“САЙН ЭЭЖИЙН ХҮҮ САЙХАН ХҮҮТЭЙ ХАНИЛСАН…” БОДИТ АМЬДРАЛААС

“САЙН ЭЭЖИЙН ХҮҮ САЙХАН ХҮҮТЭЙ ХАНИЛСАН…” БОДИТ АМЬДРАЛААС

“Далавчгүй Сахиусан Тэнгэрүүд” Групп – Хуулбарлахыг хориглоно

Тэс ондоо мэдрэмжтэй, хоёр өөр төрөл жанрийн хосууд төвөггүй бас асуудлыг хурдан давж гарч чаддаг болов уу гэж бодох юм. Бараг л үнэний магадлалтай. Манай нөхөр их эерэг хүн л дээ. Юмыг их өөр нүдээр хардаг. Асуудал гарахад арай өөр талаас нь шийддэг залуу байдаг юм. Сүүлийн үед нөхрийнхөө энэ зан чанарт илүү дурлан би ер нь ямар азтай эмэгтэй вэ энэ хүнийг сонгосон маань юутай зөв байв гээд л боддог болжээ. Анх оюутан байхдаа бид хоёр шинэ жилээ тэмдэглэж яваад баранд танилцаж байв ккк. За тэр ч яахав. Анхны болзоо идэр есийн хүйтэнд Тэнгис кино театрын үүдэнд хүлээхээс эхэлж байлаа.

Кино театраас гараад манай хүн түрийвчээ гээснээ мэдээд би өмнөөс нь сандраад яанаа одоо хаанаас олноо мөнгө бичиг баримт чинь одоо яанаа гэхэд зүгээр ээ харин ч гоё хөгжилтэй болзоо болчихлоо гээд инээж байж билээ. Миний мөнгө такси барьж хүрэхгүй учир бид хоёр Тэнгисээс үйлдвэр комбинат хүртэл алхаж билээ. Замдаа манай хүн түрийвчээ хаясаны ачаар чамтай арай удаан хамт байлаа шүү тэ. Хоёулаа хамт алхаж гоё хотын шөнөөр даарсан ч гэсэн гоё алхлаа тиймээ гээд гэрийн гадаа ирээд хэлэхэд нь их гайхаж байлаа. Ямар ч зүйл тохиолдсон цочирдож уурлаж хүлээж авдаггүй их тайван учир би түүний хажууд байхдаа яагаад ч юм их тайван амгалан болчихдог байсан.

Би өөрөө их яаруу түргэн зантай, уурлах нь амархан тайвшрах нь бас хурдан хэцүү зүйл тохиолдвол дороо сэтгэлээр уначихдаг төрлийн хүн л дээ. Ямар сайндаа ажилд орох ярилцлагандаа унаад тэнцээгүй бөөн уйтгар гуниг нус нулимстайгаа холилдож байхад нөхөр хайраа зүгээр ээ харин ч дараагийн ярилцлага өөр газар танилцуулгаа өгөхөд илүү туршлага болох нь байнашдээ, энэ ажил чамд тохирохгүй байсан ч юм билүү хэн мэдэх юм гэж намайг тайвшруулж байлаа. Үнэхээр л тийм байсан. Дараагийн ажил горьлогчийн ярилцлага, cv-ээ явуулах гээд бүгдийг би сайн хийсэн учир маш сайн хамт олонд нэгдэж ажилтай болж байлаа.

Анхны хүүхэд дээрээ таргалж сэтгэлээр унахад үргэлж дэмжиж бүр намайг сэтгэлээр унагахгүйн тулд гэрийнхээ том толийг хурааж өөрөө хамт таргалж өгсөн хүн шүү дээ. Би даварнаа. Эрхэлнэ. Хүүтэйгээ зэрэгцээд л хошуугаа унжуулаад эрхэлчихнэ. Бага охиноо гаргаад дөнгөж ажилдаа орж байтал энэ өвчин дэлгэрч карентилагдсан учир би гэртээ буцаад суусан. Нөхөр бас адилхан. Орлого 50% буурч хоёулаа гэртээ байх нь хямрал шүү дээ. Үүнд би санаа зовж стресстэх болсон ч манай хүн харин өвчний ачаар охиноо хөлд орохыг харчихлаашдээ өмнө нь хүү дээрээ ажилтай байхад хүүгээ унтаж байхад нь л орж ирдэг унтаагаар нь гардаг муу аав байж одоо харин охиноо яаж юм нэмж сурч байгааг хараад гоё шинэлэг байнаа л гэсэн.

Гайхалтай хүн шүү. Эрэгтэй хүний хүмүүжилд ээж их чухал юм шигээ. Хадам ээж маань ёстой л урсгал ус шиг намуухан тайван амгалан хүн байдаг. Нөхрийг маань багаас нь бүх асуудлыг саад бэрхшээлийг үргэлж Б төлөвлөгөөтэй давж гарахад бэлэн байхад сургасан. Хүн уурлаж бухимдаж стресстэж атаархаж эхлэхэд зөв үйлдэл хийх чадвар буурдаг учраас тайван байхдаа дандаа шийд гаргаж бай гэж хүүхдүүддээ сургасан хадам ээж маань их мундаг эмэгтэй. Нөхөр маань орой унтахаас өмнө өр шир мөнгө төгрөг тооцоо ярих дургүй. Намайг бас тийм болгочихсон.

Унтахаас өмнө мөнгө, асуудал, санаа зоволтоо бодоод унтахаар нойргүйдээд өглөө сэргэлэн цовоо сэрж чаддаггүй гээд бид хоёр өглөө цайгаа уучихаад энэ асуудалдаа цаг гаргадаг. Нөхрөөсөө их ч юм сурах юм даа. Бас хааяа ичдэг шүү. Аан тийн манай хүн хөл хорионы энэ үед энэ боломжийг ашиглаж чадахгүй өнгөрөөсөн хүн 2020 оныг алдлаа л гэсэн үг гэж ярих болсон тэгээд бүр гитар сурч эхэлсэн, хүүхдүүддээ том өрөөндөө майхан барьж өгсөн хуучин орныхоо том матрасыг ашиглан үлгэрийн юм шиг гоё загвартай ор 270 мянган төгрөгөнд багтааж хийж намайг баярлуулж алмайруулсан даа. Одоо бол энэ өвчин л хурдан намдаасай гэж хүсэж сууна даа. Хөл хорио цуцлагдхаар хамгийн түрүүнд кино театр орно доо ккк.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!