“НЭГ БҮДЭРСЭН ГАЗРАА ХЭД Ч БҮДЭРЧИХЭВ ДЭЭ” БОДИТ АМЬДРАЛААС

“НЭГ БҮДЭРСЭН ГАЗРАА ХЭД Ч БҮДЭРЧИХЭВ ДЭЭ” БОДИТ АМЬДРАЛААС

“Далавчгүй Сахиусан Тэнгэрүүд” Групп – Хуулбарлахыг хориглоно

Сайн байцгаана уу? Олон сар бодож явсны эцэст та бүхэндээ өөрийн хайр дурлал (ингэж хэлж болох эсэхийг мэдэхгүй юм)-ын түүхээ бичих гэсэн юм. Болсон бүх процессыг бичнэ гэвэл маш урт болох учраас ерөнхий зүйлүүдийг бичлээ. Хаанаас эхэлж хаана дуусгахаа сайн мэдэхгүй байгаа болохоор жаахан замбараагүй болсон бол уучлал хүсье. Миний бага нас бусдын адил тоглож наадаж, инээж хөөрч, эрхэлж нялхарч өнгөрсөн. Дутагдах гачигдах зүйл гэж байгаагүй. Амар амгалан аз жаргалтай гэр бүлд өссөн. Одоо ч хэвээрээ. Хөдөөгийн суманд өнгөрсөн хүүхэд нас минь баяр баяслаар дүүрэн байсан юм. Манайх хөдөөний айл учраас би нагацындаа байдаг байсан юм. Тэднийх дөрвөн хүүхэдтэй. Бид нар ам бүл олуулаа амьдардаг байсан. Тэгээд манайд хүүгийнх нь найзууд гэж гурав дөрвөн хөвгүүд ирж өдөр шөнөгүй бид тоглож наадаж өнгөрүүлдэг байж билээ. Хүүхэд байхад хайр дурлал гэж юугаа ч мэдэхэв дээ. Хамгийн гэгээлэг нандин сайхан үе минь байж дээ. Урсаад л байх цаг хугацааг ухраагаад тэр үедээ нэг очих юм сан. Миний ярих гол хүн маань тэдний нэг л дээ. Тэр маань айлын бага эрх танхил хүү байж билээ. Тэр дунд ангиасаа хот руу шилжсэн юм. Тэр жил бүр сумдаа очдог байсан хэдий ч бид дахиж бага байсан шигээ тэгэж тоглож наадахаа больсон байсан юм. Жаахан том болоод ичдэг болсон байсан юм уу даа.

2015 онд бүгд л фэйсбүүк ашигладаг болчихсон байсан. Намрын нэг өдөр тэр над руу чат бичиж энэ өдрөөс бүх зүйл эхэлсэн юм. Түүнийг би шууд таниагүй нэр овог зургийг нь нягталж харж байж таньж билээ. Солиотой ч юм шиг. Тэр өдөр түүний төрсөн өдөр нь байгаад надтай уулзах уу? гэж асуусан. Урьд өмнө хүнтэй үерхэж үзээгүй, эрэгтэй эмэгтэй хоёр хүн уулзаж яадгийг ч би мэддэггүй байсан. Үеийхнийгээ бодвол би тэр тал дээр юу ч мэддэггүй байжээ. Гэхдээ л би тэрэнтэй уулзсан. Хөдөө суманд болох анхны болзоо. Гэгэлзүүлж догдлуулна гэж жигтэйхэн. Өдөр хоног өнгөрөх тусам бүх зүйл сайхан болж байсан. Өмнө мэдэрч байгаагүй сонин гайхалтай мэдрэмж. Нисээд л бууж байгаа юм шиг. Өмнө нь яагаад би түүнийг анзаарч байгаагүйгээ өөрөө ч гайхна. Түүнтэй харц тулгарахад, тэр гараас минь хөтлөхөд, түүнд тэврүүлэхэд би үүлэн дээгүүр нисч байгаа юм шиг л байсан. Тэгэхэд миний зүрх бүр цээжиндээ багтахгүй гараад явчих юм шиг хүчтэй булиглаж, ямар их догдолсон гэж санана. Галзууртлаа дурлана гэж тэр байх. Яагаад ч юм би түүний талаар хамгийн дотны найздаа ч ярьдаггүй байлаа. Тэр минь надад хорвоо дээрх юу юунаас ч илүү үнэ цэнэтэй санагдаж, хэнээс ч юунаас ч нуухыг хүсэж байсан. Хэн нэгэн мэдчих л юм бол хагарчих юм шиг, эвдэрчих юм шиг. Би амьдралынхаа туршид нэг л хүнд олон удаа галзууртлаа дурласан юм. Тэр миний амьдралын цор ганц зүрхний минь наран байжээ. Гэхдээ би үнэхээр алхах ёсгүй замаараа алхсан байна. Жаргалтай өдрүүд минь удаан үргэлжлээгүй юм даг. Тэр гэнэт нэг өдөр гарч ирсэн шигээ гэнэт л явчихаж билээ.

Намайг голд минь ортол гомдоогоод явсан. Нэг ялихгүй зүйлээс болж бид хоёр муудалцсан юм л даа. Тэр над руу уурлаж, би түүн рүү уурлаад. Би ч сэтгэл санаагаар навс унасан амьтан баахан уйлж аваад найзууддаа хэлж сэтгэлээ тайтгаруулъя гэж бодоод очлоо. Уг нь би тэдэнд хэзээ ч гуниг зовлонгийн талаар ярьдаггүй юм. Очоод үг хэл эвлэж өгдөггүй хэсэг бодол болж суув. Найзууд намайг анзаардаггүй. Хичээл номоо хийгээд сүрхий л байцгаана. Хэсэг сууж байгаад нэг найзынхаа утсыг үзээд сууж байтал тэрнээс чат ирэв. Шууд дэлгэгдээд гараад ирсэн юм. Би ер нь хэн болоод хувирчихав. Надаас илүү дотно. Би зүгээр л тоглоом байж. Хоолойн дээр нэг том юм тээглээд, нулимс цийлэгнээд ирсэн боловч тэвчив. Тэвчээр гэдэг бол миний хамгийн сайн чаддаг зүйл. Насан туршдаа хүмүүсийг тэвчиж ирсэн боловч хүмүүс учир шалтгаангүйгээр намайг орхиж, учир шалтгаангүйгээр үзэн яддаг. Тэндээс зүгээр л юу ч болоогүй юм шиг гараад явсан. Зовлон шаналалдаа хэн нэгнийг хань татахыг хүсддэггүй юм. Бас л би анх удаа хэн нэгнээс болж дэрээ нортол уйлж, анх удаа л хэн нэгнээс болж тэгтлээ их гуниглаж билээ. Ямар ч холбоогүй нэг жил өнгөрөв. Энэ хугацаанд би зүгээр л урьдынхаараа амьдарч, хичээл сургууль гэж гүйгээстэй. Нэг өдөр хашааны хаалган дээр түүнтэйгээ таарав. Би зогтусаж тэр газраас хөдөлж ч чадахгүй байхад тэр зүгээр л юу ч болоогүй юм шиг хажуугаар зөрөөд өнгөрсөн.

Би тэр өдрөөс эхлээд мартъя гэж шийдсэн. Тэрнийг мартах гэж галзуурч солиортлоо үзэн ядсан. Тэглээ гээд юу ч өөрчлөгддөггүй. Хүн болгон л алдаа гаргаж байдаг гэж түүнийг уучилна. Тэр миний хувьд хорвоо ертөнц минь байсан бол би тэрний хувьд уулзаад л өнгөрсөн хүн төдий. Хэсэг хугацааны дараа тэр над руу уулзъя гэж чат бичдэг болов. Би тэр үед ердөө ч нүүр өгөөгүй, бидний хоорондох бүх зүйл дууссан гэж гүрийсэн. Гэхдээ тэр намайг гуйгаад үхэж хатах хүн биш байсан юм байна лээ. Хамгийн хөөрхөн сайхан охид түүний араас унаж тусч гүйдэг гэдгийг олон хүнээс сонссон. Харамлах сэтгэл төрж, дотроо би шатаж байсан ч хэзээ ч түрүүлж гуйхгүй, бичихгүй гэсэн бардам зан минь дийлэв. Цаг хугацаа өнгөрөөд байх тусам би улам түүнрүү тэмүүлсээр байгаад дахиад гуйхад нь түүн дээр очсон. Энэ удаад би түүнгүйгээр амьдрах нь байтугай амьсгалж ч чадахгүй болсон. Түүнтэй өнгөрүүлсэн цаг хугацаандаа би харамсдаггүй юм. Харин түүнгүйгээр өнгөрүүлсэн цаг хугацаандаа харамсдаг. Би ирээдүйгээ түүнгүйгээр төсөөлж ч чадахгүй болтлоо хайрлаж байсан. Би хэзээ ч түүнийг хайрласныхаа төлөө хариу нэхдэггүй байсаан. Чи намайг хайрлаад өгөөч гэж би ядаж ганц удаа ч тэрнээс гуйгаагүй. Гуйгаад сэтгэл гарахгүй хүн юм байна даа гэж дөнгөж ухаарч байтал бурхан намайг шийтгэж байгаа ч юм шиг, шагнаж байгаа ч юм шиг өөрийнхөө бэлгийг илгээсэн. Би үнэхээр их баярласан. Гэхдээ баярласан хүн нь зөвхөн би л байсан нь харамсалтай.

Цаг нь болоогүй ирсэн наад бэлгээ одоо буцаа гэж хэлсэн. Би үгүй гэж хэлсэн боловч чи бид хоёр болно шүү дээ. Би өөрийгөө авч явж чадахгүй байж чамайг зовоож амьдрахгүй гэж хэлсэн. Гэхдээ бид хоёулаа боломжтой амьдралтай хүмүүс л дээ. Тэрний ярьдаг боломжтой амьдрал ямар гэдгийг мэдэх юм алга. Ахыгаа дагуулж ирээд уулзсан. Уулзаж ярилцаад би тэрний шийдвэрийг дагасан. Энэ л миний амьдралдаа гаргасан хамгийн том алдаа юм даа. Нэг бүдэрсэн газраа хичнээн удаа бүдэрчихэв дээ. Над шиг тэнэг хүнийг хорвоог хорь гуч тойроод ч олохгүй байхаа. Би чамд насаараа өртэй жаргааж л төлнө дөө гэж хэлсэн. Бас л итгэж тэнэгтэнэ. Одоо л шинээр амьдаръя гэж шийдсэн. Гуних үедээ гуниад л, жаргах үедээ жаргаад л. Өнгөрсөн амьдралаа өнгөрсөнд нь үлдээгээд. Бусад хүмүүс яасан ч их хайрлуулдаг юм дээ. Ямар их аз жаргалтай юм бэ? гэж цагаахан атаархана. Тэгэж бодовч нэг ч удаа хайртай гэж хэлээгүй түүнд буруу өгөхгүй. Бас чи намайг боддоггүй гэж нэг ч удаа гомдоллож байсангүй. Би ийм байсан ч жаргалтай л байдаг. Жаргалтай л байна гэж өөрийгөө хуурч байж. Саяхан нэг өдөр гэртээ сууж байтал түүнийг нэг хөөрхөн сайхан охинтой хуримаа хийх гэж байгаа гэж хүнээс сонслоо. Би тэгээд хэн болоод хувирчихав. Тэгээд дахиад л бүр шалдаа буучихлаа. Надтай хэвийн харилцаатай болчихсон байгаа шүү дээ. Миний хамаг бие чичирч, ухаан балартах шахсан. Надад хэлээд явсан бол би зүгээр л үлдчих байсан шүү дээ гэж мессеж бичээд орхисон. Залгаж орж ирээд чи юу яриад байгаа юм гэхээс өөр юу ч хэлээгүй. Чи хүрээд ир хоёулаа ярилцаад шийдье гэсэн. Зүгээр л байж байх байсан миний амьдралыг зүгээр л тэр чигт орхичихгүй дээ.

Дахин дахин гарч ирээд, дахин дахин ингэж зүрхийг минь сийчээд хаях хэрэг байсан гэж үү? Хайрлаж чадахгүй юм бол хайрлагдаж чадаагүй тэр газарт нь хаяад явах нь арай дээр биш гэж үү? Удахгүй бидний учирсан тэр өдөр болох нь. Удахгүй түүний төрсөн өдөр болох нь. Удахгүй зургаан намрыг үдэх нь. Урьдынхаараа би үлдэж чи явах нь. Яг энэ цаг мөчид, өдийд жаргалтай байсан энэ цаг үедээ би түүнийг явуулахыг хүсэж байна. Би түүн дээр өөдөөс нь харж инэээж байгаад аз жаргалтай амьдраарай гэж хэлээд өөрийнхөө гунигтай хайр сэтгэлд цэг тавина. Энэ бүхэн миний л алдаа санагдаж байна. Өчнөөн залуучууд надад хайртай гэж хэлж байхад үгийн муухайгаар хатгаж гомдоогоод намайг хайрлаагүй тэр хүн рүү үхтлээ зүтгэсэн надад өгч байгаа шийтгэл нь юм болов уу даа. Хайрласан боловч хайрлуулж чадаагүй би одоо түүнийг өөрийнхөө ертөнцөөс явуулах болно. Түүний өөдөөс жаргалтайгаар инээж зогсож байгаад аз жаргал хүснэ. Надад одоо тэгэж чадах хангалттай их хүч бий. Тэгээд хэн нэгнийг үзэн ядаж өөрийгөө шийтгэхгүй. Гэхдээ амьдрал хөвөрдгөөрөө хөврөөд, урсдгаараа урсаад өнгөрнө. Дахиад зургаан намар өнгөрнө. Сэтгэлийн шарх, зүрхний шаналал минь тэр үед эдгэрээд дуусна гэж итгэнэ. Баяртай миний амьдралын аз жаргал, баяр хөөрөө. Баяртай миний гэгээхэн гуниг минь. Бидний зам хаа нэгтээ дахиад огтлолцох юм бол хамгийн дулаанаараа чамайгаа дахиад нэг тэвэрье. Зүгээр л сэтгэлдээ хадгалж явдаг их ачаагаа хэн нэгэнтэй хуваалцаж гунигаа хөнгөлөх гэсэн юм. Та бүхэн сөрөг сэтгэгдэл биш урмын үг хайрлаарай.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!