй эртлэн босож Балбарыг сэрээн гэрлүү нь явууллаа.

Гэсэн ч тэднийг хоносоныг хүн болгон мэджээ. Өглөө үнээ саах гээд гарахад эхнэр нь нэг л янзгүй орилж чарлан хөөш тэр харлаг үнээг нааш нь эргүүлээдхээч, хэдэн гудармарууд чинь өнөөдөр юу болоов гэж өмнө нь огт гаргаж байгаагүй авираа гарган цухалдуухан байв. Ингээд л дуусч дээ гэж Дэжид бодон үнээнийхээ дэлэнг шувтрангаа алсын цэнхэр уулсыг харан асуух мэт харж байлаа. Гэтэл Балбар зэлэн дээр ирж эхнэртээ тугал татаж өгөнгөө – Чи чинь яагаад л орилж чарлаад байгаа юм бэ дээ, хүн амьтан сонсчихлоо, буянт малаа харааж зүхээд л гэж учирлан хэлэхэд эхнэр нь – Хм ,тэгээд би дуугүй байхуу, та хоёрыг хараад гэснээ, гайгүй ч байлгүй, тэгэж ч дээрэлхүүлэхгүй шүү, ер нь чи өөрөө үнээгээ саа, би энэ хүүхэнтэй чинь нэг зэлэн дээр багтахгүй юм байна гээд босоод явчихав. Балбар санаа алдан Дэжидрүү нэг харан өмнө нь буруутайгаа мэдрэн хэсэг харж зогссоноо түүн дээр очин – Чи битгий санаа зов доо, тэртээ тэрэнгүй би чамд эртнээс л сэтгэлтэй болсон. Харин ч тэрийгээ нууж явлаа. Одоо харин ил гаргая, хэн юу гэх нь ямар хамаа байхав. Би та хоёрыг ингээд зүгээр явуулчихаж чадахгүй, одоо хүний тохуу болж явж болохгүй, хүү чинь томорлоо гэж хэлээд гараа мөрөн дээр нь тавихад – Та ингэж ярьж болно гэжүү, бид хоёрыг бодоод яахавдээ, бид хоёр таны амьдралыг бусниулмаргүй байна гэж хэлэхэд – Хэ цэс, бидний амьдрал хэдэн жилийн өмнө л дууссан юм. Харин ч би тэвчээртэйдээ энийг гэртээ байлгаад байгаа юм. Тээр жил манай эхнэр баян Сандагтай сүүлэрч надад баригдсан юм. Би тэдний явдлыг нүдээрээ харсан. Гэхдээ үр хүүхдээ бодоод л тэвчсэн юм. Тэрнээс биш аль хэдийн салчих байлаа.

Тэгээд ч энэ чамайг дэргэдээ авсан учрыг маань ч сайн мэдэж байгаа. Түүнээс айгаад байх юм ер байхгүй шүү хө, чи бол миний сэтгэлдээ тээж явдаг ганц хүн гэж Балбарыг хэлэхэд Дэжид түүнрүү талтайхан инээмсэглэж, та их сайн хүн юм аа гэж хэлэв. Тэр цагаас хойш түүний дотороос Балбар гэдэг хүн гарахаа больжээ. Эр нөхөрөө тэгэж хуурчихаад өдий болтол дэргэд нь байсан тэр эхнэрийг хүндлэх хэрэг юу байх билээ гэж бодов. Харин ч хэдэн жил тэвчиж ирсэн нөхөрийг нь бодохоор хэчнээн сайн хүн бэ гэж улам ч их хайрлах сэтгэл төржээ. Удалгүй Балбар бага эхнэр авчээ гэж хавь ойрынх нь ярьж нээрэн ч Балбар тэднийхээр өдөр шөнөгүй чөлөөтэй орж гарч Дэжидэд эрх мэдэл олгон гэр малын ажилд оролцуулалгүй тааваар нь байлгаж албан ёсоор ч хурим найр хийжээ. Их эхнэрийнх нь уур цухалдал хүрсэн ч харин ч хөөгдөлгүй үлдсэндээ баярлан хүү охин хоёрынхоо хойчыг бодон дуугүй байв. Их эхнэрээс нь төрсөн том хүү Цэрэн нь одоо 18 хүрч байгаа бөгөөд аавынхаа бүх эд хөрөнгийг өвөлж авах том хүү нь гэж тооцогдож байжээ. Гэвч одоо хувь тэнцүү хуваах болж бас нь хоолны сав дэргэд нь гараад ирсэнд тэрээр маш их хорсон гашуудаж байлаа. Ингээд нэгэн өдөр Дэжидийг нуурын усанд орж байхад нь сэм харжээ. Тэгээд түүнийг уснаас гарч ирж байхад нь барьж аван амыг нь дарж усруу чирч орон aлaxыг завджээ. Гэвч Дэжид хар ажилд хутгалдсаар аль хэдйн булчин сууж хэр баргийн эрд даруулчихааргүй болсон болохоор түүнийг тонгорч унагаагаад гараас нь мултарч чаджээ. Энэ явдалыг эцэг нь дуулаад хүүгээ ташуурдан урьд өмнө нь зoдoж байгаагүйгээрээ гар хүрэхэд хүмүүс гайхсандаа нэг нь ойртсонгүй. Харин эхнэр нь ирж түүнийг болиулж -Чи чинь хүүгээ aлaxнуу даа гэж нус нулимсандаа хутгалдахад – Гаргасан юм чинь aлcaн ч яадгийн гэж тэрээр хэлээд – Дахиад чи миний эхнэрт гар хүрээд үзээрэй, тонилгож орхино шүү турсага минь гэж хэлэхэд – Ааваа би дахиж тэгэхгүй ээ гэж хүү өршөөл эрэн гуйснаар энэ явдал өнгөрөв.

Үүнээс хойш хэдэн хоногийн дараа Дэжид гадаа суун ааруул зүсэнгээ элдвийг бодон доош харан сууж байтал хүү нь адуу эргүүлээд ирсэн бололтой их л баяр хөөртэй гүйн ирэв – Ээжээ, ах намайг адуу хураагаад ир гээд би явчихаад ирлээ. Бас надад уурганы морь зааж өгсөн. Тэр цавьдар морь ёстой сайн уургач морь гэнэ шүү, саяхан хүнээс малаар сольж их үнэтэй авсан гэсэн шүү гэж хүүгээ баяртай хэлээд дэргэд нь суухад Дэжид толгойг нь илэн аяга хүйтэн цай хийж өгөхөд тэрээр гуд гудхийн залгиллаа. – Миний хүү чинь ахтайгаа эвтэй л байгаа юм байна даа, ахынхаа үгэнд сайн орж байгаарай, нээрэн ээжийнхээ гэдсийг харж байна уу, ээж чинь удахгүй нярайлна, тэгэхээр чи дүүтэй болно гэж Дэжидийг гэдсээ илэн инээмсэглэн хүүдээ хэлэхэд – Хөөх тиймүү, би дүүтэй болох нь ээ, гэж түүнийг баярлан хэлээд гүйж одов – Энэ удаад тэрээр энэ айлд жинхэнээсээ байр сууриа эзлэх боломжтой боллоо гэж тэрээр хэвлий дэхь үрээ бодон сэтгэлээ тайтгаруулан байтал. – Хөөш чи юундаа гөлрөөд суугаад байгаа юм бэ, энэ гудсыг гөвөөдхөөч гэж их эхнэр нэгэн зузаан эсгий гудсыг түүний дэргэд авчран шидэв. Энэ бид хоёр ч ийм л улсдаа гэж Дэжид бодон уур нь хүрсэн ч аван босох гэтэл гараас нь нэг хүн барьж аван – Хэрэггүй дээ, тулгар биетэй байж ийм хүнд юм өргөөд хаачих нь вэ, тэгсэнээс гэрт орж амар гэж хэлээд Балбар түүний гараас барин авч явлаа. – Хн гэж их эхнэр ундууцаж байгаа нь сонсогдов. Тэд гэрт орон тэврэлдэн бие биенээ эрхлүүлэн суухад онгорхой хаалганы цаана хуучин эхнэр нь юу ч хэлж чадахгүй дэмий л нааш цааш явж өөрөө өнөөх хүнд гудсаа гөвөхөөр авч явж байгаа нь үзэгдэнэ. – Уг нь манай энэ цайлган хүн байгаа юм шүү дээ, чи бид хоёрт уурлаж байгаа ч муу юм хийхгүй ээ, тэгж байгаад л уур нь гарчихаар хүүхнүүдтэй элдэвийг яриад л тас тас хөхөрч гарна.

Тийм л хүн шүү дээ, юмны наад цаадхыг мэдэх ч гэнэн хүн байгаа юм гэж Балбарыг хэлэхэд – Нээрэн тийм байх шүү, өөр хүн бол бөөн юм болохгүй юу, гэтэл Цэрэн эгч уурласан ч нэг л мэдэхэд юу ч болоогүй юм шиг инээчихсэн явах юм гэж хэлээд хаалгаар харахад хоёр хүү нь тэртээд зэрэгцэн ирж яваа нь харагдлаа. – Хараач хоёр хүүхэд маань ирж явна,тэд үнэхээр бие биедээ дассан бололтой гэж Дэжидийг хэлэхэд – Харин тийм байна хө, хүүхдүүд маань эвтэй байна гэдэг сайн хэрэг шүү гээд Дэжидийг татан энгэртээ наалдуулан үнсэв. Түүний цээжинд наалдан суусан Дэжид бүсгүй:-Би ч азтай хүн юм даа гэж бодож амжив уу үгүй юу гэдсэн дотор нь бяцхан амьтан тийчлэх нь мэдрэгдлээ. Хараач сая хөдөллөө гэж түүнийг баяртайгаар хэлэхэд Балбар гараа тавьж үзэн, нээрэн тийм байна гэж хэлээд, би чамд нэг үг хэлье гэж бодоод л явдаг юм гэхэд нь, юу вэ гэж Дэжидийг дүрлэгэр хоёр алаг нүдээ эргэлдүүлэн түүнрүү харан хэлэхэд -Чамтай учирсан учрал маань миний амьдралын хамгийн сайхан юугаар ч сольшгүй зүйл юм шүү гэв . Энэхүү үгийг сонсоод Дэжид хамгаас их догдлон өөрийн эрхгүй нулимс хацрыг нь эсгэн урслаа. Эмэгтэй хүнд ийм үг сонсох шиг жаргал гэж хаа байх билээ. Одоо түүний зовлонт амьдрал дуусаж үр хүүхдээ хүн шиг хүн болгон өсгөх их үүрэг л үлджээ. Амьдрал гэдэг түүнд алгаа ширүүлж байсан ч зовлон жаргал ээлжилдэг хорвоод одоо түүний жаргах цаг нь иржээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!