MngNews

“САЛАХААС АВАРСАН ҮГС” ӨГҮҮЛЛЭГ

Залуу хос бие биетэйгээ таарамж муутай байх болжээ . Өчүүхэн зүйл дээр ч санал зөрөлдөн маргалдаж байлаа . Нөхөр нь өдөр бүр үүсэх маргаанаас залхан эхнэрээсээ салахаар шийднэ . Тэдний хэрүүл даамжирсаар хоёр талын эцэг эхийн хоорондын харилцаанд хүртэл ан цав үүсгэжээ . Хөөрхийлөлтэй эр аргаа баран хэрхэх учраа олохгүй байсан тул хүмүүсийн итгэл бишрэлийг хүлээсэн мэргэн хүнээс зөвлөгөө авахаар шийдээд түүн дээр очиж болсон бүх үйл явдлыг тоочиж эцэст нь эхнэрээсээ салахаар шийдсэн тухайгаа хэлэв. 

Тэгтэл Мэргэн хүн: ” Эхнэрээсээ салсан салаагүй ялгаагүй болжээ . Угаас чамд нэг сарын нас үлдсэн . Тиймээс юу хүссэнээ л хийж дээ ” гэж хэлэхийг сонссон эр гэнэтийн энэ мэдээнд ихэд цочирдож царай нь цонхийн улам хөөрхийлөлтэй байдалд оров . Гэсэн ч тэрээр буцах замдаа тааралдсан хүн бүртэй эелдгээр мэндчилэн зарим нэг таньдаг хүнээсээ уучлал өршөөл гуйж явлаа . 

Гэртээ ирээд эхнэртээ хандан : “ Гэргий минь , олон удаа чамайгаа гомдоож сайн хань байж чадаагүйг минь өршөө . Чинийхээ юу хүсэж байгааг ч ойлгож ухаарах сөхөөгүй хэнэггүй нэгэн байжээ . Намайг уучлаарай ! ” гэж уйлан байж наминчлахад эхнэр нь дотроо ” Бурхан минь , энэ хүнд юу тохиолдсон болоод … ” гэж бодсон ч түүний хэлсэн үгэнд уяран “ Нөхөр минь , харин та намайг өршөөгөөрэй . Би их бүдүүлэг зан гаргаж таныгаа зовоож байж ” гээд хоёулаа тэврэлдэн уйлалдав . 

Дараа нь нөхөр нь муудалцсан байсан хадам аав ээж дээрээ очиж уучлал хүсэн эвлэрчээ . Эхнэр нь ч мөн адил нөхрийнхөө эцэг эхээс уучлал эрэн тайвширлаа . Энэ явдлаас хойш хосууд хамтдаа аз жаргалтай өдөр хоногуудыг өнгөрөөж дахин нэг ч удаа биенээ гомдоосонгүй.

Тэгээд үлдсэн нэг сараа өнгөрөөтөл надад ямар нэг гомдоох үйлдэл гаргаагүй аж . Нөхөр нь өөрийнхөө үхэх гэж байгаа тухай ч ам нээсэнгүй . Нэг сар болох өдрийг хүртэл хоног тоолно . Өдөр бүр сайн үйл хийж , шөнө бүр залбирал үйлдэх болов . Эхнэр нь нөхрөө , эцэг эх нь үр хүүхдээ даган сайн үйл хийж аз жаргалтай амьдарсаар нэг сар өнгөрчээ… 

Нөгөө эр өдөр бүр л өнөөдөр үхэх байх хэмээн бодох боловч тийм зүйл болсонгүй . Яг ч нэг сар гэж хэлээгүй , нэг сар орчим гэсэн болохоор дахиад хэдэн өдрийн нас байгаа байх нь , хэмээн өөрийгөө тайвшруулан хүлээсэн ч ямар нэг зүйл тохиолдохгүй байсанд гайхсан эр мэргэн хүн дээр дахин очоод : 

” Эрхэм ээ , би одоо хүртэл үхээгүй байна ” 

. Мэргэн хүн : ” Яагаад үхнэ гэж ? “ 

” Та надад сарын нас үлдсэн гэж хэлсэн шүү дээ тэгтэл ямар нэг тохиолдсонгүй “…

” Дүү минь би чиний хэзээ үхэхийг хэлж чадахгүй . Гэхдээ нэг зүйлийг баттай хэлж чадна . 

Хүн бүр хэзээ нэгэн цагт үхэлтэй нүүр тулах нь гарцаагүй . Үхэх өдөр ирнэ гэдгийг мэддэг хүн бусадтай муудалцаж өөрийн амьдралыг үрэхгүй. Чи одоо амьдралдаа сэтгэл хангалуун байгаа биз дээ ? “ 

” Тийм ээ , одоо бид муудалцаж нэг нэгнийгээ гомдоохоо больсон ” 

” За тэгвэл насан туршдаа эвтэй сайхан амьдрахыг хүсье ” хэмээн мэргэн тэднийг ерөөжээ. Ингээд залуу хосын амьдрал тэгшрэн тэд хоёр сайхан хүүхдийн аав , ээж болцгоожээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!