“СОНГОЛТ” ӨГҮҮЛЛЭГ – ҮРГЭЛЖЛЭЛ

“СОНГОЛТ” ӨГҮҮЛЛЭГ – ҮРГЭЛЖЛЭЛ

Гэрэлтуяа юу гэж хариулахаа хэсэг эргэлзэж зогссоноо нэгэнт шийдсэн өнгөөр аль болох эелдэгээр: – Уучлаарай. Танай ажлын санал үнэхээр сонирхолтой сайхан байлаа. Даанч харамсалтай нь би өөр төлөвлөгөөтэй болсон гэж сулхан хэлэв. – Өө тийм үү. Хэрэв та цалин бонусын талаар сэтгэл хангалуун бус байгаа бол дахин ярилцаж болно шүү. Бид таныг энэ ажилд яг тохирох хүн гэж сонгоод байгаа юмсан. Түнш нь бараг л шалдаа буусан өнгөөр ийн хэлэв. Гэрэлтуяа дахин эелдэгээр татгалзаад тэдний ажилд амжилт хүсээд утсаа таслав. Хэдийгээр энэ миний мөрөөдлийн ажил ч одоо яая гэх вэ. Яг үнэндээ энэ бол Гэрэлтуяа шиг өдий хүртэл гэр бүлтэй ч бололгүй зөвхөн кареер хөөсөн бүсгүй хүний хувьд тун ч сайхан боломж байлаа. Амьдралыг нь бүхлээр нь өөрчилж мэдэх үндэстэн дамнасан том компанид ажилд орно гэдэг хэн бүхний мөрөөдөөд ч бүтчихдэг зүйл биш. Гэвч одоо яалтай билээ дээ.

Цаг нь л арай болоогүй байсан бололтой. Би эх хүн болно. Энэ тэр ажлын саналаас хамаагүй учир утгатай зүйл. Би сонголтоо хийсэн. Миний хүүхэд эцэгтэй байх үгүй нь огт хамаагүй. Тэр өөрийг нь хайрлан өсгөх ээжтэй. Ээж минь амьд сэрүүн байсансан бол ямар их баярлах байсан болоо. Ээж минь миний сонголтод маш их баярлах байсан даа. Одоо ч ээж минь намайг тэнгэрээс хараад ухаантай охиндоо баярлаад сууж байгаа ч юм билүү. Тэр ингэж бодоод тэсгэлгүй уйлж орхив. Нулимс нь ийм гашуун байхыг тэр урьд өмнө хэзээ ч үзсэнгүй. Аманд нь бөөн бөөн давс орчихов уу гэлтэй гашуунаас гашуун амтагдана. Хэсэг мэгшүүлсний дараа арай тайвширч дотор нь цэлмээд ирэв. Тэрээр яагаад ч юм Жаргалд мессеж бичмээр санагдав. Бүсгүй хүн тэр тусмаа жирэмсэн бүсгүй хүн гэдэг зан нь суудал дээрээ л хэд өөрчлөгдөж байдаг хойно доо. Түрүүхэн л тэр Жаргал уруу шарандаа утсаар ярих юмуу эсвэл мессеж бичихгүй юм шүү гэж нэг гараараа нөгөө гараа барьж суусан нь дорхноо өөрчлөгдөв.

“Сайн байна уу сайхан аялаж явна уу. Баяр хүргэе. Та хоёрт аз жаргал хүсье.” Тэрээр ийн хэдэн үг арай ядан нүүр хуудасныхаа шууданд бичтэл нүдийг нь мөнөөх л нулимс нь бүрхээд ирэв. Жаргал ч хариу бичихгүй л дээ. Бал сараа тэмдэглээд завгүй яваа биз. Гэхдээ л яахав. Гэрэлтуяагийн дотор арай л уужраад ирлээ. Тэр ч бас өөрөө сонголт хийсэнээ Жаргалтай зүгээр л хуваалцмаар санагдсан юм. Гэтэл санаанд оромгүй зүйл болж өмнөөс нь Жаргал хариулж байна. “Сайн. Чи сайн уу?” Өөр араас нь юу гэж бичих бол. Дараагийн ирэх үгийг хүлээх хэдхэн хором Гэрэлтуяад үнэндээ бүтэн жил шиг л болов. Зүрх нь түг түгхийн чангаар цохилж байлаа. Гар нь ч бас салганан чичирч байв. “Чамаас ганцхан зүйл хүсье. Надад дахин бүү төвөг бол. Гэрэлээ би сонголтоо хийчихсэн. Намайг ойлгоорой” гэсэн мөрүүдийг уншаад Гэрэлтуяагийн хэвлийгээр дахин хүчтэй базлах шиг болов. Хэдэн хором тэр бараг амьсгалж ч чадсангүй.

Гэнэт доошоо пүл хийн бүлээн зүйл урсах шиг. Юу вэ энэ чинь одоо цуc уу даа. Үр минь чи даанч яав даа. Яагаад ээжийгээ голов оо. Би уг нь чамайгаа сонгосон байсан шүү дээ… Гэрэлтуяа нэг сэргэтэл цав цагаан адар л нүдэнд нь харагдав. -За ашгүй ухаан орлоо гэж хэн нэгэн баярлан дуу алдах сонсогдов. Хажуу дээрээс нэг л дотно царай харагдсан нь охин дүү нь тонгойж байлаа. Гэрэлтуяа гэнэт цагаан халаадтай эмчийг хараад эмнэлэгт байгаагаа мэдэв. Би яасан бэ гэж хэлэх гэтэл таг аргасан хоолой нь олигтой дуу гарсангүй. -Гээгээ минь одоо зүгээр. Бүх зүйл сайхан болно гэж дүү нь хэлээд түүний аманд бүлээн цай амсуулав. Гэнэт Гэрэлтуяа миний хүүхэд гээд хэвлийгээ дарж үзлээ. -Хүүхэд нь зүгээрээ чи одоо өөрөө тайван бай гэж эмч итгэлтэйгээр хэлэв. Энэ үгэнд юу юунаас илүү баярласан Гэрэлтуяа царай нь гэрэлтээд ирэв. -Миний хүүхэд тийм байлгүй дээ. Ээжийгээ юу гэж үр минь голох билээ дээ гэж Гэрэлтуяа аяархан дуу алдав.

Гэрэлтуяа үүнээс хойш эмнэлгийн орноос бараг л хадаатай шахам байж 7 сар болгоод хөөрхөн хүү төрүүлэв. Олон хоног сар тэр бурхнаас зөвхөн хүүг нь төрүүлж өгөхийг л гуйж залбирч байв. Заримдаа дагжтал чичрэн халуурч хонох ч тэр шүд зуун тэвчсээр тэр бүхнийг ардаа орхиж билээ. Жаргал харин хуримаа тун чиг нижгэр хийж бал сараа гадаад дотоодгүй аялан жуулчилж өнгөрүүлэв. Бал сар нь харин дуусах цагаар тэр гэнэт яагаад ч юм нэг өдөр Гэрэлтуяа гэх нэр шигээ гэгээ татуулсан гэнэхэн ч бас энхрийхэн бүсгүйг дурсан боджээ. Хамгийн хачирхалтай нь тэр нэгэн өдөр тунчиг бардмаар хаяад одсон тэр зоримог жаалхан бүсгүйг Жаргал хэзээ ч ер мартаж чадаагүй юм. Заримдаа үе үе Гэрэлтуяаг зүүдэлдэг ч байлаа. Тэр түүнийг хаана юу хийж яваа бол гэж сураг ажиг тавьсаар л аз жаргалтай амжилт бүтээлээр дүүрэн явааг нь сонссоор байсан билээ.

Энэ явдлаас хойш 10 жил өнгөрчээ. Гэрэлтуяа одоо нөхөрт гарч дахин үрийн зулай үнэрлэж өнөр өтгөн аз жаргалтай айлын гэргий болжээ. Тэднийх саяхан шинэхэн сайхан байранд нүүж оров. Хувь заяа тохуурхав уу гэлтэй тэр Жаргал болон түүний эхнэртэй хүүгээ дагуулан явж байгаад орцонд улаан халз тааралдаж орхив. Яагаад ч юм тэр нэгэн өдөр Гэрэлтуяаг “Тэр намайг сонгосон. Азгүй хүүхэн минь” гэж харааж загнаж байсан эхнэр нь гал цоггүй нүдээр Гэрэлтуяаг бас Жаргалтай усны дусал шиг адилхан хүүг нь ээлжлэн атаархангуй харах шиг болжээ. Харин тэр нэгэн цагт Жаргалын сонгосон эхнэр нь түүнд нойтон сормуустай үр заяагаагүй гэдгийг Гэрэлтуяа айл хөршийн хүнээс олж сонсоод тэр эхнэр тэгтлээ атаархангуй харсны учрыг олж билээ. Тэр Жаргалын эхнэрээр сонгогдсон ч харин үрийн заяа тэднийг сонгосонгүй. Ай хүний хувь заяа гэж хэзээ нэгэн цагт сонгосон сонголт буюу хүний үйлийн үр амьдралд заавал ирдэг буюу.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!