MngNews

“НӨХРИЙН МИНЬ ШИНЭ ЭХНЭР ЧАМД БАЯРЛАЛАА” БОДИТ АМЬДРАЛААС

“НӨХРИЙН МИНЬ ШИНЭ ЭХНЭР ЧАМД БАЯРЛАЛАА” БОДИТ АМЬДРАЛААС

“Далавчгүй Сахиусан Тэнгэрүүд”

15 жилийн өмнө сүйт бүсгүй болж гэрлэх ёслолын ордны шатаар хамгийн үзэсгэлэнтэй сүйт бүсгүй болон бууж явсан бол таван жилийн өмнө шүүх танхимын хаалгаар ганц биe ээж болоод бууж явсан цаг саяхан. Тааварлашгүй шүү.

Нэг өдөр нулимсаа гартал инээж хөхөрч аз жаргалдаа умбаж байсан бол нөгөө өдөр уйлах нулимс ч дуслах тэнхэлгүй цөхөрсөн байх. Хорьхон нас минь чи даанч омголон байж. Даанч тэнэгхэн байж.

Хуримын ордонд цагаан даашинз өмсөхгүй л бол чамтай суухгүй гэж бардамнаж, хатуурхаж, эрхэлж байж тэр ордондоо орсон. Хатан сүйхээ хуруундаа зүүгээд айлын гэргий болсон цаг минь дэндүү гэнэн хонгор цагаахан байж дээ.

Амьдралын гол дүр л гэж боддог байлаа өөрийгөө. Буулт хийх бол эр хүний хийх ёстой үүрэг хариуцлага, инээлгэж байх бас л эр хүний даах даваа гэж санадаг омголон эхнэр байж.

Үр хүүхдийг нь тээгээд төрүүлээд өгч байхад илүү зүйл хүсэх хэрэггүй зүгээр л хайрла гэж сэтгэл зүйгээрээ дүрэм тогтоосон байлаа. Тийм ч байлгадаг байсан.

Гэтэл үр хүүхдийг нь төрүүлээд өгж байхад гэж боддог байсан тэр бодлоосоо хожим ичих шиг л болсон. Миний ч гэсэн үр хүүхэд. Би өөрийнхөө үргэлжлэлийг бэлдсэн шүү дээ гэж бодож байсангүй.

Нөхөртөө ял үүрүүлсэн мэт л би хүүхдийг ч гаргаад төрүүлээд өглөө гэж омогшино. Хүссэн зүйлээ авч өмсөж идэж хүртэж чадахгүй байгаа буруугаа зөвхөн нөхөртөө л хүлээлгэдэг байлаа.

Нэг удаа ядаж миний хань чи юу мөрөөддөг вэ? Чи яаж амьдармаар байна яавал чи амжилтанд хүрэх вэ гэж өөдөөс нь хараад гарнаас нь атгаж байгаад асууж байсангүй.

Бусдын амьдралыг харьцуулж нөхрийгөө тэдэнтэй жишиж чи болохгүй байна, чи арай ч дээ, чи нээрээ гэсэн үгээр л идэж хэмэлдэг байж. Хоол хийгээд хувцасыг нь угааснаараа эхнэр байдаггүй юм байна гэдгийг даанч оройтож ойлгосон доо.

Гэдэс цатгалан, бүтэн хувцастай явахаас илүү сэтгэл бүтэн, дүүрэн зүрх халуун байлгах ёстой байж дээ гэдгээ ганцаараа хоносон олон шөнүүд надад өөрөө ойлгуулсан. Яг л ойворгон ширүүн өмнөх амьдралд минь миний 20 насанд, 25 насанд ганц биe болохын өмнөх 29-хэн насанд минь яг ийм групп шиг амьдралыг нүдэн дээр шивнэж чадсан ном, зохиол хэн нэгэн байсан ч болоосой доо.

Миний 25 нас минь эргээд харахад боловсорч гүйцсэн ухаажсан байх ёстой хорин таван нас минь чи тэр үeд л аан гээд ганцхан удаа арай өөрөөр сэтгэсэн бол оройтохгүй байсан шүү. Хорин таван нас минь чамд би гомдохгүй ээ.

Чи надад хоёр дахь үрийг минь тэврүүлсэн. Ажилдаа ахиц дэвшил байхгүй санхүүгийн хараат байлгаж байгаа нөхөртөө гомдож дуугаа хураасан, гомдсон, туньсан хорин таван нас минь. Чи гомдолоо түр мартаад нөхөртөө ганцхан удаа ташуур болоод багана нь болоод тулахаа мэдэхгүй чeмоданаа чирээд төрсөн гэртээ хойноос ирэх нь тодорхой гээд хаалгаа гаднаас хаагаад явж одож байсан.

Миний хорин таван нас минь ээ чи хаалганы цаана зогсоод хаахаасаа өмнө яагаад эхлүүлснээ ганцхан удаа санах байсан юм шүү. Эр нөхрийгөө хожим нь наадмын бөхөө хамтдаа суугаад үзэх найзгүй болгосон хорин таван нас минь.

Гэхдээ би чамд гомдохгүй ээ. Амьдралд бууж өгөн өөр нэгэн эмэгтэйд нөхрөө зүгээр л бэлэглэхийн өмнөх 29 нас минь. Чи сэтгэл санаагаар унаж, ганцаардаж байсан хань нөхрөө ганцхан өдөр нялх хүүхэд шиг тойглоод, яг одоо хэн хэрэгтэй байгааг нь ямар үг сонсмоор байгааг нь асуугаад үзэлгүй явсан 29-хэн нас минь би бас л чамд гомдоогүй.

Амьдралыг хатуурхаж биш аргадаж туулах ёстойг би гэр бүлийн баталгаагаа салгахад зөвшөөрч гарын үсгээ зурж суухдаа сая ойлгосон. Арван жил өөрчилж, дэмжиж, тулж хөрөнгө оруулалт нь болж чадаагүй нөхөрт минь нэгэн ухаалаг бүсгүй тэр бүхнийг хийж өгч богинохон хугацаанд хоёр хүүхэдтэй, гэр бүлээ цуцлуулсан амжилтгүй яваа эр хүнийг орвонгоор нь өөрчилсөн.

Тэр бүсгүйн ухаан миний өнгөрсөнд байсан ч болоосой. Тэр бүсгүйн тайван инээмсэглэл миний хориодхон насанд ирсэн ч болоосой. Нөхрийг минь хоёр хүүхдийх нь нүдэнд үлгэрийн баатар шиг харагдуулж чаддаг гайхалтай эмэгтэй, нөхрийн минь эхнэр чамд 20-хон насныхаа өмнөөс баярлалаа гэж дамжуулъя.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!