“СЭТГЭЛИЙН АМИН ДЭМ” ӨГҮҮЛЛЭГ
“СЭТГЭЛИЙН АМИН ДЭМ” ӨГҮҮЛЛЭГ
“Харамч Аяа”
Манай ээжийн ажилд “Аяа” хочтой нэгэн Архитекторч ах ажилладаг байлаа. Түүнийг ээжийн ажлынхан харамчийг нь гайхна. Харандааг нь гуйхаар: -Та нар үзүүрийг нь муухай болгочихно, гээд өгдөггүй гэнэ. Тэгэхээр нь, – За, гурав нугалаад төлөөд өгчихнө дөө гэхээр – Нээрэн үү? Тэгвэл ч харин болно шүү гээд байгаа юм даа, хэмээн шоолж ярилцдаг байв. Цалингаа буухаар ээжийн ажлынхан Улаанбаатар ресторан орж хуйцаа иддэг гэнэ. Тэгэхээр Аяа ундаа хувааж авах нэгнийг хайгаад л, олдохгүй их зовдог гэж бас л шоолцгооно. Ээлжийн хоёр костюмтай. Айлын өрөө хөлсөлж амьдардаг. Цахилгааны мөнгө төлөхгүй гээд л лаа барьж ороо засдаг, өглөө ажил дээрээ ирээд буруу харан суугаад дүрдэг плиткаар варьены шилэнд цай чанаад уучихдаг гээд л бас л инээлдэнэ.Эхнэр нь нас бараад ганц хүүтэйгээ үлдсэн. Хүү нь аpxичин болоод тэнээд явчихсан юм гэнэ билээ, зайлуул гэж ээж заримдаа ярьдаг байв.
Харин Аяа ах тэтгэвэрт гарахдаа бүхнийг алмайруулж, гайхшруулсан нэгэн зүйл хийгээд явсан юм гэнэ билээ. Ээжийн ажлынхан: “Бүгдээрээ Аяаг янзын тансаг арга хэмжээ зохиож тэтгэвэрт нь үдье. Би юунд ингэж ийм их харамч, нарийн явж амьдрав аа гэж бодог” хэмээн ёжлон, зарим нь санал гаргахад, зарим нь “Яах юм бэ, өөртэй нь л адилхан байя л даа ” гэх мэтээр санал зөрөлдөн ярилцжээ. Ингээд арга хэмжээг тансаг зохиох санал гаргасан хэсэг нь дийлж , арга хэмжээгээ ч цалингаа буухаараа сардаа нэг орж хуйцаа идэцгээдэг өнөө улаанбаатар ресторандаа зохиоцгоожээ. Харин энэхүү арга хэмжээний дундуур гаднаас нэг танихгүй хүн, хэсэг байзнасны дараа дахин нэг үл таних хүн тус тус ирж, Аяа тэднийг угтан авч ширээнд суулгажээ. Үүнийг харсан зарим нь “Үгүй ерөө, өөрөө мөнгөө төлж байгаа юм шиг, бас гаднаас хүмүүс дураараа уриад байх даа яах вэ дээ” гэж жиг жуг хийцгээн суужээ. Хоёр дахь хүн ширээнд сууж цай цай хоол идсэний дараа Аяа үгээ хэлэхээр босч ирэв. Тэгээд бүгдэд хандан “Намайг хүндэтгэлтэйгээр үдэн гаргаж өгч байгаа та нартаа туйлаас их баярлаж байна. Та нар мэднэ дээ. Би ганц хүүгээ сайн хүн болгож чадаагүй. Тэр маань одоо хаа ч явдаг юм..
Гэхдээ л аав дээрээ нэг л өдөр сайн хүн болоод ирнээ, гэж би найдаж явдаг. Би эцэг хүний үүргээ биелүүлж чадаагүй энэ хариуцлагагүй, арчаагүй байдалдаа үргэлж гэмшиж явдаг юм шүү. Ингээд би хүнээс битгий хэл, өөрөөсөө харамлан байж цуглуулсан энэхүү 20 сая төгрөгөө “Өнчин хүүхдийн асрамжийн газар”, “Аpxи мaнcyyрyyлаx бодистой тэмцэх газар” хоёрт тус тус арав, арван саяар нь хуваан хандивлаж байна” хэмээн хоолой зангируулан арайхийн хэлээд, гараа чичрүүлэн байж мөнгөний батламжаа уригдан ирсэн хоёр хүнд гардуулан өгчээ. Тэгээд Аяа нулимсаа арчин нэг их том санаа алдаад “Монголын үрс улам хүнлэг энэрэнгүй, оёунлаг байж, нэг ч эцэг эх, үр хүүхэд өнчрөл хагацал бүү үзэг” гэж хэлээд ширээндээ суусан гэдэг. Хүнийг гаднаас нь хараад дүгнэж болдоггүй гэдэг энэ ажээ. Тэдний олон жилийн туршид “Харамч” хэмээн шоолж суусан хүн маань тэрхэн агшинд зүрх сэтгэлдээ өдөр тутам өглөг өгч явсан “Өгөөмөр” нэгэн болохыг ойлгожээ.