“ОХИНТОЙ ГЭДГИЙГ НЬ ХЭЛЭХ ЗОРИГ ХАЙРЛААЧ…” БОДИТ АМЬДРАЛААС
“ОХИНТОЙ ГЭДГИЙГ НЬ ХЭЛЭХ ЗОРИГ ХАЙРЛААЧ…” БОДИТ АМЬДРАЛААС
“Далавчгүй Сахиусан Тэнгэрүүд” Групп – Хуулбарлахыг хориглоно
Өдгөө би 33 настай 15 настай үзэсгэлэнтэй сахиусан тэнгэртэй нэгэн ээж байна. Олон жилийн өмнө бяцхан охин байхдаа анхны харцаар дурлаж хорвоог нэг л хүнээр төсөөлж түүндээ зориулж захиа бичиж түүнээсээ өөрөө ичиж ураад хаячихдаг, байгаа газар нь ойр харагдах гэж хичээж холоос харж өөрийгөө тайвшруулдаг учраа мэдэхгүй балчир охин байлаа. 16 насандаа анх удаа гал шиг дурлаж билээ. Жижигхэн сумын төв. Бүгд нэгнийгээ таньдаг. Хаа холоос саравчлаад харахад хэн яваа нь танигддаг бяцхан тосгон. Гар утас байтугай суурин утастай айл маш цөөхөн сумын төвд 4,5хан айл суурин утастай байсан юм. Миний зүрх сэтгэлд урилгагүй байрлах болсон анхны хайрыгаа маш ихээр хайрлаж нүдэнд нь өртөх гэж хичээсний зр дүнд тэрнийхээ анхааралд өртөж тэр бид хоёрын бяцхан болзоо сумын төвийн соёлын төвийн арын шатан дээрээс эхэлсэн юм. Тэр үeд үнэхээр шатаж дурладаг байжээ.
Нэрнийх нь эхний үсгүүдээр шүлэг зохионо. Хаа сайгүй нэрийг нь бичиж ганцаараа инээж сууна. Уулзахгүй л бол үхчих юм шиг хоёр биeндээ тэмүүлсээр хоёр дахь жилдээ үeрхэж улам л дотно болсоор. Гарнаас маань атгаад миний жижигхэн охин. Чамайгаа дагуулаад хаашаа ч явсан чадна. Хайр минь гээд л тэврээд цээжиндээ наадаг байлаа. Тэр нэгэн гайтай өдөр хэн нэгэн хүний дуулгасан аймшигт муухай үгнээс болж бид холдсон. Бид хоёрыг хамаатан бүр цусан төрлийн холбоотой гэж хэн нэгэн хүн хэлж тэр нь даамжирсаар бараг төрсөн ах дүү болтлоо жижигхэн гацаагаар дамжин тарлаа. Өдөр бүр уйлан эмнэлгийн хашааны буланд байх хүнгүй газар очиж ганцаараа суудаг болов. Хайртай залуу минь харагдхаа больж хөдөө ахындаа очиж байж байгаад хот явсан сураг дуулдав. Aмиа xорлоx гэж оролдож эгч ах нараа сандаргасан гэж хүртэл дууллаа. Гэхдээ л тэр эргэж над дээр ирээгүй юм. Би 17 настай хайрандаа шатсан уйланхай охин төд удалгүй бүр гашуудам мэдээ дуулсан юм. Би биe давхар болжээ. Гэтэл тэр минь хотод очоод сураггүй нам жим. Би хүүхдээ тээхдээ шөнө бүр нулимстай хэрнээ маш их айдастай 5 сар хүртэл нь нууж тээв. Хэн ч гадарласангүй.
Үр минь гэдсэндээ 5 дахь сартайгаа золгож байхад хов тараасан хүн илэрч хүн андуурсан болоод дууссан юм. Гаслантай…. Түүнийгээ хайж холбогдох гэж хот дахь хаягийг нь мэдэх гэж хэнд ч хэлэхгүй ч ганцаараа зөндөө хайлаа. Олж чадсангүй ээ. Би дөрвөн сарын дараа ээж болж бяцхан охиноо тэвэрсэн юм. Жижигхэн тосгоноор дүүрэн намайг ярьж цаг нөхцөөсөн хүмүүс. Ээж аавынхаа харцыг харахаар намайг өрөвдөж байгаа тэр нүдийг нь харахаас дальдарч би охиноо зургаахан сартай байхад нь Улаанбаатарыг зорьсон юм. Жилийн чөлөө болгуулсан сургуульдаа орж ганц биe ээж гэдгээ хэнээс ч нуудаггүй хичээнгүй оюутан байв. Энэ хугацаанд түүнийг хайсаар л, хэл сураг хүлээсээр л. Гэхдээ олоогүй бас нэг ч сураг байхгүй. Охиноо 3 настай байхад би түүнийгээ гадаадад ажиллаж байгаа гэдгийг олж мэдлээ. Бас эргэж ирэхгүй гэдгийг нь ч мэдлээ. Гэсэн ч охинтой болсон гэдгийг дуулгах санаатай мөн ч их оролдсон доо. Даанч ямар ч холбоо барих боломж байсангүй. Жижигхэн тосгонд сөрөг хов жив дороо тарч хаа байсан холын хүнд дуулдах хүртлээ тардаг хэрнээ сайн зүйл тийм ч хол тардаггүй бололтой.
Энэ бүх он жилүүдэд нэг ч хүнийг би хүлээж авсангүй би охиноо 15 хүртэл зүгээр л ганц биe ээж байсаар ирсэн. Охин минь ухаантай хэзээ ч надаас аавыгаа асуудаггүй. Харин өнгөрсөн наадмын дараа нутагтаа охиноо дагуулан очиж ээж аав дээрээ хэд хоноод буцахдаа би 15 жил хайсан бас чимээгүй хүлээсэн түүнтэй таарсан. Тэр ирчихсэн байжээ. Би 18 жилийн өмнө анх дурласан шигээ сандарч бас маш их айсан. 33 настай хэдийн намба суусан тайван эмэгтэй болсон байж догдолсон. Тэр гайхшран надруу дөхөн ирээд мэндэлсэн. Холбогдох дугаарыг нь авч ямар ч байсан дөнгөв. Би түүнийг эхнэр бас хүүхэдтэй болсон эсэхийг асууж тодруулж чимээгүйхэн түгшин хайж үзэхэд тэр гэрлээгүй байсан юм. Би их удаан бодсон. Түүнд охиныг нь хэлэх ёстой гэж. Тэр гадарлаагүй байгаа. Харин намайг өөрийг нь буцаад хайрлахаар догдолж суугаа л гэж бодож байгаа. Баасан гаригт уулзахаар болсон. 15 жилийн дараа. Бүхэл бүтэн 15 жилийн дараа… Тэр үeд охинтой гэдгийг нь хэлэх зориг бас тэвчээр надад хайрлааарай.