“НЭГЭН ЭХИЙН ХАРУУСАЛ” ӨГҮҮЛЛЭГ
ЦЭРЭНДАШИЙН ТУУЛЫН ЗОХИОЛ
Өнөөдөр эх хүн, ээж хүн гэдэг нэр алдрыг өгсөн хүүгээ сүүлчийн замд нь үдэв.Өдий жаран хэд наслахдаа Сэржээ гэдэг хүн одоо л амьдралаа эргэцүүлэн бодож сууна. Хүн гэдэг амьтан мөнхийн л залуу сайхнаараа явах мэт дэндүү давилуун явах үе их байждээ хөөрхий. Аав ээжгүй намайг үр хүүхэдгүй хоёр хижээл насны хүмүүс охин минь гэж гараа сунгаж, өөрсдийнхөө төрсөн хүүхдээс ялгаагүй хүний эдлээгүйг эдлүүлж, идээгүйг идүүлж өсгөсөндөө. Энэ их хайрыг нь би дааж чадаагүй дээ. Хичээлдээ нэг хагас дутуу алдаг оног хэл ам ихтэй явсан болоод төгсөж билээ. Үеийн найзуудтайгаа нийлж дарвиад тамхи гээчийг хэрэглээд дадчихав. Ингээд л сурсан сургууль ч байхгүй гадуур дотуур дэмий л тэнэсэн нэгэн. Өсгөж хүн болгосон муу ээж аав маань сэтгэл нь зовж машин бариулж сургахаар жолооны курсэд хүртэл явуулав. Машин тэрэг унах сонирхол байсан учраас харин жолоондоо нэг унаж тусахгүй байсаар давгүй төгслөө. Жолоонд явж байх хугацаандаа нэг сургалтынхаа залууд дурлаж, анхны хайр, бүх зүйлээ зориуллаа. Гэсэн ч амьдрал гэдэг санаснаар минь болох бишдээ.
Өнөөх хайрын минь эзэн намайгаа жирэмсэн болгож орхиод, жолоогоо төгсөж дуусгаад л сураг ажиггүй яваад өгөв. Эвий дээ хүний ээж ааь юм хойно хоёр хөгшин минь хүүхдээ төрүүлчих ээж аав хоёр нь өсгөөд өгнө гэв. Ингээд төд удалгүй хөөрхөн хүүтэй боллоо. Төрчихөөд нэг их удсангүй такси баазад жолоочоор ажилд орж, одоо л ёстой энэ амьдрал гээчийг сайхан болгож, хүүхдийнхээ төлөө гээд л борив бохис хийлгүй зүтгэсэн. Ингэж явж байгаад одоогийн нөхөртэйгээ учирсан. Аяар намдуухан, хүний үгээр даруухан нэгэн байлаа. Хоёулаа зэрэг таксиндаа явж, ажил амьдралаа зохицуулан, гурван сайхан охинтой ч болов. Амьдрал минь ч дажгүй сайхан болоод ирлээ. Гэвч ардчилал гарч нийгэм солигдосноор хоёулаа ажилгүй болж эрх дураараа өссөн би гэдэг хүн архи тамхийг нилээн хүртдэг нөхөр ч мөн адилхан хоёулаа нийлээд уудаг боллоо. Эцэг эхдээ агсам согтуу тавина. Аль л болохгүй бүтэхгүй бүхнийг хийж ойр хавийнхныхаа тайван байлгахаа болив. Энэ нөхцөл байдлыг ялж дийлээд гараад ирэх сэтгэлийн тэнхээ надад дутаж, ааш зангаа дийлэхээ больж, агсан тавих нь ихсэж, муу ээж аавыгаа их л зовоосон. Харанхуй шөнө надад хөөгдөж туугдаж гарчихаад, дөвчигнөж дөвчигнөж унтсаны минь дараа гэртээ орж ирдэг байсныг бодохоор өөрийгөө одоо болтол үзэн ядах юм. Эцэг эх минь бурхан болоход л миний зан авир засагдах шиг болов.
Би харж хандаж чадсангүй юу эсвэл намайг дуурайгаад ч юм уу том хүү минь сургуулиа төгсөж чадалгүй өвөөгөө дагаж жолоо мушгин явсаар хүнд том оворын машин бариад сурчихав. Арван долоохон настай хүү минь аав ээжтэй минь цуг лагерт гардаг айлын охинтой дэр нэгтгэж хоёр хөөрхөн охинтой болж, би чинь дөчин нас ч хүрэлгүй эмээ болоотохлоо. Хүүгийн минь амьдрал ч хэрүүл уруулаар тасрахгүй, тавьтаргүй би ч хүүгээ өмөөрч амьдралд нь оролцож эр эмийн хооронд жороолсоор байгаад өөрийн мэдэлгүй л эхнэрээс нь салгачихав. Ингээд хүү маань миний адил сархад гээчид дурлах болов. Хөдөө гадаа ажлаар явж явж ирэхэд нь хэн ч байхгүй хоосон гэр угтахаар ямар л олиг байв гэж хүүгээ сэтгэлдээ шаналж байгааг нь ч мэдэхгүй загнана. Загнуулж зандруулсан хүн яахав уур омогоо дийлэхгүй архи ууж нөхөр бид 2-т агсан согтуу тавина. Хүүгийнхээ ингэж байгааг харахаар өөрийгөө толинд харах шиг болдог байв. Ингэж явсаар хүү минь гуч нэлээн гарсан хойноо нэг эмэгтэйтэй дэр дахин гэр бүл болов. Би ч өмнөх сургамжаасаа аль болох зайтай байхыг амьдрал ахуйд нь оролцохгүй байхыг хичээж, хүүгээ ахиж битгий алдаасай хэмээн бурханд залбирч байв ч хүүгээ хэдхэн жилийн дотор ингээд элэгний хорт хавдраар энэ хорвоогоос явуулих нь гэж даан ч бодож явсангүй. Өсөхийн жаргалыг жаргалд бүү тооц гэгчээр эрх тааваараа өссөн би дунд чөмгөөрөө жиргэнэ гэгчээр хэт их наргиж цэнгэж тэнэгдүүхэн амьдарсандаа харамсах юм. Сайхан гэр орон, сайхан хань ижил, үр хүүхэд, сайхан эцэг эх маань байхад надад ухаарах сэхээ байгаагүй нь даан ч тоогүй.
Хэзээ нэг өдөр энэ хорвоогоос явах нь тодорхой ч хог шиг өдөр хоногийг хороож, хүн шиг амьдрах минь яавдаа гэж бодох юм. Хүн гэдэг сүүлд ухаараад, амьдралд ялагдал хүлээж байгаагаа мэдрэх мэдрэмж хамгийн харамсалтай байх ч нас эцэслэхээсээ өмнө ухаарч байгаа нь бас яамайдаа гэж ч бодох шиг. Сархадыг сайхан гэж бодон 10 илүү насаа, тамхийг сайхан гэж бодоод 50 илүү насаа алдана гэгчээр архи гэх зүйлд амьдралаа өгөөд тэр чигтээ дуусах хүмүүс ч байна. Тийм учир хүн шиг аятайхан амьдрах гээд хичээгээд үзээрэй. Ямарваа нэгэн зүйлд гарах гарц шийдэх шийдэл заавал байгаа битгий амьдралд бууж өгөөрэй. Бууж өгвөл чи амьдралын гашуун, нялуун сайхан амтыг мэдрэхээ болино. Амьдралын утга учир алдагдана. Хайр энэрэл үгүй болно. Хүмүүсийн нүдэнд хог шаар шиг бүү амьдраарай. Хожимоо харууслын нулимс унагахгүйн тулд ухаан сийлж амьдрахыг хичээ. Зовлон зүдгүүргүй амьдрал гэж байхгүй болохоор бэргэж тойролгүйгээр зүтгээд үз, зүтгэлийн цаана учир нь олдож, шантрал арилж, сайшаал ирэх нь дамжиггүй. Амьдралд битгий хожигд амтлаад үз. Чиний гарт л чиний амьдрал бий.