“НӨХРИЙГ МИНЬ БУЛААСАНД БАЯРЛАЛАА…” ӨГҮҮЛЛЭГ

“ҮНЭН” ӨГҮҮЛЛЭГ

Л.ДАЙРИЙМАА

Саранг ажил дээрээ ирээд байтал нарийн бичиг хүүхэн нэгэн захиа авчирч өгчээ. Зөвхөн Саранд гээд утасны дугаар, ажлын газрынх нь нэрийг нь бичсэн байв. Бүсгүй гайхан задалж үзвэл – Сайн байна уу та, уучлаарай ийм захиа бичиж байгааг минь гээд – би Ундрах байна. Миний амьдрал улам л хэцүү болоод байна аа. Балданг нууц амpагтай болсныг нь би олж мэдлээ. Бас нөхөр маань надад гар хүрдэг болсон. Маш түргэн ууртай бөгөөд хүүдээ ч ширүүн хандаж заримдаа алгадаад, цоxиод авах юм. Дараа нь хүү бид хоёроос уучлал гуйдаг л даа гэхдээ би одоо маш их гомдож байгаа. Өмнө нь танд гар хүрдэг байсан тохиолдол бий юу.

Өмнө нь танд гар хүрдэг байсан тохиолдол бий юу. Та энийг надад хэлсэн бол – гэхдээ хэлсэн ч би таныг тухайн үед нөхрөөсөө салахгүйн тулд худлаа хэлж байна л гэж бодох байсан байх даа. Тэгэхэд танд ямар хэцүү байсныг одоо л би ойлгож байна. Нөхөртэй чинь нийлж таныг хуурч мэхэлж таныг салах өргөдлөө өгөхөөс өөр аргагүй байдалд оруулж хоёр охиныг чинь өнчрүүлсэнд уучлаарай. Би тухайн үед зөвхөн өөрийгөө л бодож байж. Бас дараа нь танд элдэв муухай үг хэлж доромжилж байсныг минь уучлаарай. Эцэст нь надад танаас гуйх нэг зүйл байна.

Та ханилж явсан, хоёр охиных нь ээж учраас нөхөр маань таны үгийг сонсож ухаарч магадгүй юм гээд Балдангийн утасны дугаарыг бичсэн байв. Мөн Таныг хүндэтгэсэн Г.Ундрах гэсэн байжээ. Захиаг удаан гэгч нь эвхэн суух бүсгүй өмнөх амьдралаа эргэн дурслаа. Саран айлын бага охин аав, ээж хоёртойгоо аз жаргал дүүрэн амьдарч байхдаа Балдантай танилцаж итгэл сэтгэлээ өгөн амьдралаа эхлүүлж байсан боловч түрэмгий авиртай залуу бүсгүйд уураа хүрэхээр гар хүрч элдэв муу үгээр доромжилж, хардаж сэрддэг нэгэн байв.

Хоёр насны зөрүүтэй хоёр хөөрхөн охинтой болсон ч уур омог нь улам нэмэгдэн тэр ч бүү хэл хоёр хүүхэддээ ч гар хүрэх нь бүсгүйд тэсэхийн аргагүй байлаа. Бүсгүй -энэ амьдралын замд нэг л өдөр цэг тавихгүй бол болохгүй бөгөөд хоёр охиноо айсан эмээсэн уйлсан гутарсан ийм л амьдралаар цаашид амьдруулахыг үнэхээр хүсэхгүй гэж бодож явтал азаар ч гэх үү бодол хүсэл нь биелэлээ олсных ч юм уу Балдан нууц амpагтай болсон аж. Тэр бүсгүй нь Сарангийн ажил дээр ирж уулзахдаа – намайг Ундрах гэдэг, би нөхөрт чинь хайртай, хэзээ ч салахгүй. Танд насаараа надтай хамт нөхрөө хуваалцаж, ганцаардан хүлээж, итгэл алдарч явах яавч сайхан байхгүй нь лав.

Тиймээс би танд эртхэн үнэнийг хэлье гэж шийдсэн юм, тэгээд ч Балдан танд хайргүй болсон гэсэн гэж хэлсэн тэр өдөр байлаа. Саран бүсгүйд тайвнаар -тийм үү үнэнээ хэлсэнд баярлалаа гэсэн боловч дотроо хэцүү цаашдаа ч улам хэцүү болж мэдэх баталгаагүй бүхнээс аварсанд чинь үнэхээр их баярлалаа гэж хэлж байсан ажээ. Өөрийн болоод хадам талынхандаа мөн нөхөртөө хэлж шуудхан л салах өргөдлөө гаргасан билээ. Бүх балаг нь илэрсэн Балдан аргагүй байдалд орсон уу яасан салахгүй, дахиж ийм алдаа хийхгүй энэ тэр ч гэсэнгүй салсан байв. Удалгүй Балдан Ундрах хоёрын бие биенээ олсон азтай, одтой амьдрал эхэлжээ.

Саран хүүхдийн тэтгэмж авахаас татгалзсан билээ. Энэ нь эцсийн эцэст зөв гэж үзсэн нь нас дээр гарсан аав, ээж хоёрынхтой нь нийцэж байсан ч зарим ах, эгчийнх нь санаа бодолтой нийцэхгүй байв. Нэг л мэдэхэд нэг, хоёр, гурав, дөрөв, таван жил улирч бүсгүйн сэтгэл санаа тайван амгалан болж энэ бүх муу дурсамжаа мартсан байлаа. Гэвч сая уншсан захианыхаа эзэн болох Ундрахыг тавлаж баярласангүй бөгөөд харин ч маш ихээр өрөвдөн -би яаж энэ хүнд туслах билээ гэж бодоход ямар нэг шийдэл олсонгүй. Тэгээд -энэ хүн өөрөө шийдлийг нь олох бизээ гэхдээ хэзээ гэдгийг нь бурхны хүсэл мэдэх буйзаа гэж бодсон билээ…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!