“НЭГЭН ГУНИГТ XАЙРЫН ТҮҮX” ӨГҮҮЛЛЭГ – ҮРГЭЛЖЛЭЛ II

“НЭГЭН ГУНИГТ XАЙРЫН ТҮҮX” ӨГҮҮЛЛЭГ – ҮРГЭЛЖЛЭЛ II

Би ч түүний хүсэлтээр хоёуланг нь хоёр хоёр үнсэж билээ. Тэгэхэд Цэвэлмаа надруу нэг их гайхсан, бас асуусан харцаар харсан юмдаг. Дамиа, Цэвэлмаа хоёрын хүү сар болоогүй юм. Цагаан сарын дараахан. Чухам юунаас болсныг нь сайн санахгүй байна. Тэр тухай Даваад бичсэнд “Маш их харамсаж, гашуудаж байна. Цэвэлмаа минь их гашуудаж байна уу? Их уйлж байна уу? Чи миний өмнөөс нулимсыг нь арчиж өгөөрэй. Дамдинсүрэн миний Цэвэлмааг хэр аргадаж байна. Хэр халамжилдаг вэ?” гэх мэт хариу ирнэ. Тэгэж ингэсээр гурван жил ч нисэх мэт өнгөрлөө. Дамиа төгссөн жилээ ХАА-н Эрдэм шинжилгээний хүрээлэнд томилогдож очсон юм. Уг нь хөдөө аймагт хувиарлагдсан ч гэр бүлийн шалтгаанаар хотод үлдсэн. Цэвэлмаа чөлөө энэ тэр авалгүй уйлж, дуулж зүтгэсээр байгаад нэг юм хугацаандаа төгслөө. Энэ хооронд Даваагаас захидал ирсээр, би бичсээр байсан ч захидлын хоорондох зай улам улмаар холдсоор байлаа. Би төгсөөд аймагтаа Аймгийн Барилга угсралтын конторт хувиарлагдав. Нөхөртэй ч болов, гэр бүлийн амьдралд хутгалдаад, ажил амьдрал гэсээр тэр хоёрын явдлыг мартах шахав. Цэвэлмаа төгсөөд нөхрөө дагаж хотод үлдсэн юм. Биднийг төгсөлтийн баяр гээд бужигнаж байх үед Даваагаас “Би сарын дараа халагдлаа. Халагдаад хаашаа очихоо одоогоор шийдээгүй байна. Цэвэлмаа хотод суурьших байх. Гэхдээ би хот ормооргүй байна. Намайг улирч, бага дарга болох санал тавьсан. Улирдаг ч юм уу гэж бодож байна. Одоогоор шийдээгүй л байна. Улирахгүй бол говийн аймгуудын нэгэнт очиж амьдрах гэж оролдоод үзнэ ээ” гэсэн захидал ирснээс хойш хаана яваа нь мэдэгдэхгүй таг чиг болчихов. Хорвоогийн шар нар, бор хоног ээлжилсээр нэг мэдэхэд долоо, найман жил өнгөрчихөж. Аймгийн намын хорооны үйлдвэр, худалдаа эрхэлсэн зааварлагчаар шинэ хүн томилогдон ирж байгаа сураг сонсогдов. Гэтэл Дамдинсүрэн байх нь тэр. Тэр үеийн Аймгийн намын хорооны зааварлагч гэдэг чинь мундаг том амьтан байлаа шүү дээ. Найз маань төрсөн нутагтаа ирж буйд би ч их баярлалаа. Цэвэлмаа Аймгийн ХБТрестийн мэргэжилтэн гэдэг бас ч үгүй өндөр албан тушаалтай.

Аймгийн гудамжаар тэр хоёрынхоо сугадалцаад явж байгааг харахад бахархахгүй байх аргагүй. Сайхан ч хосууд, шижигнэсэн залуу боловсон хүчнүүд, шилдэг сэхээтнүүд… Булцайсан хөөрхөн охинтой ч болж. Аймгийн захиргаанаас залуу боловсон хүчнүүдэд орон сууц олгов. Бид гэр бүлийн найзууд болцгоолоо. Ойртоод ирэхнээ нь тэдний гэр бүлийн амьдрал бас ч тийм өөгүй сайхан биш аж. Нэг л хэрүүлтэй, маргаантай. Наанаа сайхан солидный /яг ингэж хэлсэн юм/ ч, цаанаа бол их хүйтэн хөндий нь анзаарагдав. Түүнээ тэд их нуух. Нэг удаа Цэвэлмаа бид хоёр элдэв дэмийг ярилцан суутал тэр гэнэтхэн “Ингэхэд чи Давааг хаана явааг нь мэдэх үү?” гэж асуув. Нээрээ тэр хооронд Даваагаа бараг мартах шахсан байжээ. Цэргээс халагдахынхаа өмнө захидал бичсэнээс хойш сураггүй байгааг хэлэв. Мөн түүний огт сонсоогүй, цэрэгт байхдаа бид хоёр харилцан бичилцдэг байсан захидлуудын тухай ярьж өгөв. Одоо нэгэнт өнгөрсөн бороо болсон хойно гэж бодож байсан юм, тэгэхэд. Цэвэлмаа дуугүй сонсож сонсож, нэг их шүүрс алдаж билээ. Бас нэг удаа Цэвэлмаа надад Дамиа тэр хоёрын амьдрал таарамж муутай байдаг тухай аминчлан ярьлаа. Дамиа Хүрээлэнд хэлтсийн дарга байхдаа нэг лаборант хүүхэнтэйгээ холбоотой байсан юм гэнэ. Тэр нь мэдэгдээд, Намын үүрийн хэмжээнд хүртэл яригдахдаа тулж, хөөцөлдсөний хүчинд хөдөө томилолтоор явахаар болж байж тэр хэл амнаас мултарчээ. Тэр үед чинь удирдах албан тушаалтнууд гэр бүлийн асуудал гаргахад Намын үүр нь авч хэлэлцдэг байлаа. Намаас шийтгэл авч, хөөгдвөл тун хэцүү… Нүүр байхгүй болно л гэсэн үг. Систем дотроо мөддөө л олигтой ажил эрхлэх боломжгүй болчихдог байсан юм. Амьдрал үргэлжилдгээрээ үлгэлжилсээр дахиад дөрөв таван жил болов. Би уг нь хоёр найзыгаа өсөж дэвжиж, албан тушаал дээшлэх байх гэж харж байлаа. Гэтэл харин ч буудаг юм байна. Дамиа их уудаг болчихсон байсан. Бас Дамиаг аймгийн Театрийн хүүхнүүдтэй холбоотой тухай ч дэл сул яриа сонсогддог байв. Энэ мэтээс болсон байж магад, Намын хорооноосоо авхуулж, Аймгийн ТМС-ийн багшаар очив. Цэвэлмаа нэг юм ажил дээрээ дэнжигнээд тогтоод байгаа..

Эхэн үедээ манай хоёр гэр бүл нэг нэгнийхээрээ ордог, хамт салхинд гардаг, тоглож нааддаг байсан бол сүүлдээ маш ховорхон орж гардаг боллоо. Гэтэл Дамиа ТМС-ийн сурагч охинтой холбоотой хэрэг илэрч, аймгийн төвөөр нэг шуугиан шагшраан болдог юм байна. Тэр үед чинь ийм явдалд их соргог байж. Одоо бол нохой хуцсан мэт тоохгүй болсон. Намаас нь хөөчихлөө. Өнөөх Их сургуулийн оюутны зөвлөлийн дарга, Сүхбаатарын цалинт, тэргүүний оюутан галтай цогтой гялалзаж явсан залуугаас үлдсэн юм бараг үгүй. Нэг хорчийсон, өрвийсөн хар юм болов. Хүн амьтан ч дөлж зугтаах тал руугаа. Уг нь ид гучин хэдтэй, дөч шүргэж яваа нас шүү дээ. Бүр ч их уудаг боллоо. Харин Цэвэлмаа маань тэр бүх хэл амыг тун ч тэвчээртэй давж туулсан даа. Нүднээс далдуур хичнээн ч уйлж, шаналж байсныг мэдэхгүй юм. Наанаа бол огт тоохгүй байгаа мэт байв. Нэг их удалгүй Дамиа тэр хоёр салав. Гэр бүл салгах шүүх хурал ч их сүртэй боллоо. Аймаг даяар л шуугих. Дамиа ажлаа өгөөд нутгаа бараадна гээд Дархан явчихав. Ингээд ид гунхалзаж явах гучин тавтайдаа Цэвэлмаа маань бага ангид сурч байсан охинтойгоо өрх толгойлсон эмэгтэй болж үлдлээ. Амьдрал ахуй нь муу байгаагүй ээ. ХБТрестээсээ гарч, Ахуйн үйлчилгээнд ерөнхий ня-бо хийж байв. Дээд мэргэжилтэй мэргэжилтний цалин чинь хангалттай, элбэг дэлбэг. Гэхдээ л ганц бие ид насны хүүхний хувьд бэрхшээл их байлгүй яахав. Наанадаж л эргүүлдэж зовоодог, орой үдэш хаалга үүдийг нь самарддаг элдвийн хар юмнууд зөндөө. Хааяа бид хоёр элдвийг ярилцдаг байлаа. Нэг удаа “Би Даваагаа мөн ч их зовоосон доо. Тэр маань одоо хаана явдаг юм бол. Асууж сураглахгүй болохоор яаж ч сураг нь гарах билээ дээ. Энд аймгийн төвд холын хамаатных нь нэг хүн байдаг юм билээ. Би асуухаасаа санаа зовоод байх юм. Чи нэг асууж өгөөч” гэв. Би тэр хүнийг нь олж уулзаад асуулаа. Даваасүрэн Баянхонгор аймгийн өмнө хязгаарын нэгэн суманд ногооны гэв үү, жимсний гэв үү нэг бригадын дарга хийж байгаа, амьдрал ахуй нь сайн, гэр бүлтэй болсон гэнэ гэсэн мэдээтэй ирэв. Хоёр гурван жилийн дараа ардчилал гарч, өмч хувьчлал болон бужигнацгаав.

Оюутан байхдаа Дамиагийн гарыг, аяыг хараад эрхлээд л, хэлээ хазаад сууж байдаг эрх танхи, амьдрал мэдэхгүй Цэвэлмаа маань энэ хугацаанд дайчин, амьдралд шаргуу зүтгүү болжээ. Амьдрал хүнийг тийм болгодог юм билээ. Өмч хувьчлалаар Ахуй үйлчилгээний дэлгүүрийг хувьчилж авлаа. Байгууллагад нь жолооч байсан Баярбаатар гэдэг залуутай нийлж. Тэр их сэргэлэн сүйхээтэй залуу байсан юм. Аль хатуу үед л дамын наймаа сүнгэнүүлдэг байсан эр. Аймгийнхаа хамгийн боломжийн бизнесмэнүүдийн нэг болов. Удалгүй тэр Баярбаатартайгаа нэг гэрт оров. Нэг удаа надад ярихдаа “Баяраа яах вэ? Соёл, боловсролын хувьд Дамиатай яаж харьцуулахав. Бүдүүлэг, эрээгүй л хүн. Гэхдээ сэтгэл мэдрэгдээд байдаг юм. Зааж зүглүүлээд явбал учиргүй муу хүн ч биш ээ. Одоо охиноо бодохоос… Нэг дүүтэй болгож өгөе. Үр хүүхдээ харахаараа Баяраа эрхбиш улам наашлах биз” гэж билээ. Удалгүй бас нэг охинтой болов. Гэтэл тэр гайхал Баяраа нь хартай гэж жигтэйхэн амьтан байж. Бүр солиотой гэмээр хартай. Дамиатай хамтдаа сугадалцаад аймгийн театрт үзвэр үзэж явдаг, оюутан байхдаа Ард кино театр, Ленин клүбийн бүжгийг алгасдаггүй шахам байсан Цэвэлмаа маань ёстой гэрийн авгай болдог юм. Нөхөр нь түүнийг гадуур ч гаргах дургүй. Баяраа хамаг юм аа барина. Мөнгө төгрөг олох тал дээрээ мундаг. Манай хүн яах вэ, гэртээ суугаад, хүүхдээ хараад л, данс тооцоо энэ тэрийг хийнэ. Гэтэл нэг л өдөр тэнгэрээс буугаад ирсэн мэт Даваа гараад ирдэг юм даа. 96 оны хавар санагдана. Өглөө ажлын үүдэн дээр нэг хүн над руу хараад инээгээд зогсож байдаг юм. Би таньсангүй. Толгой дохичихоод хажуугаар нь гарах гэтэл, бугуйнаас бариад авлаа. “Дэлгэр ээ, намайг танихгүй байгаа юм уу даа. Би Даваасүрэн байна шүү дээ” гэхэд нь би цочсондоо бараг унах шахаж билээ. Бид уулзалгүй 24 жил болжээ. Өдөржин, шөнөжин ярилцаж суумаар… Нэг ч их өтөлсөн шинж алга. Баянхонгор, Говь-Алтай аймгийн захын сумдаар ангийн байцаагч, байгал хамгаалагч голдуу хийж, хээрээр тэнэж л ихэнх амьдралаа өнгөрөөсөн гэлээ. Ёстой нэг эгэл хөдөх эр болж. Өнөөх сэхээтэн шинжийн гавал толгойтой хүүгээс үлдсэн юм бараг л алга.

Би халгаж халгаж, гэр бүлийг нь асуулаа. Гэр бүлгүй гэнэ. “Чамайг хамаатан чинь гэр бүлтэй, хүүхэдтэй гэж хэлсэн шүү дээ?” гэвэл, “Хөгшин нь гэр бүл зохиох гэж оролдож үзсээн. Нэг хүүхэнтэй хоёр гурван жил амьдрах гэж хичээсэн. Хүүхэд ч гарсангүй. Нэг хүүхэд өргөж авсан ч хүн болсонгүй” гэж байна. “Хоёр гуравхан жил гэдэг чинь бага хугацаа байна. Өөр бас… шантарч болохгүй шүү дээ” гэвэл нар салхинд хөрсөжсөн нударгаа зангидан цээжин дээрээ лүг лүг хийтэл шааж, “Дэлгэрээ, энд нэг юм зангираад болохгүй байгаа юмыг би яах юм бэ?” гэж билээ. Энэ үгийг сонсоод миний нулимс өөрийн эрхгүй мэлтрээд гараад ирсэн юм даа. Цэвэлмаагийнхаа өмнөөс шүү дээ. Бас Даваагийнхаа өмнөөс… Тэгэхэд аймгийн цэцэрлэгт тэр хоёр хөөцөлдөөд л, Цэвэлмаагийн цагаан парчик, гэзэгнийх нь копрон яг л эрвээхэй шиг дэрвэн, дуу нь цангинан байсан тэр дурсамж яг зүүд шиг нүдэнд харагдсан юм. Бас Цэвэлмаа бид хоёр түүнийг аймгийн Тээврийн товчооны арын байшингийн буланд гаргаж өгч байсан мөч харагдсан. Тэгэхэд Тээврийн товчоон дээр Даваагийн ах дүүс, найз нөхөд нь ирчихсэн байсан учир бид санаа зовоод тэр ард нууцхан салах ёс хийсэн юм. Тэр хоёр маань гар гараасаа тас атгалцчихсан, өөд өөдөөсөө ширтэлцээд, үг ч хэлж чадахгүй зогсож байгаа тэр зураг. Бас Даваагийн бичдэг тэр олон сайхан захидлын мөрүүд, тэр захидлыг оюутны орон дээр, Сүхбаатарын хөшөөний гинжин дээр, цэцэрлэгт хүрээлэнгийн сандал дээр Цэвэлмаа бид хоёр зэрэгцэж суугаад уншдаг байсан мөчүүд маань нүдэнд харагдах шиг болж билээ… Бас, бас… тэр Алтайн өвөр говийн эзгүй аглаг цээлд цээжин дэх орь гунигаа дааж ядан ганцаар тэнэж гиюүрч, гансарч яваа онгосон дээлтэй, омголтсон уруултай Даваа нүдэнд харагдах шиг болсон юм… Хорь гаруй жил шүү дээ. Харин энэ удаад Даваа миний нулимcыг Цэвэлмаагийн өмнөөс, бас өөрийнхөө ч өмнөөс арчиж өгсөн дөө. Жаал тайвшраад “Чи ямар ажлаар энд явна?”гэвэл “Хүний нутгаар их тэнэлээ, хө. Хэдий сайхан хүмүүс, сайхан нутаг ч хүн ядраад, ганцаардаад ирэхээрээ төрсөн нутгаа гэх юм байна шүү дээ. Уг нь их эрт ирье гэж бодож байсан ч Цэвэлмааг энд байгааг мэдээд ирээд хэрэггүй байх гэж боддог байлаа“.

“Чи Цэвэлмааг Дамдинсүрэнгээс салсныг дуулсан уу?” “Дуулсаан хө. Дуулалгүй яахав. Дараа нь ганцаараа хэдэн жил болсоныг нь ч, бас одоо энэ хүнтэйгээ нийлснийг нь мэдэж байсан”. “Чи Дамиагаас салсных нь дараахан яагаад хүрээд ирж болоогүй юм бэ? Цэвэлмаа битүүхэндаа чамайг хүлээдэг, хардаг л байсан даа”. Даваа хэсэг зуур бодлого болон сууснаа, “Тийм ээ, би нааш ирье гэж бодсон. Гэвч тэр үед болоогүй юм аа. Нэг л болж өгөхгүй байсан юм. Би чамд юу гэж тайлбарлахаа мэдэхгүй байна. Болохгүй л байсан даа”. “Тэгвэл чи одоо яах гэж ирээ вэ? Нэгэнт оройтчихсон шүү дээ… Түүнд дахиад хэцүү байж магад, бүр ч илүү”. “Тиймээ, түүнийг мэдэж байгаа. Гэхдээ одоо хичнээхэн ч жил амьд явах билээ? Бас хичнээхэн жил хол явах билээ дээ. Ойрхон байгааг нь мэдэрч, хааяа боловч харж, гэм хоргүй хоёр үг сольчихоод л явж байя гэж бодлоо, хө. Би одоо хаанаас түүнийг дахин ээрч, шалж зовлон болох вэ дээ. Тэгэж байгаад нэг уулзана. Нэг ангийн хүүхдүүд шиг гэм хоргүй уулзана. Чи нэг мэдэгдчихээрэй. Намайг ирсэн гэдгийг. Дахиж зүггүйтэж, сахилгагүйтэж зовоохгүй нас тогтож, намба суучихаад ирсэн байна билээ гээрэй” гээд инээх гэсэн боловч нэг л бүтэлтэй болсонгүй, эвгүй үрчилзэв. Би Даваагийн тухай Цэвэлмаад хэрхэн яаж хэлэхээ мэдэхгүй байв. Гэсэн ч хэллээ. Даваагийн инээх гэж хичээн оролдон байж хэлснээр нь хэллээ. “Даваа одоо залуугийнх шиг биш болжээ хө. Нас тогтоод намба суугаад…” гэвэл Цэвэлмаа “Би түүнийг мэдэж байгаа. Ирснийг нь…” гэж байна. “Чи яаж мэдээ вэ? Хэн хэлээ вэ?” гэвэл “Би зүүдэлсэн юм аа. Одоо би түүнийг мэдэрдэг болсон. Бид ямагт хамт байдгийг… Өмнө нь огт анзаардаггүй байсан юм билээ” гэв. Түүний царай ямар ч сэтгэл хөдлөлгүй хөшүүн байсан нь хачин санагдаж билээ. Даваа маань ирсээр жил гаруй болов. Угийн сүрхий хүн болохоо харуулж, дорхноо л под хийгээд босоод ирэх нь тэр. Жаахан цуглуулж, хураасан мөнгө хөрөнгө байсан юм шиг билээ. Даваа надад нэг юм үзүүлнэ ээ л гээд явдаг байсансан. Тэгээд үзүүлсэн юм. Түнтгэр гялгар ууттай юм гаргаж ирж задлав. ҮРГЭЛЖЛЭЛИЙГ ЭНД ДАРЖ УНШААРАЙ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!