“НЭГЭН БҮСГҮЙН ЖАРГАЛТАЙ ӨДӨР”
ЖОГНООГИЙН БЯМБАСАЙХАН
Өнөөдөр Нэгдүгээр сарын сүүлийн өдөр тул Жаргалын цалин буужээ. Нийслэлийн бүх байгууллагууд цалингаа тавьж тэр хэрээр хотын дэлгүүр хоршоо, зах хөл хөдөлгөөн ихтэй, хүмүүсийн ааш зан ч аядуу зөөлөн, царай төрхөнд нь баяр баясгалан тодроостой. Маргааш ч бас ийм сайхан өдөр тохиож тэтгэвэрээ авсан настангууд аль нэг ач, зээгээ дагуулан үнэ хямдыг бодон зах, худалдааны төв хэсэн сар хэрэглэх хүнсээ цуглуулах гэж хэрэндээ зүдэрч, мачийна. Тэгэх бүрдээ хүнсний үнэ тэнгэрт хадсаныг гайхаж худалдагчийг үнэ нэмлээ гэж хардаж загнаад эцэст нь аманд ч үгүй, хамарт ч үгүй тэтгэврээ чамлан сонгосон гишүүнээ юу ч хийхгүй байна гэж харааж, зүхнэ. Тэгээд л маргаашаас эхлэн их хотын бухимдуу, бүүдгэр амьдрал хоёр долоо хоногийн турш хөвөрсөөр “аванс” цалин буухад хот дахиад гэрэлтэнэ. Дараа нь дахин хоёр долоо хоног хараал, хэрүүлтэй өдрүүд үргэлжилж, гундуу амьдралдаа бухимдсан олонх нь өчүүхэн жижиг зүйлд ч ач холбогдол өгөн шүүн хэлэлцсээр цагийг нөгцөөж, адаг сүүлдээ өөрийн амьдралын бүтэлгүйтэл, гачигдал зовлонгоо бусдаас хайн, хэн нэгэнд уур уцаараа тайлна. Ингэж байтал цалин бууж жаргалтай өдөр ирнэ. Сард ердөө гурван өдөр хүмүүс баяр хөөрөөр цалгиж бусад үед хөмсгөө зангидаж бие биенээ хажиглаж, уурсах ажээ. Жаргал ногоон халаатаа тайлж өлгүүрт өлгөөд сөдөн хүрмээ авч шурдхийн өмслөө. Эмнэлгийн хонгилоор түргэн түргэн алхсаар гадаа хаалга түлхмэгц нүүр нүдгүй шавхуурдах цасан шуурга түүнийг угтлаа. Доош тонгойн шуурга сөрөн алхсаар эмнэлгийн хаяанд байх супермаркет руу оров. АТМ дээр хүмүүс дугаарлан зогсож, өөр хоорондоо найрсагаар инээмсэглэн эхний хүн рүү харц шидэн “Яасан уддаг юм бэ” гэж дотроо адгаж, ээлжээ хүлээн догдолно. Жаргалын ээлж ирэхэд картаа шургуулж нууц дугаараа оруулаад үлдэгдлээ шалгавал дэлгэцэн дээр 185.000 гэсэн тоо зурайлаа. “Сувилагч байсан бол 235.000 төгрөг авахгүй юу” гэж тэрүүхэн хооронд асрагчийн ажлаа голон атаархаад картнаасаа бүх мөнгөө авав. Есөн ширхэг 20.000-ын дэвсгэртээ цүнхлээд картанд үлдэх таван мянгаараа дэлгүүрээс юм авна шүү гэж өөртөө шивнэн супермаркетаас бушуухан гарав. Супермаркетын бараа үнэтэйг мэдэх тул тэрээр шууд Хархорин зах орохоор автобусны буудал зүглэв. Нэлээд зайтай байх буудал өөд шуурга сөрөн алхсаар багагүй туйлджээ. Бас бодол нь түүнийг үймрүүлнэ. Автобус ирэхэд хулгайчаас болгоомжилж цүнхээ өмнөө тас тэврээд чихэлдэн суулаа.
“Буянаа эгчээс зээлсэн жаран мянгаа өгөхгүй бол болохгүй. Гэр түлээгүй гал алдахад ёстой тус болсон. Замаараа оруулаад өгөх юм шүү. Цаана нь 120.000 үлдэнэ. За байз, гурван мянга таван зуугаар арван шуудай нүүрс, дөрвөн мянгаар таван шуудай мод авахад тавин таван мянга болно. Унаанд таван мянгыг өгөхөд жаран мянга болно. Хоёр долоо хоног галтай гэсэн үг. Тэгээд жаран мянга л үлдэх нь дээ. Найман мянгаар нэг кг үхрийн мах, дөрвөн мянгаар хоёр цувдай авчихъя. Махаараа шөлтэй хоол, цувдайгаараа хуурга хийгээд идчихнэ. Нийлээд арван зургаан мянга болно. Жараасаа хасахаар дөчин дөрвөн мянга үлдэж байна. 10 кг нэгдүгээр гурил, гурван кг будаа, нэг ургамлын тос, гурван кг төмс, нэг кг лууван, хагас кг сонгино авахад бараг хорин таван мянга болно доо. Есөн мянгаар оо, саван, угаалгын нунтаг, хоёр нойлын цаас хангалттай авч хүрнэ. Өө мартах нь, хэрэглэл авах хэрэгтэй юм байна. За яадаг юм, хямд угаалгын нунтаг, гурван зуугийн нойлын цааснаас авчихъя. Тэгэхэд хэрэглэлийн мөнгө унана. Ингээд цаана нь яг 10.000 төгрөг үлдэнэ. Энүүгээр дараагийн цалин буутал унааны мөнгө хийчихнэ. Нээрээ картанд байгаа таван мянгаараа хоёр охиноо баярлуулах юм шүү. Хөөрхийс дуртай юмаа аваг” гэсэн бодолдоо сэтгэл хөгжсөн Жаргал өөрийн мэдэлгүй “Болж байна шүү” хэмээн хөөрцөглөн дуу алдахад автобусанд байсан хүмүүс түүн рүү гайхан харцгаав. Жаргал гурван тор дүүрэн хүнсээ дааж ядан Хархорин захаас гарч дахиад л салхи сөрөн хойш алхсаар есөн давхар байшингуудын хажуугаар өнгөрөн гэр хороолол байх арын дэнж рүү зүглэв. Бүүдийх тэнгэрээс цас хаялах зогссон ч үе үе хуйлран дэгдэх цасан хуй хацар нүүрийг часхийтэл ороолгох ажээ. Хүнд зүйлд гар чилж, хүйтэн салхи ноосон бээлийг нэвт хайрахад тэрээр түр зогсон тортой зүйлээ хөл түшүүлэн тавин амарч, бээрсэн гараа амьсгалаараа дулаацуулсаар явлаа. Ядахад халуун амьсгалд сормуус цантаж нүдээ анивчихад наалдах нь тээртэй аж. Бээлийтэй гарынхаа араар нүдээ нухаж арччихаад дахиад тортой зүйлсээ өргөн сажилсаар дэнж дээр ирэв. Түүний бодлоор өөр өөр ертөнц болох орон сууц, гэр хороолол хоёрыг үерийн ус зайлуулах шуудуу зааглаж, дээр нь барьсан бетонон гүүр холбоно. Гүүр өнгөрмөгц мянгын унаа гэгдэх хувийн жижиг тэргүүд угтаж жолооч нар “Унаа авах уу, ганцхан хүн аваад гарлаа шүү” хэмээн ам уралдан орилолдоод тортой зүйлсийг нь авах гэж тосон гүйлдэв. Жаргал тэд өөд “Унаа авахгүй ээ” гэж толгой сэгсрэхэд “Өө” гэсээр урамгүйхэн буцаж харин нэг нь түүний араас “Энэ цаснаар хөлдөж үхэх гээд алхахгүй юу” гэж хараал тавих ажээ. Тэрээр хамгийн эхний хашааны үзүүрт байх дээрээ “Хүнсний дэлгүүр, аптек, баар” гэсэн хаягтай байшинтай залгаа, ханан дээрээ “Солонгос комиссын хувцас” гэж бичсэн жижигхэн мухлаг руу явж оров. Тэнд лангуун дээр өрөөстэй хуучин хувцасны өмнө гурван хүүхэн эргэлдэн ухаж төнхөн цамц, өмд гаргаж ирээд биедээ барьж үзэн “Энэ аятайхан ч гэм нь материал муутай юм. Энэ онцгүй загвартай хэрнээ даавуу нь чанартай юм” хэмээн шаагилдан байлаа. Тэдгээр хүүхнүүдийн тарааж цацсан хувцсыг эмхлэх махлаг шар авгай хаалгаар цан татуулсаар орж ирсэн Жаргал руу толгой дохиод: -Манай хувцаснууд жинхэнэ “ориг” шүү.
Та нар захаас 20, 30 мянгаар хужаа цамц аваад үсрээд сар л өмсөнө. Сарын дараа тэр цамц чинь бөөстөж, өнгө нь гандаад, зах нь сэмэрч хог болно. Манай хувцаснууд Солонгосынх, дээр нь брэндийнх. Бараг шинээрээ, үнэ хямд. Таван мянгаар ийм чанартай, орчин үеийн загвартай цамц хаанаас ч авахгүй шүү хэмээн нэг амьсгалаар дуржигнуулав. Өнөөх гурван хүүхэн голж, шилж байж нэг нэг цамц, өмд аваад дуу шуу болсоор гарч одов. -Сайн уу, Буянаа эгч ээ? Таны өрийг өгье дөө. Жаахан удаачлаа, их баярласан шүү гээд Жаргал цүнхээ ухан түрийвчнээсээ мөнгө гаргаж ирснээ 10 мянгатын дэвсгэртээ халааслаад 20 мянгатын гурван дэвсгэртийг түүн өөд сарвайв. Мөнгийг аваад энгэртээ зүүсэн жижигхэн цүнхэнд нямбайлан хийх зуураа Буянаа: -Цалин чинь буугаа юу? гэхэд Жаргал инээмсэглэн толгой дохив. Хана түшүүлэн тавьсан тортой зүйлс рүү Буянаа хяламхийж “Хүнсээ цуглуулж явна уу” гэж амандаа бувтнаад: -Ингэхэд танай хар юмнаас сураг байна уу? Үгүй мөн бөх зүрхтэй хүн юм аа. Эхнэр, хоёр хүүхдээ хаяад нутаг руугаа гүйчихдэг гэж хашгичив. Түүний чанга дуунаас санаа зовсон Жаргал үүд рүү хялалзахад: -Хэн сонсдог юм. Сонссон байсан ч юундаа ичдэг юм. Би бол тэр мууг ирвэл сарьсан хоншоорыг нь тас цохиод хөөгөөд явуулна. Үхсэн хойно оо, эрийн оронцог ч бол доо гэж занав. -Ажилтай л яваа байх. Хавраас ирэх биз гэж Жаргалыг дуу муутай, аягүй дуугарахад Буянаа улам галзуурч: -Тэр муу ирээд яаж гийгүүлээ аж. Шууд хөөж явуул. Дулаарахаар ирж зусчихаад өвөл болмогц арилаад өгдөг, хун шувуу юм уу, тэр. Шувуу ч төрсөн үрээ орхихгүй дээ. Ажилгүй, унхиагүй, дээр нь архи гударна гэснээ “Чамд гар хүрдэг үү?” гэж гэнэт асуув. Жаргал толгой сэгсрээд: -Эзэмшсэн мэргэжилгүй болохоор хот газар ажил олдоход хэцүү л байдаг байх. Гутардаг байлгүй дээ гээд Буянаад амьдралаа ярьж, баахан зовлон тоочиж байгаад мөнгө зээлсэндээ дотроо бага зэрэг харамсав. -Хэцс. Ажил хийж чадахгүй, бас голно. Аягүй бол чамд гар хүрдэг дээ гэж Буянаа хардангуй хэлээд түүн рүү сэжиг бүхий харав. -Наймдугаар анги төгсөөд хар ажил хөөчихсөн бүхэл бүтэн нэг үе цаана чинь байна шүү дээ эгч минь хэмээн Жаргал хэлэхдээ хэн нэгэнд гомдсон гоморхол цээжний гүнээс огшиж хоолой нь зангирахыг мэдрэв. Тэдний нэг болсон өөрийгөө өрөвдөхдөө тэрхүү гомдлын гашуун шүлсийг харуусан залгилаа. Хэндээ ч гомдох билээ. Аав, ээждээ юу, өөртөө юу, төр засагт уу, энэ нийгэмд үү? Эцсийн эцэст боловсролгүйн хар балгаар үүний хариултыг ч олж чадахгүй, хий хоосон найдлага тээн урсгалаараа хөвж амьдарч яваа шүү дээ. Нүдэн дээр нь олон хүн хөвж ч чадалгүй живж одсоныг тэр харж байсан билээ. Тарчиг амьдралдаа гутарсан хөрш айлын залуу харааж зүхсэн зурвас бичээд тоононоос өөрийгөө боомилж амиа хорлосныг, хамар хашааных нь боломжийн амьдралтай байсан эхнэр нөхөр хоёрын бизнес бүтэлгүйтэн архинд орж, хүүхдүүд нь хог түүн гуйлга гуйх болсныг санав. Амьдралын урсгалд живчихэлгүйхэн шиг асрагчийн ажил хийж яваадаа тэр баярлаж байлаа.
-Охид маань намайг хүлээгээд байж ядаж байгаа. Би хөдөлье дөө гээд Жаргал тортой зүйлсээ авахаар тонгойход Буянаа түүнийг бус сургуульдаа явахдаа хааяа дулаацахаар орж ирдэг хүүхдүүдийг нь өрөвдсөндөө санаа алдав. Тэгээд өгөөмөр зан нь хөдөлж: -Хүлээж бай. Охиддоо энэ ноосон цамц, өмдийг өгөөрэй гээд лангуун дээрээс хувцас аван эвхэж торонд хийв. Жаргал Буянаа руу самгардан харж, юу хэлэхээ мэдэхгүй тэвдэхэд: -Мөнгө хэрэггүй. Охидод чинь бэлэглэж байгаа юм. Ядарч яваа цагт ядарсан хүмүүс л бие биедээ тусалдаг юм шүү дээ. Амьдрал хэцүү байна гээд яалтай билээ. Бид нарыг тоох хүн ч байх биш гээд сүүрс алдлаа. Жаргал тортой юмсаа барьсаар мухлагаас гаран мянгын унааны дэргэд нүүрс, мод зарах авгай нар дээр очив. Арван шуудай нүүрс, таван шуудай мод авч таван мянган төгрөг төлж байж жижиг тэрэгний багаж, арын суудал дээр чихэж тавиад гэр өөдөө замчиллаа. Хашааны хаалганы дэргэд цас манаруулан зогссон жолооч юу ч юм амандаа үглэсээр шуудайтай нүүрс, модыг чулуудан буулгав. Сая нэг түүний юу гэж бувтнаад буйг Жаргал ойлгов. “Хайран машин, хүн зөөх биш нүүрсний амбаар болчихлоо” гэж үглэх жолооч энд тэнд хэвтэх шуудайтай нүүрс рүү хялалзсанаа шүлсээ түй гэж нулимаад хаалгаа тас хийтэл хаан давхиж одов. Машины дуунаар хашаанд байх ганц гэрээс ес орчим насны охин хүрмээ задгайлчихсан гүйсээр хүрч ирээд хашааны хаалга онгойлгон “Ээж ирсэн дээ. Гоё доо” хэмээн дороо дэвхцэв. -Миний охин энэ тортой юмнуудыг зөөгөөд оруул. Ээж нь энэ нүүрс, модыг хураагаадахъя гэж хэлээд Жаргал шуудайтай нүүрсийг чирэв. -Энэ бээлийг ч өмсөлтгүй боллоо шүү гэсээр Жаргалыг амьсгаадан гэрт орж ирэхэд хоёр охин нь цомцойн сууж, нүдэнд нь оч гэрэлтэж шүүгээний өмнөх тортой зүйлс рүү харц унагах ажээ. Буянаагийн өгсөн тортой хувцсыг Жаргал аваад: -Май. Энэ өмд цамц. Гамтай өмсөөрэй гэхэд том охин нь шүүрэн авч хувцсыг гаргаж ирээд жижгийг нь дүүдээ өгөв. Хувцсаа өмсөж үзсэнээ: -Цамц яг таарч байна. Өмд жаахан богинохон юм гээд угаалтуурын дээр байх жижиг толины өмнө эргэлдээд гэнэт ханцуйгаа үнэртэж: -Гэхдээ энэ хувцаснаас эвгүй үнэр ханхлаад байх юм гэвэл Жаргал: -Дарагдсан үнэр биз. Миний охинд гоё зохиж байна. Алив тайлчих. Ээж нь угаагаад өгье гэлээ. Бага охинд хувцас арай томдчихжээ. Охин үүнийг тоосон ч үгүй шинэ хувцастай болсондоо баярлаж түрүүхэн өлссөнөөс гэдэс нь өвдөөд байснаа ч мартчихсан баяр хөөрт умбаж байлаа. Тэгээд сэтгэлийн хөөрөл нь бага зэрэг дарагдсаны хойно: -Ээж надад өөр гоё юм авчраагүй юм уу? Өлсөөд байна аа гээд ходоодоо дарав.-Ийм гоё хувцас авчирч байхад ээжээс өөр юу нэхээд байгаа юм? гэж том охин дүүгээ аашилснаа хулгай нүдээр тортой зүйлс рүү сэм харав. -Ээж нь дандаа хоол ундны юм л цуглууллаа. Гэхдээ та хоёртоо дэлгүүр орьё гээд мөнгө үлдээчихсэн. Өөрсдөө сонгоод гоё юмаа ав гэж Жаргалыг хэлэхэд охид “Ээ, гялай” хэмээн хашгиралдаж нүд ирмэхийн зуур гадуур хувцсаа өмсөөд үүдэн дээр очин зогсов. Жаргал картаа аван халааслаад цүнхээ хананы толгойноос өлгөв.
Гадаа салхи тогтож, бүрий нөмөрчээ. Тэд хөтлөлцөн алхаж инээлдсээр гудамжны үзүүрт байх дэлгүүрийн үүдэнд ирэв. Орохын өмнө Жаргал: -Ээжид нь яг 5.000 төгрөг байгаа. Энэ мөнгөнд тааруулаад та хоёр юм аваарай гэж яаран хэлж амжив. Бага охин нь дэлгүүр рүү ормогцоо урд зүгийн гоё чамин, эрээн мяраан элдэв янзын чихэр, бохь, гаа өрсөн шилэн лангуу руу гүйн очоод эргэж гар даллан эгчийгээ дуудав. Шилэн хоргон дахь зүйлсийг харж хэсэг зогссоноо бага охин: -За за. Би авах юмаа сонгочлоо гээд ээж рүүгээ харахад Жаргал: -Ав ав миний охин гэв. Охин лангуу дэрлэн зогсох худалдагч хүүхний онигор шар нүд рүү хулгангуй хараад: -Энийг, энийг, бас энийг авъя гэлээ. Худалдагч бүсгүй заасан зүйлийг нь аван: -Зуун тавийн наалддаг зурагтай бохь. Гурван зуугийн бугуйвчин гаа. Зуугийн иштэй чихэр. Нийлээд 550 төгрөг гээд лангуун дээр гаргаж тавив. Жаргал охиныхоо авсан юмыг хараад дотроо өмөлзөж, хариугүй уйлчих шахсанаа арай гэж биеэ барин нүүрэндээ инээмсэглэл тодруулж: -Миний охин өөр юм нэмж аваач. Энэ гоё жигнэмэг байна. Цэлцэгнүүр байна. Авах уу? гэхэд охины нүд гялалзан “Тэгье, тэгье” гээд бушуухан толгой дохилоо. -Чи юу авах вэ? гээд том охин руугаа харвал охин: -Та өөрөө мэдээд аваад өгчих гэв. Жаргал: -Энэ дээр нэмээд хоёр коровка жигнэмэг, хоёр цэлцэгнүүр өгчих. Нийлээд хэд болж байна? гээд халааснаасаа картаа гаргав. Худалдагч тооны машин дээр цохисноо: -5.550 төгрөг болж байна гээд охидууд руу харан хуурай инээмсэглэв. -Эндээс таван мянгыг уншуулчих. Энд задгай 550 төгрөг байгаа гээд Жаргал халаасаа ухан баахан зуут, тавьт гаргаж ирэхдээ автобусны мөнгө хэмээн хадгалсан 10.000 төгрөгөө унагачихав. Үүнийг харсан том охин нь: -Ээж та мөнгөө унагачихлаа гээд шүүрэн авахад Жаргал сандран доош тонгойсноо охиныхоо гарт байх мөнгийг хараад тайвширч: -Миний охин сайн барьж бай. Ээж нь энэ задгай мөнгө тоолоодохъё гэв. -Яг 550 төгрөг байна шүү гэж баярлан хэлээд худалдагчид мөнгөө өгөөд картаа авлаа. Охид жигнэмэг, цэлцэгнүүр, бохио гартаа тас атгачихаад дэлгүүрээс гармагцаа гэр өөдөө яаран гүйлдэв. Харьсны хойно том охин нь: -Гамнаж идээрэй. Түрүүлж дуусгачихаад надаас гуйгаад байдаг шүү гэж дүүдээ анхааруулаад жигнэмэгээ задлан нэг ширхэгийг аваад буцаан хумив. Жаргал будаатай хуурга хийлээ. Хоолоо аягалах зуураа гэнэт арван мянган төгрөгөө санаж: -Миний охин ээжийнхээ автобусны мөнгийг өгөөдөх. Мартчихна шүү гэхэд охин хүрмээ ухаад байхгүй байсанд өмднийхөө халаасыг эргүүлж тойруулан нэгжиж гарав.
Тэгээд: -Надад байхгүй байна. Би таньд өглүү? гэж тэвдэн хэлэхэд Жаргал бүх л халаасаа ухаж үзээд олсонгүй. -Би чамд дэлгүүрт барьж бай гээд өгөө биз дээ хэмээн бачимдан орилоод санах гэж сандал дээр лагхийн суулаа. Дотор нь харанхуйлаад ирэв. “Цалин буусны маргааш хэнээс мөнгө зээлнэ ээ. Ичмээр юм. Ядаж байхад маргааш яаж ажилдаа очно оо. Буянаа эгчийг хүлээвэл мөд ирэхгүй, ажлаасаа хоцорно. Сая дэлгүүрээс авсан юм аа буцаах уу” гэж бодоод охид руугаа харвал аль хэдийн задлаад талыг нь идчихсэн байлаа. “Маргааш яана аа” гэж бодох бүрийд цээж нь давчдаж, шаналахад уур нь дүрэлзэж өмнөө суух том охиноо тасхийтэл алгадаад: -Өнөөдөр хоол идэхгүй шүү, чи хэмээн багтран хашгирснаа өвөр дээрх хүрмээ ор руу чулуудлаа. Охины нүдэнд нулимс цийлэгнээд ирэв. Хацраа барин шуухитнах охин чимээгүйхэн орон дээрээ очин цааш харан хэвтэхэд мөр нь чичрэн байлаа. Дүү нь хоолоо хэд халбагадсанаа: -Би цадчихлаа гэж сулхан хэлээд эгчийнхээ хажууд очин сууж ээжийнхээ нүдийг хариулж байгаад “Май” гэж шивнэн нэг ширхэг цэлцэгнүүр гарт нь атгуулав. Жаргал түмпэнд талаар ус хийгээд зуухан дээр халаахаар тавив. Тэгээд Буянаагийн өгсөн хувцаснуудыг хумин авч овоолоод гадуур өмдөө тайлан дэргэд нь тавьлаа. Уур нь гарч өгөхгүй, дотор нь салганасаар байх ажээ. Ус халмагц зуухан дээрээс авч угаалгын нунтаг хийгээд өмдөө дүрэн базтал өндөгнийх нь үзүүрт жижигхэн хатуу зүйл тэмтрэгдэв. Арын халаасыг ухтал дөрөв нугалан эвхсэн арван мянгатын дэвсгэрт гараад иржээ. Хямгадахдаа л нугалаад, жижиглээд арын халаасандаа хийчихсан ажээ. -Энд л байна шүү дээ гэж Жаргал уулга алдсанаа: -Мөнгөө ээж нь арынхаа халаасанд нугалаад хийчихэж гэж хөөр баяртайгаар дуугарахад охин өндийн суугаад: -Би таньд өгсөн л байгаа биз дээ гэж хоолой цахиртуулан гомдолтой нь аргагүй өгүүлэв. Жаргал охиныхоо толгойг илэн: -За, ээжийгээ уучлаарай даа гээд хацар дээр нь шовхийтэл үнэслээ. Дүү нь: -Эгч ээ, хоёулаа хоолоо идье гээд түүний гараас угзрав. Арван мянган төгрөгөө олсон Жаргал бүсгүйн хувьд өнөөдөр үнэхээр жаргалтай өдөр нь байлаа. Зурагтаар “Миний ардын сэтгэл цагаан Мишээх царай нь итгэл дүүрэн …” хэмээн нэгэн залуу уянгалуулан дуулах ажээ. /Энэ өгүүллэг ХАШХИРААН номонд маань орж буй хотын өгүүллэг юм/