“СЭТГЭЛИЙН ТЭНХЭЭ” ӨГҮҮЛЛЭГ

“СЭТГЭЛИЙН ТЭНХЭЭ” ӨГҮҮЛЛЭГ

Б.ЦООЖЧУЛУУНЦЭЦЭГ

Урнаа машиныхаа жолоог дэрлэн цурхиртал уйлж байлаа. Өглөөхөн нөхөр хүү хоёртоо зориулан өмссөн нимгэн эрээн даашинзны энгэр нулимсанд норж, сормуусны будаг нь урсан, нүүр нь хар алаг болжээ. Тэр өнгөрсөн цаг хугацааг эргүүлэн санах гэж хичээсэн ч цээж дарах их гуниг гутрал, бас гомдол нь сэтгэл санаа, эргэцүүлэн бодох бүхий л чадлыг нь шавхжээ. Урнаа Болдтой хамтын амьдралаа эхлүүлээд арван гурван жилийг өнгөрүүлсэн. Эхний гурван жил энэ ертөнц дээр Болд, Урнаа хоёроос өөр хүн байхгүй юм шиг л аз жаргалтай амьдарсан. Харин дараагийн хоёр жил хүлээлтээр дүүрэн өнгөрсөн. Хэн хэн нь хүүхдийн мөрөөсөл болж, битүүхэн санааширч, орон гэр нь эзэнгүй юм шиг санагдаж байсан яг тэр мөчид бурхан тэднийг ивээлдээ авч хөөрхөн хүүг бэлэг болгон илгээжээ. Урнаа хүүгээ тээж эхлээд удаагүй байхдаа л өөрийгөө төрөлхийн зүрxний өвчтэйг эмчээс сонсож, хүүгээ энэ хорвоод авчрах гэж багагүй шаналж зовсон. Гэтэл өнөөдөр Урнаагийн хамгийн хайртай хүн, ертөнц дээрх ганц хүүг нь аваад түүнээс оргосныг тэр мэджээ. -Арай ч дээ. Болдоо чи яаж чадаж байна аа хэмээн тэр машин дотроо хашхиран, үсээ үгтээн ориллоо. Дахиад хашхирмаар, бүүр чанга орилмоор санагдан бачуурахад тэр машиныхаа жолоог дэрлэн гараа хазлав. Дааж давшгүй их гомдол, цөхрөлд нэрвэгдсэн бүсгүй гарынхаа арыг улаан эрээн болтол хазсанаа ч анзаарсангүй.

Сэтгэл гэдэг эрхтэн хамгийн ихээр өвдөж, гомдол гэгч зүйл хүнийг хамгийн ихээр шаналгадаг гэдгийг гомдсон хүн л мэддэг аж. Сүүлийн гурван жил Болд хавар, намар болохоор л хүүгээ дагуулан амралтад амардаг болжээ. Хаврын тэр нэг орой Урнааг ажлаасаа иртэл Болд бөөн баяр: -Найз нь амралтаа авчихлаа. Хүүгээ агаар салхинд гаргана. Чийг бамаас холдуулна. Миний хайрт ажлаа хийгээд байж бай. Энүүхэн Налайхын цаахнатай Баян-Улаан гэж сайхан амралт олсон. Үнэ нь ч хямд юм байна” хэмээн олзуурхангуй ярихад Урнаа “Овоо доо. Хүүдээ санаа тавьдаг сайн аав шүү” хэмээн баярласан. Дараа намар нь Болд: -Найз нь Баян-Улаанд захиалга өгсөн. Хүүгээ агаарт гаргая. Одоо удахгүй хүйтэрнэ. Ханиад хүрээд салахгүй байх гэхэд ч Урнаа бас л уухайн тас зөвшөөрсөн. Үүнээс хойш гурван жил дараалан Болд жилд хоёр удаа хүүтэйгээ амралтад амарч, Урнаа гэрээ сахиж үлджээ. Багш нар хавартаа шалгалт шүүлэг, намартаа хичээлийн шинэ жил гээд толгой өндийх завгүй шахам ажилладаг болохоор Урнаад нөхөр хүү хоёртойгоо хамт амрах боломж ч байсангүй. Нөгөө талаар түүний хамгийн хайртай хүмүүс болох эцэг хүү хоёр ийм амь нэгтэй байгаад тэр хязгааргүй баярладаг байлаа. Нэг удаа тэрээр эргэж очъё гэтэл Болд ихэд дургүйцэж: -Яах гэсэн юм бэ. Илүү зардлын нэмэр. Бид хоёр тэнд арав л хононо. Сайхан байвал жаахан удаж магадгүй. Тэгээд ч тэр амралтын газарт утасны сүлжээ барихгүй. Чи замдаа төөрч ч мэднэ. Машин сайн барьж чадахгүй хүнд зам нь эвгүй шүү. Би сүлжээтэй газар очиж өөрөө чам руу ярьж байя хэмээн дахин дахин хориглосны учрыг Урнаа өнөөдөр л мэджээ.

Одоогоос арав гаруй хоногийн өмнө Болд: -Аав хүү хоёр хаврын ээлжит зугаалгадаа явлаа. Сүлжээтэй газар очиж хааяа ч гэсэн утсаар ярина хэмээн хэлээд баахан юм бэлтгэж аваад машиндаа суухад Урнаа ч ажил албанаас илүүтэйгээр хүүгээ л гэх нөхрөө хайр дүүрэн харцаар үдэж өгсөн. Урнаа хүү нөхөр хоёртоо гэнэтийн бэлэг барихаар шийдэж, ажлаасаа хэд хоногийн чөлөө авч, амралтын өдрийг дайруулан тэдэнтэйгээ хамт агаар салхинд гарахаар шийджээ. Хоол хүнс, чихэр жимс базааж, хүүдээ шинэ тоглоом худалдан авч, гоёж гоодон хэрдээ л их бэлтгээд өнөөдөр өглөө эртлэн Баян-Улаан гэх амралтын газрыг зорьжээ. Түүнийг гэнэт яваад очихоор хүү нь хэрхэн баярлаж, нөхөр нь яаж тосохыг төсөөлөн инээмсэглэж явсан бүсгүй харин амралтын газарт очоод цочирдон балмагдав. Нөхөр хүү хоёр нь тэнд байсангүй. Амралтын газрын найрсаг эзнийг гуйж сүүлийн хоёр жил тэнд амарсан хүмүүсийн нэрсийг шүүж үзээд ч тэднийхээ нэрийг олж харсангүй. Гайхаж балмагдсан Урнаа тэр хавийн амралтын газруудаар өдөржин явжээ. Хүн хайна гэдгийг өвсөн дотроос зүү хайхын дайтай хэцүү гэдгийг тэр өнөөдөр л мэджээ. Эхлээд өөр амралт руу явсан байж магадгүй хэмээн бодож байсан ч сүүлдээ түүний бодол өөрчлөгдөж, өнөөх гайхширал нь хардлага сэрдлэгээр солигдох яг тэр мөчид нөхөр нь түүн рүү утсаар ярьжээ. -Хүүе. Та хоёр хаана байна гэтэл нөхөр нь инээд алдан: -Сайн уу. Миний хайр ажил дээрээ байгаа юм уу? Хүү бид хоёр өнөөх амралтынхаа газарт л байна. Хүүг унтахаар нь би уулан дээр гарч ирээд залгаж байна гэхэд Урнаа өөрт төрсөн сэжиг таамгийг бага ч гэсэн сарниулах санаатай:

-Ямар нэртэй амралт гэлээ? Яг хаана байдаг юм хэмээн лавшруулан асуув. Болд: -Өө, чи нээрээ ийм ой муутай бил үү? Баян-Улаан нэртэй, Налайхаас яг 15 км яваад л байгаа. За тэр яах вэ, чи минь сайн уу гэхэд Урнаагийн тэсвэр алдагдан: -Муу худалч. Чи яаж ингэж худлаа ярьж чадаж байна аа. Би тэр амралтын газар дээр чинь очсон. Чи байгаагүй. Би Налайхын эргэн тойрны бүх амралтын газраар очлоо. Чи хаана байгаа юм? Ямар хүүхэнтэй очиж нийлчхээд хүүг минь авч жилдээ хэдэн долоо хоногоор алга болоод байдаг юм бэ хэмээн хашхирав. Болд түүний яриаг үг дуугүй сонсож байснаа: -Чи буруу ойлгоод байна. Хот руу хүрээд ир. Би яваад очъё гэхэд Урнаа: -Муу өөдгүй новш. Чи явах мөрөөрөө явахгүй, ганц хүүг минь аваад явж байхдаа яадаг юм. Чиний хаана байгаа газарт чинь очиж би хүүгээ авна хэмээн орилов. Болд юу ч хэлсэнгүй. -Байна уу хэмээн Урнааг бачимдан хашхирахад Болд: -Чи хот руу ороод ир. Ирээд залгаарай. Уулзаж байгаад ярья даа гэснээ утсаа тасалжээ. Энэ бүхнийг эргэцүүлэн бодох гэтэл Урнаагийн гар өөрийн эрхгүй салгалан арай хийж Болд руу залгалаа. Болд тун дорой дуугаар: -Би очиж байна гээд утсаа дахиад л таслав. Түүний энэ үйлдэл Урнаагийн уурыг улам буцалгаж, гомдол цөхрөлийн нулимс дахиад л асгарч эхэллээ. Түүнийг нулимсаа ч арчиж амжаагүй байтал Болд машинд орж ирэн суув. Урнаа: -Миний хүү хаана байна хэмээн ууртайгаар хашхиртал Болд: -Хүү унтаж байгаа гэхээс өөр үг хэлсэнгүй. Урнаагийн тэвчээр барагджээ. -Өөдгүй нoвш. Гэрээсээ тавхан километрийн цаана байж байж амралтад байгаа гэж худлаа ярьж, жилдээ хэдэн долоо хоногоор тэнүүчилдэг.

Хүүгээ аваад хүүхэн эргүүлээд явж байдаг чам шиг хог нoвшийг би харахаас ч дургүй хүрч байна. Чи тэр жаргалаа хөөгөөд ганцаараа зайл. Би хүүгээ авна. Миний хүү хаана байна гэвэл саяхан л уруу дорой царайлан сууж байсан Болд: -Жаргал хөөсөн гэнээ… гэснээ тэнхэл нь тасрах мэт чимээгүй боллоо. Урнаа: -Чи жаргаагүй яасан юм? Хүүхдээ дагуулан, орогнодог хүүхнийдээ хэдэн долоо хоногоор очиж, намайг сохор дүлий хүн шиг орхиод зугаацаж яваа чи жаргалтай л байгаа биз дээ. Би зүрxний өвчтэй, арай гэж ганц хүүхэд төрүүлсэн хүн. Чи миний хүүг л өгөөдөх хэмээн орилоход нулимс нь борооны ус шиг хацрыг нь даган асгарч, бачимдсандаа хахаж цацав. Болд гэнэтхэн шийдсэн бололтой: -Алив буугаад ир. Миний машинаар явъя гэхэд Урнаагийн зэвүү хүрч: -Чи өөрөө буу. Тэр хүүхнийдээ дагуулаад оч. Би та хоёрыг яах ч үгүй. Хүүгээ аваад л явна. Би ганц хүүхэд битгий хэл арван хүүхэд тэжээх чадалтай хүн. Чамтай зууралдаж амьдрахгүй хэмээн орилов. Болд машинаас буухдаа: -Чи хүүхдээ хармаар байгаа бол миний машинд суу гээд машин руугаа алхлаа. Болдод ямар их хайртайгаа, тэр их хайр нь яг л элсэн тоглоом шиг нуран унаж байгааг, өөрийг нь хуурч өчнөөн жил болсон тэр хүн салахдаа түүнийг хог нoвш мэт үзэж байгааг Урнаа өөрийн биеэр мэдэрч байв. Урнаад яах ч арга байсангүй. Тэрээр машинаас буун Болдын машин руу алхаж байхдаа нэг бол гүн ангал руу унаж, эсвэл энэ орчлонгоос бүүр салж одох гэж байгаа мэт санагдан хөл нь газар онож байгаа эсэхийг ч анзаарсангүй. Хэчнээн дургүй нь хүрсэн ч “Хүүгээ очиж авах ёстой, бас Болдыг хаана орогнож, ямар хүүхэнтэй байгааг харах хэрэгтэй” гэсэн бодол нь л түүнийг машин руу түлхэн орууллаа. Болд түүний нүүр рүү анхааралтай харснаа юу ч хэлсэнгүй машинаа асаан хөдлөв.

Гэр хорооллын энхэл донхолтой зам руу огцом эргэсэн ч хурдаа хассангүй. Урнаа урд суудал дээр машины шил мөргөх шахан дондгонож байгаа ч хаана яваагаа мэдэх тэнхэлгүй толгой гудайжээ. Машин шороо тоос босгон огцом зогслоо. Болд цочмогхноор: -Урнаа буугаад ир гэснээ хаалга тас саван гарч одов. Урнаа араас нь гарлаа. Болд: -Чи хар. Миний хүүтэйгээ ирдэг тэр амралт чинь энэ байна. Энд би жаргадаг юм. Чи хар. Сэтгэл мэдрэлийн эмнэлэг. Хүүг дөнгөж төрсний дараа эмч нар тарxины хүнд өвчтэйг нь хэлсэн юм. Чамайг зүрх муутай учраас хэлээгүй. Таван нас хүрэхээр нь эмчлүүлээрэй гэсэн. Тиймээс би жил бүр хүүгээ авчирч энд эмчлүүлдэг юм. Хүүгээ галзуурч солиорчих вий гэхээс би үхтлээ айдаг. Чи хүүгээ ороод хар л даа. Дэргэд нь хэн нэгэн хүүхэн биш, эмнэлгийн сувилагч нар байгаа гэснээ эмнэлгийн шавар хашааг нүцгэн гараараа нүдэн орилж эхэллээ. Урнаа яахаа ч мэдэхгүй, бас итгэж ядан хөдөлж ч чадахгүй зогсоно. Болд цурхиртал уйлан байж: -Чи намайг жаргал хөөгөөд яваад байна гэж бодсон уу. Харин ч би тулаад ирсэн зовлонг дарж байна гэж бодон үрчгэр хар нүүрнийхээ цаана бүх зовлонгоо нуугаад өчнөөн жил зүтгэснийг чи мэдэхгүй. Чи намайг хүүхэн эргүүлээд алга болсон гэж бодсон уу? Чамд л хайртайдаа, зүрxний чинь ужиг өвчин сэдрэх вий гэж айсандаа ганцаараа шаналж явна хэмээн өчив. Болдын тэнхэл үнэхээр тасарчээ. Дөнгөж саяхан л нулимсандаа хутгалдан уйлж, хараал зүхэл урсгаж байсан Урнаа нэг л мэдэхэд Болдыг түшээд авчээ. Тэр хоёр бие биеэ түшин уйлж, хагарч бутарсан итгэл нэгэн цул болж, хагдарч гундаж байсан сэтгэл нялх ногоо мэт урган төлжиж эхэлбэй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!