“САЙХАН АМЬДРАЛЫГ БАЙР, МАШИНААР ХЭМЖДЭГГҮЙ…” ӨГҮҮЛЛЭГ

“УХААН” ӨГҮҮЛЛЭГ

БАЗАРНЯМЫН ГАНСҮХ

Манайх хотын захад автобусны буудлаасаа нэлээн зайтай гэр хороололд амьдардаг. Нөгөө хүмүүсийн ярьдагаар олимпийн аваргуудын төрсөн газар. Миний мэдэхээр намайг төрөхөд л энд байсан. Усаа тэргээр зөөж нүүрс түлээгээ доод замын хажууханд байдаг жижигхэн байшинтай ахаас очиж авдаг. Дүү минь энэ жил хоёрдугаар анги. Айлын том болохоор аав ээжийг ажлаас ирэхэд хоолоо хийж гэрээ цэвэрлэж дүүгийнхээ хичээлийг хийлгэх хүндхэн үүрэг өдөр бүр л ирнэ. Автобусны буудлаас сугадалцаад ирж яваа аав ээжийгээ харахад сургуулиа хурдан төгсөөд ажил хийж машин авч өгөх юмсан гэсэн бодол байнга л эргэлдэнэ. Аав маань нэгэн захирлын жолооч хийдэг. Ээж харин өдөр өнжүүлэхэд хүүхэд асрагч хийнэ. Ирэх хавар би сургуулиа төгсөнө. СУИС-д орж бүжигчин болох мөрөөдөлтэй.

Харин аав миний энэ саналыг дэмждэггүй эмч болгоно гэж шийдимгий бөгөөд итгэлтэй хэлэх нь ээж бид хоёрын санааг үргэлж зовооно. …Тэр нэгэн өдөр би Тайванаа гэх залуутай танилцаж хичээлийн бус цагаараа болздог болов. Тэрээр надаас хоёр насаар ах. Гадаадад сурч байгаад саяхан ирсэн удахгүй Монголд бизнесийн чиглэлээр сурна хэмээн их л том зорилго ярина. Ярианаас нь сонсоход түүний аав их нөлөөтэй хүн юм шиг санагдсан. Байнга л ийш тийшээ явж хурал зөвлөгөөнд суудаг. Тайванаагийн нэг зан нь надад үнэхээр таалагддаггүй тэрнээс бол ч дажгүй залуу л даа. Бүх л зүйлийг мөнгөөр хэмжинэ. Нэгэн удаа бид хоёр кино театрт кино үзээд гарч ирэхэд цаг нэлээн орой болсон байв. Намайг хүргээд өгье өө гэж их л гуйсан даанч би манайх гэр хороололд амьдардаг гэж хэлж чадалгүй түүний урд чимээгүйхэн алхана.

– Уянга аа цаг орой болчихжээ. Би чамайг байрны чинь гадаа л аваачиж өгчихөөд буцнаа гуйж байна тэгэх үү? хэмээн гарнаас барин над руу ширтэнэ. Би яг одоо юу гэж хэлэх үү? ядаж утас унтарчихсан аав лав одоо харьчихсан байх. Санаа нь зовж байгаа даа. Манайх энд гээд дагуулаад очвол Тайванаа лав надаас шууд салах байхдаа гэж дотроо хий дэмий л шаналсаар би арай гэж ганцаараа таксинд суугаад харихаар болов. – Таксины жолооч ах танай найз залуу юу? царайлаг хүү юмаа. Нүдэнд дулаахан санагдлаа хэмээн урдах толиндоо надруу харан инээмсэглэлээ. Гэртээ ирэхэд аз болж аав загнасангүй ээж л надруу байн байн муухай харна. Би ч бушуухан ороо засаж орондоо орлоо. Гэрлээ унтраачихаад уртасгагчаа сэмээрхэн татаад хөнжлийнхөө доор нуучихав. Тайванаагаас зөндөө дуудлага мессеж.

– Яасан бэ? гэртээ орсон уу? орцонд чинь муу хүмүүс таараагүй биздээ гэх уртаас урт зурвас. – Байгаагүй ээ ирээд хичээлээ хийгээд удчихлаа хэмээн худлаа хэллээ. …- Сайн уу? удаан хүлээсэн үү? харин замдаа түгжрээд ээ – Аавд машинаа хураалгасан. Жолооч нь гэж нэг гайтай юм аавд намайг бааранд орсон, cогтуу жолоо барьсан гээд хэлчихэж хаанаас гарч ирсэн гай вэ тэр гэр хорооллын юу ч мэдэхгүй гуйлгачидаас залхаж байна гэж хээв нэг хэллээ. Нээрээ гэр нь далан давхарт байдаг гэсэн шүү гэж маазран инээв. Арай аав аав гэсээр миний дургүй ч хүрч шууд л босоод явчихав. Замдаа уйлсаар гэрийнхээ гадаа ирлээ. Гурван цонхтой шавран байшин гадаа нь саравч усны тэрэг түлээний амбаар энэ байдлыг харвал Тайванаа намайг өрөвдөөд бараг шоолох байхдаа гэж бодохоор бүр ч дургүй хүрнэ. Энэ амьдралаасаа биш түүнд гомдсондоо нулимс минь өөрийн эрхгүй урссаар.

Энэ явдалаас хойш бараг хоёр сар боллоо. Би дугаараа сольж түүнийг мартахаар шийдсэн юм. Хавар болж цас ханзран гэрийн хажуу дахь жижиг горхи хоржигнон урсана. Утасаа аван түүний facebook хаягийг шалгатал нэг ч удаа ороогүй байв. Одоо ч бараг шинэ хаяг шинэ найз охинтой болсон байлгүй дээ намайг танихгүй биз гэж бодон хичээлээ хийхээр бослоо. …Өнөөдөр аав бага зэрэг уучихаж барагтаа бол амсдаггүй хүн яасан юм болоо. Ээжийг харахад муудалцсан шинж алга. Ирээд хэл чимээгүй унтаад өгдөг хүн дандаа л хичээл номоо хий боловсрол чухал гэж ярьдаг хүн харин ч эсрэгээрээ сэтгэлийн утас гэнэ үү? Тайванааг мэдчихээд намайг боль гэж хэлж чадалгүй сэтгэлдээ тээсээр өнөөдөр амнаас нь гарч байгаа юм болов уу? би мартах гэж хичээж байхад аав улам сануулаад ч байгаа юм шиг шөнөжин үглэж хонов. Маргааш нь аав гэм хийсэн шинжтэй сэрэх байх гэсэн тэгсэнгүй. Над руу муухай харан усны саваа барин гэрээс гарлаа.

Араас нь харахад доод худаг руу тэргээ түрэн өнөөх тамxиа бас татсаар л явна. Гадаа ямар гоё байна аа болжмор жиргээд л… Хашааны хаалга онгойж хэн нэгэн орж ирлээ. Намайг гарахад усны тэрэг түрсэн Тайванаа минь зогсож байв. Энэ удаад машинтай ганган залуу биш үнэтэй брендийн хувцастай залуу биш түлээнд өмсдөг бээлийг минь өмссөн гутлых нь ул хуруу зузаан шавар болсон тэр минь инээмсэглэн зогсож байв. Намайг очиж тэврэхэд өдөр бүр шахуу өөр өөр үнэртэй ус түрхдэг тэр минь энэ удаа түрхээгүй харин ч аавын минь үнэр үнэртэх шиг болсон. -Намайг уучилаарай. Танай аав их ухаантай хүн байна лээ. Би ирээдүйд яг түүн шиг л сайн аав сайн хань болноо хэмээн хэлсэн юм. Сайхан амьдрал зөвхөн байранд биш үнэтэй машинд биш элэг бүтэн амьдралд байдаг гэдгийг бид баталсан юм. Одоо ч манайх гэдэг айл аавынхаа хашааны талд нь жижигхэн хаусандаа бүл нэмж бяцхан гүнжтэйгээ амьдарсаар л…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!