“СЭТГЭЛИЙН ГЭРЭЛ” ӨГҮҮЛЛЭГ
ЗОХИОЛЧ: ГАНАА ГАНАА
Амьдралд алддаггүй хүн байдаггүй. Гагцхүү цаашдын зам мөр нь зөв явахад алдаа ихэнхдээ ухаарал авчирдаг. Магадгүй хэчнээн он цагийн дараа л хүн өмнөх гишгэсэн мөрөө анзаардаг нь харамсалтай… Өвлийн жиндүүхэн өдөр гадаа нартай ч цаанаа л нэг жихүүн салхи хацар илбэнэ. Үүдний харгалзагч хаалга онгойлгов. Гадуур хувцасны халаасандаа гараа хийвэл 2 ширхэг тамхи бас 7300 төгрөг байна. Битонон хашлага дээр сууж нэгийг нь асаан татлаа бага зэрэг ханиалгав. Гэвч ямар сайхан юм бэ? энэ муу тамхийг ч өдөрт бүтэн хайрцгийг татчихдаг байж билээ. Нараа яагаад ирээгүй юм болоо уг нь өнөөдөр гарна гэж түрүүлж мэдэгдсэн л баймаар юм. Өдийд миний хүү том болсон байхдаа. 8 жил өнгөрөхөд тэр хоёртойгоо өчигдөрхөн уулзсан юм шиг л санагдаж байна. Ээжийхээр ороод хувцсаа солиод очъё ямар энгээд очилтой биш хүү минь намайг хараад цочирдоно хэмээн бодоод татсан тамхины ишээ газар шидэж гутлынхаа улаар хэд гишгээд цааш алхлаа. Хөгжим хангинуулсан нэгэн залуу ирж зогсов. -За ах хаа хүрэх үү? -Ах нь Их Наран орно. -За суучих хэмээн цааш хөдөллөө. – Гадаа ч мөн овоо хүйтэрч байна аа та харин ямар нимгэн явж байх юм. Аан ах нь дөнгөж сая суллагдаад гэж намайг хэлэхэд өнөөх залуу урдах толиндоо нэг сүрхий харсан аа хурдаа улам нэмлээ. Замдаа юу ч ярьсангүй хүрэх газраа хүрэв. – Хэд болсон бэ? -10000 гарсаан ах. -Ахад нь байгаа нь л энэ гээд мөнгөө сарвайхад зүгээрээ байгаагаа өгчих гэсээр миний өгсөнийг аван гудамж уруудан давхилаа.
Тоглож өссөн гэр хороолол минь. Яг энэ мөчид хүүхэд насаа дурсан хэсэг зогслоо. Айл айлын нохой хуцуулж дугуй төмөрт гогцоо хийж түрж мөн ч их уралдсан даа. Айлын хүүхдүүдтэй зурагтай унтааны бөглөөний төлөө өдөржин цохиж орой нь сайртсан гартай гэртээ орж ээждээ загнуулна. Тээр доод дэнж дээр зам уруудан гулгаж хоёр чихээ хөлдөөчихөөд ирэхэд ээж минь намайг биш айлын хүүхдүүдийг буруутгана. Хашааны хаалга онгойлгож орлоо томоос том гинжтэй нэгэн халтар нохой дүүлэн хуцна. Гэрт ороход ээж минь гаран дахь алчуураа газар шидэн миний зүг хурдаллаа. -Ээж ээ хүү нь ирлээ. Энэ олон жил таныхаа сэтгэлийг зовоож унтах нойрноос тань хугасалсанд уучилаарай хүүгээ гэсээр ээжийнхээ өмнө сөгдөн уйллаа. -Эсэн мэнд л ирсэн болоо хамаагүй ээ хүү минь энэ насандаа ийм сайхан өдөр үзнэ гэж алив ийшээ суу хоол цай гэсээр ээж цааш алхлаа. – Хоол цай яах вэ? хариад идчихье таныхаа хоолыг идэх өдөр зөндөө л ирнэ одоо харин нөгөө 2 дээрээ бушуухан очъё намайг ирнэ гэдгийг дуулсан л баймаар юм аа ирсэнгүй эсвэл өнөөх маань намайг ирнэ гээд хоол унд бэлдээл байж байгаа орой ирж хууч хөөрнөө надад солиод өмсчихөөр хувцас байна уу? гэхэд ээж санаа алдан буруу харан зогсов. Өөрийнх нь хоолыг идсэнгүй гээд гомдсон бололтой хүлээж байгаад хоол идчихээд гарлаа. – Ээж нь хамт явах уу? -яахын бэ ээжээ цаг орой болж тэглээ ч 2хон гудамжны цаана ганцаараа л алхчихъя Басар маань харин гөлөг байсан одоо ч намайг таних болов уу хэмээн инээлээ.
Ээж намайг гарахад миний хүү нэг алдсан хүн дахиж алдах эрхгүй байдаг юм шүү. Юмны түрүүнд нударга биш ухаанаа уралдуулах хэрэгтэй тэгэж байж л эцэст нь харамсах зүйлгүй амьдардаг юм. -Ээж минь дээ хүү нь наадахыг чинь ойлгох гэж л 8 жил суулаа шүү дээ за одоо та эртхэн хажуул гэсээр гэрээс гарлаа. Хашааны үүдэнд ирэхэд хөшиг онгойлгон намайг харна их л санаж дээ чааваас. Дэлгүүр орж алим печень ундаа аваад гэртээ ирлээ. Том өрөөний гэрэл асаалттай харин гал зуухных унтраалттай байна. Би ч татдаг уяагаа татахад хаалга онгойж орлоо нохой хуцсангүй. Хаалга татвал онгорхой байна. Гэртээ ороход 8 жилийн тэртээх яг л хэвээрээ ганц хоёр тавилга л нэмэгдэж. Намайг ороход Нараа тосон ирж гэрэл асаагаад юу ч дуугарсангүй нүдэнд нь нулимс цийлэгнэж зогслоо. Ирэхийг минь мэдээгүй бололтой хүзүүгээр тэврээд уйлах болов уу гэсэн тэгсэнгүй. Хань нь ирлээ гэхээс өөр үг амнаас гарсангүй. Хүү хаана байна гэвэл нөгөө өрөө лүү заалаа. Би ч гутлаа тайлсангүй шууд л цааш алхтал манайх эзэнтэй болж аргаггүй дээ энэ жил ганц бие эмэгтэй хүн. Үсээ бага зэрэг ургуулан хажуу тийшээ оруулж нүдний шилтэй махлагдуу залуу зурагтны удирдлага барин буйдан дээр сууна. Намайг хараад толгой дохив. Би унтаж байгаа хүүгээ магнай дээр нь үнсчихээд гарах гэтэл өнөөх залуу хувцсаа өмсөөд эхлэв. Би хэрэггүй ээ хүүгээ л харах гэж ирсэн юм гэж хэлээд гэрээс гарлаа. Нараа уйлсаар хоцров.
Энэ бүгд ганц түүний минь буруу биш шүү дээ өмнө нь хэзээ ч гарч байгаагүй нулимс энэ өдөр гарах шиг. Хугацаанаасаа өмнө гарч ирдэггүй ч байж тэгсэн бол сэтгэлийн энэ зовлонг мэдрэлгүй 2 жил болох байж. Ганц ээж минь л зовох байсан байхдаа дэлгүүрээс шилтэй архи аваад шууд л ууж орхив. Нэлээн халамцуу гэртээ ороход ээж унтаагүй намайг хүлээж байж. Энэ бүгдийг мэдсэн ч намайг өөрийнхөө нүдээр хараг гэж л бодсон байх л даа.Малчны хотонд төлийн дуу хангинаж нялх яргуй цасан дороос цухуйж гарч ирлээ. Хавар болохоор байгаль өнгөө засаад хүний сэтгэл ч мөн адил дагаад сэргэх шиг. -Баясах аа доор ээж чинь ирсэн байна аа. Чамтай уулзъя гэсэн гэж тээр доороос инженер хашхирав. Энэ үйлдвэрийн дууны чангийг чимээ багасгагч хийхгүй л бол мөдхөн дүлийрэх нь ээ гээд гаран дахь бээлийгээ тайлаад доош буулаа. – Та энэ чимээтэй газар яах гэж ирсэн юм бэ? даралт чинь ихэснэ бушуухан хариа би цагийн дараа буулаа. – Чамайг хоол цай идээгүй яваа гэж бодоод май энэ бууз хамт ажилладаг хүмүүстэйгээ хуваагаад идчих ээж нь унаанд суугаад харьчихъя. -Яах гэсэн юм бэ дээ бид чинь өдөр цагаар хоол иддэг шүү дээ. Та харихад л хоолтой байвал болоо дахиж битгий энэ хол газар луу ирээрэй гээд ээжийг гаргаж өгөв. Намайг орой харихад ээж нэг л баяртай миний хажууд дөхөн суугаад Нараа өдөр ирээд явсан өнөөх залуу нь цаанаа гэр бүлтэй байсан юм байна лээ. Чамайг ирсэний дараахан хамаг юмаа аваад явсан сурагтай эмэгтэй хүн ганцаараа ямар олиг байхав. Чамайг ирэхийг харж л байгаа байх. Хүү чинь аав хаачсын гээд асууж байсан миний хүү хэд хоногоос харьдаг юм уу хоёр талд ингэж явахаар тэр хүн ч бас багаггүй л зовсон шүү.
Харин жилийн өмнө л нэг хүн орж гарж харагдсан одоо явж л дээ. Аргаггүй дээ гэр бүлтэй хүн явахаас өөр аргаггүй.Өнөөдөр оч гэж байгаа юм бишээ чи сайн бод аль цаашдаа хүүхдээ бодсон ч тэр залуу байна ирээдүй байна энэ бүхэнд ганц Нараагийн ч буруу байхгүй шүү гэсээр ээж өндийлөө. Би тэр шөнөжин элдвийг бодон үүр цайлган. Очъё гэсэн ч зүрх хүрдэггүй цаанаа бол эхнэр хүүхдээ ямар их саналаа даа. Цайны цаг дуусч ажилдаа гарлаа. Утасанд зурвас ирж нээн үзвэл танихгүй дугаар: Хүү бид 2 чинь чамайг хүлээсээр л байгаа шүү хань чинь гэсэн байв. Би ч баярласандаа бараг хөл газар хүрсэнгүй. Ажил тарахыг хүлээж цаг байн байн харна энэ өдөр ажлын цаг ямар удаан өнгөрч байна аа. Бушуухан л харьж эхнэрийнхээ хоолыг идэх юмсан хүүгээ эрхлүүлээд л. Ашгүй буух цаг ч болж үүдэнд цагаа бүртгүүлээд гарч одлоо. Энэ өдөр ээжийнхээ гэрийг алгасан шууд л гэрлүүгээ явав. Би чинь үнсэх үр хүзүүдэх ханьтай хүн шүү дээ. Надад дахиж алдах эрх байхгүй би тэдэндээ асар их өртэй. Хань нь очиж явна аа…