“САЙН НОХОЙ МУУ ХҮНЭЭС ХАВЬГҮЙ ДЭЭР…” ӨГҮҮЛЛЭГ
“ХАЙМЧИГ” ӨГҮҮЛЛЭГ
Б.ЗОЛДЭЛГЭР
Намайг бага байхад манайх Хаймчиг нэртэй том хар нохойтой байлаа. Их том оо яг л бяруу шиг. Түүний сэгсийж ноолорсон хар үс, галын цог шиг улаан нүд, арслан барсын гэмээр араа соёог нь харахаар дүү бид хоёрт нөгөө үлгэрт гардаг мангас нь л ийм амьтан байдаг байх гэж бодогддог байв. Анх Хаймчигийг аав гэрт авчирсан юм. Манайх тэр үед Баянхошууны хөтөлд нүүж ирээд удаагүй байлаа. Би зургаатай, харин дүү дөнгөж дөрвөн нас л хүрч байсан байх. Гэрээс нилээн зайдуу их зах дээр аав ээж хоёр наймаа хийж шөнө л ирдэг. Дүү бид хоёрыг гэрт харах хүн байхгүй болохоор өдөржингөө хоёулахнаа тоглож өнжинө. Тэгээд л аав хүн амьтан хашаандаа ойртуулахгүй гэж танилынхаа тэжээдэг Хаймчиг нэртэй банхар нохойг нь авсан юм билээ. Банхар эзэндээ их үнэнч нохой.
Өөрийг нь нас биед нь хүртэл тэжээсэн эзнээсээ салаад танихгүй айл мэдэхгүй хүмүүс дээр ирээд эхэндээ дасаж өгөхгүй нилээд зовоосон гэсэн. Гэхдээ л ээж аав хоёр маань Хаймчигт их сайн хандаж хоол унд өгч өөрийг нь их хайрлаж байсан болохоор удалгүй тэр хоёрт маань дасаж манай гэр бүлийн нэг гишүүн болсон доо. Хаймчиг хашаанаасаа ер гарахгүй гэрийн үүдэнд хаалга таглаад хэвтчихдэг нохой байлаа. Хэвтчихсэн байхад нь аав ээж хоёр л хаалга онгойлгож дийлнэ үү гэхээс дүү бид хоёр хүч хавсраад ч түлхэж дийлэхгүй. Манайхнаас аавд илүү дотно. Заримдаа тээр холоос алхаж байхад нь аль хэдийн олоод харчихсан өөдөөс нь тосож эрхлээд сүйд болно. Аав харин үүнд нь их баярлаж “манайд Хаймчиг шиг сайн нохой дахиж заяахгүй дээ” гээд л толгойг нь илнэ. Харин би намайг тоож ноолуулдаггүй энэ муу хар нохойнд үнэн голоосоо дургүй байлаа. Оронд нь жижигхэн хөөрхөн гөлөгтэй болохын мөрөөсөл.
Ямар сайндаа л хажуу айлын нусгай Баадайтай шар жингэpийнх нь эр гөлөгийг авахаар аавын Эрээнээс авчирсан 12 өнгийн будгийн харандаагаар тохирсон байхав. Тэгээд яг авахын даваан дээр л Хаймчиг манайд ирж, ээж аав хоёр гөлөг тэжээх зөвшөөрлөө буцааснаар миний нөгөө гөлөгтэй болох маань өнгөрсөн дөө. Түүнээс хойш би өглөө болгон бурханд залбирч, намайг гөлөгтэй болгож өгөөч гэж гуйдаг болсон юм. Удалгүй намар болж би сургуульд орлоо. Манайхаас сургууль хүртэл нэг буудлын зайтай. Эхний хэдэн өдөр сургуульдаа явах гээд гэрээс гарангуут Хаймчиг намайг “энэ хаачих нь вэ” гэсэн янзтай нүд салгалгүй ширтэж байснаа яг хашааны хаалга татангуут араас давхиж ирээд цүнхнээс зуун хойш нь татаад унагачихдаг байлаа. Намайг гадуур тэнэх гэж байна гэж бодоод учрыг нь ойлгохгүй тэгж чирч унагадаг байсан хэрэг.
Тэгээд л би гэдэг хүн хамаг хувцас нь шороотой холилдсон халтайсан амьтан өдөр бүр сургууль дээрээ очно. Заримдаа ангийнхан шоолж инээлдэхэд нь тэсэлгүй уйлж, дотроо Хаймчигт гомдон түүнийг үнэн голоосоо үзэн ядаж “манайхаас яваад өгөөсэй” гэж улам их хүсдэг болсон юм. Харин удаа ч үгүй энэ хүсэл минь биелсэн юм даа… Шинэ жилийн өмнөхөн байлаа. Хичээлээ тараад ангийнхаа хоёр хүүхэдтэй уулан дээр чаргаар гулгаж тоглоод цаг холдсоныг анзаарсангүй. Нэг мэдэхнээ л гадаа тас харанхуй болж бид харихаар доош буув. Уулнаас уруудах тусам хүйтний эрч улам чангарч, хацар нүүр лүү жавар үлээн хорсгоод чарга чирчихсэн байгааг хэлэх үү хоёр гар хайрч байлаа. Тэгээд арай л осгочилгүй нэг бөөвийсөн амьтан гэртээ ортол ээжийн санаа нь зовоод уйлчихсан, аав намайг гадуур хайхаар гарсан байв. Нилээн орой аав гэрт ирж миний нуруун дээр ганц сайн нударч аваад тэр шөнө их урт өнгөрч билээ.
Өглөө нь хавдсан нүдээ арай чүү нээж гэрээс гартал Хаймчиг хашаанд байсангүй. Орой ээж аав хоёрыг ирэхэд бас харагдаагүй гэнэ. Хашаанаасаа гардаггүй нохой хааччихдаг байнаа гээд ээж аав хоёр дахиад л санаагаа зовоолоо. Харин Хаймчиг байхгүй байгааг мэдээд миний хавдсан хоёр нүд бүлтрэх нь холгүй том болоод ирлээ. “Ашгүй Хаймчиг манайхаас явчихаж. Одоо сургууль руугаа шороотой хувцастай явахгүй, оронд нь хөөрхөн гөлөгтэй болоод гадаа дураараа тоглоно” гэсэн ухааны юм бодож байв. Тэгээд бөөн баяр сургууль руугаа алхаж, Хаймчигийн оронд авах гөлгөндөө ямар нэр өгөх талаар бодож байх зуур сургуулийн ар талын машин зам дээр нээх том хар нохой хэвтэж байхыг олж харав. Холоос харахад Хаймчиг шиг харагдсан ч, “Гэрээсээ гардаггүй нохой энд юугаа ч хийж явах вэ дээ, Хаймчиг биш байх” гэж бодоод хажуугаар нь өнгөртөл өнөөх хар нохой гийнах шиг болов. Дотор пал гээд явчихлаа. Дөхөөд харвал манай Хаймчиг мөн байв…
Нүдэндээ ч итгэсэнгүй. Бөгсөн бие нь цуc болчихсон арай чүү амьсгаа авч амь тэмцэн хэвтэж байгаа хөөрхий нохойгоо хараад хажууд нь харж зогсохоос өөр хийж чадах юм надад байсангүй. Хаймчигийн нөгөө шөнөөр ч гэрэлтэм гал шиг улаан нүд нь дөл ч үгүй сүүмийж, өглөө бүр хором салгалгүй цоо ширтдэг харц нь урьд нь тийм байгаагүй мэт уян зөөлхөнөөр намайг гунигтай ширтэж байснаа хэсэг хормын дараа гийнах дуу нь тасарлаа… Удалгүй замын цаанаас сургуулийн манаач өвөө нэг ахтай хамт ирснээ хоорондоо “Энэ бас нээрээ лут амьтан байгаа шүү өчигдөр сургуулиар шөнөжин эргэлдсэн. Хүүхэд шуухад бариад идчихвий гэж айгаад хөөх гээд дийлээгүй. Зайлуул түрүүн нэг 69-нд дайруулчихсан. Үxлээ эрж л явж дээ хөөрхий минь” гээд хаймчигийг шуудайн дээр тавиад дамжлан хойд жалга руу явсан юм…. Миний хоолой зангираад нүднээс нулимс асгараад л гараад ирсэн. Хаймчиг намайг өчигдөр сургуулиасаа ирэлгүй оройтож байгааг мэдээд хашаанаасаа ч гардаггүй хирнээ энэ хүртэл хайж ирсэн байхад нь би Хаймчигийг алга болоход нь “манайхаас явчихлаа” гэж баярлаж байснаа бодохоор өөртөө гомдож, тэр өдрөөс хойш Хаймчиг шиг нохойтой дахиад болох юмсан гэж бурхнаас чин зүрхнээсээ хүсдэг болж билээ.