“ОРОЙХОН ТИЙШЭЭ ХОНИО ХОТЛУУЛЧХААД ГАРААД ИРЭЭРЭЙ…”

“УЯХАН ЗАМБУУ ТИВИЙН НАРАН” – Г.ТАМИР

Бараг зургаан сар шахам унтсан өвс ногоо сэрж байна уу гэлтэй энд тэндгүй нялх ногоо цухцуйж, нөмөр нөөлөг газрын орчим ногоон туяа татжээ. Жижиг горхины мөс хайлан болморын жиргээтэй эгшиг харшин хоржигнох нь хичнээн сайхан. Голын эхээр ургасан хэдэн улиас нахиалаагүй боловч ганц хоёр мөчир дээр яаруу нахианы толгой үл мэдэг үзэгдэнэ.

Хахир хүйтэн өвөл өнгөрч хамаг ертөнц сэрэх энэ л үеэр хүн гэгч амьтаны сэтгэл ч гэгэлгэн бөгөөд уяхан ажгуу. Бурмаагийнх хаваржаандаа буугаад хэд хонож байгаа бөгөөд ээжийнх нь бие ирж яваа цагийг ч дагаад тэр үү нэг л дээрдээд хөнгөн шингэн болсон шиг. Энэ жил Бурмаа 19-тэй. Хэний ч хүүгийн сэтгэлийг татах сайхан төрсөн охин билээ.

10-р ангиа төгсөөд УБИС авсан авсан ч ээжийнх нь бие тааруу учир сургуульдаа явсангүй үлдсэн билээ. Тэгээд ч эцэг эх хоёрынхоо санаж сайрвайх ганц үр нь шүү дээ. Энэ жил хавар эрт эхэлсэн шиг зун ч хурдан ирлээ.

Хотод оюутан болон одсон үеийн нөхөд нь нутаг усандаа ирцгээж нутаг хошуугаараа бөөн хөл хөгжөөн. Бурмаагийн аавынх нь дүү энэ ХААИС-г төгссөн бөгөөд төгсөлтийн баяраа тэмдэглэхээр ангийнхантайгаа ирсэн байлаа.

Тэдний ангийнхан хонхны баяр гэж лонхны баяр хийхийг хүсээгүй бөгөөд цэвэр агаарт цагаан идээн дээр амрахыг чухалчилжээ. Зүүн аманд хоёр майхан барьж тухалсан тэдэн дээр Бурмаа өдөр бүр цагаан идээ хүргэж өгнө.

Бурмаа угийн эртэч малчин хүний зангаар өглөө эрт очих боловч тэд хотын хүүхдүүд учир нар хөөртөл унтах ажээ. Эхний өглөө хэн ч босоогүй байхаар нь савтай цагаан идээгээ удалгүй босох биз дээ гээд майханых нь хаяанд орхиод явжээ.

Гэтэл маргааш нь иртэл майхнаас холгүйхэн гашилсан сүүгээ асгасан байхыг үзээд их орой болтол унтаад сүүгээ гашилгасанг нь ойлголоо. Энэ удаа Бурмаа айраг тараг хоёроо майханы сүүдэрт орхиод, харин авчирсан сүүгээрээ цай чанаж, үлдсэнийг нь хөрүүлээд загсаан орхижээ.

Үдийн халууныг ч эс тоон баярлан цэнгэж, элдэв уралдаан тэмцээнээр хөгжилдөх тэднийг хараад очих юмсан гэх хүсэл төрдөг билээ. Харин дараа өглөө ирэхэд аль хэдийн цай чанасан байх бөгөөд сүүгээ хүлээн даргих хар цай хэн нэгэн өөрийг нь хүлээн буйг илтгэх ажээ.

Бурмаа даруйхан цайг сүлж уудлаад үлдсэн сүүгээ хөөрүүлж суутал – Сайн байна уу? Чи ирчихээ юу? Гэхэд Бурмаа эргэн харвал өндөх сайхан нуруутай чийрэг эр цээж нүцгэн толгойгоо арчин зогсож байлаа.

Бурмаа “Та нар чинь яасан их унтдаг улсууд вэ? ” гэж хэлэх гэснээ “Энэ хүн эрт л босчихсон байна шүү дээ” гэж бодон “Тиймээ сайн” гэлээ. “Чамд их баярлалаа. Чи их сайхан цайтай юм билээ. Миний нэр Самбуу. Танилцъя” гээд эелдэгхэн гараа сунгалаа.

Бурмаа жаахан ичингүйрсэн ч “Бурмаа” гээд гараа өглөө. Гэтэл тэр залуу гарыг нь чанга атган тавих шинжгүйд Бурмаа ичсэндээ бүр хацар нь улайж халуу шатаад бушуухан гараа татан авлаа. Бурмаа сүүгээ ч гүйцэд хөөрүүлсөнгүй бушуухан мордлоо.

Нөгөө залуу байрандаа зогссоор… Бурмаа яаран давхих зуураа өчигдөрийн цагаан идээний саваа ч авахаа мартжээ. Бурмаа тэр өдрийг яагаад ч юм нэг л догдлонгуй өнгөрөөжээ. Маргааш очихоос жаахан зүрхшээх боловч дахин очих хүсэл нууцхан төрсөнийг залуухан зүрх өөрөө ч мэдсэнгүй.

Маргааш өглөө явахдаа жаахан халгах авч хөгшин ээжийгээ явуулалтай биз дээ. Бурмаагийн зүрх өөрийн эрхгүй сандран цохилох нь Бурмаад өөрт гайхмаар ажээ. Залуу ч түүнийг бараанаар нь таниж тосон ирлээ.

“Сайн байна уу?” “Сайн ”. Бурмаа өчигдөрийн үлдээсэн савнуудаа хамах бөгөөд залуу түүнд туслах ажээ. Залуу ганзгалааг нь бөхөлж өгөөд “Маргаашнаас ирэх хэрэггүй биз дээ. Бид нар өөрсдөө очоод авчихаж байя. Та нарт төвөг удаад яахав дээ” гэлээ.

Бурмаа “Зүгээр дээ” гэхэд залуу “Маргаашнаас бэлдээд гэртээ хүлээж байгаарай” гээд инээмсэглэхэд Бурмаа хариу дугарч чадсангүй. Маргааш өглөө Бурмаа дөнгөж босоод үнээгээ сайж ч амжаагүй байтал Самбуу ирлээ.

“Сайн байна уу?”. “Сайн. Сайн байна уу ? ямар эрт ирээв ” . “Чамайг түрүүлээд ирчих байх гээд”. Тэд ийнхүү ярилцаад гэрт орлоо. Бурмаа бушуухан цайгаа чанаж уудалчихаад үнээндээ гарлаа. Самбуу ч араас нь гарч тугалыг нь татаж өгсөнөөр тэр хоёр төвөггүйхэн дууслаа.

Бурмаа авчирсан саванд нь айраг тараг дүүргэж өгөөд тусад нь жаахан ааруул боож Самбууд өглөө. “Жаахан юм. Хуваагаад идчихээрэй” гэхэд Самбуу “За тэгнээ. Баярлалаа” гэлээ. Үнэндээ тэднийх энэ жил олигтой ааруул авч чадахгүй байгаа бөгөөд хүн хүч эрхгүй дутах ажээ.

Самбуу эргэн эргэн харсаар цааш явах бөгөөд ганцаар уулзах шалтаг гаргасандаа сэтгэл өег байлаа. Энэ өдрөөс хойш тэр хоёр өглөө бүр уулзах бөгөөд ойр зуурыг ярилцсаар нэлээн дотно болжээ. Гэтэл нэгэн өдөр Самбуу гарт нь баяцхан зурвас атгуулсан нь Бурмаагийн анхны болзоо нь байлаа. “Орой хонио хотлуулчихаад арын хамар дээрээ гараад ирээрэй. Хүлээж байна шүү” гэснийг уншаад Бурмаа оройг тэсэн ядан хүлээжээ.

Хонио хотлуулж ээжийгээ хэвтүүлчихээд хойд хамар дээр гарлаа. Самбуу Бурмааг ирэх бараанаар тосон ирж гарыг нь атган “Ирэхгүй байх гэж айж байлаа” гээд хацар дээр нь үнсчихлээ.

Бурмаагийн хацар халуу оргин ичсэндээ бүр хөшиж орхилоо. Тэр хоёрын зүрхэнд тийм гэхийн аргагүй мэдрэмж төрөх ажээ. Самбуу зүрхшээн байж зорилон үнссэн нь амжилттай болсонд зорин орон сэтгэлээн илчилсэн бөлгөө.

Бурмаа Самбуугийн сэтгэлийг хүлээн авч тэр хоёр шөнөжин ярилцан суужээ. Маргааш өглөө хоёул учрахад нойргүй хоносон сүүмгэр нүдс биенсээ харан очрон гэрэлтэх нь хайрын хүч гэлтэй. Гэтэл ирсэн гийчин буцдаг юм болохоор Самбуу явах боллоо.

Бурмаагийн сэтгэл тоймгүй эхээр хямарч сэтгэлтэй хүнээсээ сална гэдэг урд нь мэдэрч үзээгүй аймшиг билээ. Явахын өмнөх орой Самбуу ирж шөнөжин тэврэлдэн суусан хос хоёрыг салгахаар үүр цайлаа.

Тэр хоёр үүрийг гэгээг үнэхээр үзэн яджээ. “Чи намайг хүлээнэ биз дээ”. Гэхэд Бурмаа толгой дохин суусан ч сэтгэлдээ шаналан байлаа. Бурмаа өмнө нь өөрөөс нь хэзээ ч гарч байгаа их зориг гарган Самбуугийн уруул дээр зөөлхөн үнслээ.

Хайр амссан хос зүрх бал амтлан жаргахдаа орчлон ертөнцийг үл тоон орчлонгоос тасарч жаргахуйяа тэдний уруул хором ч үл сална. “Намайгаа хүлээгээрэй” гэсэн үг чихэнд цуурайтаж, зүрхэнд сийлэгдэвэй. Өдөр хоног өнгөрдгөөрөө өнгөрч, цагийн зүү явдгаараа явсаар.

Намар иржээ. Бурмаагийн ижийнх нь бие үнэхээр сайжирсан бөгөөд охинтойгоо хамт сааль сүүнд гарах болсоор удлаа. Аав нь нутгийн залуустай хадланд гарсан бөгөөд Бурмаа аавыгаа Самбуугаа санах гэдэг жигтэйхэн. Ээжийн гярхай нүд охины бие нялхран байгааг анзаарчээ.

Харин Бурмаа өөрөө ч мэдсэнгүй. Нэгэн орой хонио хотлуулаад хоол идсэний дараа Бурмаа “Ээжээ ходоод өвдөөд, хоол шингэхгүй юм. Царван буцалгаж уудаг юм уу” гэхэд ээж нь “Болохгүй охин минь. Хөл нь хөнгөрчихнө. Эвий миний охин үр ээж болох нь байна шүү дээ” гэхэд Бурмаагийн хоёр нүднээс өөрийн эрхгүй нулимс бөмбөрч сэтгэл нялхран ээжийгээ түшлээ.

Хэд хоногоос ээжийнх нь дүүгийн хүүхэд тэднийд туслахаар ирсэн бөгөөд Бурмааг барагийн зүйлд гар хүргэхээ болжээ. Намрын нэгэн сайхан өглөө аав нь хадлангаас ирлээ. Аавыгаа санасан Бурмаагийн сэтгэлд нар гийх шиг болсон ч нөгөөтэйгүүр Самбууг ирэхгүй байгаад тэгээд ямар ч сураг чимээгүй байгаад ихээхэн сэтгэл хямрах ажээ.

Охиноо харсан эцгийн сэтгэл догдлон баяссан ч сэтгэлийнх нь гүнд баахан шаналал мэдрэгдэснийг өгүүлэх юун. Намрын налгар цаг ч дуусж, хахир хүйтэн өвөл ахиад л ирлээ. Тэднийх мал ихтэй тул туслуулахаар дахин нэг хүүг ахынхаасаа дуудуулжээ.

Тэр жилийн хүйтэн хахир өвөлийг хэлэх үү, дээрээс нь Самбуугаас сураг ажигггүй хэлэх уу Бурмаа энэ өвлийг бэрххэн давлаа. Мал төллөж эхэлжээ. Хэдийгээр ширүүхэн өвөл болсон ч хавар эрт ирлээ.

Өнөө маргаашгүй төрөх болсон охиноо харан эцэг эх хоёр сэтгэл зовинон өрөвдөх авч сэтгэлийг тайтгаруулах юу ч хийж чадахгүй дээ сэтгэлийн зовлонг давхар эдлэх ажээ. Бурмаа шөнө өвдөж эхэллээ. Аав нь адуундаа явсан. Туслахаар ирсэн охин нь гэртээ түр харихаар явсан бөгөөд гадаа нүд нүүргүй шороон шуурга тавьж, мал тогтохгүй байлаа.

Эх охин хоёр ертөнцөд шинээр ирэх үрээ хүлээж, байх ёстой бүх л зүйлийг бэлдлээ. Нутгийн нэгэн сайн эх баригч хөгшинийг дуудуулахаар туслагч хүүг мордуулсан бөгөөд торин төвөргөөн сарниж амжаагүй байтал Бурмаа төрлөө. Орчлонд ирсэнээ мэдэгдэн чанга гэгч уйлах үрээ хараад өөрийн эрхгүй дуу алджээ.

Ус нь гараад удчихсан болохоор хөхөрч үрчийсэн аймаар амьтан нүдэнд нь харагдаад Бурмаа ухаан алдлаа. Бурмаа сэрсэн ч төрүүлсэн үрээ xөxүүлэх нь битгий хэл харахыг ч хүссэнгүй. Орчлонгийн алтан нар минь, одот хөх тэнгэр минь, охин үр нь эхдээ гологджээ. Элэг эмтрэн нулимсаа барах эхийн сэтгэл үрээ голсон охиноо харан хэлэх үг хийх зүйлгүй болжээ.

Адуугаа олсон аав нь үүрийн жингээр ирлээ. Зогсоо зайгүй уйлах нярх хүүхдийн дууг сонсоод охиноо нярайлсаныг нь ойлгон гэртээ яаран орлоо. Гэтэл өөдөөс нь угтсан дүр зураг… Гологдсон зээгээ тэврэн нулимс дүүрэн нүд, төрүүлсэн хүрээ харах ч сөхөөгүй гөлийсөн хүйтэн нүд. Аав хоймортоо суун тамхиа нэрлээ.

Эх нь жаахан байж байгаад л охиноо аргадавч тусыг эс олно. Хэдийн замбуу тивийн наран хөөрч хонь бэлчээртээ өөрсдөө гарчээ. Харин энэ нэг өрх айлд хэлэхийн аргагүй аймшигтай байдал ноёрхсоор байх ажгуу. Гэнэт аав нь босж эмээгийнхээ гар дээр мөөмөө эрэн ангалзан уйлах зээгээ шүүрч аван гарлаа.

Энэнээс өөр аргагүй үлсэн хөгшин буурал, өвөгдийн ярьдаг байсан домог мэт ярианд итгэжээ. Хөдсөнд боолттой өөдөсхөн амьтаныг ширгэн дээр тавиад адуугаа шуугуйлан хөөж эхэллээ. Энэ чимээнээр ухаан мэдрэлээ алдсан байсан Бурмаа гэнэт сэртэсхийн гүйн гарчээ. Тиймээ, адуу шувууны өндөг хүүхэд хоёр дээр гишгэдэггүй гэдэг үнэн ажээ.

Адуун дунд торойх баяцхан үрлүүгээ амь тэмцэн гүйх Бурмаа хэд унасан ч бүү мэд дээлээ нэвтлэн асгарах алтан шаргал уургаа алагхан үрдээ амсуулжээ. Ертөнцийн улиг амьдрал юу эс тохиолдох ч үүн шиг зовлон жаргал ховорхон үзэгдэх бөлгөө. Зуны сар шувтарлаа. Нар дээр хөөртөл унтсан үрээ сэрэхэд нь Бурмаа хурайлж xөхүүлээд хоёул нарлан суужээ.

Урд хошууг ороон хоёр машин тоос татуулан гач ирсэн агаад нэг нь нэлээд томыг үзвэл ачаатай машин болтой. Тэднийх аавынхаа дүү нартай айл буусан ч амаа нэлээд зайдуу бөгөөд тэдний өөд салах зам ч байхгүй байлаа. Цэлгэр сайхан тал тул хоёр машин шууд зам хазайн тэдний өөд эргэлээ. Бурмаагийн совин нэгийг хэлээд байх шиг сүү нь хүртэл асгаран нэвтэрчээ.

Хоёр машин хотны гадна ирж зогслоо. Ачаатай том машин нь гэр ачсан байх агаад УАЗ 469 машины урд хижээлдүү насны буурал суужээ. Машины арын хаалга онгойж саарал дайламбан тэрлэгтэй бууж ирсэн залуу Самбуу байлаа. Бурмаагийн нүдэнд нулимс дүүрсэнээс үзэгдэж байгаа зүйл нь зүүд юм шиг санагдана.

Самбуу том том харайн хэд алхсанаа зогтусан зогслоо. Тэр харсан зүйлдээ итгэж ядан байхдаа Бурмаагийн нүдийг хараад бүхнийг ойлгон тэр хоёрын өмнө сөхрөн суужээ. Биесээ санан бэтгэрсэн сэтгэл дэвтэж, эцэг үр хоёр уулзаж буй нь энээ. Намрын эхэн сарын шинийн арван долоон. Бэрхийн голд найр тэгширэхэд Уяхан замбуу тивийн наран эгшиглэсээр байх ажгуу.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!