“НӨХӨР МААНЬ МОНГОЛД ИРЭХДЭЭ НЭГ ХҮҮХЭД ХИЙЧХЭЭД ХҮРЭЭД ИРЖ…” БОЛСОН ЯВДАЛ
“НӨХӨР МААНЬ МОНГОЛД ИРЭХДЭЭ НЭГ ХҮҮХЭД ХИЙЧХЭЭД ХҮРЭЭД ИРЖ…” БОЛСОН ЯВДАЛ
Сайн байцгаана уу, би та бүхэнтэйгээ өөрт тохиолдсон зүйлээ хуваалцмаар байна. Би нөхөр хоёр хүүхдийн хамт гадаадад Европын нэгэн улсад амьдардаг эмэгтэй. Бид гэрлээд төд удалгүй хүүтэй болоод их л баяр хөөртэй явж байсан цаг саяхан.
Хүүгээ ой хүрэхийн өмнө Монголруу аав, ээж, ах, дүү дээрээ очиж амраад ирж билээ. Нөхөр маань надтай гэрлэхээсээ өмнө нэг эмэгтэйтэй бараг л хамт амьдарч эхнэр, нөхөр болох дээрээ тулж байсан гэсэн.
Үүнийг нь би мэднээ, гэрлэхээсээ өмнө тэр өөрөө надад хэлж байсан. Тэгээд бид өмнөх амьдралаа дахиж сөхөж ярихгүй гэж хоорондоо ярьж тохирч байсан, би ч хэлсэн ярьсандаа хүрч саяхныг хүртэл тэр талаар нь огт ам нээж байгаагүй.
Монголд байх хугацаандаа нөхөр маань надгүйгээр Сэлэнгэ аймагруу хамаатныдаа очиж туслахаар явсан юм л даа, тэгээд долоо хоночихоод ирж байсан. Тэгээд ирсэнээс нь хойш удаачгүй бид буцаад Европруу явцгаасан.
Тэрнээс хойш гурван жил өнгөрч байна, тэр хооронд бид дахин нэг хүүхэдтэй болсон. Хоёр дахь хүүхэд маань одоо нэг ой өнгөрөөд явж байна…
За гол асуудал маань гэвэл саяхан нөхрийнхөө утсыг санаандгүй үзтэл миний мэдэхгүй өмнө нь харж байгаагүй фейсбүүк хаяг нөхрийн маань нэртэй байж байх юм.
Чат эд нарлуу нь ороод цааш нь уншаад үзсэн чинь нөгөө урд нь гэрлэж суух дээрээ тулаад явж байсан эмэгтэйтэйгээ мессежээр гурван жилийн хугацаанд надаас нууцаар харилцаж байсан юм байна лээ.
-Санаж байна, хайртай, хэзээд ганцхан чамдаа хайртай, чамдаа өгсөн миний хайр хэзээ ч хувиршгүй, би чамайг хэзээ ч мартаж чадахгүй гээд л уншихаас ч зүрх зүсмээр зүйлс бичсэн байсан.
Надад хамгийн хэцүү санагдсан нь -Хүү та хоёр дээрээ одоо ч хамаагүй яваад очмоор байна, даанч… гэж бичсэн байсан. Үүнээс нь болоод манай гэрт сүүлийн нэг сар гаран бүтэн хэрүүлтэй байлаа.
Тэгээд өөрөөс нь асуухаар -Аан яах вэ, хаяа уйдахараа л бичдэг байсан. Тэр эмэгтэйд огт хайргүй ээ, чамд л хайртай гэх юм. Би ч тэгээд хэлэхээсээ өмнө бичсэн зүйлсийг нь бараг эхнээс нь эхлээд нэг нэгэнгүй уншсан.
Уншиж байхад гар, зүрх салгалаад ямар хэцүү байсан гээч… Яаж яваад эргээд холбоотой болсон бэ гэхээр гурван жилийн өмнө Монголд ирчихээд ганцаараа Сэлэнгэ орохдоо замаараа тэр эмэгтэйтэйгээ уулзаад зогсохгүй бүр гэрт нь хоёр хоноод явсан байсан.
Тэгээд надаас нууцаар, өөрөө ч мэдэхгүйгээр нэг хүүхэд Монголд ирэхдээ хийчихээд явсан юм байна лээ л дээ. Тэр хүү нь одоо манай том хүүгээс нэг нас гарангаар л дүү, зургийг нь харсан манай хоёр хүүхэдтэй их төстэй хүүхэд байсан.
Нөхөр маань өөрөө болохоор миний хүүхэд бишээ, яалаа гэж дээ гээд гүрийгээд л байгаа юм. Гэхдээ хаанаас нь ч харсан хүүхэд нь биш гэчихвий дээ гэсэн шиг манай хүнтэй маш адилхан.
Хамгийн гол нь миний мессежийг нь уншиж ойлгосноор бол тэр эмэгтэй нь тухайн үедээ өөр нэг залуутай уулзаж учирдаг байсан юм байна лээ.
Тэгээд жирэмсэн болсоноо мэдээд нөгөө залуудаа чиний хүүхэд гэж хэлээд суучихсан. Бодвол төрөөгүй байхдаа өөрөө ч хэнийх нь хүүхэд гэдгийг мэдэхгүй байсан байх. Тэгээд төрсөн хойно нь царай зүсийг нь хараад манай хүний хүүхэд гэж мэдсэн бололтой байсан.
Хөөрхий тэр залуу өөрийнхөө хүүхэд гэж бодоод л өдий хүртэл явж байгаа байх даа. Надад энэ бүхэн маш хэцүү санагдаж, ханийгаа үнэнч сайн залуу гэж бодож явсан бодол минь хормын төдийд замхарч үнэхээр том шоконд орчихоод л байж байна.
Би ч тэгээд хэрүүл дундуураа тэсэлгүй хадмууддаа энэ явдлыг нь хэлсэн. Тэгсэн өөдөөс -Тэгээд яах гээд байгаа юм, тэр хүүхдийг өөрсөд дээрээ авч тэжээх гээд байгаа юм уу, битгий тив алгасаж бөгcний хэрүүл хийгээд байгаач гээд би өөрөө буруу юм хийсэн хүн шиг загнуулаад таарсан…
Нөхөр маань харин надаас уучлалт гуйгаад л байна, энэ миний амьдралын хамгийн том алдаа байлаа би дахиж ийм алдаа гаргахгүй дахиж чамайгаа ингэж зовоохгүй би чамдаа хайртай гээд л…
Би ч тэгээд хаа байсан Монголд байгаа нууц хүүхдээс нь болоод хоёр хүүхдээ өнчрүүлж хүний нутагт амьдарч байж салалтай нь биш гэж бодоод хэрүүл хийхээс хэтрэхгүй тэвчээд л байж байна даа.
Тэр Монголд байгаа залууг ч гэсэн хөөрхий минь өрөвдөж байна, өөрийнхөө хүүхэд гэж бодоод л хүний хүүхэд тэжээгээд яваад байдаг. Би яасан нь дээр вэ? Энэ бүхнийг мэдсэн ч мэдээгүй юм шиг, хэлгүй хүн шиг тэвчээд явсан нь дээр үү.
Тэр эмэгтэйгийн нөхөрт энийг нь хэллээ гээд надад ямар ч хэрэггүй юм чинь зүгээр байгаа айл гэрийг үймүүлээд хэрэггүй гэж бодлоо. Миний бодол зөв үү, та бүхэн санаа бодлоо хэлээч.
Нөхрийн маань хүүхэд хаа нэгтээ өөр айлд өсөж торниж байгаа гэхээр үнэхээр хэцүү байнаа. Бас хадмууддаа, нөхөртөө маш томоор доромжлуулчихсан юм шиг л хэцүү байна.
Гэхдээ ингээд юу ч хийж чадахгүй, юу ч болоогүй юм шиг явж байсан нэг л өдөр нөхөр маань биднийг орхиод тэр эмэгтэйлүүгээ, хүүхэдрүүгээ явчихвал яаана гэсэн айдас ч төрөх шиг. Яамаар ч юм бэ дээ, та бүхэн зөвлөгөөгөө харамгүй хайрлаарай. Баярлалаа