“СЭТГЭЛ МАРТАХГҮЙ” ӨГҮҮЛЛЭГ
“СЭТГЭЛ МАРТАХГҮЙ” ӨГҮҮЛЛЭГ
БАЗАРНЯМЫН ГАНСҮХ
40 насныхаа босгон дээр өнгөрсөн амьдралаа эргээд харахад олон ч хүнийг баярлуулж түүнийхээ тоогоор бас олон ч хүнийг гомдоож явж дээ. Бага балчир наснаасаа л юмаар дутаагүй өссөн надад айлын ганц хүүхэд гэсэндээ аархаж явсан ч өдрүүд бий. Аав ээж минь хүнээс дутаахгүй гэсэндээ хүссэнг минь авч өгөн надад бүхнээ зориулна. 6-р ангид байхад өргөмөл гэдгээ мэдээд зүрх зүсэгдэх шиг л болсон. Худлаа, худлаа гэж үеийнхээ хөвгүүнийг тоосгоор толгойг нь цохиж хэрэг мандааж билээ. 9-р ангид ордог намар ээж минь өөр амьдрал зохиож аав бид хоёрыг орхиод явсан даа. Аав согтуу ирэх бүртээ л ээжийг буруутгаж надруу дайрна. Заримдаа гэрээсээ явчихмаар санагдавч надад үнэндээ зориод очих төрсөн ах дүү байгаа билүү хэмээн өөртөө гомдоно… Их сургуульд орж сайн найзынхаа буянаар төрсөн эцэг эхийхээ сургыг гаргахаар болов. – Найз нь эгчид хэлсэн сураг гарсан шүү. Ойрхон суманд амьдардаг гэнээ. 3 хүүхэдтэй юм байна. Чааваас нөхөр нь өнгөрөөд олон жил болж байгаа өөрөө зах дээр зогсдог гэсэн. Энэ улирлын амралтаар очоод ирэх юм уу? чамайг мартсан болов уу? яасан бол гэж оюутны ангийн найз их л санаа зовсон харцтай намайг ширтэнэ.
– Би очихгүй ээ амьд үгүйг нь л мэдэх гэсэн юм. Тэглээ ч үр хүүхэдтэй болсон бол болоо. Намайг хэрэггүй гээд бусдад өгсөн хүнийг харахыг ч хүсэхгүй байна гэсээр би ангиас гараад явлаа. Гэвч сэтгэлд нэг л зүйл хадаастай. Мартъя гэвч мартагдахгүй хачин бодол. Би замын унаанд суун намайг нялх нялзрай байхад минь хаяаад явсан тэр хүнийг олж уулзахаар явж байна. Дотор минь шатаж дэлбэрэх шахам буцалж байвч нэг л мэдэхэд тэдний гэрийн гадаа ирсэн байв. Бүдэг ногоон хаалгатай гурван цонхтой шавран байшин дээврийн хар цаасны урагдсан хэсэг нь салхинд хийснэ. Өмнө нь хэзээ ч ирж байгаагүй энэ гэр хоёр өрөө байрнаас минь ч дотно санагдана. Даанч гэрт хүн байсангүй жижиг улаан цоож зүүлттэй байв. Намайг ингээд ирнэ гэж хэн мэдэх билээ дээ. Цаг хугацаа хөвөрсөөр л… Тэр хүний тухай бодол толгойноос гарч өгөхгүй намайг зовоосоор. Найзынхаа машиныг гуйгаад очихоор шийдэн хөдөллөө. Сураг тавиагүй бол, танихгүй хэвээрээ үлдсэн бол гэж бодон улам ч хурдаа нэмсээр ирлээ. Хичээлээ тараад гэртээ ирж байгаа мэт шууд л яваад орлоо. Зуухны дэргэд нэгэн эмэгтэй буруу харан борц нүднэ.
Дэрсхэн хоёр охин намайг ороход нэг нь сандал авч өгөн нэг нь цай аягалана. Нэг хүү орон дээр унтаж байв. Би ороод л олон жил хадгалж явсан бухимдлаа гаргана хэлье гэснээ хэлнэ гэж бодсон боловч тэр хүний нүүрэнд суусан үрчлээ, толгойд бууралтах цагаан үс, энэ хэдэн хүүхдийг тэжээх гэж зүтгэж буй тэр гарыг хараад юу ч хэлж чадсангүй. Орчлонд энэ хүнээс л үүссэн шүү дээ хэмээн бодон гарт байгаа цайгаа салгалан барина. – Намайг танихгүй байх шиг бололтой. Гэвч юу ч асуусангүй хийж байсан зүйлээ орхиод над руу ч эгцэлж харалгүй сууна. Би гарахдаа амьд байгаад баярлалаа. Бие ээ бодоорой гэснээс өөр юм хэлсэнгүй. Намайг хашааны хаалга саваад гарахад өвлийн хүйтэнд өмссөн хувцастайгаа араас гарч ирээд уйлаад үлдэж билээ. 23 жил амьдрахдаа тэр гэрээс гараад харих замдаа тэгтэлээ их уйлсанаа би мэдэж байна. Нулимс гэдэг биендээ захирагддаггүй бололтой. Аавдаа төрсөн ээж дээрээ очсон гэж хэлж чадалгүй нуухаар шийдэв. Сэтгэлд нь сэв үлдээгээд яахав. Би сургуулиа төгслөө. Аав минь гартаа цэцэг барин надад баяр хүргэхээр ирэв. Гэсэн ч би нэг хүнийг хайсаар л…
Даанч ирсэнгүй. Намайг эзгүйд нэг бүсгүйг гэртээ авчирсан гэнэ. Цаашдаа хамт амьдрах гэж байгаа бололтой үг цухуйлгана. Танд хань болох бол надад дургүйцэх юмгүй ээ л гэв. Тодорхой ажил олдохгүй гэрээс гарахаар нийлдэг хэдтэйгээ аpxи ууна. Сүүлдээ би яах гэж амьдраад байгаагаа ч ойлгохгүй хэдэн сарыг үдлээ. Сайн үздэг хүн байгаа гэхээр нь очиж үзүүллээ. Ээж чинь чамайг ирэхийг мөн ч их хүлээж байна даа. Хүйгээр холбоотой хүмүүс хэзээ ч хагацдаггүй юм хэмээн надад хэллээ. Сүүлд мэдэхнээ намайг хаясан биш энэ айлд буян хийж өгсөн байж. Хазгай гишгэх бүрт минь намайг түшээд ч байгаа юм шиг. Нэгэн удаа хүнтэй гар зөрүүлж хүнд гэмтээгээд бараг торны цаана суух дөхлөө. Ээжийн минь, хэдэн дүү нарын минь заяа түшсэн юм байлгүй. Хэрэг хаагдаж шүүх танхимаас гараад шууд л ээждээ очихоор шийдлээ. Ариун хэвлийгээс нь төрж, ангир шар уургийн амссан юм болохоор миний ээжид надад хийсэн нүгэл гэж юу байхавдээ. Нүүдлийн шувуудын хойноос гуних хүн олон ч Нүднээс далд ганцхан ижий минь л намайг бодно Энэ орчлонгоор дүүрэн ээж ээ гэж хашхирвал Ижий минь л ганцаар миний дууг танина байх даа…