“НӨХӨР ЧИНЬ НЭГ ТАРГАН ШАР ХҮҮХНИЙХЭЭР Л ОРЖ ГАРААД БАЙХ БОЛЛОО…”

“ГАНЦ ЦАГААН ХУС” – БАЛСАНГИЙН ЛХАГВАСҮРЭН

Сандаг үүр хаяарч байхад унааширч өлдсөн хөл дүүжлэх ганц унаагаа хайр гамгүй ташуурдсаар уртаас урт ам өлгөж голруу өнгийсөн хадан цохионы бэлд морио тушиж орхиод зөөлөн ногоон ширгэн дээр дээлээ тайлж орхиод цээж нүцгэлэн хүзүү толгойгоо угаалаа. Ай даа мөн сайхан байнаа гээд элэглэн хэвтэж хэсэг залгиллаа. Шөнөжин уусан гашуун ус бүх биеэр нь нэвчсэн байлтай, тамxи хөлсний үнэртэй холилдоод ой гутам. Хавагнаж унжсан зовхин дор хорсолтой гялалзах манантсан шар нүдийг харсан хэн боловч дальдирмаар. Тэрүүхэн дээд тохойг тойроод манайх байгаа даа. Байгаа даа гэхээс өөр яахав. Хөхөө өвлийн сард гэрээсээ гараад ирж байгаа нь энэ.

Зэргэлдээ сумын хаалгатай болгоны үүдийг татаж мөpийтэй тоглох газар олдвол хөөж туутал нь толгой хоргодож мөрийнд өгөөд барагдаж байгаа хэдэн малаасаа дахиад хоёр тугалтай үнээ өгөх болоод буцаж яваа нь энэ. Буцахгүй ч гээд яахав, унаа нь улдаж дээл нь урагдаж үүд хаалгаа нээгээд өгөх айл ховордсон болохоор.

Ухасхийн дээлээ өмсөж том том алхлан мориныхоо тушааг сандруухан тайлаад мордож ухасхийлээ. Ухасхийх ч гэж дээ. Унааширч өлдсөн хээр морь хүзүүгээ унжуулан гэлдрэх аядана. Төд удалгүй гэр нь харагдлаа. Гэрийнхээ барааг хараад өөдгүй тэнүүлч эрийн омог бадарч эмээл дээрээ хазгай суун исгэрэх аядлаа.

Тэгээд бодлоо. Хэд хоног сайхан амарч аваад явна даа. Сургаад өгөмз гайгүй, юун хол нүүдгийм, юүлэх унаагүй явааг минь мэдсээр байж… Элэг цагаан хараацай исгэрэн шунгаад урдуур хойгуур нь хэрсэнээ дайжин нисэж цэгийн төдий алсалсаар бараа тасрах нь өөдгүй муу бодлоос нь дайжив уу гэлтэй.

Нарны гал улаан туяа уулс толгод дүнхгэр хөх нуруудын оргил сэрвээг гэрэлтүүлсээр мандлаа. Мөнгөн утас адил жирэлзэн урсах тунгалаг уст голын хойд дэнж дээр цэмбэгэр цагаан гэр цавцайж харагдана. Cогтуу Сандаг гутлынхаа түрийг эргэж зулгийг зулартал тэнэж яваад ирэх тоолон гэр бараагаа өөд татаж айлын дайтай айл болж явдаг Цэндэмд хань шиг хань заяасан бол энэ нутгийн сүлд чимэг болсон сайхан айл байх байлаа даа. Дүнэгэр данагар өвгөд байтугай залуус хүүхэд ингэж бахдан ярилцдаг бүсгүйсэн. Cогтуу Сандагийн чихний хажуугаар энэ магтаал яахин өнгөрөх билээ.

Гэр бараагаа өөдтэй өнгөтэй байгааг хараад баярлахын оронд таарсан юмнууд магтмар болоод байхаар бүр итгэчихэж гээч гэж мунхаглан бодоод уур мог нь бадарлаа. Гэрийн бараа ойртсоор. Уур уцаар нь шатсаар. Цэндэм үнээдээ сааж байлаа…

Хар үүрээр хувин сав хангинуулаад, эртэч гэж хэлүүлэх санаатай дагаа өөдгүй золиг чинь. Сахалтай хошуу нь шазав татав хийж морио ташуурдлаа. Нэмэр байсангүй. Гэлдрэх төдий. Зэлний гадасны хажууханд сунан хэвтээд Цэндэмийг үнээ сааж дуусахыг хүлээн чихээ сэгсрэн нүдээ анивчин хэвтэж байсан дөрвөн нүдтэй халтар банхар бараанаар нь сүүлээ өргөн оцойж сууснаа, буцаад хэвтлээ.

Харц нь хачин гунигтай тунарч чихээ буулгаад тээр цаана битүүхэн аpxирчээ. Хэнсэн юм бол. Өнөөх гай ирлээ дээ, одоо ч юм юм болно доо. Хөөрхий Цэндэм минь яана даа гэж бодсон байх даа. Цэндэм савга сүүл нь газар шүргэсэн сахлаг хөх үнээний бөөрөнд нүүрээ наан сааг сүүг сааг сүүг шувтарч суухдаа Сандаг ирж байгааг мэдэж байлаа.

Тэгээд хувинтай сүүгээ харлаа. Одоохон газрын нэг цацчихаас хойш саагаад ч яах юм. Зөөлхөн халуун дэлэнг бариад шувтарсангүй, нүдээ аниад Сандагийг ирэхийг хүлээлээ. Гэрийнхээ бүсэнд цулбуураа хавчуулчихаад чөдрөө барьсаар ирж яваа даа. Тиймээ тэр ирж явлаа. Ар нуруун дундуур нь тас бууж, нүдээ анин хивж зогссон хөх үнээ ухасхийн зайлаад эргэж харан зогслоо. Газраар нэг нэлийсэн цагаан сүү Цэндэмийн сэтгэл аль хэдийн ширгээд алга болсонтой эгээ адил дорхноо шингэчихлээ.

Эр нөхрөө ирж байхад хоол цай хийж суухын оронд хэдэн үнээний дэлэн шувтраад юу ч болоогүй юм шиг сууж байна гэнээ чи. Ирнэ гэж мэдсэнгүй ээ. Юу, юу гэлээ гэнээ, яагаад ирэхгүй гэж бодоов чи Дахиад л чөдөр тасхийлээ. Харин энэ удаа xөxийг нь тааруулан ороолгожээ. Цэндэм элгээ тэврээд тэсгэлгүй өвдөлтийг давах гэж нүдээ анин чамархайных нь судас гүрэлзэн газар суулаа.

Сандаг чөдрөө бүсэндээ хавчуулчихаад сайхан хэрэг бүтээсэн аятай таахалзан алхсаар гэртээ орлоо. Халтар банхар ухасхийн босож ирээд Цэндэмийн ар нуруунд нуруугаа наан хурц хумсаа газар шигтгэн Сандагийн араас хорсолтой хурц нүдээр ширтэж, харин Сэндэмийг гэм хийсэн аятай гөлөн гөлөн харах ажээ.

Цэндэм нилээн сууж байгаад юу ч болоогүй юм шиг босож банхарынхаа магнайг илсэнээ хувингаа аваад ирмэгт нь наалдсан хар шороог алгаараа арччихаад гэр өөдөө явлаа. Сандаг шивэр шавхай ханхлуулан саяхан хураасан цэмбэгэр орон дээр тамхи татан хэвтэж байлаа. Хүү хаачаав. Аавынх руу явсаан.

Мөн дөө, хөгшин зөнөгүүддээ зарцлуулахаар явуулаа юу чи, ганц хүүгийн минь толгойг мэднэ гэж бодож байгаа бол санааны гарз шүү, дуулж байна уу чи. Өдөр хүрээд ирнээ, өглөө эрт явсан. Замд таарсангүй юу, зөөлхөн үл мэдэг зуунги ингэж хэлээд Цэндэм хэзээний бэлдэж дэвтээсэн борцоор гурилтай хоол хийж хоёр гардан аягаллаа.

Сандаг орны урд явган ширээ тавиулж хагас хэвтээ шахам тухлаж байгаад хоёр аяга хөнтрөөд -Тогоо тавьсан уу, тагш юм байхгүй сэгсийж суугаа юм биш биз гэлээ. Цэндэм хөлийн авдарнаас дашмагтай аpxи гаргаж өмнө нь тавьчихаад гарлаа. Үнээгээ сааж дуусгаад сүүгээ арвын бидонд юүлэн таглаад голын цүнхээлд хийж таган дээр нь дориун том чулуу тавиад хөл нүцгэлэн үнээгээ тууж гол өгслөө. Цэндэмийн нулимс урсан энгэр нь норон толботож байлаа.

Зулзган модод битүү ургасан нэлмэгэр ойн зах бараадаад үнээд нь сахлаг ногоонд хошуу шунган бэлчлээ. Гэр өөдөө саравчлан хараад модруу орлоо. Харамсал цөхрөл гомдол гунилын халуун нулимсаа урсган алхдаг өнөөх жимээрээ өгссөөр хань болдог газраа ирлээ. Мөчир мөчрөөрөө уулзан ургасан шинэсэн ойн дунд цорын ганц цагаан хус бий.

Цэндэм энэ хусыг амьдаас амьд анд найзыгаа эрхэм дотны нэгнийгээ гэж санасаар уджээ. Ганц цагаан хус үл мэдэгхэн гунилтай навчис нь сэрвэгнэх төдий. Цэндэм барааг нь харуутаа алхаагаа хурдасган гүйх шахам очоод тэвэрч аваад асгаруулан уйллаа. Холтос нь борлогтон норохын хирээр Цэндэмийн сэтгэл хөнгөрч нуруугаа амраан налж суугаад тэнгэр зүг, сэрвэгнэн гэрэлтэх үзүүр өөд нь харлаа.

Тэнгэр, хэсэг бусагхан цагаан үүлс, намирсан цэнхэр дурдамыг цуулан хайчлах адил цагаан зам татуулан алсрах онгоц, тээр дээр туяхан мөчир намилзуулан ганхуулан дэрвэлзэх цагаан цоройтой хөх алаг бяцхан шувуу харагдана. Надаас бусад нь амьтай ч бай амьгүй ч бай ямар сайхан ямар аз жаргалтай юм бэ дээ. Нүдээ аниад орчлонгийн хамгийн тансаг сайхан эгшиг дуу чимээ анирыг чагнан хөлөө жийн тухлан суулаа.

Гэртээ харихгүй юмсан. Хүүгээ дагуулаад ертөнцийн хязгаар хүртэл явахсан. Ингэж бодохтой зэрэгцээд насан өндөр аав ээж хоёр нь харагдлаа. Тиймээ, та хоёрыгоо орхиод яаж явхав дээ. Тэгээд ч тэр ертөнцийн хязгаар гээч рүү яаж хүрэхийн. Тоотойхон сумын төв орсон байж. Ганц цагаан хус сэтгэлийг нь аргадан зөөлхөн намуухан сэвших салхинаа ганхас гунхас, ганхас гунхас. Чи минь яаж яваад энэ уулын тагт гав ганцаараа ирчихээв дээ. Хань бараа үр үндэс байна уу чамд. Ганц цагаан хус ганхас гунхас, ганхас гунхас…

За даа, тэгээд над шиг ханьтай байснаас үеийн үед ганцаараа заяатай байсан нь дээр дээ. Ганц цагаан хус ганхас гунхас,ганхас гунхас… Ээ бурхан минь, юу бодох нь энэ вэ, хүүгийн минь заяа гомдох вий дээ. Ганц цагаан хус ганхас гунхас, ганхас гунхас… За харья даа. Зугтаж болдоггүй үйлийн үр гэж байх юм даа. Ганц цагаан хус ганхас гунхас,ганхас гунхас. Хайлж урсам халуун нар зулай дээрээс цоонож их үдийн халуунд энд ч тэнд ч зэрэглээ татаад уулс толгод харагдах мэдрэгдэх төдий цоролзон шатаж байна уудаа гэлтэй. Модны захад хэсэг суугаад бослоо. Гэрийнхээ зүг зүрхшээн байж харлаа.

Бараа алга. Хүү нь ирээгүй бололтой. Сандаг аpxины ааг жин үдийн халуун хоёрт цохиулан нам унтаж байгаа байлгүй дээ. Битгий сэрээсэй. Нам унтчихаасай. Сэтгэлээ гээчихсэн байлтай ингэж бодлоо. Өглөө цай аягалахад үнэртсэн тэр ой гутам үнэрийг дахиад яаж үнэрлэнэ дээ. Сэжиглэж цэрэвсэндээ бушуухан босож гол руу гүйлээ. Бараг л бүлээтэх шахам халгилан урсах уулын түргэн гол туучин уруудсаар гэрийнхээ тушаа ирж бидонтой сүүгээ голоос аваад гаднаа ирлээ. Гэрийн сүүдэрт сүүгээ тавиад чимээ чагналаа. Сандаг хурхирч байлаа. Нохой л ингэж хурхирах байх даа гэж бодлоо. Хачин муухай…

Зугтаад явчихмаар. Хайрлаж хүлээж хоол цайгаа хөрчихнө гэж аргалын цогтой зуухны бөөрөнд хучиж байсан тэр сайхан өдрүүд хаашаа ор сураггүй нисэн одоо вэ. Хотны хойтох дэнж дээр босгосон мануухай дээр ганц хар хэрээ суугаад далавчаа сэрвэгнүүлэн ийш тийш xараачлана. Халширмаар халгамаар амьдралынх нь тухай эрэгцүүлэн суух мэт. Гадаа зуух галлаж сүүгээ хийгээд ээзгий буцалгахаар ээдүүллээ. Сайхан өрөм загсаасан бол доо. Даанч тогоотой нь хөмрөөд хаячихна л даа. Сэрэхээс нь өмнө ээзгий болгоод авая даа. Алчуураа хүйтэн усанд базаж зулай дээрээ тавиад хаалганы бариулаас сэмхэн татаж хүүдээ оёж байсан дээлээ аваад гэрийн сүүдэрт суулаа. Товч шилбэ хадаж байхдаа, өнө холын сайхан дурсамжаа сэргээх гэсэн ч нэг л болсонгүй.

Анх ухаан санаанд нь юу гээч шүглээд Сандагийг хайрласан юм бол доо. Хормойгоо унжуулсан, хичээлээ таслаад гэр өөдөө гүйчихдэг дорой хүүхэд байсансан. Хөвгүүдэд зoдуулж охидын нүдэнд өртөхгүй явсан түүнийг өрөвдсөндөө хайрласан юм болов уу. Үйлийн үр гээч нь зам дээр отож байгаад гарыг нь Сандагийн гарт атгуулсан уу бүү мэд. Сандагийн аав сул дорой дотуур тамиртай хүүгээ арга чаргаа хэрэглэж байгаад мал эмнэлгийн сургуульд явуулж хүү нь сурсан болж төгсөж ирээд сумандаа ажилласан ч нэг их удалгүй аpxинд толгойгоо мэдүүлжээ.

Харин ууж ухаан санаагаа алдахаараа чамай мууг бодвол би боловсролтой хүн шүү. Хэний тогоог барьж байгаагаа мэдээрэй чи. Хормойгоо чирсэн золигийн авгай чамайг хөөж явуулаад өөртэйгээ эн зэрэгцэх хүүхэн олоод авахаа нэг мэднээ гэж хөлчүүрхэнэ. Цэндэм бодлоо. Нээрээ энэ маань яваад өгөөсэй. Өөртэйгээ таарсан тэр бүсгүйгээ олоод. За тэгээд гэртээ дагуулаад ирсэндээ ч яахав дээ. Надад ямар очих орон гэр байхгүй биш. Аав ээж хоёр минь байж л байна.

Ингэж бодоод чимээ чагналаа. Хурхирсаар л. Хүү минь аавыгаа ирсэнийг дуулсан бол ч санаа нь зовоод хүрээд ирнэ дээ. Битгий ирээсэй. Хүүгий маань сэтгэл эвдрэхийн нэмэр. Гол уруудан морьтой хүн ирж явлаа. Замыг нь тосож уулзлаа. Багийн эмч аж. Ашгүй хүүдээ хэд хоногтоо хөгшчүүлд ханьтай бай гэж хэлүүлжээ. Сандагийг дахиад тэнээд явтал өвөөгийндөө байж л байг. Санаа нь амарлаа. Хүү маань л сайн мууг сонсож үзэхгүй байвал би яах вэ. Эх хүний сэтгэл үрээ гэх хайрыг юутай ч зүйрлэх билээ дээ гэх адил дүмбэ халуун өдрийн гал халууныг үргээж салхи зөөлөн сэвшлээ.

Оройн саам дөхөж байхад Сандаг сэрлээ. Хайя, хайя гэж сөөнгөтөн хашгирах дуунаар Цэндэм оёж байсан дээлээ гэр дээр тавиад орлоо. Хавдаж цэлхэрсэн хөөнгө зовхины дороос хорсолтойгоор ширтэж -Сэгсийчихээд хаагуур юу гээчийн таарсан юмтайгаа тэнээд явдагийн, хоолой чийглэх хүйтэн юм байна уу гэлээ. Эрэгнэгийн дороос хүйтэн цийдэм авч өгөөд зуухны араар тойрч баруун талд суулаа. Гарт ойрхон юу таарсанаа аваад шиднэ дээ гэж бодлоо. Харин Сандаг хүйтэн цийдэм завьжаараа савируулан залгилж дуусаад гуйвран босож гарлаа. Хир тоосноосоо салахгүй юм уу гэж нэг хэлэх гэснээ болилоо. Сандаг бараг л гэрийнхээ хаяанд шахам морь хараад орж ирлээ. Дүйнгэ тоомжиргүй харцаар гэрээ тойруулж харсанаа дээлээ өмслөө.

Цэндэм хаачих нь вэ гэж асуух гэснээ бас л болилоо. Тэгээд ашгүй дээ явах нь гэж бодлоо. Дээлээ өмсөж малгайгаа бүсэндээ хавчуулаад гарлаа. Цэндэм араас нь гарсангүй. Чимээ чагнан сэтгэл нь түгшин суулаа. Дахиад л хайя, хайя гэж хашгирах сонсогдлоо. Гарлаа. Морь дөхүүлэхгүй юм уу чи. Явах гэж байгааг минь харахгүй байна уу. Ханцуйгаа шамлан ирж явлаа. Халуун нар шимийн аpxи угийн мунхаг харанхуй хүнийг улам балартуулжээ.

Гэрийн хаяанд байсан үнсний хутгуурыг шүүрэн авч Цэндэм өөд чулуудлаа. Цэндэм арайтай л оногдсонгүй. Тэрүүхэн ширгэн дээр чөдөртэй дэгэнцэх морийг нь хөтөлсөөр цулбуурыг нь халган байж холоос атгууллаа. Цулбуурыг шувт татан авч мориндоо арай хийн мордоод мөн л байдаг чадлаараа ташуурдан хөдөллөө. Тэгсэнээ эргэж харан ташаа тулж -Хөөе, чи намайг бүр явж байгааг мэдэж байна уу, Маргааш араас дээл хувцас байдаг юм бол хүргээд өгөөрэй. Энэ халуунд авч явдаг арга алга гэснээ нар өөд хялайн харж мориныхоо толгойг эргүүллээ.

Цэндэм хэнийд гэж асуух гэснээ зориглосонгүй. Харин хачин муухай гуниг төрж дороо бохирон суулаа. Яваасай, алга болоод өгөөсэй гэж бодож байгаагүй бил үү… Яваад өгөхөөр нь сэтгэл нь хоёрдож байх бололтой. Суусаар л байлаа. Сандаг их л яарч байгаа янзтай, морио байн байн ташуурдана. Сэндэм бодлоо. За байз энэ маань хэнийд очих юм бол. Гол уруудаад хэн хэнийх байгаа билээ дээ. Энүүнтэй мөpийтэй тоглож ажлаа үрж суух хүн баймгүйсэн.

Нэг олиггүй яриа санагдлаа. Аманцар, цадиг замбараагүй, тарган шар хүүхнийд Сандаг орж гараад байдаг болсон юм гэнэлээ. Аpxинд мэдүүлсэн толгойгоо дийлэлгүй шоргоолж шиг олон хүүхэдтэй бэлэвсэн авгайнд орж суух нь дутаж дээ гэж амтай хэлтэй авгай нар багийн өдөрлөг дээр шивэр авир хийсэн нь чихнийх нь хажуугаар яахин өнгөрөх билээ дээ.

Цэндэм босож тугалынхаа араас гол гаталлаа. Сандагийн бараа тасарчээ. Тэр авгайнх ч ойрхон доо. Өдийд оччихоо биз. Дахиад л гол уруудуулж харлаа. Согтуу Сандагийг харагдвал баярлах гомдохоо мэдэхгүй зүгээр л харлаа. Тэгэлгүй ч яах билээ хориод жил хамт амьдарч зoдуур нүдүүрийнх нь хатуу хөтүүг дааж элдсэн сур шиг зөөлөрч чивчирэн тэссэн сэтгэл шүү дээ. Үдэш сэтгэл нь эзгүйрч аавынхаа гадаа нүүж очиё доо гэж шийдлээ. Тэгээд Сандагийн хувцас хунарыг баадагнаж сууснаа -Үгүй ерөө, би мөн тэнэг хүнээ. Энэ гэр орноор би яах билээ дээ. Хүүгээ дагуулаад харих минь.

Эр хүн байна даа, хэнийгээ авна түүнийгээ дагуулаад өөрийн гэсэн гэр орондоо ирэг гэж бодлоо. Тэр шөнө Цэндэм цурам хийсэнгүй. Хориод жилийн амьдралаа нэхэн бодож нулимсаа цувуулжээ. Инээх баярлах юм даанч ховор ажээ. Сэтгэлээ цууртал харамслаа. Нэг дурсамж бүр голыг нь зурна. Хүүгээ төрүүлээд эмнэлэгт байхад нь Сандаг халамцуухан иржээ. Төрөн төртөлөө малын араас гүйж агсам cогтуу авир муутай ханийн аяыг харж явсан болохоор арай хийж хоёр яс салж билээ.

Эх хүний зовлон багадахгүй ч хүүгийнхээ цовоо цолгиун дууг сонсож анхи нандин үнэрийг мэдрээд дахин төрсөн юм шиг аз жаргалаар бялхаж өөд нарны бараа харуулдаггүй cогтуу Сандагийг хайрын дээдээр хайрламаар санагдсансан. Сандаг хүүгээ xөxүүлэн нар шиг инээж суугаа ханиа хүн чинээ санасангүй сэтгэлийг нь бодоод биеийг нь ч асуусангүй. Харин нялзрай хүүгээ харж байснаа -Хм, хэнийгээ дуурайсан амьтан юм болдоо, лав минийх биш бололтой тийм үү гээд, зууж байсан тамxины ишээ цэвэрхэн шалан дээр хаяж бохир хар гутлаараа дэвслээд хаалга саван гарч билээ.

Тэгээд сарын дараа гэрийн бараа харсансан. Тэгэхэд тэднийх намаржаандаа буучихсан хүү нь аль хэдийн аавтайгаа адилхан харагдаг болчихсон байж билээ. Тэглээ гээд Сандагийн сэтгэл уяссангүй. Үр хань хоёроо гэх өчүүхэн ч болов бодол зурсхийсэнгүй билээ. Савтай сүү хажуулдан унаад шороонд шингэхийн адил тэр өдөр Сэндэмийн сэтгэл хайр нь ширгэсэн байжээ. Гомдох баярлах, хайрлах хүлээх, өшрөх, үзэн ядах гээд хүнд байх олон мэдрэмжийг огоорч зөвхөн хүүгийнхээ төлөө амьдарч, хүүгийнхээ төлөө бүсээ чангалж хичнээн ч жилийг үдэв дээ.

Хөгшин настай аав ээж хоёртоо Сандагийн тaмлaл тохуурхалыг харуулж сэтгэлийг нь сэмлэхгүй гэсэндээ, эргэх цагийн алинд ч ханьсаж айлссангүй. Айл хунартай ч ойр хавь нутагласангүй. Сандагийн нэрийг гэхээсээ илүү хүүгийнхээ нэрийг хайрласандаа тэр. Эцэг чинь ямар хүн билээ дээ гээд хожим хүүг нь хялайх хань ижил худ ураг битгий байгаасай гэсэндээ чивчрэн тэсэн амьдарч аж төржээ.

Булавч бултайж даравч далдайх гэм зэм их ч тэнэмэл cогтуу Сандагийн авир ад бүхнийг нь тэнгэрээс бусдад харуулалгүй нууж иржээ. Ийм нэг үйлийн үрт амьдралаа эрэгцүүлэн бодож эргэн дурсаж хорвоогийн нэгэн шөнийг туулаад эрт үүрээр Сандагтай уулзаж учраа ярьж гэр орноо эзэнгүй орхив гэж хэлэхээр гол урууджээ. Нэг их холдсонгүй. Шар үс нь гуужаагүй унааширч өлдсөн унаа морио зэлнийх нь захад чөдөрлөж орхисон айл өнөөх тарган шар хүүхнийх. Цэндэм морьноосоо буулаа.

Яадаг хэрэг вэ, айл босоогүй байхад яваад орох хаашаа ч юм. Хүлээдэг юм бил үү. Нар шарахаас өмнө хэдэн үнээгээ туугаад төрж өссөн орон гэрээ зүглэчих юмсан. Нэлээн суулаа. Босох янзгүй. Атгасан гар шиг жаахан бор болжморууд жив жив жиргэн аргал хомоолхоны дээр суун дэр дэр гэнэ. Тэднийг харж суугаад гэнэт л юу шүгэлсэн юм, cогтуу Сандагийг харамлах сэтгэл төрж ухасхийн босоод үүдэнд нь очлоо. Хэдэн хэсэг тасарсан хүүхдийн бололтой бүсийг эв хавгүйхэн зангидан залгаж хийсэн хаалганы уяанаас татах тэр мөчид Сандаг тарган шар хүүхнийг энхрийлэн хайрлаж нялуун шaлиг үг хэлээд пар пархийн инээх сонсогдлоо.

Дууг нь сонсохнээ бүр эрүүлээс эрүүл байгаа бололтой. Бурхан минь, сэтгэл зүрх нь хөсөр унаад мөстсөн хүйтэн усанд живчих шиг боллоо. Нэг мэдэхнээ эгээтэй л өнхөрчихмөөр хазгай барьсан гэрийнх нь хаяанд сөхрөн суугаад нулимсаа бөмбөрүүлж байлаа. Ашгүй зэлний гадаснаас уяж орхисон орилоо хүрэн үнээ уртаар мөөрч тэр дуунаар ухаан санаа нь эргэж ирлээ. Хүн амьтан харчихаагүй байгаа гэж өнгөрсөн хойно ичмэр аядаж мориндоо дөхлөө.

Тэгсэнээ эргэж зэлрүү нь очоод тав гурван тугалыг нь тавьж эхтэй нь нийлүүлээд хөсрий шахам дээсэн тушаагаар шавхуурдан хөөлөө. Санаа нь бага зэрэг амарлаа. Гэрийнхээ гадаа буухдаа Сандагийн амнаас ой гутам үнэр ханхийж хажуугаар нь хэвтэхийн аргагүй болдогийг санаж үxэж хэвт, таарсан амьтад бас нялуурч заваарах санаатай шүү гэж өөрийн мэдэлгүй хэллээ. Тэр өдөр урьд урьдаас халуун болж багтарч гомдож байсан сэтгэлийг нь шарлаалаа. Цэндэм бодлоосоо буцлаа. Тэр гэрээ аваад нүүхээр боллоо. Сумын төвд амбаартаа хураачихая. Хүү маань хожим эцгийн гэр гээд өөд нь татвал тэр биз. Үгүй бол тийм л биз.

Яадаг ч байсан тэр муу заваан шар хүүхний оромж болгохгүй юм шүү, тэр гэр орных нь байж байгаа царайг. Чааваас даа. Тэгээд бас cогтуу Сандагтай заваарахаа мэднэ. Цэндэм өширч, магадгүй харамлаж байлаа. Нар буцсан хэдий ч мөн ч урт өдөр байв даа. Маргааш нь Сандаг Цэндэмийг нэвширтэл нүдээд санаандаа хүрсэнгүй. Урьдын Цэндэм биш болжээ. Хүү нь чоно харсан юм шиг хөмхийгөө зуун -Амьд мэнд аpxиа гудармаар байвал ээжээс минь хол байгаарай гээд ханын нүдэнд хавчуулсан мөчир үүрдэг богино сурыг чивчиртэл атгаж ээжийнхээ урд халхлан зогсчээ.

Сандаг галзуурталаа уурлаж -Таарсан эх хүү хоёр бол доо гэж шүлсээ савируулан гар далайтал эрийн цээнд хүрч яваа залуу хөвгүүн гарынх нь шуунаас тас атган түлхэж гаргалаа. Ар хонгоороо газар унасан Сандаг босч мориндоо мордоод ум хумгүй гол уруудахыг харж зогссон хүүгийн нүднээс бөөн бөөн нулимс унаж энгэрийг нь норгоно. Харин ээжийнх нь олон жил урсгасан нулимс сэтгэлийгнь сүүдэрлэн мөстжээ. Нулимсыг нь шингээж аргаддаг ганц цагаан хус найган ганхан ургасаар байдаг баруун уулын сүмбэ хөх оргил жаргах нарны гал улаан туяанд цоролзон асах галын дөл адил харагдана. Ганц цагаан хус адил ээжийгээ түшиж үлдсэн хүүгээ хараад Цэндэмийн сэтгэл гийлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!