“НӨХРӨӨ Ч ТООХГҮЙ ДЭЭД ДАВХРЫНХАА БӨӨ ЗАЛУУГААС САЛЖ ХАГАЦАХАА БОЛЬСОН…”

“ТӨӨРЧ УЧИРСАН ТАВИЛАН” – О.ӨНӨРЦЭЦЭГ

Өглөө эрт нэгэн хүн хаалга тогшив. Юун хүн билээ гэж би бодон хаалгаа тайлж өгвөл нэгэн залуу над руу их сүрхий харан зогсож байлаа. Тэгсэнээ тэрээр ингэж хэлэв. – Уучлаарай, ийм юм ярьж байгаад, гэхдээ би нэг чухал юм мэдэх гэсэн юм. Та саяхан төрсөн үү гэв -Тийм ээ, чи яаж мэдээв гэхэд

-Би бөө хүн байгаа юмаа, танай дээд давхарт амьдардаг юм. Та намайг урьд нь харж байсан биз дээ гээд намайг давуулан ямар нэг юм хайх мэт хараад байгааг би ажин, -Аан тийм байна ш дээ, xаана харлаа гэж бодоод байсан юм. Та ор л доо, орж байгаад ярилцъя гэж намайг уриалагахан хэлэхэд тэрээр ингэж хэлэхийг хүлээж байсан юм шиг шуудхан ороод ирэв.

– Танай хүүхдийг чинь харж болох уу гэхэд нь цай хийж өгөх гэж байсан би эргэн харж – Манай хүү юу, тэр талын өрөөнд байгаа. Дөнгөж сэрчихээд л одоо тарвалзаад л хэвтэж байна гэж би хэлээд түүнд цай авчирч өгөхөөр гүйлээ. Тэр багацар залуу ч цаанаа л сүрдмээр, жаахан ширүүн дориун хүн шиг санагдаж байлаа.

Бөө нар ч угаасаа л нэг иймэрхүү гүдэсхэн хүмүүс байдаг даа. Нээрэн хүмүүс энийг чинь их чадалтай бөө гэдэг юм байна лээ ш дээ гэж би дотроо бодоод цай, тавагтай идээ барьсаар иртэл тэр байрандаа байсангүй.

Хүүе хаачихваа гэж хүүгийнхээ өрөө рүү ортол тэрээр хүүгийн дээрээс өнгийн хараад эрхлүүлэн зогсож байв. Түүний хүзүүнд нь зүүсэн эрх толь нь бараг л улаан нялзрай үрийг минь шүргэн алдаж байгаа нь надад нэг л таалагдсангүй гүйж очин, -Та чинь яаж байнаа нялх амьтны өрөөнд ээжийнх нь зөвшөөрөлгүй ороод гэж намайг гайхан харахад

-Би ямар ч хар буруу юм санаагүй шүү, чи энэ хүүгийн цээжин дээрх толбыг харж байна уу, энэ миний тавьсан тэмдэг байгаа юм. Хараач, сайн харвал хас тэмдэг харагдаж байгаа биз дээ гэхэд нь би өмнө нь тэгж анзаарч байгаагүй болохоор гайхан сайн харвал нээрэн хас тэмдэг тодоос тод дурайж байв.

-Тийм байна, ямар сонин юм бэ, тэгэхээр одоо юу гэсэн үг вэ гэж намайг түүнрүү харахад – Аав минь өнгөрөөд удаагүй байгаа юм. Энэ байранд байнга л нааш цааш холхиж байдаг настай хөгшин байсан шүү дээ, та бараг мэдэх байх даа, шар дээлтэй гадаа нарлаад л сууж байдаг байсан шүү дээ гэхэд нь,

– Аан тийм тийм, нээрэн нэг эрх эргүүлсэн настай хөгшин байсан шүү, саяхан өнгөрч гэж дуулсан юм байна, танай аав байсан юмуу гэхэд – Тиймээ, аав маань их номтой лам байсан юм. Тэгэхдээ би бол бөө. Харин түүнийг дараа төрөлдөө танай хүүхэд болоод төрнө гэдгийг би яаж мэдэхэв. Өнгөрсөн шөнө гэнэт танайхыг зүүдлээд хүүхдийг чинь харсан юм.

Тэгээд л ороод ирлээ, гэтэл мөн байна шүү гээд хоолой нь зангиран нулимсаа арчих нь аавдаа ямар их гүн хүндэтгэлтэй ханддаг нь илт байлаа. – Тийм гэж үү, тийм сайхан буянтай хүний хойд дүр байгаад нь баяртай байна.

Та бид тэгвэл төрөл бараг л төрөл садан болж байгаа юм байна даа гэж намайг дуу алдахад – Харин тиймээ, аавын минь сүнс энд дахин хүн болж төрсөн байхад төрөл садан байлгүй яахав, та нар ямар нэг юм асуух болбол санаа зоволгүй манайд орж ирээд асууж байгаарай.

Би бүхий л чадлаараа туслах болно шүү гээд тэрээр хүүг минь нэг сайн үнсэж тэвэрч байгаад гараад явлаа. Тэрнээс хойш би тэр бөөтэй их дотно боллоо. Хүүд минь хамгаалалт хийж өгч, яг л өөрийнхөө хүүхэд шиг л бөөцийлөн гарч ороход тааралдвал үргэлж ямар нэг юм өгдөг болов.

Тэднийхээр ч хүний хөл тасрахгүй. Байнга л хүмүүс орж гарна. Тэр бөө эгчтэйгээ амьдардаг бөгөөд нас залуу болохоороо хүнтэй суух гэж төвдөхгүй явааг нь би мэддэг байв. Харин манай нөхөр ажилдаа яваад л орой ирдэг гэрийн бараа харах нь ховор болохоор хүү бид хоёрт тэр өдөржин хань болж байлаа.

Онгод нь буухдаа хүүг минь өвөр дээрээ суун эрхлүүлж бүр түүнтэй ярилцана. Нэг л мэдэхэд би гэдэг хүн бүр түшээ нь болчихсон эгчийг нь ажилтай үед түүнд туслаад бөөгийн талаар ч бага сага мэдлэгтэй болж амжив.

Онгодынх буулт болоход нь цайг чанаж, тамхийг нь барьж, аяга тавгийг нь нэрэлхэлгүй угааж өгдөг байсанд бөө залуу маш их талархан бидний ингэж учрах нь ёстой л төөрөг тавилан байхдаа гэдэг болов.

Гурван жил өнгөрөхөд би түүнээс салж хагацахаа болилоо. Гайтай нь нөхөр маань аpxи уух нь ихсэж, хэрүүл маргаан ч тасрахаа болив. Нэг удаа нөхөртэйгөө хэрэлдээд хүүхдээ аваад гараад явж байтал би түүнтэй тааралдав. Тэрээр шатан дээр намайг харан зогсож байв. Би түүнд нулимсаа харуулахгүй гэж хичээж хүүхэддээ байдгаараа наалдан хажуугаар нь мэндэлчихэдээд зөрөх гэтэл тэр зогсоогоод

– Яагаав нөхөр чинь дахиад л та хоёрыг гомдоогоо юу, би та хоёрт яаж туслах вэ гэж санаа нь их л зовнингуй харахад нь -Хэрэггүй ээ, бид хоёр зүгээр тэр ингэж байгаад л зүгээр болчихно гэж би хэлээд түүнээс холдон явлаа. Иймэрхүү байдал хэд хэдэн удаа тохиолдож сүүлдээ би түүнийг яг гaлзуурч гэж бодох боллоо.

Тэр намайг боддоггүй юмаа гэхэд хүүхдээ бодмоор доо. Гэвч тэрээр наад хүүхэд чинь миний хүүхэд биш тэр бөөгийн чинь хүүхэд биз, би ер нь тэр бөөтэй чинь учраа олж өнөөдөр нэгийгээ үзнээ яадгийн гээд үсрэн гарлаа.

Би санаа зовоод араас нь очвол тэр хоёр барьцалдан авч манай нөхөр ч хүч чадал ихтэй юм болохоор түүнийг хэд хэд аваад шидчихсэн байв. Бөөгийн эд хэрэглэл энүүгээр тэрүүгээр хөглөрч, данхан дахь цай газарт унан асгарсан байлаа.

Би гүйн очиж нөхрөө аргадан тайвшруулаад тэднийхээс гарлаа. – Чи ингэх эрхгүй шүү, дахиад эхнэр хүүхдээ зовоовол би зүгээр байхгүй шүү гэж бөө араас нь орилсоор хоцорлоо. Энэ явдлаас хойш удалгүй нөхөр маань оcлоор наc баpж бидний амьдрал дууссан юм даа.

Би нөхрөө юунаас болж үxcэнийг сайн мэдэж байлаа. Соно зайранг урьд нь олон удаа болохгүй бүтэхгүй асуудалтай хүмүүст янз бүрийн арга засал хийж өгч байсныг нь санаж байлаа. Тэрээр эхнэртээ гар хүрдэг хүмүүсийг тэвчдэггүй юм.

Түүний эгч ч бас нөхөртөө зoдуулж нүдүүлдэг байсан. Харин одоо түүнээсээ салаад өөр хүнтэй учраад сайхан амьдарч байгаа. Ямар цавуугаар наачихсан биш дээ, анхнаасаа суух ёсгүй хүмүүс суучихсан байх нь зөндөө л байдаг. Түүний үйлийн үрийг хүүхдүүд нь л үүрдэг. Бид заавал нэг насаараа зовж амьдрах ёсгүй. Эхнэр нөхөр байтугай эрүү толгой хоёр салдаг гэж зүйр үг байдаг шүү дээ. Тэр ийм л үзэл бодолтой хүн.

Өнөөдөр Соно зайрангийнх нүүж байна. Тэрээр хотоос зайдуу, чимээ шуугиангүй нэгэн сайхан байгальтай газар байшин худалдаж авчээ. Түүнийг төвхнөөд удаагүй байхад нь зуны нар ээсэн нэгэн сайхан өдөр би хүүгээ дагуулан очлоо.

Биднийг жижигхэн модон хашаагаар нь орж ирэхэд тэрээр мэдсэн юм шиг урдаас гүйн гарч ирлээ. Бид хоёрыг ингэж халуун дотноор хүлээж авсанд би маш их баярлав. Надад хэлэх үг байхгүй байсан ч бид хоёр бол төөрөлдөж байж учирсан заяаны хосууд гэдэгт одоо нэгэнт эргэлзэхээ больсон байлаа.

Хүүг минь дээр дээр өргөн эрхлүүлээд ямар их том болоо вэ гэж дахин дахин үнсэж, – Миний хүү ч эрдэмтэй сайн хүн болно доо гэхийг нь би сонсоод – Та хоёр чинь бүр эцэг хүү болчихсон байх шив дээ гэж инээмсэглэхэд -Би та хоёрыгоо ямар их санаваа, ингээд хүрээд ирэхийг чинь мэдэж байсан юм гээд хэсэг чимээгүй болсноо

– Би чамд хязгааргүй хайртай гээд энгэртээ наалдуулан духан дээр үнсэхэд би сая л жинхэнэ хайраа олсон юм шиг гайхамшигтай мэдрэмж төрж байлаа. – Би ч гэсэн чамдаа хязгааргүй хайртай гэж түүнрүү харан хэлээд – Танай байшин үнэхээр сайхан юмаа, эргэн тойрон нь ч гэсэн үзэсгэлэнтэй юм гэж намайг бахдан хэлэхэд

– Одоо бид гурвынх болсон шүү дээ, алив гурвуулаа оръё, ширээ засаад хоол хийчихсэн байгаа гэж түүнийг хэлэхэд – Хэн хоол хийгээ вэ, чи хоол хийлээ гэж үү гэж намайг гайхан харахад гэрээс эгч нь хормогч зүүчихсэн инээмсэглэн довжоон дээр гарч ирээд – Өө та хоёр минь хүрээд ирэв үү, алив гэрт ор, гэрт ор, би бүр өглөөнөөс хойш л юм бэлдлээ.

Манай энэ намайг шавдуулаад л, удахгүй тэр хоёр ирнэ, алив хурдал хурдал гээд байсан юм. Гэтэл нээрэн та хоёр хүрээд ирдэг байна шүү гэхэд нь – Би түүний эрдэм чадлыг гайхан, чи ч агуу юмаа гэж хэлээд түүний гараас атгахад луун хээтэй том алтан бөгж нь хуруунд тэмтрэгдэв.

Одоо энэ цагаас эхлэн би гэдэг хүн нэрээ дуурсгасан мундаг зайрангийн гэргий болж, хөх тэнгэрт өргөх цайг нь өглөө бүр дээжилж, хүн зоныхоо хүсэл сэтгэлийг дамжуулах түшигт хань нь болох гэж байгаадаа туйлын баяртай байлаа.

Яагаад ч юм анх харсан цагаасаа л түүнд татагдах шиг болж, хайрлан хүндэтгэх сэтгэл өөрийн эрхгүй л төрөн байсан нь хожимын ийм учрал ерөөлтэй байжээ хэмээн тэрээр бодож амжин хүүгээ дагуулан босгыг нь давлаа…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!