“ОЛИГТОЙХОН ТЭЖЭЭЖ ЧАДАХГҮЙ ЮМ БОЛ ЯАХ ГЭЖ АВЧ СУУСАН ЮМ…”
“ОЛИГТОЙХОН ТЭЖЭЭЖ ЧАДАХГҮЙ ЮМ БОЛ ЯАХ ГЭЖ АВЧ СУУСАН ЮМ…”
“Далавчгүй Сахиусан Тэнгэрүүд”
Нэг маш их салхитай өдөр найзынхаа машиныг гуйж Улаанбаатар орсон юм. Тэр үед би аймгийн төвд амьдардаг тэндээ ажилдаг байлаа. Одоогоос 13 жилийн өмнө. Яг л дурладаг насан дээрээ 22 настай байсан.
Хотод ирээд авах ёстой зүйлсээ авч явахад бэлэн болоод оюутан ангийнхаа найзтай уулзахаар гэрт нь очсоноор нэг бүсгүйтээ танилцсан юм.
Найзын маань эхнэрийн сайн найз бас зочилж ирээд байхтай таараад тэр өдрөөс би тэр эмэгтэйд дурлаж санаж хангалттай их мессежээр харилцаж, энэ л миний хайж явсан хүн гэж бодох болсоноор дараа жил нь хотод нүүж ирлээ.
Бид үерхэж нөхөрлөөд намайг нүүж ирсэн цагаас хамтдаа амьдрах болсон. Нэг тийм омголон, гал цогтой, нууцлаг занд нь бүрэн автсан би аймагтаа ээжийгээ орхиод амьдрал зохиохоор ирсэн нь тэр л дээ.
Ээж маань группд байдаг байсан юм. Хамт амьдарсан цагаасаа би хоёр ажил давхар хийж ямартай ч тусдаа гарах ёстой, хайртай хүнээ авч явах ёстой гэж бодсон учир ажилд махран гүйх болов.
Ингэснээр болзоонд гүйх романтиклах зав бид хоёрт байсангүй. Тэр маань оюутан оюутан төгсөх курс учраас хичээл номондоо л санаа зовог гэж бодон ирээдүйн амьдралдаа бэлдэж эхэлсэн. Хамт амьдраад жилийн дараа ээж маань ирж бэр гуйн албан ёсоор гэр бүл болж амьдрал сайхан боллоо.
Нэг л сайхан ажлаа тараад яваад очиход инээмсэглэн угтах хайртай хүнээ харах бүх стресс тайлж орхино. Ямар азаар танилцваа, танилцуулсан найздаа хүртэл баярлаж явдаг байв.
Би надад үнэхээр гоёдсон сайхан бүсгүйтэй учирлаа гэж бодоод аль болох гомдоохгүй шүү, марталгүй баярлуулж явах ёстой гэж бодон цалин буух бүртээ түүнд бэлэгтэй харьдаг, амардаг өдрөө бүх цагаа түүнтэй байхад зориулахыг хичээдэг байлаа.
Сургуулиа төгссөн ч ажил хийх бодол байхгүй байхаар нь үглэх болсоноор бид маргалддаг болов. Тэжээж чадахгүй бол яах гэж авч суусан юм гэх мэт үгс хэлдэг болов. Уг нь би хамтдаа гоё амьдрах гэж хамт ирээдүйдээ ирээдүйн хүүхэддээ зориулан бүтээх гэж л…
Гэвч миний хайртай эмэгтэй эмэгтэй хүн бол ажил хийх ёстой гэсэн үзлээс өөр бодолтой хүн байсанд гол учир байлаа. Сүүлдээ би заавал түүнийг ажил хий гээд хүчлээд байгаа мэт болж муу хүн болов. Энэ тухай мартахаар шийдэж түүнийгээ өөрөө тааваараа байг гэж бодох боллоо.
Энэ үед хамт амьдраад дөрөв дэх жилдээ болсон байлаа. Ихэнх найзууд хүүхэдтэй болсон байсан болохоор би ч бас бусдын адил болох гэж муйхарлав. Бас л хэсэгтээ хэрүүл тасрахаа болив.
Тэр дандаа хамгаалдаг эм уудаг байсан учир бидэнд аз таарч би гэнэт аав болох боломжгүй байсан. Дөрвөн жилийн хугацаанд хоёр жилд нь тасралтгүй хоёр ажил зэрэг хийж үлдсэн хоёр жилд нь ажлаас гадна түүнд цаг гаргаж явсаар ээжийгээ мартжээ.
Ээж минь хөгширч эхэлж ганцаараа түлээ нүүрсээ зөөж оруулж чадахгүй хэцүү байсан учир ээжийгээ хотод гэртээ авч ирэх талаар түүнтэй ярилцаад амжилт олсонгүй. Хадамтайгаа хамт амьдарч чадахгүй гэснээр би дахин буулт хийв.
Ер нь л түүнийг уурлахаас би айдаг хэрүүл үүсчихвэл аргадах инээлгэх гэж их цаг ордог учир эртхэн бууж өгвөл надад хэрэгтэй байдаг байсан юм. Маргаан гарах бүрт хаалга саван гарч одно, хойноос нь би очиж авчирна,
Ихэнх тохиолдолд нэг, хоёр хоног гэртээ харьчихна би тэгээд л түүнгүйгээр байна гэдэг ойлголтгүй хүн чинь гуйгаад л зогсоно доо. Бодоод үздээ гэрлээд долоон жил. Долоо дахь жил. 30 настай залуу.
Яг л хүүхэд шиг эхнэртээ амьдралаа зориулж ганцаараа зүтгэж ганцаараа зээлээ төлж ганцаараа л буулт хийж амьдарчээ. Энэ үеээс надад бусад гэр бүлүүд яаж амьдарч байгаа илүү тод харагдах болж гэртээ харих гэж яарахаа больсон байв.
Аль болох ажил орой тарвал надад таалагддаг байв. Эмэгтэйчүүд намайг буруутгаж магадгүй юм. Гэхдээ л би байж болох түвшинд тэвчсэн. Бусад эмэгтэйчүүд шиг ажил хийгээсэй, нийгэмшээсэй, амьдралд хайртай байгаасай гэж хүссэн.
Ядаж л нийгэмшиж ажилтай байвал гэр бүлдээ хэрүүл маргаан үүсгэхгүй стресст өртөхгүй байх байсан гэж боддог. Буруу ч байж магадгүй юм. Найм дахь жил дээрээ би салах тухай бодох болсон байлаа. Гэхдээ ийм хайртай хүнээ орхиод явбал цаашдаа яах билээ би чадах уу гэж бодох болов.
Арай тэр маань хүүхэд олдоггүй юм биш биз гэж бодоод ийм байхад нь салвал жинхэнэ хүн чанаргүй хэрэг гэж үзээд хамтдаа эмнэлэг орж үзэв. Хэвийн байлаа.
Санаа зовох зүйл биш байж. Ингээд салахаар шийдсэн юм. Оргилсон их хайр, хүндлэл, түүнийг биширч хардаг нүд минь өөрчлөгдөж хөрсөн байлаа.
Магадгүй эрэгтэй нь амьдралаа авч явах ёстой, эмэгтэйгээ үргэлж баярлуулж, түүнд буулт хийж явах ёстой гэж бодсон миний амьдралын зарчим эхнэрийг маань амьдралд хайргүй, өөрчлөлтөнд дургүй нэгэн болгосон байж магадгүй.
Ингээд есөн жилийн амьдралдаа цэг тавьлаа. Гучин хоёр настай залуу найзууд нь хоёр дахь хүүхдээ хүлээж суухад ганцаараа цүнхэндээ хувцасаа хийгээд хоргодох хүлээх юмгүй гэрийг орхин явлаа. Гэхдээ аз болж зөв шийдвэр гаргасан байсан.
Би намайг гайхшруулж, алмайруулж бас заримдаа зүгээр л юу ч бодолгүй хайрлан ширтэхэд хүргэдэг эмэгтэйтэй учирсан. Хүн гэдэг их муухай. Хайр хаана байна гэдгийг чи биш зүрх чинь шийддэг юм билээ.
Зүгээр л хоёр дахь амьдрал бүр хогийн, там шиг байдаггүйг би өөр дээрээ мэдэрсэн. Ээжийгээ өөд болохоос өмнө хоёр жил ч гэсэн дэргэдээ авч ирж асарч явуулсандаа баярлаж байна даа.