“НУУРАА ЧИ ХӨЛДӨХ ГЭЭД Л БАЙНА УУ ДАА” ӨГҮҮЛЛЭГ

“НУУРАА ЧИ ХӨЛДӨХ ГЭЭД Л БАЙНА УУ ДАА” ӨГҮҮЛЛЭГ

Б.ЦООЖЧУЛУУНЦЭЦЭГ

Жаргал дөнгөж тайзнаас буугаад хувцсаа сольж, нүүрнийхээ будгийг арилгах санаатай толины өмнө суутал жижүүр охин “Түрүүн Самдан даргын туслах ярьсан. Таныг 3 цагт өрөөнд нь хүрээд ир гэж байна лээ” гэснээ хаалгаа зөөлхөн хаав. Жаргал инээвхийлэн “Одоо бүр амар. Туслахаараа дуудуулдаг болоо шив” хэмээн ганцаараа ярьж, нүүрнийхээ будгийг арилгаж суухдаа цагаа харвал дөнгөж 13 цаг болж байлаа. Тэрээр толинд удаан харж “Дуулим талын цэцгэрхүү хөөрхөн хүүхэн болж үү би…” хэмээн нүд амаа хөдөлгөн дуу аялж, гэгэлзээд байгаа сэтгэлээ дарж ядан суув. Аймгийн театрын шинэхэн дуучин, бас царайлаг, нуруулаг жүжигчин бүсгүйд бүхий л юм цоо шинэхэн. Нижигнэтэл алга таших үзэгчид, өөрийг нь тойрон эргэлдэх харчууд түүнд залуу насных нь ааг, амтыг мэдрүүлж байх шиг санагдана. Самдан … хэмээх тэр ахимаг эрийн тухай бодоход түүний сэтгэл бүр л хөнгөрөх шиг бодогдоно. Бараг жилийн өмнө Жаргал нэгэн арга хэмжээн дээр Самдантай нүүр тулан танилцаж билээ. Өөрөөс нь гуч гаруй насаар ах тэр ахимаг эр шинэхэн дуучин бүсгүйг шохоорхон харж, гарыг нь атгахдаа зөөлхөн инээвхийлсэн.

Тэр үед бүсгүй “Бүгд л Самдан дарга гэж айгаад байдаг. Ийм нүдэнд дулаахан хүнээс яагаад айдаг юм бол” гэж бодож байснаа гэнэтхэн санав. Тэр уулзалтын дараахан Самдан түүнийг хөдөө сумдаар дагуулан явж бүр ч дотно танилцсан байлаа. Үеийнх нь залуусыг бодоход халамжтай, нуруутай, нүдэнд дулаахан энэ эр нэг л түшигтэй санагдана. Тэгээд ч түүнийг Самдан даргатай учиртай гэдэг яриа тарж, театрынх нь найруулагчаас эхлээд дарга нар хүртэл болгоомжтой харьцдаг болсныг мэдснээс хойш Жаргал юунд ч санаа зовохоо болив. Энд тэндээс гадны зочид төлөлөгч ирэх бүр Самдан Жаргалыг дуудна. Хот хүрээ яваад ирэхээрээ гоё чамин бэлэг сэлт авчирна. Хүүхэд шигээ эрхлүүлэх Самдангийн хайр халамжинд Жаргал тун сэтгэл хангалуун байлаа. Тэд нэг бус шөнийг хамтдаа өнгөрөөж, ахимаг эрийн хайр энхрийлэл бүсгүйн сэтгэлийг өөрийн эрхгүй татаад байгааг тэр мэдэрч байлаа. Жаргал явсаар Самдангийн өрөөр үү орлоо. Нарийн бичгийн дарга залуу түүнийг харснаа бага зэрэг сандарч, “Та өрөөнд нь ороод сууж бай!” гэх нь тэр. Самдан байсангүй. Хэзээний танил дотно өрөөнд оронгуутаа Жаргал гадуур хувцсаа тайлж, хайш яйш орхиод Самдангийн сандал дээр суух зуураа -“Энэ нөхөр хаачсан юм бол. Ойрхон л яваа юм байна даа” гэж бодон, ширээний шургуулгыг татаж үзлээ. Том хайрцагтай гоё чихэр байхаар нь гаргаж ирж, задлаад нэгийг амандаа хийв. Түүнийг дуу аялсан шигээ сууж байтал хэн нэг нь өөрийг нь ажиглаж байгааг гэнэтхэн мэдрэв. Цочин хаалга руу хартал өндөр, махлагдуу бор авгай зогсож байх нь тэр.

Жаргал түүнийг хэзээ орж ирснийг үнэндээ анзаараагүй байж. Даргын сандал дээр сууж байсандаа балмагдаж, огло харайн босоод “Та Самдан даргатай уулзах гэж байна уу?. Одоогоор алга байна. Удахгүй ирэх байхаа” хэмээн түгдчин хэлбэл тэр авгай шууд явсаар яг өөдөөс нь хараад суучих нь тэр. Жар эргэм насны тэр эмэгтэй чимээгүйхэн инээмсэглэж “Самдан ирэхгүй. Ойрхон хөдөө явсан” гэхэд л Жаргал бүхнийг ойлголоо. “Эхнэр нь байх нь. Намайг Самдан биш, эхнэр нь дуудуулсан юм байна” хэмээх бодлууд ар араасаа давхцаж, айж, ичиж, нэрлэхсэндээ яарч сандран хайш яаш орхисон гадуур хувцас руугаа зүтгэв. Нөгөөх авгай юу ч болоогүй юм шиг өөдөөс нь харж “Суучих. Ярих зүйл байна” хэмээн намуухан хэрнээ цаанаа л нэг шаардангуй өнгөөр хэлэхэд Жаргал яаж ч чадсангүй. Бусдын нөхөртэй нэг оронд хамт хэвтэж байгаад баригдсан юм шиг санагдаж “Яах гэж наашаа ирэв ээ. Ядаж байхад Самдангийн сандал ширээг эзэгнээд сууж байхдаа ч яахав дээ” хэмээн бодож, нүүр нь халуу оргиж, сандарсандаа гар нь салгалан чичирч байсан ч тулаад ирсэн асуудлаас мултраад гарах ямар ч аргагүйг мэдэж үл таних тэр авгайн өмнөх сандал дээр лагхийтэл суулаа. Түрүүхэн амандаа хийсэн чихэр гашуун амттай байх шиг санагдахад гүдхийтэл залгичихав. Бүсгүйг анхааралтай ажиглаж байсан эмэгтэй чимээгүйхэн босч Жаргалын задлаад орхисон чихрийн цуглуулгыг авчиран өмнө нь тавьснаа “Чихэр ид” гэх нь даажигнаж байх шиг санагдав.

Жаргал сая л ухаан санаагаа төвлөрүүлж, биеэ барьж эхэллээ. “Ер нь би яасан юм. Энэ авгай бидний тухай юу мэдэх юм. Хэрвээ орилж хашгирвал өөрөө л эвгүй байдалд орно биз. Энэ чинь нөхрийнхөө ажил дээр ирж, туслахаар нь нөхрийнхөө нэрийг барьж намайг дуудуулаа биз дээ. Би яасан юм” хэмээн бодож, хэрэлдвэл ч, хэрэлдээд л гарна, хэрвээ эвгүйдвэл зодолдно яадаг юм. Энэ эхнэр үсдэж, хашгирч өөрөө л шившиг болно биз” хэмээн бодож шийдсэн хүний дүр гарган үл таних авгайн нүүр рүү огцом харж, “Би чихэр идсээн” хэмээн тун ууртай хэллээ. Жаргалыг нүд салгалгүй ажиглаж байсан үл таних эхнэр хэсэг чимээгүй сууснаа “Намайг Бурмаа гэдэг. Самдангийн эхнэр нь” гэж намуухан хэлэв. Түүний энэ үг нэг л бардам түрэмгий сонсогдоход Жаргалын ч гэсэн шар хөдлөөд эхлэв. “Намайг Жаргал гэдэг. Театрт…” гэтэл Бурмаа түүний үгийг шууд тасалж, “Мэднээ мэднэ… Дуучин. Чи арай өөрийгөө Самдангийн нууц амраг гэж” танилцуулахгүй юм байгаа биз дээ гэснээ инээвхийлэв. Түүний энэ үг саяхан л Жаргалын цээжийг нухаад байсан өнөөх шаралхуу бодлыг нам дарах шиг л санагдав. Үнэндээ Жаргалд хэлэх үг байсангүй. Бурмаа: -Би мэднээ… Та хоёр хаагуур, юу хийгээд яваад байгааг бүгдийг нь мэднэ. Чиний дуулахыг ч би олон сонссон. Сайхан хоолойтой юм билээ.

Нуураа чи хөлдөх л гээд байна уу даа. Нугас гэдэг амьтан чинь хөөрхий л болно доо… Айхтар гашуун үгтэй дуу шүү гэснээ бас л чимээгүй болов. Жаргалд үнэндээ хэлэх үг олдсонгүй. -Жаргал минь. Чи дөнгөж хорин наймтай. Миний бага хүүгээс хоёр дүү. Самдан бид хоёр ханилаад гучин зургаан жил болж байна. Энэ хөгшин өөрийгөө боддоггүй юм гэхэд хүүхдээсээ дүү хүүхдийн нэр төрийг бодохгүй байгаад би жаахан гомдоод байгаа юм. Энэ талаар би Самдантай ярьсан гэхэд Жаргал улам бүр мухардаж, яг л булан руу шахагдаж байх шиг санагдав. Гэхдээ л Самдан гэсэн нэрийг сонсоод Бурмааг зориг гарган харлаа. Түүний нүд асуултаар дүүрэн байгааг харсан эгчмэд хүүхэн нэг л гунигтай санаа алдсанаа -Самдан ч өөрийнхөө буруу юм хийж байгааг мэдэж л байгаа. Намайг чамтай ажлынх нь өрөөнд уулзахыг өөрөө зөвшөөрсөн юм. Тэгээд л нарийн бичигтээ хэлсэн байх. Цаадах чинь доор хуралтай байгаа гэх нь тэр. Энэ үг Жаргалын сүүлчийн хүчийг шавхах шиг л санагдав. “Өөдгүй амьтан. Өөрөө л эхнэртэйгээ учраа олно биз. Арай ч дээ гэж бодохоор л түүнд нэг л гомдолтой санагдаад болдоггүй. Цээжинд нь зангирч байсан ичгүүр, айдас түгшүүр гомдол, гоморхолтой нийлэн нулимс болон нүдийг нь бүрхээд ирлээ. Бурмаа түүнийг чимээгүйхэн харж байснаа “Одоо тайвшир даа охин минь” гэснээ цүнхээ уудалж, жижигхэн хайрцагтай зүйл түүний зүг сарвайв.

Жаргал нулимсаа арчин, авах эсэхээ мэдэхгүй тээнэгэлзэхэд “Охин минь ав ав. Би өгч байгаа юм. Жар хүрэх гэж байж, жаахан хүүхэд шиг аашилсан өвгөнийг минь уучлаарай. Эр хүний сэтгэл насаа дагаж хөгширдөггүй бололтой. Гэхдээ намба заах гэж бас нэг байдаг л баймаар юм хэмээн гунигтайхан инээмсэглэснээ “Манай хөгшнийг уучлаарай охин минь. Чи залуу хүн нэрээ, бас ирээдүйгээ бод” гэж хэлснээ явахаар завдав. Жаргал сандарч, жижигхэн хайрцагтай эдийг нээгээд хартал алтан ээмэг бөгж, гинжний хослол гялалзаж байх нь тэр. Сандарсан бүсгүй “Та үүнийгээ өөрөө ав. Надад хэрэггүй” гэтэл “Эгчид нь өвлүүлж үлдээх охин байх биш дээ. Хөгширсөн хойноо сэтгэлдээ хураасан хардаж харамлахын нүглийг нимгэлж, гарыг чинь цайлгах гэж чин сэтгэлээсээ өгч байгаа юм шүү” гээд гараад явчихлаа. Жаргал ажил руугаа алхаж явахдаа Самданг бус ганцхан Бурмааг л бодож байлаа. Ухаантай, уужуухан эхнэр хүн гэдэг өрх гэрээ насан туршдаа бүтэн авч явдаг юм байна гэдгийг тэр сая л ухаарч. “Энэ хүн хардаж харамлаж, сэтгэлдээ хураасан нүглээ нимгэлнэ” гэж ярьж байх юм. Тэгвэл би эхнэртэй ахимаг эрийн хайр халамжинд жаргаж явнаа гэж төөрч, бусдын сэтгэлд үлдээсэн тэр нүглээ би яаж цайруулах ёстой юм бэ? хэмээн бодохоор л цээжинд нь бөөн хар чулуу зүүгдсэн юм шиг санагдаад болдоггүй. “Нуураа чи хөлдөх л гээд байна уу… нугас гэдэг амьтан чинь хөөрхий л болно доо” гэсэн гэгэлгэн үгтэй, аргадаж зэмлэсэн ардын дууны үг түүний чихнээс салахгүй эгшиглэж байлаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!