“НЭГЭН ГУНИГТ XАЙРЫН ТҮҮX” ӨГҮҮЛЛЭГ – ТӨГСГӨЛ

“НЭГЭН ГУНИГТ XАЙРЫН ТҮҮX” ӨГҮҮЛЛЭГ – ТӨГСГӨЛ

Дотроос нь судар шиг торгон баринтагтай юм гаргаад дахин задалсанд тэртээх он жилүүдэд Сулинхээрийн застав руу Цэвэлмаагийн хаашаа хараад сууж байгааг нь хүртэл бичдэг байсан миний захидлууд байж билээ. Ихэвчлэн 5 төгрөгний дөрвөлжин шугамтай дэвтрийн цаасан дээр бичдэг байсансан. Тэдгээр цааснуудыг хичнээн ч удаа эргүүлж тойруулж үзсэн юм, бүү мэд самбай шиг сэмэрчихсэн, черниль нь бүдгэрчихсэн байж билээ. Даваа, Цэвэлмаа хоёр хэрхэн уулзсан тухай би огт асуудаггүй байлаа. Ер сүүлд нь ч Цэвэлмаагаасаа асуугаагүй. Тийм юм сонсоно гэдэг хэцүү. Зүрх өвдөөд байдаг юм. Юутай ч тэд уулзалдсан. Харин Баярбаатарын харддаг өвчин ер намдсангүй, бүр солиорлын байдалтай болов. Гай болж Даваа, Цэвэлмаа хоёрыг урьд нь учиртай байсан гэдгийг хэн нэг нь түүнд хэлчихэж, магадгүй тэр өөрөө малтаж байгаад олоод авчихсан ч байж магадгүй. Тэгээд муу Цэвэлмааг маань бүр тaмлaж зовоож орхино. Уг нь тэдний амьдрал тун сайн. Хөл дээрээ босчихсон байж билээ. Баярбаатар АН намд элсэн, улс төрч болж, 1996 оны сонгуулийн дараа Аймгийн нэг том дарга болчихсон байв. Нэг тоосгоны үйлдвэртэй, нэг дэлгүүртэй. Хоёр ч газар байр бариад түрээслүүлчихсэн. Унадаг хоёр ч унаатай. За тэгээд дарга хүн чинь яаж ийгээд л юм аа өсгөдөг юм байгаа биз дээ.

Нэг удаа би Цэвэлмаад хэллээ. “Цаад эргүү Баярбаатараасаа сал аа. Хөрөнгө мөнгөтэй нь явуулчих. Алийн болгон ийм дарамтанд амьдардаг юм бэ? Яаж ийгээд амьдарч л таараа. Үр хүүхдээ бодоод тэснэ гэж юу байсан юм” гэлээ. “Хүүхдээ бодож байгаа ч юм алга хө. Баяраа юу гэдэг гээч. Салбал Даваа бид хоёрыг хоёуланг нь aлнa гэсэн. Тэр тэгэж мэдэх мунхаг хүн шүү дээ” гэж байна. Ийм байдалтай жил орчим болов. Нэг удаа тэр хоёр муудалцдагаараа л муудалцаж. Муудалцах ч юу байхав, нөгөөх нь Цэвэлмааг маань элдвээр зовоож эрүүдэхгүй юу. Цэвэлмаа тэсэлгүй “Чам шиг тэнэгийг хэн хайрлах билээ?” гээд хэлчихэж. Нөгөөх нь “Тэгвэл чиний тэр хайрладаг хүнийг чинь aлчиxъя” гээд гараад гүйж, гай болсон юм шиг тэр үед нь Даваа гэрийнх нь ойролцоо явж таарсан байдаг юм. Яагаад ч тэнд явж байсан юм бэ дээ. Тэгээд тоосгоор ч юм уу, чулуугаар ч юм уу, Давааг тархидаж орхисон байгаа юм. Cэхээнд ухаангүй гурав хонолоо. Хотоос эмч нар ирж, хэд хэдэн хагалгаа хийсэн байх. Эмнэлэгт хагас жил хэвтсэн дээ зайлуул. Цэвэлмаа Баярбаатарын араас гарч ирээд Давааг цyc нөжтэйгээ холилдчихсон газарт хэвтэж байхыг үзэж, бархираад тэврээд уначихсан гэдэг. “Чи одоо намайг яг энд xамт aлaaд өг” гэж Баяраа руу хашгичаад байсан гэсэн… Эмнэлэгт хэдэн шөнө Давааг нойргүй сахисан.

Ямар өөр ойр дотнын гэх хүн байсан биш. Холын хамаатан нэг хөгшнийх л байсан. Нөхөр бид хоёр очиж хань болох. Хичнээн ч их уйлав даа. Баярааг яахав дээ, сэргийлэхэд хэд хонуулаад гаргасан. Даваагийн талаас нэхэмжлэл гаргах хүн үгүй, тэгээд ч мөнгөтэй, дарга хүнийг чинь яадаг ч үгүй болчихоод байгаа цаг шүү дээ. Давааг эмч нар хотын эмнэлэг рүү аваад явахад Цэвэлмаа ч хоёр охиноо аваад дагаад явсан. Тэгээд Баярбаатараас бүрмөсөн салсан даа. Хоёр охиноо өөртөө авсан. Тэр хөрөнгөнөөс нэг байшин л авах шив дээ. Бусдыг нь Баярбаатарт өгсөн. “Охиныхоо өмнөөс энэ байшинг чинь авлаа. Бyзрын чамаас өөр юу ч авахгүй” гээд Баярбаатар луу орилж байсан юм. Уг нь хүмүүжилтэй, хүний өмнөөс тэгэж муухай орилох хүн биш л дээ. Хэдий Баярбаатар болхи, мунхаг ч бас хүн нь гайгүй, хөрөнгөө бүгдийг нь ч хамаагүй өгнө гэж байсан ч аваагүй. Даваа хагас жил орчмын дараа юу ч санадаггүй, таг мэлрэнги хүн босож ирсэн юм. Цэвэлмаа хамаг байдгаа зарж үрээд, бас Даваагийн хөрөнгийг ч үрээд түүнийг авч очоогүй эмнэлэг, бариач, илээч байхгүй ээ. Урагшаа Хөххот, Бээжин, Солонгос хүртэл явсан. Нэмэр болоогүй. Тэгээд хувь заяатайгаа эвлэрсэн дээ. Тэр цагаас хойш одоо иймэрхүү байдалтай л муу найз минь амьдарч байна. Энэ цайны газрыг түрээслэж амьжиргаагаа болгоод явна. Даваа хааяа санамж нь бүүр түүр орж ирдэг юм шиг байгаа юм. Цэвэлмаагийн хацрыг хоёр алгаараа шахаж барьж байгаад нүүр лүү нь нэг их хардаг юм.

Тэгэх бүрд муу найз минь уйлаад л байдаг байлаа. Одоо ч уйлах нулимсгүй болсон доо. Даваа хоол идэх гэж орж ирнэ, тэгээд гараад явчихдаг. Хаа хамаагүй явж магадгүй. Өлсөхөөрөө орж ирж хоол иднэ. Орой эндээс гараад нөгөөхийнхөө хойноос хөөцөлдөж байж олж, гэртээ аваачиж унтуулна. Даваа их ууртай болсон. Хүнтэй барагтай бол үг солихгүй. Гудамжаар амандаа юм гөвтнөөд л тэнэж явах. Ийм л нэг амьдрал байна даа. Хэзээ урьд насны өртлөөс юм бүү мэд. Бидний мэддэг Даваа аль хэдийнэ бурхан болчихсон. Тэр 17-той хүү байхдаа Цэвэлмаад “Хайртай” гэж хэлсэн. Энэ үг нь 17-той хүүгийн үг төдий биш байж, магадгүй их холоос, сүнсээр дамжиж ирсэн үг байх. Би тэгэж боддог юм. Даваа “Нэгэнт хэлэгдсэн үнэн амьдрах ёстой” гэдэгт итгэж байсан. Тийм ээ, тэр насан туршдаа зөвхөн сэтгэл зүрхэндээ амьдарч… Түүний хайр насан туршид нь амьд халуун байсан даа. Нэг бодлын нэгэн насны эмгэнэл, зовлон, гуниг мэт ч нөгөө бодлын ямар их утга учиртай амьдрал байгаа вэ, ямар хүчирхэг дотоод ертөнц байгаа вэ гэж надад бодогддог байлаа. Гэвч одоо энэ хоёрынхоо байгаа байдлыг харахаар тэр утга учир нь гуниг харуусал л болж харагдах юм. За за, муу найзынхаа хамаг намтар түүх, зовлонг нь ярьчихав. Муухай ч юм шиг. Гэхдээ ийм нэг хайр энэ хорвоо дээр байсан юм шүү гэдгийг хэн нэгэнд яримаар болоод байдаг юм.

Чамайг зохиол мохиол бичдэг гэхээр нь ярьж, санаа амрав. Хэн нэгэн дэмий сул үгтэнд хэлсэнгүй гэж найдаж байна. Дотор онгойх шиг боллоо гэсэн юм. Орлогч дарга эгчийн ярьсныг өнөө бараглаж санахад ийм. Түүнээс хойш 14 жил өнгөрчээ. Сая орсон их цасны өмнөхөн хангайн тэр аймгийн төвөөр явдал замд дайран гарсан юм. Тэгэхэд эгчийн яриа эрхгүй тод санагдаж байна. Бууж байсан төвийн захын муу буудлаа олсонгүй. Нураагаад том байшин барьчихсан юм байж. Дээрх хайрын түүхэнд оролцсон хүмүүсийг сураглаваас, Даваасүрэн гуай намайг тийн явсан үеэс хойш хоёр гурван жилийн дараа, 2003-2004 оны орчимд өнгөрсөн юм байна. Төдөлгүй Цэвэлмаа гуай хот нүүжээ. Сүүлд 2008 оны өвөл Хорооллын эцсийн тролейбусны буудлын орчимд цагаан утас барьчихсан явахад нутгийн хүн таарсан гэнэ. Цагаан утсаар төлбөртэй яриулдаг шүү дээ. Хоёр охин нь хаа нэгтээ байдаг л бололтой. Надад энэ түүхийг хүүрнэдэг эгчийн нөхөр бурхан болж, өөрөө хүүхдүүдээ бараадаад Америк явчихаж… Баярбаатар гуай нь улс төрдөө тууштай зүтгэсээр сүрхий ч ахиж дэвшин, Яаманд дэд сайд хүртэл явжээ. Одоо хаана ч гэв дээ, гадаадад худалдааны том төлөөлөгчөөр сууж байгаа гэлээ. Дамдинсүрэн гуайгаас харин сураг гаргаж чадсангүй. Тэгэхэд орлогч дарга эгчийн яриаг унаа минь ирсэн ч хүлээлгэж байгаад цаг гаруй сонсож билээ. Гарахдаа цайны газраар шагайв. Өмнө нь “Баяртай” гэчихсэн байсан ч ийм түүх сонссоны дараа тэдний царайг эргэж заавал хармаар байсан юм. Даваасүрэн гуай гараад явчихаж. Цэвэлмаа эгч лангууныхаа ард юмаа цэвэрлэж зогсоно. Надруу дальдчин байж харав. Эгчийн харц “Наад харц чинь зүрхний минь шархан дээр давс үрж байх шиг болж байна шүү” гэх шиг болж билээ…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!