MngNews

“НҮЦГЭРЭЛ” ӨГҮҮЛЛЭГ

“НҮЦГЭРЭЛ” ӨГҮҮЛЛЭГ

Х.БОЛОР

Ээж аав минь айл гэр болж, би төрж, хөлд орж, дүү төрж, дөрвүүлээ болж жаргал халгиж асан тэр голын хөвөөнөөс өнөөдөр намайг бэр гуйлаа. Яагаад ч юм энэ өдөр жилдээ ганц сураг авалцдаг аавынхаа тухай хачин их санав. Олоон жилийн өмнө айлын хүн болсон аав минь “гэртээ” ирж, охиноо өрөөлийн хүн болгож байгаа юм. Гомдож, үзэн ядаж, бэтгэртлээ санаж өнгөрүүлсэн тэртээх он жилүүдийн дурсамж цээжин дотроос хэмлээд сэтгэл нэг л “нүцгэн” ерөөс би тэр өдрөөс хойш аавынхаа тухай бодох бүртээ дортроо “нүцгэрчихдэг” гэмтэй.

Гомдол, хайр, санасан сэтгэл, өтөлж яваа аавыгаа амжиж хайрлах гэсэн цаг хугацааны тэмцэл бүгд нэгэн цагт огтлолцоод сэтгэл юу ч үгүй “нүцгэрчихдэг” юм. Харин өнөөдөр яагаад ч юм урьд өмнөхөөсөө ч илүү гомдох мэдрэмж цээжин цаанаас хэмлээд болдоггүй. Ээжтэйгээ хөтлөлцөөд сургуульд орохдоо, Их сургуулиа төгсөхдөө, хайртай залуугаа дагуулаад ирэхдээ алинд нь ч би айлын хүн болчихсон аавыгаа ингэж үгүйлж байсангүй. Мотоцикл дуугарах бүрт аав ирж байгаа юм биш биз гэж ухасхийн гарч хардаг байсан өдрүүд өчигдөрхөн юм шиг тодоос тод санагдаж, айлын бэр болж байгаа гэхээр дэндүү хурдан том болчихсон мэт бодогдох юм.

Аавын тухай бодол яг л намар шиг дүнсгэр, уярам, ухаарам, бас нам гүм нүцгэн. Юунд тэгтлээ барьц алддагаа мэдэхгүй ч шалтгаангүй хайрлаж, үзэн ядаж, гуниглаж, хааяа тэсэрч, заримдаа нүдээ анин мөрөөдсөн бодлууд минь дандаа аавын тухай л байдаг. Хүүхэн хүний ёсоор хүний эхнэр, айлын бэр болж амьдралаа эхэлж байгаа билэгт сайхан өдөр шүү. Ээж аав минь голомтоо бадрааж, хүү охин хоёртой болсон гэртээ 23 жилийн дараа зэрэгцэж суугаад охиноо айлын бэр болгож багйаа энэ билэгт өдөр аавынхаа тухай өдөржин бодож, баярлах, догдлох, уярах, хайрлах, эргэцүүлэх мэдрэмжүүд давхцаж, дахиад л сэтгэлийн их нүцгэрлийг мэдэрлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!