“САНААШРАЛ” ӨГҮҮЛЛЭГ

Гучин долооныхоо жил дээр хүүхэд гаргавал сайн гэж хэнээс ч юм сонсчээ. Би сайхан хүү, охин хоёртой ч тэд маань овоо болцгоож, эхнэр бидэн дахин нэг хүүхэд хүсэн мөрөөдөхийн цагт яагаад ч юм дээрх үг шалтаг болсоор бас нэг хөөрхөн цагаан хүүтэй болсийм. Би гэдэг хүн ажил амьдралын мөр хөөж, гэр бүл, үр хүүхдийн хамт бусдын адил хүний нутагт цагаачлан яваа нэгэн. Хүний нутагт, үгүй хүний нутагт ч гэж дээ, хүү маань энэ газар, энэ улсын иргэн болон төрлөө. Уг нь энэ улс дэлхийд тэргүүлэх гүрний нэг, амьдралын баталгаа нилээд өндөр хангадсан улс учир бид ч нэг талаас хүүдээ сэтгэл хангалуун яваа. 

Гэхдээ сэтгэлийн мухарт нэгэн хүнд юм дараад. Эх орноо санан дурсахын зэрэгцээгээр хөх толбот хүүгийн маань биеэр монгол цус гүйж байгаа учраас би хүүдээ ХАНГАЙ гэж нэр өгсөн юм. Хүү маань өдөр хоногоор өсөж, гэрт хөөрхөн үнэр болоод, дуу чимээ авчирч, аав ээж, агаа эгээгээ дультраатуулж. Ах, эгчийнхээ бага насны мартагдах шахсан дурсамжийг сануулж, ер нь л сэтгэл хангалуун, цээж тэнүүн явнаа би. Эхнэрээ төрөхөд нь дэргэд нь байж, эх үрийн хоёр яс салах агшинг харсаны хувьд эрхгүй гэр бүл, үр хүүхдийн ариун холбоог дахин мэдэрч, тэдэндээ би хайртай байх хийгээд би өөрөө энэ гэр бүлийн хэн нь вэ гэдгээ ойлгож байна уу гэлтэй. За тэгээд цаашилбал хань ижилтэйгээ хослон амьдрахын утга, түүнийгээ хайрлахгүй байхын аргагүйг ухаарч явна. Ер нь энэ хүүхэд надад ихийг өгчээ. Хүүгээсээ ихийг авахын зэрэгцээ би өөрийн эцэг, эхийг урьд байгаагүй ихээр бодох болжээ. Саяхан би эхнэрээсээ “Хэрвээ нутагтаа байсан бол энэ хүү маань ямар байх байсан бол” гэж асуусан юм. Тэгсэн “Хэрвээ бид нутагтаа байсан бол энэ хүүхэд өөр хүүхэд төрөх байсан байх” гэсэн юм.
Эндээс үүдээд бодоход О.Дашбалбарын.
Өнгө алаг хорвоо дээр Өөрийн сайндаа чи төрөөгүй Өдөр өдрийн нарыг үзэж, тэнгэрийг харах Өндөр их тавилан хайрласан аав, ээждээ баярла… гэсэн мөрийг эрхгүй санасан юм. Нээрээ л би ч гэсэн хүн болохгүй байж болох л байж. Ингээд бодохоор эцэг эхдээ баярлахгүй байхын, тэднийгээ хайрлаж, хүндлэхгүй байхын арга алгаа. Их хүний хэргийг
Иргэн хүн шүүдэггүй юм… гэж Чойном шүлэглэсэн байдаг. Эцэг, эх гэдэг үр бидэндээ их хүмүүс билээ. Эцэг эх маань ямар ч хүмүүс байлаа гэсэн үр бид гомдоод гонгиноод, шүүгээд яллаад байх хэрэг алгаа. Харин ч бид тэднийгээ сэтгэл зүрхэндээ эх орон мэт хайрлаж хүндэлж бүр тахин шүтсэн ч болох байна.

Эцэг эхээс заяатай Эрдэнийн алтан өлгий минь гэж дуулдаг. Би ч яахав, энэ дууг дуулаад өсөж, харин америкт төрсөн хүү минь!!! Энэ хавьцаа л миний дурдаад өнгөрсөн сэтгэлийн дарамт оршоод байгаа юм. Би ер нь хүүгээ эх орноосоо төөрүүлчихсэн юм биш байгаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!