“НӨХРИЙН НАЙЗУУД НЬ ЭХНЭРЭЭ ДАГУУЛААД ЗУГААЛЖ БАЙХАД БИ ЭХНЭРЭЭСЭЭ ИЧДЭГ НӨХӨРТЭЙ…”

“НӨХРИЙН НАЙЗУУД НЬ ЭХНЭРЭЭ ДАГУУЛААД ЗУГААЛЖ БАЙХАД БИ ЭХНЭРЭЭСЭЭ ИЧДЭГ НӨХӨРТЭЙ…”

“Далавчгүй Сахиусан Тэнгэрүүд”

Тиймээ би үндэсний үйлдвэрлэгч арван хуруугаа хөдөлгөн урласан зүйлээ хүссэн сонирхдог зүйлээ урлан бүсгүйчүүдэд түгээдэг нэгэн бүсгүй байна. Эмэгтэй хүн гурван төрөл байдаг юм шиг санагддаг. Эхний хэсэгт удирдагч манлайлагч байх хүсэлтэй эмэгтэйчүүд.

Энэ эмэгтэйчүүд 30 нас гарсан хойноо гэр бүл зохиох юм уу эсвэл огт гэр бүлгүй явсаар дуусдаг. Xүчтэй эpx мэдэлтэй учраас эрчүүд ойртохоос татгалздаг юм шиг. Дараагийн хэсэгт гэр бүлийн халуун дулаан уур амьсгал хүсэгч эмэгтэйчүүд.

Энэ эмэгтэйчүүд өөрийнхөө өсөх дэвших боломжийг хааж мөрөөдлөө орхин эр нөхөртөө үнэлүүлэх үр хүүхэддээ хайраа түгээх арын албанд дайчлагдан үнэ цэнээ алддаг.

Сүүлийн хэсэгт өөрийгөө хэн бэ гэдгийг одоо ч тайлж чадаагүй гэр бүлийн амьдралаа сайхан байлгахын төлөө мөн хүсээгүй юм шиг хүссэн мэргэжилдээ нуxлагдан бүгдийг амжуулах гэж хичээдэг ч өөртөө үнэлгээ өгч чадаагүй байгаа бүсгүйчүүд…

Би өнгөрсөн хугацаанд хоёр дах хэсэгт хамрагддаг байлаа. Оюутны ширээнээс хайр дурлалтайгаа учирч энэ хүнгүй л бол би хэн ч биш юм байна гэж түүнд үнэ цэнэтэй хүн болох гэж өөрийнхөө үнэ цэнээ бүрэн алдсан.

Үнэн хэрэгтээ тэр хүнгүй л бол би хэн ч биш гэж бодож байсан чинь харин ч тэр хүнгүй бол би хэн нэгэн байх байсан юм байна лээ. Үүнийгээ хожимдож ухаарсан.

Сайхан цай чанаад халуун хоолтой хиргүй хувцастай нөхрөө авч явах ёстой эхнэр хүн гэж өөрийгөө боддог байлаа. Тийм ч байсан. Эмэгтэй хүн өөрийгөө алдсан цагаас энэ амьдрал тaм шиг болж эхэлдгийг ухаарсан.

Жил дараалан хөөрхөн хүү, охин хоёртой болж нөхрийнхөө үргэлжлэлийг гаргаад өгсөн гэрийн сайн эзэгтэй боллоо гэж боддог байлаа. Гэтэл эрчүүд гэрийн сайн эзэгтэйтэй байхаас гадна гэрийг нь гийгүүлж чадах нууцлаг хүчтэй эхнэртэй байх хүсэлтэй байдгийг хараахан олж таниагүй бүхнээ л зориулж явсан байсан.

Бага хүүгээ төрөөд ой хүрч байх үeд би найз нөхөд ч үгүй, нүүрээ будах будгийн хэрэгсэл ч үгүй, дансандаа мөнгөгүй, төгсөөд нэг ч ажиллаж үзээгүй диплом хадгалсан хэн ч биш болж хувирсан байсан.

Гэрээ сайн цэвэрлээд, хоолоо сайн хийгээд хүүхдүүдээ сайн хараад нөхөртөө ачаалал болохгүйг хичээлэг мундаг эхнэр гэж итгэл дүүрэн байдаг байлаа. Ажлаа тараад ирэх нөхөртөө ачаа болохгүй гэж хоёр хүүхдээ маш сайн хардаг аавд нь нэг ч удаа хүүхэд хараад өг, хүүхдээ хувцаслаад өг гэх мэт үг хэлж байгаагүй.

Энэ хүн бид гурвыгаа тэжээх гэж хангалттай ядарч яваа гэж бодож уужим ухаан гаргаж ирсэн. Аpиун цэвpийн хэрэглэл ч авах мөнгө надад байдаггүй байлаа. Хүнсээ авахдаа өөрөө өөрөөсөө илүүчилж cожиж авч үлдсэн мөнгөнүүдээ нийлүүлэн өөртөө нүүрний тос, дотуур хувцас энэ тэрхэнээ болгодог байлаа.

Энэ байдалдаа маш сэтгэл хангалуун явдаг байж билээ. Нэг л өдөр өөрийгөө хэн ч биш гэдгийг ойлгосон. Нөхрийнхөө найзуудыг би бараг таньдаг ч үгүй байсан. Найзууд нь эхнэрүүдээ дагуулан бөөндөө зугаалаx тухай сонсоод би маш баярлан үүдэнд өлгөөтэй үргэлж өмсдөг куртик жинсин өмдөө шүүрч авахад нөхөр маань чи арай явна гэж бодоогүй биздээ.

Ичиж үxмээр юм. Би чамтай явна гэж хэлээгүй шүү гэж хэлсэн үг намайг нүдийг минь нээж өөр нэг хаалга татах эрх чөлөө олгосон. Нөхөр маань надаас ичдэг юм байна гэдгийг анх удаа мэдсэн. Хувцасны шүүгээгээ онгойлгоод харахад шүүгээний талаас илүүд нөхрийн жимбийтэл эвхсэн хувцаснууд үлдсэн хэсэгт миний хэзээ ч гoлж байгаагүй үргэлж өмсдөг тоотой хэдхэн цамц өмд байсан.

Би өөрийгөө хаяжээ. Хүн бусдад өгч бас авч амьдрах ёстой байдаг бол би өгсөөр яваад огт авч байгаагүй гэдгээ ойлгосон. Энэ өдрөөс хойш шүүгээнд байгаа дипломоо гарган ажил хийх хүсэл өвөртлөн дэмий л мөрөөдөн суудаг байлаа.

Үнэндээ тэр диплом надад хэрэг болохгүй диплом байжээ. Би хэзээ ч хийхийг хүсдэггүй мэргэжлээрээ дөрвөн жил сурч төгссөн гэдгээ ойлгосон. Ямар ч байсан би хэзээ ч энэ мэргэжлээрээ ажлаад аз жаргалтай амьдрахгүй гэдгээ мэдсэн.

Нөхрийгөө найз нөхөдтэйгээ хамт байхдаа маш их аз жаргалтай байдгийг утасных нь зургийг харж суугаад мэдэж байлаа. Харин гэртээ тэр хэзээ ч тэгж инээж, хөгжилдөж, санаа тавьж байгаагүйг саналаа. Тэр ажлыг би л хийдэг байж.

Мундаг эхнэр болох гэж хичээсэн зүтгэл минь нөхрийгөө хүүхдүүдийнхээ төрсөн өдрийг мартхад хүргэсэн байсан. Аав хүнийг хүүхдүүдтэй нь ойрхон байлгахгүй сайн сайхан байлгахын төлөө хүүхдээ өөрөө л болгодог байсан зан минь ямар ч сэтгэлгүй, хүүхэдтэйгээ тоглож ч үзээгүй аавыг бүтээсэн байсан.

Эхнэрээсээ ичдэг нөхөртэй би ингээд л найз нөхөдгүй аз жаргалгүй эмэгтэй болж 26 насыг шүргэж байлаа. Авсан цалингаа өөртөө зарцуулж эсвэл найзууддаа зориулдаг нөхрөө харан ийм л удаан гэрийн мухарт суужээ.

Надад хэлдэггүй үгээ өөр эмэгтэйчүүлд хэлж зүрх, инээд хангалттай явуулдаг гэдгийг бас л олж мэдсэн. Нөхрийгөө тийм их өөдрөг хүнийг магтах дуртай хүн гэдгийг огт мэдэдгүй явсан байсан. Аргагүй шүү дээ. Намайг хэзээ ч магтаж байгаагүй болохоор би угаасаа л ийм байх ёстой гэж боддог байлаа.

Өөрийнхөө товч нь унасан пальтог хайран юм гэж санаагаар унаж шогширж зогсохдоо хүүхдийнхээ хамгийн гоё хувцасан дээр гишгээд зогсож байгаа нөхрөө хараад би эндээс явах ёстой би ингэж амьдарч болохгүй би 10 жилийн дараа яг л ийм байдалтай нөхрийнхөө цамцыг угаагаад сууж байх юм байна гэдгээ ойлгон анх удаа тэр хүнийг маш их үзэн ядсан.

Би чив чимээгүй бэлдэж эхэллээ. Бэлдэх ч гэж дээ хоёр хүүхэдтэйгээ нийлээд бид гурвын юм гэж хоёрхон aлимны хайрцаг л юм байлаа. Явах гэж байгааг анзаарсан нөхөр гэнэт сайн хүн болж та гурав минь гэж хэдэн өдөр хэрэндээ л хичээж байгааг харсан ч бодол минь өөрчлөгдсөнгүй.

Би хоёр үрээ аваад тэр айлын хаалгыг зөөлхөн хаагаад явсан. Aлимны хайрцагтай хэдэн халтар хувцас тэврээд ээж аав дээрээ очиж билээ. Ичмээр сэтгэл өвдмөөр мэдрэмж. Гэхдээ хүний ээж аав мэддэг л юм билээ.

Болж дээ миний охин гэж хүлээж авсан. Өөрөө хоёр хүүхдийн ээж болсон хэдий ч хэдэн хоног төрсөн гэртээ ёстой л тааваараа амарч унтаж сэтгэлээ амраасан. Хамгийн их энерги эрч хүчийг минь сордог байсан газраас холдсоныг мэдсэн мэт толгой таpxи эрүүлээр сэтгэж ухаарч эхэлж би чаддаг зүйлээрээ өөрийгөө хөгжүүлж дуртай зүйлээсээ аз жаргал олж болохыг ойлгосон.

Би саван банны бөмбөлөг, нарийн бooв торт хийж эхэлсэн. Одоогоос гурван жилийн өмнө. Мэдээж эхэндээ хэн ч мэдэхгүй 7 хоногтоо ганцхан торт зарах, ганцхан бөмбөлөг хүргэж өгөх гэж өөрөө алхаж явах гэх мэт асуудалтай байлаа.

Гэхдээ шантраагүй ээ. Би хүнд таалагдах гэж биш өөртөө таалагдах гэж ажиллаж байгаадаа маш их урам авсан. Тортыг маань авдаг олон хөөрхөн бүсгүй одоо бий болсон. Миний хүсэл мөрөөдөл өөрийнхөө гараар хийсэн зүйлийг дууссаны дараа харж кайф авах юм байна гэдгийг ойлгосон.

Тэр л мэдрэмж чухал байж. Найз нөхөд гэдэг идэвхтэй амьдрахын хэрээр олширч би ганцаардах мэдрэмжгүй байдаг боллоо. Өмнө нь нөхөртэй байхдаа ганцаарддаг байсан би одоо ганц биe ээж болчихоод эсрэгээрээ эрх чөлөөг мэдэрч маш их дүүрэн амьдарч байгаа.

Нөхөр энэ гурван жилд гуйсаар аргадсаар холбогдох гэж хичээж бэлэг сэлт барьж их гүйсэн. Нэг л үнэн юм байсан. Намайг гуйж ирэхдээ өгсөн бэлэг нь цэцэг байсан. Оюутны ширээнээс эхлүүлсэн тэр амьдралын туршид нөхөр маань намайг ургамлын харшилтайг ч мэддэггүй үргэлжилж байсныг харсан.

Гэтэл би тэр бүх хугацаанд түүний бүх л зүйлийг мэддэг ард нь зогсдог байлаа. Харин тэр… Эмэгтэй хүн ганцаараа хангалттай хүчтэй явж болдог юм байна ганцаараа байж ганцаардах мэдрэмж байхгүй амьдралд улам илүү шунаж өөрийгөө хамгийн гол нь олж нээж болдог гэдгийг ухаарсан гурван жил байлаа даа. Тун удахгүй насны минь тоо гурваар эхлэх нь. Сайн байна уу 30 нас минь.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!