“СОНГОЛТ” ӨГҮҮЛЛЭГ

Л.ДАЙРИЙМАА

Түүнд сохор аз гэдэг шиг сайхан сэтгэлтэй бүсгүй таарсанд баярлах ч багадана. Нөгөөх хайртай дуртай гэж өдөр шөнөгүй хайр зарлаж өвөртөө оруулж явсан бүсгүйчүүд нь эхнэрээсээ салсных нь дараа усанд хаясан чулуу шиг уван цуван харилцаагаа тасалсаар нэг л мэдэхэд Анхаад хэн ч үлдсэнгүй. Шүүхээр орж найман найлзуур долоон булчирхайгаа дэлгэн байж хоёр тийш болохдоо гуяа алгадах нь халаггүй байсан түүнд энэ их эрх чөлөө аз жаргал нь хий хоосон хийрхэл байсан нь нэг л өдөр бодогдох болжээ. Ажлаасаа ирэхэд нь угтах чимээ аниргүй, хөндий хоосон, хүйтэн гэртээ ирэхээс ч дургүй нь хүрэх болж хэдэн дуртай нөхөдтэй шоу цэнгээний газарт орж ууж идэн хүүхэн шуухан эргүүлэвч хэдэн төгрөгөө үрэхээс өөр үр дүн гарсангүй. Нөгөө хэд нь ч тэгсээр цөөрч нэгнийх нь – гэр бүл нэгдүгээрт гэдгээ л бодож байхад бусад нь болно гэж хэлсэн үг Анхааг зориуд өдсөн мэт санагдаж согтуугийн хар гайгаар гар хүрснээр цагдаа шүүхийн асуудалд дахин өртөх нь тэр.Ийм ажилтай явах үеэрээ нөхрөөсөө хүүхдийнхээ тэтгэмжийг авч чадахгүй асуудлаар цагдаагаар явж байсан бүсгүйтэй танилцаж аажмаар дотносон нэг гэрт орсноор түүнд – гэр бүл ямар сайхан юм бэ гэж бодогдох болсон билээ. Гэвч хатуу эцгийн гарт нухлагдаж өссөн хоёр хүү нь түүнд тэгтлээ дотно болохгүй л байв. Анхаад ч – өөрийн хоёр үрдээ хайр халамж , тоглож наадах цаг хугацаа зориулж яваагүй байж хүний хүүхдэд сайхан ааш зан гарган хамт байж эцгийн ёсоор хандана гэдэг нэг л сэтгэлд нь багтахгүй хачин сонин мэдрэмж төрдөг байв.

Хоёр хүүгийн ээж энэ бүгдийг ойлгон дасах үе ирэхийг хүлээн эе эвийг хичээн Анхааг сэтгэлээсээ хайрлан халамжилна. Анхаагийн азтай гэх энэ амьдрал бурхан чөтгөр хоёрын аль алиных нь таалалд нийцээгүй мэт бүсгүй зүрхний хагалгаанд орж хагалгаагаа даалгүй нөгөө хоёрын хэнийг нь ч юм даган одох нь тэр. Ажил явдлынх нь дараа дүү залуу нь эхнэртэйгээ ирж – бид хоёр дүүгээ өөрсөд дээрээ авъя даа, охин дүү маань одоохондоо ажилгүй байгаа юм чинь манай энэ гурвыг харж хандаад цэцэрлэгт нь зөөгөөд байна гэжээ. Ийнхүү Анхаагийн хоосон амьдрал дахин эхэлж цалингаа хатуу юманд зориулахаас өөр зам үлдсэнгүй. Гэнэт нэг өдөр эгч нь утсаар мэндийн зөрөөгүй – арай ч дээ үхсэний хойноос үхэх гээгүй юм бол наад хар усаа боль өчигдөр чи манай хүнийг ч танихгүй хажуугаар нь зөрөөд явж байна гэсэн, ингэж тэнэгтэж байхаар хоёр хүүхэдтэйгээ ойр дотно болохоо бод Чимгээ чамайг аль хэдийн уучлаа биз, эргээд суусан ч болохгүй юм юу байдгийн, сумандаа очсон хүнтэй суугаагүй дуулдана лээ, ер нь эрүү өвдөг чинь нийлэхийн цагт хүү охин хоёр чинь л хөлийг чинь хучиж бүлээн юм аманд чинь хийнэ шүү гээд хариу хэлэхийн завдалгүй тасалжээ. Анхаа – манай эгч юу болоо вэ, залуу сайхан насанд Чимгээ шиг царай муутай, ажил муутай хүүхэн хардаж сэрдэлгүй амьдарч чадахгүй бол сална л биз , хүүхдийн мөнгө гэж илүү юм төлөхгүй байхаар цэгцрээрэй, дуртай даа салсан хүн тэжээгээд явдаг юм байгаа биз гэж байсансан гэж гайхан бодов. Харин хүссэнээр нь Чимгээ хүүхдийн мөнгө энэ тэр ч гэсэнгүй амархаан салсан билээ.

Одоо бодоход тэр хүн надад гомдож цөхрөөд маш хурдан шийдсэн байх гэж Анхаа бодно. Нэгэн цагт Чимгээгээс өөр сайхан нь орчлон хорвоо дээр байхгүй мэт дурлаж хайрлаж явсан Анхаа олон олон ганган сайхан согоо шиг гэгчээр хүүхнүүдийн дунд тэлээ хурга шиг гүйж явахдаа байдаг л нэгэн гэж бодсон нь худал гэгдийг аль эрт сэтгэлдээ ухаарсан ч ил гаргалгүй явсаар өдий хүрсэн аж. Гэвч Анхаад эгчийнх нь хэлсэн шиг бодол төрсөнгүй. – Ямар нүүрээрээ тэднээс одоо би аз жаргал нэхэх билээ, салснаасаа хойш өдий хүртэл ганц удаа ч болов таван төгрөг сарвайгаагүй түүнд байж боломгүй ичгэвтэр зүйл гэж өөрийн эрхгүй бодогдов. Гэхдээ эгчийнх нь хэлсэн үгс Анхаагийн тархинд юм өгсөн нь авууштай юм болж залуу хоёр хүүхэддээ энэ мөчөөс эхлэн мөнгө хурааж хадгаламжаа нэмэгдэх тусам улам их баяртай байх болов. Ууж идэхээ ч багасган амьдралаа боддог болсоор хоёр жилийг үдээд цалин хөлс ахиутай юм гэж ажлаа ч солин шинэ ажилд оржээ. Шинэ ажлын газраа нэгэн нөхрөөсөө салсан бүсгүйтэй ойр дотно байх болж хамтын амьдралаа ч эхлэв. Эхний нэг хоёр жил аз жаргалтай байлаа. Том болсон хүүхдүүд нь тэр хоёрт дараа болсонгүй аавтайгаа байдаг тул хааяа нэг ирнэ. Гэвч бүсгүйд Анхаагийн хадгаламж үнэхээр таалагдсангүй. Яг л эгч шиг нь – хнн тэртэй тэрэнгүй чамайг хэрэггүй гэж шийдэн салсан юмнуудад мөнгө хураагаад байхдаа яахав дээ, чиний хурааж байгааг мэдэх ч үгүй бараг авах ч үгүй биз – наад гэр оронд чинь авах зүйл зөндөө байна, миний өмссөн зүүсэн ганцаараа байснаасаа дээрдсэн юм алга гэж уурлах нь түвэгтэй.

Гэвч эгчид нь эхнэр нь жигтэйхэн таалагдана. – Сайхан зантай, сэргэлэн, унд хоол сайтай, өглөгч бүсгүй гэж магтана. Хүний арга эв олохдоо угаас зальжин эхнэр нь хуучин хувцас гутлаа эгчид нь өгч, хэдэн чихэр боов атгаж өгөөд гаргадагт байгаа билээ. Гэвч дотроо дургүй шинжтэй байх нь илт боловч гаргаж хэлэх гэнэн хүн биш гэдгийг нь Анхаа гадарлах болов. Гэхдээ Анхаа – энэ хоёр аяндаа бие биендээ дасаад ирэхээрээ иймэрхүй хөндий зан нь гайгүй болох байх гэж бодно. Авахаас хүүхдүүд нь Анхаад сайн энэ нь гэхдээ ээжийн зальжин ухаан өвлөгдсөн эсэхийг таашгүй . Залуу эхнэрийнхээ сэтгэлд нийцүүлэх гэж оройн цагаар ачаа бараа ч зөөдөг болов.Гэвч сүүлийн үед түүний нуруугаар хатгуулчих гээд их л зовиуртай байх болсон ч Анхаа өвчин намдаах эм уун хоёр ажлаа хийсээр байлаа. Нэг л өдөр ачаа зөөж явахдаа Анхаагийн нуруугаар хатгуулж сөхрөхдөө юун хөлс мөнгө авах байтугай хүний ачаа бараа задалж гэмтээсэн хэл аманд орж арай л төлбөр төлөлгүй салсан байв. Эмнэлэгт хэд хоног хэвтэх хугацаанд нь эгч нь голдуу цай хоолыг нь зөөж өгөхдөө – танай эхнэр ажилтай нь ажилтай л юм байгаа биз гэхдээ оройн цагаар ч болтугай чамайг эргэж тойрохгүй ганцаараа юугаа ч хийж байдаг юм арай халамж муутай юм аа гэжээ. Анхаад ч гэнэт хачин бодол төрсөн нь учиртай. Тэр нь юу гэвэл нэг шөнө ажлаасаа ирэхдээ хамар хашааныхаа өвгөнтэй таарч. Өвгөн уушигны өвчтэй тул унтаж чадахгүй гадаа хашааныхаа үүдэнд сууж салхилдаг билээ. Сайн уу та, таны бие гайгүй юу гэхэд өвгөн – ханиалган сайн сайн, чи хүн хар дөхүүлж өгөөд ирээ юу – үгүй ээ ах, ажилтай байгаад одоо л ирж байна

–Өө би ч зөнөөд хүн танихаа больждээ, түрүүн чамайг ирээд буцлаа гэж харсан буруу байж гээд бас л ханиалгахад Анхаа гайхан лавлах гэтэл гэрээс нь – өвгөөн одоо ор хө даарлаа гэх эмгэнийх нь дуу дуулдахад өвгөн яарсан мэт таягаа тулан ухасхийж – за би орлоо цаад эмгэн чинь уурлана гэхэд Анхаа – аан за тэг дээ, та сайхан амраарай гээд хоцорчээ. Гайхсан залууг гэртээ ороход эхнэр нь аль хэдийн орондоо орсон байлаа. – Ашгүй миний хайр хүрээд ирэв үү цаана чинь хоол байгаа идээрэй, миний бие өвдөөд эм уусан жаахан хөлрөөд бие тавираад нойр хүрч байна унтлаа миний хань жижиг өрөөндөө унтаарай гэснээс өөр юм ярилгүй таг болжээ. Яагаад ч юм өлсөж байсан ч хоолоо идэж чадсангүй. Маргааш өглөө нь – өчигдөр орой манайд хэн ирээв гэж асуухад эхнэр нь – хэн ч ирээгүй, манайд хэн нэгэн ирсэн гэж чамд хүн яриа юу – үгүй ээ үгүй ч гэж дээ хамар хашааны өвгөн – намайг ирээд яваад буцаад ирж байгаа юм уу гээд гэхэд эхнэр нь – өө зайлуул хараа муутай Балдан өвгөн сормуусаа хараа биз, одоо байтугай хэдэн жилийн өмнө харахдаа муу байсан хүн шүү дээ гэжээ. Залуу хачин бодлоо мартах гэж хичээн эмнэлэгийн үүдэнд гарч хэсэг тамxиа баагуулж зогсов. Тэгээд орж ирэн орондоо орж хэвтээд эхнэрлүүгээ залгатал – таны залгасан дугаар холбогдох боломжгүй байна гэсэн хариу өгч байлаа. Залуугийн нойр хулжжээ.Бас нэг удаа эхнэр нь үнэтэй зангиа авч хямгадсан байсныг нь Анхаа санаандгүй цамцаа хайгаад олохгүй болохоороо эхнэрийнхээ хувцасны шүүгээнд хайж байхдаа үзсэн аж.

Дотроо – манай эхнэр надад өгөх гэж авчдээ гэж бодоод өнгөрсөн боловч тэр зангиа түүнд ирсэнгүй. Анхаа битүүхэн хүлээсээр сүүлдээ ч мартахын даваан дээр асуухад – юун, ямар зангиа гэж мэлзэж байснаа гэнэт санасан шинжтэй – аан яана аа тийн ш дээ ёстой уучлаарай хайр нь чамд авч өгнө өө тэрийг хүүхдүүдийн аавд авсан байсныгаа өгсөн юм аа, тэр хүн хүүхдүүдээ сайн авч яваа хүн шүү дээ гэсэн аж. Гэвч залууд худлаа мэт санагдаж байсан нь гэнэт бодогдлоо. – Тариагаа хийлгээрэй гэх сувилагчийн дуунаар өглөө нь залуу сэрэв. Нам унтсан хойгуур нь эгч нь хоол цай оруулж тавиад явсан байв. Залуу тариагаа хийлгээд нүүр гараа угаан орж ирээд цайгаа уун хоолоо идэхээр торноос гаргахдаа дотор нь хийсэн зурвас олов. – Эгч нь чамайг сэрээлгүй явлаа, өнөөдөр ажил ихтэй оройн хоолыг эхнэр чинь өгнө биз би утсаар хэлнэ, өө нээрээ сониноос Чимгээ манай нөгөө ангийн Эрхэмбаяртай суусан гэнэ ээ эхнэр нь хэдэн жилийн өмнө нас барсан аймгаас сумруугаа нүүсэн гэж дуулдаж байсан, ашгүй дээ сайн залуу чи мэднэ ш дээ гэж бичсэн байлаа. Анхаагийн нулимс гэнэт л асгарав. Яагаад юунд гэдгээ залуу ойлгохгүй л суух аж, бас л хоолоо идэж чадсангүй. Бүр өдөр нь цайндаа хөрсөн хэдэн бууз хийж гэсгээн идэхэд хоолой дээр нь бөөн юм тээглэсэн юм шиг хэвээрээ л байлаа. Анхаагийн амьдралд учир утга байгаа эсэхийг тэр өөрөө ч мэдэхгүй байдаг болсон ганцхан үнэн л толгойд нь эргэлдэх аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!