“ОДОО Л ХИЧЭЭХГҮЙ БОЛ САЙХАН АМЬДРАЛ ТОЛГОЙ ДОТОР ЧИНЬ ҮЛДЭНЭ” БОДИТ АМЬДРАЛААС

“ОДОО Л ХИЧЭЭХГҮЙ БОЛ САЙХАН АМЬДРАЛ ТОЛГОЙ ДОТОР ЧИНЬ ҮЛДЭНЭ” БОДИТ АМЬДРАЛААС

“Далавчгүй Сахиусан Тэнгэрүүд” Групп – Хуулбарлахыг хориглоно

Ядуу амьдарч байгаа хүн залуу сайхан насаа унтаж амарч, тeлeвиз үзэж буйдан дээр шигдэж өнгөрөөсөн байдаг. Энэ миний ажлын өрөөний шүүгээний хаалган дээр наасан үг. Би бүр томоор бичүүлж жаазлаад ханандаа тавья гэж бодож байгаа. Сайн байна уу эрхэм охид бүсгүйчүүд, үзэсгэлэнт ээжүүд минь. 39 настай нэгэн гишүүн нь байна. Эмэгтэй хүний амьдрал, амжилт 30 наснаас эхэлдэг гэсэн үг намайг энэ хүртэл хөтөлсөн юмаа. Би 29 нас хүртлээ ёстой дээр бичдэг шиг бусдын амжилтыг буйдан дээр сууж биширч алга ташиж гайхаж алмайрч суудаг нэгэн байсан юм. Бас өөрөө сэртэлээ хэзээ ч эрт сэрдэггүй унтамхай эмэгтэй байсан. Би бүх телевизийн цуврал олон ангит киног үздэг, алгасахгүй үздэг, телевизийн сонин содон шоу нэвтрүүлэг алдартай олны танил хүмүүсийн амьдралыг сэтгүүлээс уншиж, интернетээс олж харж атаархаж, гайхаж, биширч суудаг завтай эмэгтэй байсан.

Би хүссэн хувцасаа авахын тулд мөнгөө цуглуулж, бүсээ чангалж, хүнээс зээлж, эд зүйлээ ломбарданд тавьж байж авч чаддаг мөнгөгүй, орлогогүй, зорилгогүй залхуу эмэгтэй байлаа. Их сургуулиа төгсөөд л гэр бүл зохиож хүүгээ 3 настай, өөрийгөө 25 настай байхад ганц биe ээжийн нэг болж 29 нас хүртлээ ганцаараа дандаа хохирогч, орхигдогч, сүүлдэгч азгүй нэгэн болж амьдарсан. Үнэндээ өөрийгөө л тэгж боддог байсан юм билээ. Уйтгар гунигтай үeдээ үe үe салаад одсон нөхөрлүүгээ залгаж хэрүүл өдөж өөрийгөө доош нь хийж хэзээ нэг хайрцаг дүүрэн мөнгө тэнгэрээс унаад ирэх юм бол гэж бодож мөрөөдөж амьдарсан байсан даа. Яг 10 жилийн өмнө гэсэн үг л дээ. Би одоо л хичээхгүй бол сайхан амьдрал толгой дотор чинь үлднэ гэж уншаад шөнөжин бодож хэвтсэн.

Би зүгээр л бусдын амьдралыг доороос нь харж, баясаж, гомдож алгаа ташиж суудаг байжээ. Хэзээ ч зэрэгцэж очъё эсвэл дээр нь гаръя гэж бодсонгүй явж. Би зориглосон. Ямар нэг аз хүлээж буйдан дээрээ өтлөхөөс айсан. Хүүгийнхээ ирээдүйд нөлөөлж чадахуйц ээж байхыг хүссэн. 30 насны төрсөн өдрийнхөө дараахан нэг өрөө байраа зарж өөр дүүрэгт нэг давхар нэг өрөө байр авч гал тогоонд нь хүүтэйгээ чихэлдэн амьдарч эхлэв. Эд хогшил үнэхээр дэмий зүйл их. Би минималист эмэгтэй болохоор шийдэж бүх эд зүйлээ хэрэгтэй, хэрэггүй, хэрэг болж магадгүй гэж гурав ангилсан. Хэрэггүй ангилалд орсон бүгдийг гаргаж хаясан юм. Хэрэг болж магадгүй ангиллаа дахин хоёр хувааж шигшэж гаргаж хаясаар байгаад миний эд хогшил үнэхээр надад хэрэгтэй зүйлс л үлдсэн. Бүх зүйл эмх цэгцтэй.

Шунал төрүүлсэн авахыг хүсдэг, авахаар төлөвлөж байгаа бүхнээ бичиж үзлээ. Бараг хоёр хуудас. Энэ бүгд надад яаг хэрэгтэй юу гэж асууж хассаар бас л зайлшгүй хэрэгтэй долоохон юм авч үлдлээ. Дахин миний амьдралд ашиггүй худалдан авалт гэж байхгүй гэж бодоод амьдралынхаа зарчим болгон хөргөчин дээрээ наав. Гал тогооны өрөөнд амьдарсан 3 жил минь тэсвэр тэвчээрийн 3 жил байлаа. Эхний 3 жил – Гал тогооны өрөөндөө амьдарч, цөөхөн хувцастай, цөөхөн эд хөгшилтэй тансаглал байхгүй бас буйдан дээр сууж зурагт үзэх эрхгүй том өрөөндөө ажлынхаа байр, оффис, ширээгээ байрлуулж ажлаа тэгээс эхлэж үл хөдлөх зуучын бяцхан бизнэсээ эхлүүлж байлаа. Хэн ч намайг танихгүй, хэн ч мэдэхгүй манай тухай хэн ч сонсоогүй учир энэ бүх хугацаанд би надад боломж олгооч дээ, би чадна шүү дээ гэж орилмоор үe олон байлаа.

Энэ гурван жилд ном уншиж, олон танилтай болж, олон хүнээс үг сонсож их ч газар алхаж явж бүгдийг гололгүй хийж үзлээ. Би 4 жилийн өмнөх зурагтын удирдлага тэврээд сериал үздэгзалхуу ээж байхаа больсон байлаа. Минималист ээж байхыг зорьж амьсгалж байв. Дараагийн 3 жил – Би мөнгөө үрвэл яадаг, хураавал яаж нөлөөлж болдогийг мэдэрсэн, ганган чаминд хууртахаас өнгөрсөн чанарт дуртай ажил хэрэгч эмэгтэй болсон байв. Ижил сонирхолтой олон танил, найзууд эргэн тойронд бий болж би тэднээс үлгэр жишээ авч, тэдэнтэй өрсөлдөж хамтдаа зүтгэж дэм дэмэндээ хөгжиж сурсан байв. Хүнд хэрэггүй найзууд, чамайг дэмжидгүй найзууд, чамайг ашигладаг найзууд, чамайг доош уруу татдаг найзууд чиний дэргэд одоо байдаг бол зүгээр л цоглогоор баяртай гэж хэлээд цааш алх. Амьдрал чамд ижил сэтгэлтэй, чамайг хурцалдаг, чамайг урамшуулдаг, инээхэд чинь дагаж инээдэг уйлхад чинь түшээд босгодог найзууд гараад ирдэг л юм.

Сүүлийн 3 жил- Би бид болсон. Би ганцаараа биш тавуулаа болсон. Хамт олон гэсэн үг. Сайхан хүү минь том залуу боллоо. Би ажилласан амьдарсан. Миний том өрөөндөө эхлүүлсэн ажил одоо өөрийн байранд өглөөнөөс үдэш хүртэл хэвийн ажиллаж миний эргэн тойронд намайг хүрээлсэн намайг дандаа гайхалтай гоё сайхан зүйлд уруу татдаг хүмүүс байдаг болсон. Би нөгөө буйдан дээрээ суугаад олны танил эрхмүүдийг гайхаж алмайрч суусан охин одор тэдний дунд тэдний ажлыг амжуулж, тэд над дээр ирдэг болсон. Би одоол хичээхгүй бол сайхан амьдрал мөрөөдөлд минь үлднэ гэсэн үгийг 11 жилийн өмнө зөв цагтаа олж уншсан. 30 наснаас эхэлсэн эмэгтэйн амьдрал амжилт дагуулдаг үнэн юм шүү. Ядуу амьдарч байгаа хүмүүсийн ихэнх нь залуу насаа унтаж эсвэл буйдан дээрээ удирдлага тэврэн өнгөрөөсөн байдаг.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!