“СҮРЧИГНИЙ ҮНЭР” ӨГҮҮЛЛЭГ

“СҮРЧИГНИЙ ҮНЭР” ӨГҮҮЛЛЭГ

Л.МӨНХЧИМЭГ

-Аан тийм дахин нэг бодол төрсөн юм байна. Энэ сүрчигээ би хэзээ ч солихгүй гэж… Найз хүүхнийхээ гэрт өдөржин буу халаад хорин хоёр цаг болгочихож. Хүүхэд насныхаа хөгжөөн, залуу насныхаа хайрын тухай ярилцахад сэтгэл сэргээд бие хөнгөрөх шиг. Нэг үгээр хэлбэл залуужчихсан юм шиг. Найз хүүхнүүд хааяа ингэж уулзах нь ямар ч ядаргааны эмнээс дээр байдаг гэж мөрийцөхөд хол алдахгүй нь лавтай. Тас тас хөхрөөд, хамаг юмаа хамж шимж ярих үнэхээр сайхан. Үе үехэн тархины агуулахаа онгичиж хэрэгтэй дурсамжаа сэргээж , хэрэггүй нь устгах шаардлагатай байдаг. -Сайхан залуу байж дээ. Одоо Америкад байдаг гэнэ лээ. Бодвол эхнэр хүүхэдтэй болоо биз… гэж оюутан ахуйн хайраа дурсаж, хэрхэн нийлж, яаж салж байсан тухайгаа ярьж сэтгэлээ багахан эмзэглүүлээд авав. Учир нь түүний найз залуу өөр эмэгтэйг сонгож жаргал цалгисан мөчүүдээ хумхын тоос мэт хийсгэн одсон.

Хожим дуулахад тэр эмэгтэйтэйгээ суугаагүй гэнэ лээ. Түүндээ хамгийн сүүлд “Сайхан амьдрахыг чинь харнаа” гэж хэлж билээ. Одоо бол зүрх сэтгэлдээ сайхан амьдраасай гэж боддог юм. “Энэ хүн чинь цагтаа зүрхэнд минь эзэн явлаа” гэж бахархан суух сайхан биз дээ гэж инээмсэглээд өнөөдрийн буу халах ажлаа өндөрлөв. Хэтэрхий оройтсон болохоор машинаа дуудахаа больж такси барихаар шийдээд нэгэн таксинд суув. -Хаашаа явах уу? Нэг л таньдаг хоолой. Хэн билээ? гэж бодонгоо “Нархан хотхон” гэж хэлчихээд танил хоолойн эзнийг таах гэж оролдов. Хойно суусан болохоор нүүр лүү нь харах боломжгүй, өдөр байсан бол урд талын толинд хараад амжихгүй юу гэж бодсоор суутал. -Удаан уулзсангүй шүү. Амьдрал сайн уу гэж өнөөх жолооч маань надаас асуув. -Чи Түмээ мөн үү? -Тиймээ. -Би чиний дууг таньж ядаж байлаа. -Би чамайг гэрийнхээ хаягийг хэлэхэд чинь л таньсан. Гэхдээ машинд суухад чинь л чиний тухай бодсон -Таниагүй байж яагаад бодож эхлэв? -Чиний түрхдэг сүрчиг хаана ч явсан чамайг бодогдуулдаг.

Хэн нэгэн түрхчихсэн байхад би чамайг дэргэдээ байгаа юм шиг санадаг. Тэгээд орж ирэнгүүт чинь чиний үнэр үнэртэж чамайг санахад хүргэсэн. Тэгээд хоолойг чинь сонсоод эргэлзээгүй мөн байна гэж бодлоо. -Тийм шүү. Би энэ сүрчигийг найман жил хэрэглэж байна. Үнэр гэдэг бол “орон зай, цаг хугацааг” илэрхийлдэг гэж нэг номноос уншиж байсан. -Үнэхээр сайхан үнэр. Би энэ үнэрийг чинь хэзээ ч мартахгүйгээ мэддэг. Бид ирчихлээ гэж яриагаа таслаад гэрийн минь гадаа зогсоно. Үүнээс өөр ямар ч яриа бидний хооронд өрнөөгүй юм. Машиных нь хаалгыг хаахдаа би “Сайхан амьдрахыг чинь харнаа” гэж уурандаа хэлсэн үгийг минь мартсан байгаасай гэж бодсон. – Аан тийм дахин нэг бодол төрсөн юм байна. Энэ сүрчигээ би хэзээ ч солихгүй гэж…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!