“САЙН ЗАЛУУТАЙ УЧИРСАН БОЛ 3 НАСТАЙ ХӨӨРХӨН ҮРТЭЙ БАЙХ БАЙЛАА…”

“САЙН ЗАЛУУТАЙ УЧИРСАН БОЛ 3 НАСТАЙ ХӨӨРХӨН ҮРТЭЙ БАЙХ БАЙЛАА…”

“Далавчгүй Сахиусан Тэнгэрүүд”

Сайн байна уу? Хүсэл мөрөөдлөө сэтгэлдээ багтаан, түүнийхээ төлөө эхнээс нь эцсийг нь хүртэл тэмцэхээр шийдсэн жирийн нэг 22 настай, оюутан охин та нартай мэндчилж байна. Миний амьдралд дааж давшгүй их зовлон тохиолдож байгаагүй ч миний амьдралд сайн залуу таарсансан бол би өнөөдөр гурван настай хөөрхөн үртэй байх байсан юм.

Багаасаа аав, ээжээсээ хол байдаг байсан ч өвөө, эмээгийн хайранд өссөн адтай сэргэлэн охин байлаа. Сургуульд орохоосоо өмнө уншиж бичээд сурчихсан, өвөөгийн ухаан, эмээгийн сайхан сэтгэлээр хамгийн зөв хүмүүжлийг олж өсөн торнисон юм.

Нийгмийн идэвхтэй, урлаг, спортын сонирхолтой, чадахгүй зүйл байхгүй юм шиг л энд ч тэнд ч гүйж явдаг байсан минь намайг унасан ч босох хүчийг олох сэтгэлийн тэнхээтэй болгосон мэт. Сургуулиа амжилттай төгсөөд аав, ээжийнхээ толгойг өвтгөхгүй их сургуульд орсондоо.

Аав, ээж минь хүссэн мэргэжлээр минь сурах боломжийг харамгүй олгосон. Арван жилдээ хичээл, олон нийтийн ажил гээд үерхэл нөхөрлөлөөс холуур байсан. 9-р ангидаа анх удаа сургуулийнхаа нэг хөөрхөн хөвгүүнд дурлаад үерхээд удалгүй салсан ч түүнийгээ таван жил огт марталгүй хүлээсэн. Хамгийн нандин, ариухан хайр байж дээ гэж одоо боддог.

Их сургуульд орлоо. Бүх зүйл шинэхэн. Шинэ хамт олон, шинэ сургууль, танихаасаа танихгүй хүмүүс нь их, ангиа олохгүй төөрнө гээд л хөгжилтэй бөгөөд сонин содон зүйлсээр дүүрэн эхний семистр өнгөрч би дээд курсийнхээ нэг залуутай танилцсан юм.

Өдөр шөнөгүй чат бичиж, халамж анхаарал тавиад, хичээл дээр тусалж дэмжээд л. Эхэндээ нээх тоохгүй байсан ч дасаад уулздаг болсон. Анхны бүхнээ тэр хүнд л зориулсан юм. Хайр дурлал, хүний зан аашийг ч бүрэн таниагүй байсан бяцхан охиныг худал хуурмаг дүрээрээ өөртөө татаж нандин бүхнийг минь аваад явсан өөдгүй залуу.

Танилцаад, харилцаад, уулзаад багагүй хугацаа өнгөрсний дараа би жирэмсэн болсноо мэдсэн. Түүнд хэлэхэд дургүйцээгүй ч гэсэн баярлаагүй юм. Би гэрийнхэндээ хэлэлээ. Ямар хүн байдаг, яадаг ийдэг юм гээд л тал талаас бөөн асуулт, сургууль соёлоо яах юм гээд түмэн асуудал гэнэт л гараад ирлээ.

Тэмцээнд бэлдэх, хичээлээ хийж нойргүй хонох, цагийн ажил хийж ядраад оройтож харихаас өөр зовлон үзээгүй миний зүрх сэтгэл хямраад маш их шаналж билээ. Нэг бодлын ээж болсондоо баярлах шиг.

Аав минь тэр залуутай уулзсан. Манай ээж хотод ирэх гэж байгаа тэгээд уулзаад ярилцана гэсэн юм хэллээ. Гэтэл яасан гээч. Ээж нь ирсэн ч манай аав, ээжтэй уулзах нь байтугай надруу нэг ч удаа яриагүй.

Бүр яаж байна ч гэж асуугаагүй. Ирсэн сураг сонсогдоод алга болсон. Ингээд л би яах учраа олохгүй өдөр шөнөгүй усан нүдэлж, хоол унднаас ч гарч, хэнтэй ч юу ч ярихгүй орондоо хадаатай хэвтдэг болсон.

Ээж маань сэтгэл нь зовоостой. Аав минь дугарахгүй ч гэсэн цаанаа л нэг гунигтай. Багаасаа аав ээжтэйгээ хамт байгаагүй болохоор тэр хоёртойгоо тийм ч нээлттэй ярилцаж чаддаггүй байлаа. Гэтэл аав минь нэг орой өрөөнд орж ирээд надтай ярилцсан юм.

Аав: Миний охинд энэ залуу бол хань болохгүй. Ээж аав нь ч миний охиныг хүлээн зөвшөөрөхгүй юм байна. Одоо миний охин энэ хүнийг өөрөө орхисон нь дээр болохоор салсан дээр гэж хэлсэн. Харин хүүхдээ яахаа миний охин өөрөө шийддээ гэж билээ.

Эцэст нь би хүүхдээ aвахуулахаар шийдсэн. Бас тэр залуугаас салж чадахгүй харилцаатай байсан ч гэсэн намайг нэг л өдөр хаяад явсан юм. Надтай үерхдэг байхдаа өөр охинтой давхар үерхдэг байсан юм билээ. Одоо тэр хоёр хүүхэдтэй болсон.

Яаж тийм бөх зүрх тэр хүнээс гардаг байна аа гэж бодоод би их гайхаж бас гомдож билээ. Ихэнх хүмүүс үрээ авч үлддэг байхад намайг тэгээгүй болохоор буруутгаж байна уу? Тийм ээ би буруутай. Гэхдээ одоо өөрийгөө буруутгаад харамсаад суулгүй ирээдүйгээ бодож өөдрөг бодолтой амьдардаг.

Тэр залуугийн ээж нь хүүхдээ авахуулсан дээр гэж хэлсэн юм байна гэдгийг би сүүлд нь мэдсэн. Салсны дараа нэг найз нь надруу чат бичиж байсан юм. Миний найз сэтгэлээр унаж болохгүй шүү чамаас салаад маргааш нь нэг охин гэртээ дагуулж ирээд одоо хамт амьдарч байгаа.

Эрэгтэй хүн ямар муухай гэдгийг мэдэж авсан болохоор миний найз хүчтэй байж даваад гараарай. Би чамайг явснаас хойш тэднийд очихоо больсон гэж хэлсэн дээ. Одоо би гомддоггүй. Харин ч баярладаг.

Төгсгөл нь сайхан байгаагүй ч зөв үедээ намайг орхиод явсан амьдралын дэндүү том сургамж болоод үлдсэн дээ тэр залуу. Миний амьдралд хүүхдийн маань амийг аврах сайн залуу гарч ирээгүй ч өнгөрсөн бүхнийг минь ойлгож хүлээж аваад намайг байгаагаар минь хайрлах гайхалтай залуу гарч ирсэн юм.

Тэр явдлаас хойш удаан хугацааны дараа би нэг залуутай танилцлаа. Эхлэл бүхэн сайхан байдаг болохоор бүх зүйл л дахиад цэцэглэж байгаа мэт дэндүү жаргалтай байсан. Харилцаж байгаад уулздаг боллоо. Уулзаад ирсэн чинь надад айдас төрж эхэлсэн.

Хэзээ нэгэн цагт миний хар бараан дурсамжийг мэдээд намайг орхиод явчихвал яана аа. Намайг буруутгаад би дахиад ганцаараа үлдвэл яах бол гээд маш их айж байсан юм. Тэгээд харилцаагаа гүнзгийрэхээс өмнө хэлье гэж бодоод нэг өдөр бүх үнэнээ чатаар хэлчихлээ.

Хариу ирдэггүй. Би чинь сандраад, ганцаараа үлдэхдээ сэтгэлээ бэлдээд л өөрийгөө тайвшруулаад байж байтал хариу ирлээ. Юу гэсэн гээч “Надад чиний өнгөрсөн амьдрал хамаагүй ээ. Одоо миний хажууд байгаа чинь л чухал. Би чамайг өнгөрсөнтэй чинь хамт хайрлана” гэсэн хариуг нь уншаад би шөнөжин уйлж хоносон юм.

Бид хоёр үерхээд гурван жил болж байгаа. Үерхээд 7 сар болоод л намайг шууд аав, ээжтэйгээ танилцуулаад гэртээ дагуулаад очсон. Манай аавтай танилцана гээд өөрөө зориг гаргаад хүрээд ирсэн.

Хамгийн сайхан нь түүний минь аав, ээж хоёр намайг яг өөрийн охин шиг хайрладаг. Бүр үнэхээр хайр, халамж бүхэн нь нүднээс нь мэдрэгддэг. Би дэндүү жаргалтай бэр болох гэж байгаа. Бас манай гэрийнхэн ч түүнийг минь өөрийн хүү шиг хайрлаж, халамжилдаг.

Зөв хүн үнэхээр нэг л өдөр бурхны бэлэг шиг гараад ирдэг юм байна. Муудах, сайндах зүйл бишгүй тохиолдох ч би одоо дэндүү аз жаргалтай байгаа. Бид хоёр удахгүй хөөрхөн хүүхэдтэй болохоор төлөвлөж байгаа.

Хоёулаа ажил төрөл, амьдралаа жаахан төвхнүүлж байгаад ээж, аав болно оо. Тэр минь надад анхнаасаа л “Өнгөрсөн бүхнийг чинь мартуулаад би чиний дэргэд байна аа” гэж хэлж байсан. Одоо би өнгөрсөндөө харамсдаггүй. Бас боддоггүй.

Миний хоосон орон зай бүхнийг орлох гэж төрсөн мэт л ирсэн залуу даа. Хааяа гуниглахад минь “Чи минь хэзээ ч ганцаараа биш шүү чамд хоёр сайхан аав, хоёр сайхан ээж, дөрвөн сайхан дүү байгаа. Би хоёр дүүтэй, тэр маань ч хоёр дүүтэй ч юм. бас хамгийн сайхан нь би чинийхээ дэргэд эрүүл саруул байна” гэж хэлдэг.

Нээрээ л надад хоёр сайхан аав, хоёр сайхан ээж, дөрвөн том залуу бас тэр минь бий. Би одоо хоосон орон зай бүхнээ аз жаргалаар дүүргээд хүсэл мөрөөдлийнхөө төлөө өөртөө итгэлтэй алхаж байна даа.

Эцэст нь хэлэхэд охидууд минь аав, ээжийнхээ үгэнд сайн орж байгаарай. Тэд чамд хэзээ ч буруу зүйл хэлдэггүй юм шүү. Бас хүний сэтгэлийг таниагүй байж, үнэн төрхийнх нь зах зухаас ч мэдрээгүй байж яаран бүү өөрийгөө зориулаарай.

Үнэ цэнэтэй бөгөөд эрхэмсэг оршоорой сахиусан тэнгэрүүд минь. Өөрийнхөө далавчийг хугалах боломжийг хэнд ч бүү өг. Харин чиний далавчийг улам гоёор урлаж өгөх нэгнийг олж хайрлаарай. Тийм сайхан учрал амьдралд чинь заавал тохиолдох л болно.

Итгэлтэй бөгөөд тэвчээртэй байгаарай. Миний амьдрал та нарт бага ч гэсэн сургамж болсон гэж найдаж байна. Намайг буруутгах хүмүүс байж магадгүй. Би буруутай, бүрэлдэж тогтоогүй ч хүний aмь xөнөөсөн гэмт xэpэгтэн.

Гэхдээ би өнгөрсөндөө хүлэгдэхгүй ирээдүйгээ харж удахгүй алдарт эх болно гэж мөрөөддөг. Бас хийсэн гэм нүглээ бага ч болов цайруулахын тулд хүүхдийн эрхийн төлөө, хүнлэг сэтгэлгүй сүгүүдийн үйлдлийн xoхирогч болж үлдсэн эмэгтэйчүүдийн төлөө сайн үйлс хийнэ гэж төлөвлөж байгаа. Бүгдэнд нь хайр хүсье…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!