MngNews

“СЭТГЭЛД ХЭНЗЭЛСЭН НАМАР” ӨГҮҮЛЛЭГ

Д.МӨНХБААТАР

Хэрлэнгийн шугуйд. Намрын өнгө хараа булааж, моддын орой алтран шаргалтана. Салхи холоос аргадан таалж, сэтгэл ойроос эрхлэн нялхарсан сайхан орой байлаа. Зүүдэн хонгор навчис зүрхэн дээр эрээ цээргүй хөглөрч, бодлын үзүүрт холын дурсамж хөвөрсөн анхилхан үдэш. Энэ сайхан үдшээр Анхилмаа шугуй руу ганцаараа алхав. Өнө эртний нэгэн цагт өвсөн дор бэлзгээ гээсэн гүнж мэт гунхан алхсаар, хаа нэгэн эрхэм нандин газрыг нүдээрээ эрэх мэт ийш тийшээ ширтэн хайж, голын захаар хүглийсэн өвгөн моддын сүүдэрт очоод, эрэг дээр хөлөө унжуулан суулаа. Их усны долгио алгуурхан мэлтэлзээд, өнөөх зүггүй шаргал навчис, мөн л торгон мандал дээр хэдийнээ оччихоод, эргэлдэн хөвөх ажээ. Хан сүрлэг уулсаар гоо үзэмжээ мэтгэсэн Хэрлэнгийн баръяа, Хөдөө аралд амгалан дүнсгэр болоод хосгүй гайхалтай байлаа. Мөчир хугарч, ус даргиалахаас өөр чимээ аниргүй тогтнуухан байх юм. Хаа нэгтээ шувууд жиргэх, адуу тургилах чимээ орчлон ертөнцийг амрааж, ер бусын тайвшрал бэлэглэнэ. Нямрын хяруу буухаас өмнө амжиж, Анхилмаа нутагтаа иржээ. Гучин долоотойдоо ирэв. Эр цармын ганган улиас шиг тэвхийж явсан эжий аав хоёр нь хуучин арагны матаас шиг ээтэрч өтлөөд, цал буурал болцгоожээ. Нөхрөөсөө бэлэвсэрч хоцорсон отгон хүүхнээ сайхь хөгшчүүл уулгалан угтлаа. Өвөлжөө, зусландаа налайж суухад нь Анхилмаа ээж аавыгаа зорин бишгүйдээ л ирдэг байв. Нэг хоёр жил болоод л ирнэ. Нөхөр хүүхдээ дагуулаад л ирнэ. Гэхдээ сэтгэл нь одооных шиг онгомол биш, аадрын солонго шиг гэрэлтэж байгаад буцдаг байв аа. Элдэв юманд тордоггүй элэг бүтэн амьдрал, эрхэмсэг дэгжин нас нь эр нөхрийнхөө дэргэд гялтагнан гайхуулж явжээ. Хэрлэнгийн шугуйд намрын сөл хожуу буусан энэхүү сайхан цагаар ирэхдээ, Анхилмаа гань багын дурсамжаа санагалзан, сэтгэл нь гэгэлзжээ. Нөхрийгөө цэл залуугаараа тэнгэрт хальснаас хойш нутагтаа ойр ойрхон ирэх дуртай болжээ. Арав гаруй нас хүрч, бие даахтайгаа болсон хүү охин хоёроо эгчдээ захиж үлдээгээд ”Ээж нь нутагтаа оччихоод ирье ээ. Ээж аавыгаа санаад байна. Миний охин дүүгээ сайн хараад, Андиагийнхаа үгэнд сайн ороод байж байгаарай…” гээд ухасхийсэн ажээ. Нөхөр нь хэчнээн төвшин сайхан эр байлаа даа. Ажил гэр, хань ижил, хоёр хүүхдийнхээ төлөө цаг наргүй зүтгэж яваад, хөөрхий хүнд өвчин олжээ. Хүний амьдралын оноосон тавилан тоотой юм шиг нэхэмжилсээр, нэг л өдөр тэрээр хоёр үрээ өнчрүүлэн, хоймроо ханхайлгаад хол одсон билээ. Анхилмаа элдэв юм бодож, шүүрс алдан сууснаа, гутлаа тайлан зүлэг рүү шидээд, голын усанд хөлөө дүрэн булхуулав. Хорин нэгэн жилийн өмнөх гэнэн дурсамжаа бодоод, арагшаа налан, гараа алдлан хэвтлээ. Хөх тэнгэрт торойх үүлгүй агаад оройн нарны шаргал туяа дурдан алчуур шиг хөвөлзөн харагдана. Утаагаараа утас мэтгэсэн цагаан онгоц, хойноосоо урагшаа дүүлэн нисэж, цаг нарны аргамжаа шиг хөврөн, бодол хөвөлзүүлсээр алсыг зоримуй. Тэрээр онгоц нисэхийг харангаа, нүдээ сүүмийлгэн хэсэг хэвтээд, хажуу тийшээ эргэн гараа дэрлэж, хөлөө нугалан нугдайв. Намрын шаргал өвсний толгой салхинд ганхан, хүүхэд гэнэн насных нь хамгийн торгон мөч, нүдэнд тодрон үзэгдэх шиг болжээ.

Анхилмааг арван зургаа хүрч байх тэр зун, ойр хавийн айлууд бие биенээсээ өрсөн хадлангаа базаахаар, шугуйд уралдан буулаа. Найман сарын дундуур арай л эрт намаржаандаа буусан санагдана. Тэднийхийг буугаад хоёр хонож байтал Уужаа өвөөгийнх Ар сайрын зуслангаасаа нүүн ирж, айлсан буулаа. Хүүхэд шуухад нь хичээл эхлэхээс өмнө амжиж, хадлангаа хадаж авахаар шамдсан аав ээжүүд, майхан сав, хоол үйц, хадуур тармуур, алх дөшөө бэлдэн, дулаан хувцас, хөнжил гудсаа ачиж аваад, үхэр тэргээ хөтлөн, гол уруудан явцгаалаа. Анхилмаа гэрээ сахин үлдэж, үнээ малаа сааж, хонь хургаа эргүүлэн, ар даагаад хоцров. Уужаа өвгөний том хүүхнийх нь хүүхэд хотоос ирчихээд, хонь ямаагаа хариулахаар эмээтэйгээ гэртээ үлдлээ. Насны хувьд Анхилмаатай ойролцоо тэр өндөр цагаан хөвгүүн, нүдээрээ инээмсэглэн дотносож, ганц нэг үг сольсоор, гар барин танилцаад авлаа. Хот газрын хөвгүүн гэхээрээ яриа хөөрөө сайтай, нүүрэмгий чөлөөтэй, бас их хөгжилтэй сэргэлэн төрх нь Анхилмаад таалагджээ. Заримдаа элдвийн хөгжилтэй юмс ярин, элэг хөштөл инээлгэх бөгөөд нэг мэдэхэд Анхилмаа нулимсаа арчин, элгээ эвхрэн, унаж тусаж байгаагаа мэдээд ичдэг байв. Анхилмаагийн гэнэн хонгор ааш, харгүй цагаан сэтгэлийг хараад, дотроо баясаж урамшсан өнөөх хөвгүүн, үргэлжлүүлэн ярьсаар бүр тамтаггүй болтол нь сульдуулдаг байв. “Боль! Боль! Одоо болно оо! Элэг хөшөөд байна шүү дээ…” гэсээр Анхилмаа босоод гүйдэг байлаа. Үнээ саагаад сууж байхад нь дэргэд ирээд Анхилмааг ширтэн зогсох нь хэчнээн хөөрхөн, ямар хөгжилтэй гээч! Нүдэнд дулаахан, гэнэн цайлган тэр хөвгүүн, эмээгээ дуудангуут ухасхийн гүйж очоод, хий гэсэн ажлыг нь дор нь амжуулаад, эргээд л гүйгээд ирнэ. Анхилмаагийн аав ээж хоёр, Уужаа өвөөтэй хадлангаа хадаж, бухал бухлаар баяжуулан, намрын ажлаа тэвхрүүлж байхад, хүү охин хоёрын хооронд хайрын нандин холбоо хэдийнээ үүсчээ. Нэг орой хургаа хотлуулчихаад Анхилмаа, Бүрэнцэгцтэй цуг шугуй руу усанд явлаа. Голын эрэг дээр очоод, хот хөдөөний амьдрал, хичээл сургууль, найз нөхөд гэцгээн, эцэс төгсгөлгүй яриаг ам уралдуулан ярьж, инээлдэн хөхөрч суусаар үдэш боллоо. Голын ус яг энэ үдэш шиг хориод жилийн өмнө халгин урссаар байсан юм. Бүрэнцэгц, Анхилмааг өөртөө ойртуулан, мөрөөр нь тэврэн суув. Дороосоо даарч суусан Анхилмаа түүний халуун биенд наалдан, зүрхээ савлуулан, хярсан бүжин шиг хөдөлгөөнгүй боллоо. Сэтгэл булаасан хөөрхөн хөвгүүний ханагар цээжнээс зүрхний цохилт нь дуулдан, бүлээн амьсгаа нь чих гижигдэн, үгээр хэлэхийн аргагүй сайхан байлаа. Бүрэнцэгц, Анхилмаагийн үсийг зөөлөн илэнгээ, хацар дээр нь шовхийтэл үнэсээд авав. “Хотын хүүхэд гэхээрээ ийм зоримог байдаг юм байна шүү дээ. Манай ангийн хөвгүүд намайг үнэсэх нь байтугай хялалзангуут буруу хараад суучихдаг?” гэж бодоод, Анхилмаагийн инээд нь хүрэв. Гэтэл гэрийн гаднаас, Бүрэнцэгцийн эмээ Буудай самган дуудах шиг боллоо. Яарч тэвдсэн Бүрэнцэгц сандран босож, хувинтай усаа бариад цалгиулан гүйлээ. Анхилмаа араас нь шанагаа даллан, годолзон дагасаар гэртээ харив. “Маргааш хоёлаа тэнд уулзана шүү. Би чамд гоё юм ярьж өгнө өө!” гэж хэлчихээд, Бүрэнцэгц гэр рүүгээ гүйлээ. Тугалаа зэллэн, хурга ишгээ гүргийлчихээд, Анхилмаа унтахаар хэвтэв. Тэр шөнө нойр нь хүрсэнгүй. “Маргааш орой хурдан болоосой… Хөөрхөн хөвгүүнд тэврүүлэн, халуун биенд нь дулаацан суух юм сан…” гэж бодон, шөнөжин эргэж хөрвөөсөөр, үүрээр унтжээ. Өглөө нар хөөрсөн үед, Бүрэнцэгц гэрийн хаалга зөөлхөн тогшоод ”Хөөе, Анхилмаа босоорой! Үнээ чинь зэлнээсээ явчих гээд байна аа!” гэхэд давхийн сэрэв.

Өдөртөө хонь ямаагаа эргүүлэн, оройдоо үнээгээ сааж сүүгээ хөөрүүлээд, хоёр хувингаа бариад гол руу гүйлээ. Гол дагасан өтгөн төгөл тойрон гарч иртэл, Бүрэнцэгц хэдийнээ ирчихээд, түрүүлгээ харан хэвтэж байв. Тэрээр, хоёр хөлөө савчуулан, амандаа өвс зуучихаад, хөгжилтэйгээр инээмсэглэн угтлаа. Анхилмаа, Бүрэнцэгцийн гэнэхэн хөгжилтэй, хайр татам байдлыг хараад, сэтгэл догдлон, дэргэд нь очоод суув. Энэ удаа тэр хоёр удтал хөөрөлджээ. Нэлээн орой болсон байв. Ашгүй Буудай эмээ дуудсангүй. Нэг мэдэхэд Бүрэнцэгц , Анхилмааг өөртөө ойртуулан, уруулыг нь зөөлөн озож эхлэв. Биеэ барьж чадаагүй охин түүний хүчтэй тэврэлтэд автагдан, бүх биеэ суллан, гарынх нь аясаар уусжээ. Хадланчид бууж ирэхийн урд орой, Бүрэнцэгц шөнө дунд хаалга тогшин орж ирээд, Анхилмаагийн өвөрт хоноод, үүрээр буцав. Хадланчид тэрэг тэргээр өвс ачин, өвөлжөөндөө буулгаж хураагаад, ядарч туйлдсан хүмүүс ирцгээлээ. Удалгүй хичээл орох болж, Анхилмаа сумын төв рүү, Бүрэнцэгц хот руу явжээ. Тэр хоёр дахиж хэзээ ч уулзаж чадаагүй билээ. Тэр өвөл сургуулийн дотуур байраар дүүрэн цуу яриа дэгдэв. Бүр сургууль даяар шуугилдлаа. Сум даяар шүү дээ… “Наймдугаар ангийн Анхилмаа жирэмсэн болчихжээ. Хүүхдийнх нь эцэг хэн бэ?” гэсэн цуу үг, цулбуургүй таавар болж, чихтэй бүхний сонор дамжин, намрын өвсөнд тавьсан түймэр шиг дүрэлзэн асав. Дотуур байрны эрхлэгч багш, Анхилмаагийн том эгч рүү ярьж, түүнийг хотоос яаралтай дуудууллаа. Шинэ оны баяр дамнуулан, хөвгүүдийнхээ зүрхийг шархлуулаад, хөл хүндтэй хөөрхөн Анхилмаа хот руу оджээ. Анхилмаагийн том эгч нь отгон дүүгээ өрөвдөн ойлгож, анхны үрийг энгэрт нь тэврүүлжээ. Том эгч нь нэг өдөр, дүүгийнхээ толгойг илэн, духан дээр нь зөөлөн үнсээд: -Миний дүү алс амьдралынхаа замыг бод доо! Хүүг чинь өргөж авах хүн өнөөдөр утсаар ярилаа. Эмнэлэг дээрээс сураг сонссон бололтой. Их тохитой тухтай сайхан айл байна лээ. Ингэхэд Бүрэгцэгц та хоёр чинь хоёулаа наймдугаар ангийн сурагчид шүү дээ. Яахав дээ… Алсдаа бие биетэйгээ уулзаад, ханилан суувал, дахиад л хөөрхөн хүүхдүүдтэй болж болно шүү дээ! Миний дүү манайд үлдээд, хичээл сургуульдаа үргэлжлүүлэн сурах хэрэгтэй. Чамд боловсрол мэдлэг тун чухал… гэхчилэн аргадаж гуйсан өнгөөр баахан ярилаа. Анхилмаа нулимсаа арчин, хамраа шуухитнуулан чимээгүй болов. Хоёр хоногийн дараа эгчийгээ хараад, толгой дохижээ. Хэд хоногийн дараа хадаг самбай дэлгэж барьсан дөч гаруй насны эрэгтэй, эмэгтэй хоёр хүн ирээд, бэлэг сэлт, чихэр жимс, мөнгө төгрөг өгөөд, ёс төр болон, нялх үрийг нь Анхилмаагаас авч оджээ. Хөөрхөн булцгар үрээ, хөгшин хүмүүст өгөхдөө дурамжхан байсан боловч, нөмөр түшигтэй, өр зөөлөн байх болов уу? гэж найдан бодсоор уйлан хайлан хоцорлоо. Анхилмаа хотод ес, аравдугаар ангид элсэн орж, хичээл зүтгэлтэй суралцсаар, их сургуулийн хуваарь авчээ. Оюутны амьдрал, номын дуутай таван жилийг зүтгэж яваад төгсгөжээ. Их эмчийн мэргэжил эзэмшин, ажилд ороод удаагүй байхдаа, бурхан болооч нөхөртэйгээ уулзаж танилцаад, нэг гэртээ орж, хурим найраа хийсэн билээ. Мэргэжил нэгтэй, сэтгэл нийцтэй залуу хосууд, охин, хүү хоёр төрүүлэн, амьдрал ахуйгаа дэвжээн бадраасаар, арав гаруй жил ханилжээ. Гэнэт тэднийг хагацлын хар сүүдэр дайран өнгөрлөө… Анхилмаа нөхрөөсөө бэлэвсэн хоцроод, жил гаруй хугацаанд өчнөөн зүйлийг бодож, хэчнээн ихийг цэгнэв. Залуугаараа хорвоогоос буцсан сайхан сэтгэлт ханийгаа өрөвдөн хайлна. Ээж аавыгаа санаж, эх нутгаа үгүйлж, хүүхэд насаа дурсаж, үе үе гиюүрч, сэтгэл нь өмрөх ажээ. Цэл залуу насандаа бусдад үрчлээд явуулсан хөөрхий хүүгээ харах юм сан гэж бодох болов. Бүрэнцэгц хаана юу хийж явдаг бол доо? гэж бодож ч үзлээ. Ганцаардсан сэтгэлийн зовлонг хэн ч анзаарахгүй бөгөөд магад тойрон өнгөрөхгүй билээ.

Голын зүлэг дээр элдвийг бодож хэвтсэн Анхилмаа навч өшигчих хөлийн чимээ сонсоод давхийн босов. Зүлэг рүү шидсэн гутлаа өмсөн, хормой хотоо цэмцийн суугаад , гол руу чулуу шидэнгээ, хүн ирэхийг хүлээв. Шугуйгаас морьтой хүн, үхэр мал туусан айлын хүүхдүүд гээд юу эс гарч ирэх билээ дээ? Гэтэл өтгөн бургасны цаанаас навч ханаран унаж, нэгэн эрэгтэй хүн гарч ирлээ. Бахим чийрэг биетэй, өндөр тэвхгэр нуруутай, цайвар царайтай, үл ялиг бууралтаж яваа залуу эрийг хараад Анхилмаа барьц алдан, бараг унах шахав. Юу болоод байгаагаа ч ойлгохгүй ухасхийн боссоноо хойшоо ухран, гайхан харлаа. “Анхилмаа?! ” гэх дуунаар цочин, зүрх дэлсээд өөрийн эрхгүй сөгдөн суулаа. Бүрэнцэгц түүнийг тэврэн аваад, зүлгэн дээр аяархан суулгав. -Сайн байна уу ? Сайхан намаржиж байна уу? гэж танил дуугаар хүнгэнүүлэн мэндэлснээ “Хорин нэгэн жил болж дээ. Ямар сайхан учрал вэ? ” гэх нь тэр. Анхилмаа гайхшаа баран, яг юу хэлэхээ мэдэлгүй енгэнүүлэн уйллаа. Бүрэнцэгц түүнийг аргадан, элгэндээ тэврэн духан дээр нь зөөлөн үнэслээ. Бүрэнцэгц, Анхилмааг тайвширтал, юу ч хэлэлгүй хүлээн суулаа. Нэлээн удаан сууснаа: -Эмээ маань чамайг нутагтаа ирснийг мэдээд, надад утсаар хэллээ. Би чамайг арай буцах болоогүй болов уу? гэж бодоод, өнөө өглөө яаран, наашаа гарсан юм аа! Чи бид хоёрын хүүхэд насны анхны учрал бэлэглэсэн энэ голын тохойд би дандаа ирдэг юм л даа! гээд гол руу ширтэн, шүүрс алдав. Анхилмаа нүдээ дүрлэлзүүлэн: -Тийм үү? Би хорин нэгэн жилийн дараа анх удаа л ирж байгаа юм аа гэснээ гэм хийсэн хүн шиг доошоо тонгойн “Эмээ, өвөө чинь сайн уу? Сайхан насалж яваа буянтай хүмүүс шүү? ” гэж асуулаа. Бүрэнцэгц дахин хэнгэнэтэл шүүрс алдаад: -Өвөө маань бурхны орондоо морилсон. Эмээ маань ная гаруй насыг зооглож явна даа. Хэрлэн өгсөөд, Хүрэн цохионоос дээшээ намаржиж байгаа. Эндээс холгүй ээ! гэв. Анхилмаа, Бүрэнцэгцийн энгүй тайван бөгөөд гуниг хургасан яриаг сонсож сууснаа: -Өвөө чинь бурхан шиг сайхан хүн байж билээ. Манайхан олон жил айл саахалт хаяа хамар хатгаж, ойр гэмгүй явлаа даа. Би хэдэн жилийн өмнө аав ээжээрээ дамжуулан, чамайг сурагласан юм. Чамайг цагдаа болсон гэж дуулсан л даа! гэснээ яриагаа үргэлжлүүлэн, “Нөхөр маань ноднин залуугаараа өнгөрчихлөө. Би охин хүү хоёртойгоо хоцорсон. Бидний хувь заяа энэ юм байх даа… Хүний амьдралын тохиол тавиланг яах ч аргагүй юм даа” гэлээ. Бүрэнцэгц, Анхилмааг аргадан тайвшруулж: -Би бүгдийг дуулсаан… гээд чимээгүй болов. Анхилмаа яриагаа чухам яаж үргэлжлүүлэхээ мэдэхгүй нэг хэсэгтээ гацав. Нэлээн сууснаа зориг шулуудан: -Чи бид хоёр ёстой л гэнэн хүүхдүүд байж дээ! Хэн хэн нь юугаа ч мэдэхгүй хар зөнгөөрөө л хэрэг хийж явжээ. Тэр намар би жирэмсэн болсноо мэдээд, яах учраа олохгүй сандарч тэвдсээр өвөлтэй золгосон юм. Байрны хүүхдүүд намайг мэдчихээд, сум даяараа яриа болов оо. Аргагүйн эрхэнд эгчийгээ даган хотод ирж, хүүгээ төрүүлээд, хүнд өргүүлчихсэн. Би ер нь яаж амьдраад байгаа хүн бэ? Өөрийгөө ч ойлгохоо болилоо! гээд асгаруулан уйллаа. Бүрэнцэгц тэвдэн сандарч, Анхилмааг тэврээд, энгэр цээжиндээ ойртуулан тайвшруулав. Анхилмаа уртаар шүүрс алдсанаа “Эгч маань надад, өргөж авсан хүмүүсийн талаар хэлээгүй. Гэнэт утсаар холбогдоод, дүүгий чинь хүүхдийг өргөж авъя гэцгээсэн гэдэг. Би дөнгөж арван долоохон настай байсан болохоор юу, юугаа ч мэдээгүй. Их сургуулиа төгсөөд хань ижилтэй болж, хоёр хүүхэд төрүүлэн өсгөх хүртлээ хөөрхий хүүгээ үргэлж боддог байлаа. Сургийг нь гаргаж чадаагүй юм аа” гэв. Бүрэнцэгц “Би бүгдийг дуулсан. Бас л хожмоо… дуулсан…” гээд дуугүй болов.

Анхилмаа баахан уйлсандаа дотор нь уужран, хэсэг сууснаа “Хоёулаа хүүгээ олцгооё! Олж уулзаж л таарна. Сүүлийн үед би хүүгээ их бодох боллоо?” гэв. Бүрэнцэгц, Анхилмааг тайвширахыг хүлээзнэн, шийдэмгий яриаг нь чагнан сууснаа: -Би бас юу ч мэдээгүй. Наймдугаар ангиа төгсөөд хойтон зун нь энд ирж, танайд очсон. Чамайг хотод сургуульд сурахаар явсныг дуулаад, удаагүй хот буцсан. Хотоос яаж олох билээ дээ? Байнга л боддог байлаа. Аравдугаар ангиа төгсөөд, цагдаагийн сургуульд оров оо. Зун, өвөл, хавар, намартаа завгүй хүн болсон. Гэхдээ л байн байн сураглахад чамайг оюутан болсон гэнэ лээ гэж дуулдав. Олон жил уулзаагүй намайг одоо мартсан биз? гэж бодлоо. Сургуулиа төгсөөд зүүн аймаг руу хуваарилагдан яваад, хөдөө нутагт олон жил ажилласан. Би өвөөгийндөө тэр бүр ирээд байх завгүй хүн болсон юм л даа. Нэг удаа сураглахад чамайг хүнтэй суусан гэнэ лээ л гэж дуулдсан. Хамгийн хачин нь… Намайг есдүгээр ангид сурч байх тэр жил, аав ээж хоёр минь гэнэт нэг нялх хүүхэд үрчилж аваад өсгөж эхлэв. Би ч гайхаж анзаараагүй юм. Учир нь би ганцхан дүүтэй байсан шүү дээ. Гурван хүүхэдтэй болсон манайхаас дуу шуугиан тасралгүй, үнэхээр баяр хөөртэй байх болов. Бүүр хожмоо… Хөдөө нутагт ажиллаж байгаад санаанд оромгүй сонин юм ааваасаа дууллаа… Аав маань бие нь тааруу байхдаа надад бүх үнэнийг хэлсэн юм. Одоо хүү чинь надтай байгаа. Хорин нэг хүрч байна. Өнөө өглөө хотоос наашаа бид цуг гарсан гэв. Тэрээр хэлэхээр зорьж ирсэн үгээ хэлчихээд, уужрах мэт алсын бараа ширтэн суув. Бүрэнцэгц сэтгэл догдлон суугаа Анхилмаагийн гарыг атгаад: -Анхилмаа минь дээ! Хүний амьдрал төсөөлж болохгүй зүйлээр дүүрэн шүү дээ. Эмээ маань ухаантай хүн байсан учраас, бүгдийг зохицуулсан юм билээ. Намайг есдүгээр ангид сурч байх тэр жил эмээ хотод ирж, ээж аав хоёрыг загнаж зандран, ятгаж аргадан хүүг минь авахуулсан юм билээ. “Айлын жаахан охин үрийн амьдралаар хүү чинь наадаад хаячихлаа! Та хоёр ачийгаа өргөж аваад, хүн хийж ав!” гэж л дээ. Ингээд эгчтэй чинь уулзаад, миний хүүг авчирсан. Чамайг нөхөр хүүхэдтэй болоод сайн сайхан амьдарч яваа болохоор хэл ул болж, үг цухуйлгалгүй нуугаад өнгөрчээ. Би хүртэл мэдэхгүй явсаар уржнан мэдсэн. Хүүгээ дагуулан нэг л өдөр чам дээр очно доо гэж бодож байтал танай гэр бүлд гашуун зовлон тохиосон юм. Ингээд байдлыг харзнан түр хүлээсэн юм. Манайх хотод суурьшаад удаагүй айл. Өчигдөр ажлаасаа тараад, гэртээ ирчихсэн сууж байтал эмээ над руу гэнэт утасдав. “Анхилмаа аавындаа ирсэн байна гэнэ ээ. Хүүгээ дагуулан хурдан ирцгээ!” гэж лүндэн буулгалаа.

Тэгээд бид хоёр наашаа ухасхийлээ гэснээ хөгжилтэйгээр инээв. Үлгэр шиг сонин зүйлд анхаарал төвлөрүүлэн, нэг ч үг орхилгүй сонсож суусан Анхилмаагийн дүрлэгэр нүдэнд оч гэрэлтэн, ухасхийн босов. “Хүү минь! Хүү минь! Тэнэг намайг өршөө! Одоо хаана байна вэ? Би очиж уулзмаар байна!!! ” гэв. Бүрэнцэгц Анхилмааг тэврэн тайвшруулаад: -Бүх юм надаас болсон юм. Миний тэнэг зангаас болж чи минь хар нялхаараа хүүхэд төрүүлэн, нутаг орноосоо явж, их зовлон үзсэн шүү дээ! гэснээ нүдэнд нь нулимс цийлэгнэн дуу нь чангарч ” Гэхдээ би их азтай хүн. Хүүдээ амиа дэвсэн, хайраа өгсөөр амьдарч л явна даа” гээд өөдрөг тэнүүхнээр инээв. Мөн шүү!!! Яг өнөөх Бүрэнцэгц. Арван зургаахан настай хөгжилдөн хөхрөлдөж байсан жаахан хүү яг хэвээрээ өмнө нь зогсож байлаа. Анхилмаа гайхшаа барахдаа: -Чи чинь хүнтэй суугаагүй хүн үү? гэж сөхрөн асуулаа. -Би чинь хүүтэй хүн шүү дээ. Тэгээд ч чиний амьдралаар тоглож хаясандаа шийтгэгдээд, хөлөө олж чадахгүй мунгинаж яваа эр ээ гэв. Тэгснээ хөгжилтэйгээр хөхрөн, Анхилмааг гижигдэн сахилгагүйтэх гэснээ болиод: -Өглөө эрт хүүгээ дагуулан, аавынд чинь очно оо. Одоо үдэш орой болсон байна аа. Би чамайг гэрт чинь дөхүүлээд өгье гэв. Анхилмаа тэр шөнө хэрхэн яаж хоносныг уншигч эрхэм та надаар бичүүлэлтгүй мэдэж байгаа шүү дээ. Маргааш өглөө нь нар мандах үеэр, гэрийн гадаа машины дуу гарлаа. Уймарч сандарсан эжий нь бүсээ бүслэн, алчуураа боогоод, яаран гарав. Гэрийн хаалга нээгдэн, хорь орчим насны өндөр сайхан хүү хадаг дэлгэн бариад, Анхилмаагийн өмнө сөгдөн бохироод, бөхийн золгонгоо бумбагар хацраа өгөв. Анхилмаа нүдэндээ нулимс цийлэгнүүлэн, гар салганан, хүүгээ тэврэн авчээ. Өлгийтэй багын үнэр нь яг хэвээрээ. Бүрэнцэгцийг энгүй адилхан дуурайжээ. Хөгжилтэй сэргэлэн нүдээрээ ээжийгээ удаан гэгч ширтээд, уртаар шүүрс алдав. Олон жил мөрөөдөж хүлээсэн сэтгэл нь уужирчээ. Анхилмаа босоод, Бүрэнцэгцийн эмээ Буудай самгантай золгов. Тэрээр үсэн буурал болоод нэлээн өтөлжээ. Гэхдээ ная гарсан хүн гэхэд бас л ануухан байлаа. Анхилмааг тэврэн авч: -Ишш… охин минь нүгэлт намайг өршөөгөөрэй. Өдий насалтлаа юу бодож суусан хүн билээ би? Хүмүүс хадланд гарсан хойно ар гэр дааж үлдсэн ганц том хүн би л байлаа шүү дээ. Юу ч гэхэв дээ охин минь өршөө!!! гэв. Анхилмаа нулимсаа арчаад: – Юу гэсэн үг вэ эмээ минь! Энэ сайхан хүүг минь өргөж ачилсан та бүхэндээ их баярлалаа. Гэнэн томоогүй явсан надаас л боллоо гэв. Анхилмаагийн ээж тэдний яриаг шүүрэн авч залруулан: – Дээшээ сууцгаа! Дээшээ сууцгаа! Бие биеэ өршөөн энэрч, хувь тавилангаа бишрэн дээдэлцгээе. Ийм сайхан алаг үр бидэнд заяачихаад байхад, гэм зэм, өршөөл нигүүсгэл одоо яриад хэрэггүй ээ… Таминь! гэв. Хэрлэнгийн шугуйд халгиж далгисан сайхан намар болсон юм. Хүүхэд насны томоогүй хайр зүрхэнд дахин хэнзэлж, ах дүү амраг саднаараа учрах тавилангийн ерөөлөөр булаг шиг мэлмэрчээ. Тэнгэр бурхны орноос ажиглан суугаа ариун сүнс амаршин аглагшив. Бадран ассан тэдний амьдралд өнө удаан жаргахын ерөөлөө шившээд, өөрөө сайн төрөл олсон нь дамжиггүй юм. Чив чимээгүй одсон ариун сүнс зовинох зүйлгүй болоо биз ээ. Амьдрал гэдэг нь төгсгөл биш эхлэл ажээ. Зовлон жаргал хоёр хэлхэж буусан толин тусгалыг жам гэнэ ээ. Хорвоогийн жам үргэлжлэлтэй. Бүрэнцэгц, Анхилмаа нар дахин хоёр охин төрүүлжээ. Таван сайхан хүүхэд нь өнчрөл хагацлын зовлон хэзээ ч амсаагүй юм аа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!