“НЭГИЙН ДАВААНД ХҮН ДУТААД БАЙНА ЧИ ГАРЧИХ ГЭДГИЙМ ДАА” ЭЛГЭЭ МЭДЭЭРЭЙ – БОЛСОН ЯВД

“НЭГИЙН ДАВААНД ХҮН ДУТААД БАЙНА ЧИ ГАРЧИХ ГЭДГИЙМ ДАА” ЭЛГЭЭ МЭДЭЭРЭЙ – БОЛСОН ЯВДАЛ

ЖИГЖИДСҮРЭНГИЙН НАМСРАЙ

Наяад оны дунд үе, Оросод сурдаг ганган оюутан зуныхаа амралтаар нутагтаа ирлээ. Наадмын урд өдөр ирсэн тул, нэг мөр аймгийнхаа (Сүхбаатар аймаг) наадмыг үзчихээд сумруугаа явахаар шийдлээ. Наадмын өглөө эртлэн босоод, талбайн гадуур хуушуур, бууз эргүүлж явтал, арван жилийн биеийн тамирын багш Дашдаваа (БНМАУ-ын начин) тааралдаад, бараг л мэндийн зөрөөгүй шахам, “Өө ашгүй чи ирчихээ юу? одоо бөх эхлэх гээд байна.

Нэгийн давааны аманд гарах цэргүүдээс нэг хүн дутаад байна, чи гарчих” гэдэг юм байна. “Үгүй ээ багшаа, надад зодог шуудаг байхгүй шүү дээ, тэгээд ч сандаалтай яаж барилдахав дээ” гэхэд, “За яахав багш нь зохицуулна аа” л гэж байна.

Ингээд багш намайг хөтөлж аваачаад, бөхийн асарт оноолт бичиж байсан хүн дээр ирээд бүртгүүлчихлээ. Энд тэндгүй л “хүрлээр цутгачихсан” юм шиг хөрслөг, хүдэр чийрэг биетэй бөхчүүд зодог, шуудгаа өмсөцгөөгөөд, гар хөлөө шажигнуулаад л гарахынхаа өмнөх бие халаалтаа хийцгээж байгаа нь үнэхээр сүрдмээр сайхан.

Тэдний сүр, хүчинд дарагдаад нэг хэсэг “гөлөрч” зогстол, багш хэзээний зодог, шуудгаа өмсчихсөн, нэг хүүхдийг дагуулж ирээд, “Алив, миний хүү түргэл, энэ ахдаа зодог, шуудгаа өгчих, та нар барилдах арай болоогүй байна” гэлээ. Хүүхдийн барилдаанд барилдахаар ирсэн бололтой арван хоёр, гуравтай л болов уу гэмээр хүү байна.

Би хэдийгээр бие жижигтэй, намхан ч гэсэн бас ч гэж хорь хүрчихсэн эр хүн чинь, арван хоёр, гуравтай хүүхдийн зодог, шуудаг арай л багадаад байлаа. Чихэж байж, арай гэж шуудгийг нь өмссөн чинь, ахар сүүл гарчихаад дээшээ явдаггүй дээ!

Багш: “Зүгээр зүгээр, дээр үеийн бөхчүүд бүгд л ийм байсан шүү дээ, чи кинон дээрээс зөндөө л хараа биз дээ?” гэж байна. Залуу байсан болохоор үе тэнгийн охид, бүсгүйчүүдээс ичиж байна гэж чихтэйхэн.

-“Нөгөө гадаадад сурдаг Намсрай чинь ирчихсэн, наадмын талбай дээр xoшногоо гялалзуулаад гүйж явна лээ” гэж хүмүүс ярихвий дээ, гэж бодохоос л“ яс хавталзаад байлаа. Гэхдээ тэр үеийн бид нар багш нарынхаа үгнээс ямар гарах биш дээ, яаж ч чадсангүй!

За зодог, шуудаг ч яахав, нэг юм “оронцогтой” боллоо. Одоо гутал байхгүй яана аа? ямар сандаалтай гаралтай биш! Тэгтэл, ашгүй багш хажуудаа сууж байсан засуул бололтой өндөр, янхигар биетэй өвгөнд хандаж,

“Та гутлаа (монгол гутал) түр өгөөд миний энэ гутлыг (хром) өмсөж бай, энэ хүүхэд (над руу заагаад) нэгийн даваанд өмсөж гарчихаад, танд аваад ирнэ” гэж байна. Өвгөн монгол гутлаа тайлаад надад өглөө.

Ямар том гутал вэ?! Над шиг намхан, тэр дундаа хөл богинотой хүн чинь, тэр чигтээ л хоёр хөл яваад орчихлоо. Түрий нь шууд шуудганд тулчихаад алгадах гуя ч байхгүй боллоо. Цагаан хоолойгоор, “Залуу бөх Намсрай гараарай!” гээд л дуудаад байна.

Ингээд шуудаг, гутлын түрий хоёр нь хоорондоо нийлчихсэн, гуя байхгүй, хавирга нь хэрзийсэн “өлөн цагаан” юм дэвэн дэвсээр гарлаа. Дэвэх ч гэж дээ, цав цагаан xoшного цухуйлгачихсан, гутлаа даахгүй шахуу юм, хоёр гараа чанх дээш нь өргөчихөөд жаахан гүйх аядаж байгаад зогслоо.

Барилдаж ч амжаагүй байж, гуталдаа тээглэж шургачиж уначих гээд болдоггүй! Хэрэв хэлээ унжуулчихвал, эр, бяраа үзэх гэж байгаа хүчит бөх биш, харин бууж өгч байгаа “япон” шиг л юм харагдахаар байлаа.

Эргэн тойронд бөхчүүд дэвж, шаваад л гуя, хонгоо “тас няс” хийтэл алгадаад л сүртэй байна. Би нь алгадах гуягүй хүн чинь гутлынхаа түрийн дээр дэмий л баахан “пад пад” хийлгэлээ. Наадамчин олон уухайлаад л, алга ташаад байхаар нь нэгэнт л гарсан юм чинь зүгээр бууж өгөхгүй юм шүү! гэж бодоод “яс” үзэхээр шийдлээ.

Надтай барилдах бөх нь аймгийн “арслан” цолтой, хайнагийн шар шиг том биетэй, дөч эргэм насны бүдүүн шар хүн байна. Барьц өгөхгүй л байх нь чухал! Нас тогтсон, бүдүүн хүн чинь амархан цуцах биз, тэгэхээр нь хөлд нь гүйгээд үзье! гэж бодлоо.

Барьц авах гэхээр нь л, жуулчдын гараас юм шүүрч аваад зугтаагаад байдаг, халуун орны “сармагчин” шиг л юм тойрч гүйгээд байлаа. Учраа бөх маань нэг хэсэг шаргуухан хөөж байснаа цуцаж байгаа бололтой, ташаагаа тулаад, амьсгаадаад, гэдийгээд зогсчихоор нь, энэ мөчийг л хүлээж байсан би хөл рүү нь “харавсан сум” шиг л юм дайраад орлоо шүү.

Тэгтэл нөгөө аварга “амьтан” чинь цочихдоо намайг өшиглөчихсөн чинь би ч буудуулсан элээ шувуу шиг л юм үсрээд явчихлаа. Өрөөсөн гутал ч сугараад уначихаж.

“Арслан” ах маань намайг өргөж босгоод, гутал өмсгөж өгөөд, духан дээр минь үнсээд “Сайн бөх болоорой!” гэж ерөөгөөд явуулж билээ… Би уг нь багадаа “мундаг” бөх болно гэж их мөрөөддөг хүүхэд байсан юм. Тэр цагаас хойш бөхийн спортоо бүрмөсөн орхисон доо!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!