MngNews

“САВДГИЙН ХОРЛОЛ” ӨГҮҮЛЛЭГ

“САВДГИЙН ХОРЛОЛ” ӨГҮҮЛЛЭГ

О.ӨНӨРЦЭЦЭГ

Эрт урьдын цагт нэгэн сайхан сэтгэлтэй, бусдад туслах дуртай орой дээрээ ганц эвэртэй уулын савдаг байжээ. Тэрээр нэг сайхан өдөр уулын модонд жимс идэн ердийнхөөрөө уйтгарлан байтал хавцлын ирмэг замаар хоёр морьтой сүйх тэрэг хар хурдаараа давхиж үзэгдэв гэнэ. Дотор нь хэн байгаа юм болоо гэсэн сониуч бодол савдгийг тэр дор нь эзэмдэж, ухасхийн хүрэн бүргэд болон улаан цохио хаднаас шумбан доош буув. Аварга том хүрэн бүргэд айсуй явааг харсан бүсгүй айсандаа хөшиж орхив. Тэр зуурт бүргэд түүнийг шүүрэн өндөр хавцлын орой дахь үүрэндээ авчирлаа. Тэрээр буцан хүн төрхөндөө орон, орой дээрх саран хэлбэртэй ганц эврээ сэжлэн бүсгүйд дөхөн очход тэрээр айсандаа хойш ухарч, -Надад битгий ойрт үзэшгүй муухай амьтан минь. Эр нөхөр минь удахгүй миний араас ирэх болно гэв. “Эр нөхөр” гэсэн энэ үгийг сонсоод савдгийн дотор харанхуйлж, сэтгэлээр унасан ч бүсгүйн гоо сайханд эрхгүй татагдаж орхив. Тэгээд, -Би чамайг хааш нь ч явуулахгүй ээ. Манай энэ хавцлын оройд хүн байтугай янгир ямаа ч гарч ирж чаддаггүй юм. Ямар ч зоригтон байгаад наашаа гарч ирж чадахгүй.

Хүлээлт чинь талаар болох нь дээ гэж залуухан савдаг чин сэтгэлээсээ инээмсэглэн хэлээд түүнийг халамжилж эхлэв. Араатан амьтан, аянга цахилгаан элдэв халдлагаас түүнийг хамгаалан, уулын зэрлэг жимсээр хооллон, булгийн цэвэр усаар ундаалан байв. Удалгүй савдаг бүсгүй хоёр бие биедээ дасан, хэрэлдэж муудалцахгүй эвтэй найртай амьдран суух болов. Гэтэл цэцэг навч алагласан зуны нарлаг өдөр тэнгэр харанхуйлан аянга цахилгаан тачигнан, аадар бороо шаагиж эхлэв. Хөөрхий савдаг охиныг дааруулахгүй гэж мод бутаар урцаа бөхлөн, гал түлж дулаацуулав. Охин ч уяран савдгийг бага багаар хайрласаар байв. Гэтэл усан борооноор тэдний урцанд нэгэн бөөдий орж ирэв. Тэрээр тэнгэрийн санааг дамжуулахаар иржээ. Түүний үгийг сонсоод савдгийн сэтгэл хямран, царай нь барайв. Учир нь ойн бүх амьтад олон хоног үргэлжлэн орсон энэ их бороо зогсохгүй байгаа нь охиныг авчирснаас болж гэж үзжээ. Залуу савдаг тэдний үгэнд итгэхийг хүссэнгүй. Тэгээд түүнийг хааш нь ч явуулахгүй гэж хэний ч үгийг сонсохгүй гөжүүдлэн суув. Тэгтэл нэг өдөр тэнгэрээс галт сум харвах мэт хавцлын орой дээр аянга бууж, урц овоохой нь шатан галд автав. Савдаг охиныг бүхий л биеэрээ халхлан, арайхийн хоёул галаас эсэн мэнд аврагдав.

Ингээд тэрээр өөрийг нь тэнгэр таалахгүй байгааг мэдэрч, охиныг буцаан гэрт нь хүргэж өгөхөөр болжээ. Савдаг зүсээ хувилган том цагаан ямаа болоод охиныг нуруун дээрээ суулган, хад чулуун дээгүүр дүүлэн харайсаар гэрийнх нь гадаа хүрч ирэв. Тэр өдөр бас л тэнгэр онгойх янзггүй бороотой өдөр байв. Тэд ирэх замдаа усан хулгана болтол норжээ. Удалгүй гэрээс хүмүүс гарч ирэн, охиныг ирсэнд шуугилдан баярлаж дулаан гэрт оруулан бөөцийлөв. Харин цагаан ямаа хотны захад сахлаг цагаан зогдроосоо ус дуслуулан зогсож байв. -Энэ ямаа чамтай ирсэн юм уу? гэж эр нөхөр нь асуув. -Тийм ээ, тэр миний амийг аварч, энэ хүртэл хүргэж ирсэн юм гэхэд бүгд цагаан ямааг бахдан “Эвий хөөрхий…” гэцгээв. Ингээд тэр хот айлд цагаан ямаа сүрэгт нь нийлснээс хойш мал сүрэг нь өсөж, хээрийн амьтан ойртохоо байсан учир тэд цагаан ямааг сэтэрлэн, хонин сүргийнхээ манлай болгожээ. Цагаан ямаа охиныг ойроос харж явахын тулд ийнхүү тэднийд үлджээ. Тэрээр охиныг холоос харан гүйж ирж, эрхлэн тоглох дуртай байв. Гай газар дороос гэгчээр нэг өдөр саахалт айлын хорон санаат нэгэн ноён данхгар том эвэртэй энэ ер бусын ямаа холоос ирснээс хойш эдний мал сүрэг өсөөд дийлдэхээ болилоо.

Яавал тэр ямааг авах вэ гэж элдэв арга хэрэглэн эзэнтэй нь ярьж тохирч, худалдаж авах гэж хэчнээн оролдсон боловч өгөхгүй болохоор нь нэг өдөр бэлчээр дээрээс нь хулгайлан, хашааныхаа харанхуй буланд уяж орхижээ. Тэгээд данхар эвэрт цагаан ямаа хотонд минь ирсэн юм чинь одоо мал сүрэг маань түм бумаараа өснө дөө гэж бодож байтал мал сүрэг нь өсөх нь байтугай хорогдсоор хот нь харлахад хүрчээ. Балбар ноён багтартлаа уурлаж, өнөөх цагаан ямаагаар тогоо тосдож, өшөөгөө авахаар шийдэв. Хорон санаат ноёны санааг мэдсэн цагаан ямаа бүсгүйн зүүдэнд савдгийн дүрээр орж ирэн, аминчлан гуйж, аварч хамгаалахыг олон өдөр ийнхүү гуйжээ. Өнөө шөнө л ирж авахгүй бол Өр зүрх минь зогсох нь Өндөр ууландаа харьж очмоор байна Өнгөт огторгуйдаа хүрэн бүргэд болон элин халин нисмээр байна… хэмээн зүүдэнд нь зөндөө аврал эржээ. Гэтэл бүсгүй өглөө сэрүүтээ л элдэв юманд сатааран, аврал эрсэн зүүдийг нь үл тоон, эр нөхрийнхөө ятгалганд автан “Энэ ердөө л энгийн нэг зүүд биз…” хэмээн тоолгүй өнгөрчээ. Удалгүй цагаан ямаа тэнгэрт хальж, цахилах сүнсний гомдол нь бүсгүйн голомтыг сүүдэрлэж, энэ цагаас хойш тэр айлын эрийн тэнгэр нь хаяж, удмын заяа нь хазайсан юм гэнэ лээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!