MngNews

“НӨХӨР МААНЬ ӨӨРӨӨСӨӨ 10 НАСААР ДҮҮ ОЮУТАН ОХИНТОЙ УЧИР УРГУУЛЖ” БОЛСОН ЯВДАЛ

“НӨХӨР МААНЬ ӨӨРӨӨСӨӨ 10 НАСААР ДҮҮ ОЮУТАН ОХИНТОЙ УЧИР УРГУУЛЖ” БОЛСОН ЯВДАЛ

Сайн байцгаана уу. Өөрт тохиолдоод байгаа зүйлдээ та бүхнээс зөвлөгөө авахыг хүсэж энэхүү захиагаа бичиж байна. Би одоо 25 настай хүү, нөхрийнхөө хамт ам бүл гурвуулаа амьдардаг. Хүү минь энэ жил сургуульд орсон нэгдүгээр ангийн сурагч.

Нөхөртэйгээ ханилаад нэг гэрт орж эхнэр, нөхөр болоод долоон жил гаран болжээ. Юучгүй хоосноос эхлээд л аав ээждээ хүүгээ харуулаад хоёулаа ажилласаар байгаад орон сууц, унах унаатай болж хүнээс дутахгүй ирээдүйдээ санаа зовох зүйлгүй сайхан л амьдарч байна.

Нөхөр минь надаас таван насаар ах залуу байдаг. Хүн л болсон хойно бидэнд хэрэлдэх муудалцах үе зөндөө л байдаг. Гэхдээ өнгөрсөн долоон жилийн хугацаанд хэр баргийн асуудал дээр нэгнийгээ ойлгоод сайхан хайрлаад ирсэн.

Намайг эргэн тойрны хүмүүс маань эрт хүнтэй суусан гэхэд зөв хүнээ сонгосон сайн хадамтай, сайхан ханьтай гэж үргэлж хэлдэг. Зарим нь ч бүр илт атаархсан маягтай л хэлж байдаг юм. Гэхдээ саяхныг хүртэл би өөрийгөө сайн ханьтай жаргалтай эмэгтэй гэж боддог байлаа.

Гэтэл нөгөө сайхан хань минь өөрөөсөө арван насаар дүү оюутан охинтой холбоотой болохыг санаандгүй байдлаар мэдчихлээ. Нөхрийнхөө утсаар өөрийнх нь фейсбүүкийг үзэж байгаад нөхөртэй минь хамт авахуулсан зургаа тэр охин өөрийнхөө фейсбүүкд хийсэн байсанг нь олоод харчихлаа.

Эхлээд хараад гайхаад юм бодсонгүй, энэ хэн бэ гэж асуулаа. Тэгсэн ажлын охин л гэж байна. Гэхдээ яагаад ч юм ажлынхаа охинтой ингэж зураг хөргөө авахуулаад фейсбүүкт хийхээр хүн биш болохоор худлаа санагдаад шалгаасаар байгаад өөрөөр нь бүгдийг нь хэлүүлсэн.

Намайг саяхан томилолттой долоо хоног гэртээ байхгүй үед нөхөр маань тэр охинтой танилцжээ. Тэгээд сүүлийн үед бид нэг л ойлголцохгүй хэрэлдэх нь ч их байсан. Тэгээд л нөхөр надад уурласан уурандаа бухимдаад өөр эмэгтэйтэй танилцсан гэдгээ хэлсэн.

Танилцаад удаагүй байгаа нэг сар ч болоогүй, намайг байхгүй байх тэр хооронд ердөө хоёр удаа л уулзсан бусад үед нь мессеж бичдэг, заримдаа утсаар ярьдаг байсан л гэнэ.

Нөхрийн маань фейсбүүкийн нүүр зураг нь бид хоёрын хамт авахуулсан зураг байдаг. Тэгэхээр тэр охин эхнэртэйг нь шууд л мэдсэн байж таараа. Харин хүүхэдтэй гэдгээ нөхөр хэлээгүй байж. Сүүлд уулзахдаа л хүүхэдтэй гэдгээ хэлсэн гэнэ.

Тэгсэн чинь нөгөө охин нь -би өөрөө ч мэдэлгүй гэр бүл бусниулж хүүхэд өнчрүүлэх гээд явж байжээ, одоо уулзахаа болье гэсэн гэнэ. (Ханьдаа итгэж байгаа болохоор нөхрийнхөө хэлсэнгээр л бичиж байгаа шүү)

Тэгээд эхний бөгөөд сүүлчийн удаа хамт зургаа авхуулъя гэхэд нь нөхөр юм бодоогүй авахуулсан юм гэнэ. Тэгээд тэр охин нь мессеж бичиж байхдаа хэдхэн хоночихоод хайртай дуртай болоод, гэр бүл эхнэр хүүхэдтэй байж байж намайг өөртөө дасгалаа гэж нөхөрт маань уурласан юм шиг байналээ.

Нөхөр хэлэхдээ намайг тэр охин ууралсандаа л хорлочихлоо. Ингээд зураг хөрөг хийчихнэ гэж бодоогүй, тэгээд ч хоёр удаа уулзаж ярьж танилцаж сууснаас өөрөөр юу ч болоогүй гэдгээ хэлсэн. Би ер нь бол ийм юмнаас болж тогтсон сайхан амьдралаа үгүй хийх бодолгүй байгаа.

Өөр хүнтэй харилцаж байсныг нь даамжруулалгүй эртхэн мэдсэнийгээ ч өөрийгөө азтай гэж бодож байна. Одоогийн хорьхон настай охидууд яасан айхтар болчихсон юм бэ, хүний санаанд буухааргүй л юм хийхээр янзтай.

Нөхрийг маань ашиглаж хэдэн төгрөг салгах гэж байгааг би шууд л гадарласан. Тэрнээс тэр жаахан охин юу гэж л өөрөөсөө үе мултарсан арваад насаар ах хүнтэй учир ургуулах вэ дээ л гэж бодож байна.

Ингэж бодсоноороо бас өөрийгөө амьхандаа жаахан ч гэсэн тайтгаруулаад байгаа ч юм шиг. Гэхдээ ямартай ч эр нэг алдаж дээ гэж бодоод би нөхрийгөө уучилна гэсэн бодолтой л сууж байна даа. Харин дотор сэтгэл маань бол маш хэцүү байна, хайртай хүн маань намайг хуурах гэж оролдлоо.

Тэр зуур хүүгээ бодох төдийд л маш их өрөвдсөн, хэрвээ аав нь тэгээд өөр амьдрал сонгоод яваад өгвөл яаана гэж. Овоо босгоогүй бол шаазгай юунд суухав гэдэг шиг надад ч гэсэн тодорхой хэмжээнд буруу байсан байх.

Ер нь түргэн ааштай болохоор нөхөртөө амархан уурладаг тэгээд л аль альнаас нь боллоо л гэж бодож давхар өөртөө бас бурууг өгөөд л байж байна. Надад нөхөр маань нэг л өөр байгаад байгаа нь уг нь мэдэгдээд л байсан.

Би даанч тэгж хардаж сэрдэж үзээгүй тийм юм мэдэхгүй болохоор хүний санаанд огт буудаггүй юм билээ. Надтай байнга хэрэлдээд байсан болохоор өөр хүнтэй харилцахад шинэхэн дээрээ стрессгүй сайхан байгаад,

Хажуугаар нь нөгөө охин нь өөрт нь хайртай дуртай гэж араас нь чаргууцалдаж гүйгээд эр хүнийхээ хувьд бол манай хүнд хэд хоног тэнгэрт хөөрөөд нээх гоё залуу болчихсон юм шиг их л сайхан байсан бололтой хэхэ.

Энэ явдлыг нь анх мэдээд зүрх зүсэгдэж уйлмаар орилмоор шууд л салмаар санагадаж байсан ч одоо бол нөхрийгөө бусдаас харамлах сэтгэл төрж улам л хайртай болсон юм шиг санагдаж байна. Нөхөр маань ч гэсэн надад хайргүйдээ эсвэл салах гэсэндээ ийм зүйл хийгээгүй гэдгийг нь мэднээ.

Өөрөө ч буруугаа маш сайн ойлгож хүү бид хоёрын урдуур хойгуур гоё гоё хоол унд хийгээд үйлчилж гүйгээд л байна. Энэ бүхнийг нь хараад хайр хүрээд яадаг юм ханийгаа ганц удаа уучланаа гэж бодож байна.

Гэхдээ хамгийн гол нь би уучилсан ч сэтгэл минь цаанаа нэг л тогтворгүй байх юм. Үе үе уур гэнэт хүрээд толгой дотор есөн шидийн муухай юм бодогдоод л, төсөөлж бодоод л. Өөрийгөө бухимдуулж уурлалгүй, нөхөртөө ч гэсэн өнгөрснийг нь сөхөж залхаалгүй л энэ асуудлын ард нэг мөсөн гарчихмаар байх юм.

Та бүхний хувьд гэр бүлээс гадуурх иймэрхүү асуудлыг салалтаар биш уучлалаар шийдэж байсан бол хэрхэн энэ муухай зүйлийг нь мартаж байсан туршлагаасаа хуваалцаач. Эсвэл хэзээ ч мартагдахгүй юм болов уу.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!