“САЙН ХАНЬ, САЙХАН ХАДМУУД БОЛ БУРХНЫ БЭЛЭГ” БОДИТ АМЬДРАЛААС

“САЙН ХАНЬ, САЙХАН ХАДМУУД БОЛ БУРХНЫ БЭЛЭГ” БОДИТ АМЬДРАЛААС

“Далавчгүй Сахиусан Тэнгэрүүд” Групп – Хуулбарлахыг хориглоно

Гэр бүл хайр сэтгэл, хань ижил гэдгийг тултал мэдрүүлж үнэхээр их ач холбогдол өгдөг, амьдрал нь тэр чигтээ үлгэр жишээ нэгэн гэр бүл байдаг юм аа. Тэр бол миний хадам аав ээж хоёр. Хамгийн анх нөхөртэйгээ хойно сурч байхдаа танилцаад тэндээ үерхээд бие давхар болоод хамтдаа төгсөөд эх орондоо орж байлаа. Онгоцны буудал дээр биднийг хоёр талын гэрийнхэн тосох гээд ирчихсэн. Манай хүний аав ээж (ирээдүйн хадмууд) цагаан хадаг, мөнгөн аягатай сүүтэй тосч аваад эхлээд аав нь намайг үнэрлээд дараа нь ээж нь үнсээд манай гэрт тавтай морил гэж хэлээд доош суугаад гэдсийг минь илээд хацартаа наахад нь үнэхээр их гайхаж билээ. Энэ яасан эерэг хүмүүс вэ гэж. Удалгүй бэр гуйх тов гарлаа. Эх орондоо ирсэн гээд бид хоёр уулзах найз нөхөд гадуур зугаалах ажил гээд бэр гуйх талаар огтхон ч тоосонгүй. Хоёр талын аав ээж хөөцөлдөөд л байлаа. Манай хүн эмэгтэй хүнийг арай л дэндүү хүндэлнэ.

Олон нийтийн газар гэнэт доор суугаад гутлын үдээс үдээд суучихна, ямар ч үйлчилгээний газарт орсон надад хаалга нээж өгөөд миний араас орж байгаа бүх хүмүүсийг орж дуустал бариад зогсчихно. Энэ зангаас нь болоод кино театрт хожигдож ороод хүмүүст загнуулна. Урдуур хойгуур бөхөлзөөд алхлаа гээд л. Өмнөх найз залуутайгаа байхад заавал эмэгтэй хүн тэгэх ёстой эмэгтэй хүн намбатай налгар, үйлэнд уран хоол ундандаа сайн хайр сэтгэлээ авч үлдэх хатан ухаантай байх ёстой найз залуугийнхаа хувцасыг угааж арчилж үрчгэр явуулах ёсгүй гээд их шаарддаг байж намайг. Тийм байдалд дасчихсан байсан учраас анх нөхөртэйгээ хамт амьдраад удалгүй их л гайхаж үе үе шоконд ордог байв. Өөрөө хувцасаа угаагаад индүүдчихсэн байна, сэрэхэд түрүүлээд босчихсон өглөөний цайгаа бэлдчихсэн дасгал хийж сууна, биеэ барих ухаантай байх гэж биеэ цэгнэх үед хайртаа өөрийгөө сул тавь, хүслээ дага л гэнэ. Ямар сайндаа монголд ирээд буцахдаа их стрестээд буцдаг байсан болохоор хайртаа битгий хичээгээд бай гэнэ. Бүр намайг Чингисийн өргөө гээд машины зогсоолтой газар дээр хамгийн дээр нь зогсоогоод хамаг чангаараа орил гэж билээ.

Стрессээ тайлаа гэж байгаан. Би ч дагаад орилж өгсөөн хэхэ. Удалгүй бид хоёр Хан-Уулын цагдаа дээр орилсон шалтгаанаа тайлбарлаад cогтууруулах ундаа хэрэглээгүй ээ гээд зогсож байсан юмдаг. Гарч явахдаа үxтлээ инээлдэж билээ. Залуучууд хайртай эмэгтэйнхээ төлөө өөрчлөгдөж баярлуулдаг бол манай хүн байгаа чигээрээ байж баярлуулдаг байлаа. Харин энэ бүх зан чанар түүнд биш түүний хүмүүжилд ялангуяа аавд нь байсныг гэрт нь хөл тавихдаа мэдэж байв. Хадам аав маш ажилтай гэрийнхээ ханаар дүүрэн уншсан номоо багана мэт өрсөн, хоол хийх хоббитой, эмэгтэй хүнийг гэргийгээ тултал хүндэлсэн эр хүн байлаа. Хадам ээж насаараа нярайн сувилагч хийсэн учир ээлжтэй хонох өдөр олон. Тэр бүх өдрүүдэд хадам аав өөрөө цайгаа чанаад халуун сав дүүрэн хоол хийгээд хадам ээжийн хоолыг аваачиж өгдөг байсан гэнэ. Бүх л жилүүдэд. Хааяадаа бүр шалаа мөлхөөд угаачихдаг. Энийгээ хөдөлгөөний дутагдлаас сэргийлнэ нуруунд хэрэгтэй гэнэ. Манай аав бол шал угаах бүү хэл хогын шүүрээ хаана байдгийг ч мэддэггүй учир энэ нь надад нэг л дасал болоогүй их эвгүй харагдана.

Хэн түрүүлж боссон нь хэн хүссэн нь хийх ёстой гэсэн дүрэмтэй. Нөгөө эрэгтэй хүн хогоо асгаад хоолоо хийгээд хогоо шүүрдээд аягаа угаагаад дуустал хийморь лундаа нь 0% болсон гээд хошигнол хадмын гэрт үйлчлэхгүй. Эр хүн өөрөө эмэгтэй хүний хоёр хөлөн завсраас уначихаад эмэгтэй хүнд хүндлэл үзүүллээ гээд хэд гурван аяга угаалаа гээд сүлд нь тэнээд алга болдог бол тэр мөн хариугүй хийморь сүлдээ гээд нуг нуг инээж сууна шүү дээ хадам аав. Хөнгөн шингэн гэж. Одоо 67 настай тэгсэн мөртлөө загасанд явна харзны усанд орно хадам ээжийг өргөөд гүйх нь холгүй золбоо цогтой. Хадам ээж бол зүгээр л амар амгалангийн туйл. Яаж ч ядарсан цайны дээжээ долоон бурханд өргөнө. Долоон бурхан чамайг мартадгүй юм. Чи цайны дээжээ өргөхдөө гэр бүлээ л бод. Хэрүүл маргаан үүсэхгүй бас их нөлөөтэй гэнэ надад. Тусдаа гараагүй байхдаа хадмынд хамаг ажлыг нь хийх гэхээр энэ бол миний охины голомт биш, та хоёр тусдаа гараад очих тэр газар чинь чиний голомт чиний гал тогоо. Тийм болохоор ядартлаа бүү ажил хий, өөрийнхөө тавгийг угаагаад л хэвтчих яадаг юм гэнэ. Гайхнаа их л гайхдаг байлаа.

Манай хүн яг л аав юм байна даа гэж боддог байлаа. Хөл хавагнаад жирэмсний сүүлийн сар бүр хэцүүдсээн. Орой бүр хадам аав нөхөр хоёр ээлжилж хөл базаж массаж хийж өгнө. Би ичнээ. Болноо, одоо гоё болчлоо ааваа бярлалаа гэхээр нэрэлхэхээр нэрээ ид гэдэг юм хөлөө жий гээд базласаар байгаад дуусч санаагаа амраана. За тэр уншсан ном сонин дүүрч хамгийн гоё нь хадам аав ээж хоёрын 3 жилийн цэргийн алба хаахдаа жирэмсэн үлдсэн хадам ээжид бичдэг байсан, тэр бүх захиа ил захидал гэрт нь байдаг. Манай хүнийг хамгийн бага хүүгээ гэдсэнд байхад нь цэрэгт яваад 3 нас хүрэх гэж байхад нь ирж байсан гэдэг. Тэр захианууд бурхан минь нандин гэж жигтэйхэн. Уншихаар л ямар сайхан цаг үед амьдраа вэ, яагаад имй их хайр байж болдог гэж үү, ямар гэгээлэг юм бэ гээд л үнэхээр гоё. Хүн хүмүүжил нь, хэн тэрний дэргэд нөлөөлж амьдарсан байна гэдэг их чухал юм билээ. Миний хань бол аавынхаа усны дусал үргэлжлэл. Би өдөр ирэх бүрт ямар сайхан буянтай хадмуудтай юм бэ би яаж илүү баярлуулах вэ гэж боддог болсон. Миний хүү ч бас ирээдүйд аав өвөө 2 шигээ ийм сайхан эр хүн болно доо гэж бодож байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!