“НУТГИЙНХАА АТАМАН, ОХИД ХҮҮХНҮҮДИЙН ЭРЛЭГ ЭРЛЭГИЙН ЭЛЧ ШАХУУ Л АМЬТАН БАЙЛАА…”
“УХААНТ ААВ МИНЬ…” – Ц.БААТАРСҮРЭН
Хэнтий аймаг явах яаралтай ажил гаран гэрээрээ орж солих хувцсаа аван зүүн аймгийн Драгон буюу Баянзүрх зорчигч үйлчилгээний төв дээр ирвэл автобус явахад гучаад минут дутуу явах хүмүүс тэр хавиар суух нь сууж зогсох нь зогсож цагаа хүлээн энэ тэрийг хийнэ. Жолооч бололтой эрд тасалбараа өгөн суудлаа заалган орвол аян замын нөхөр минь нэлээн уриалагхан нас ойролцоо багагүй нийтэч нэгэн байлаа.
Орж гарах залуус Оргил ахаа гээд сүйд болох ямар ч байсан хажууд суух хүнийхээ нэрийг мэдсэн тул ихэд танимхайран ойр зуурын яриа дэлгэх зуур ямар ажлаар холыг зорьж байгааг сэтгүүлч хүний сониуч зангаар асуувал би угаасаа тэр нутгийн хүн харин хотод сурдаг хүүгээ эргээд далимд нь Гандан ороод явж байна гэв.
Тэгж байтал бидний суусан автобус хөдөлж холын замдаа гарч, шуугилдаж байсан хүмүүс суудалдаа шигдэн сууж дэлгэцээр гарах хошин шог үзэж үе үе инээлдэж их хөгжилтэй явах агаад шинэ танил маань ч гэсэн инээд алдан энэ мөн авьяас шүү яаж ингэж сэтгэдэг байна аа хэмээн зогсоо зайгүй ярьж инээж, явлаа хотоос эртлэн гарсан унаа маань үдээс хойш Цэнхэрийн гуанз хэмээх газарт түр зогсож жолооч зорчигчгүй бүгд биеийн чилээ гаргах зуур өглөө эртлэн гарсан хүмүүс тул хоол цай олж идэхээр явлаа.
Бид ч хоол идэхээр хамгийн захын гэр рүү орвол -Өө Оргио сайн уу хаа хүрч явна хэмээн гэрийн эзэн танимхайран ямар хоол идэх үү асуусан харцаар биднийг ээлжлэн харах зуур би цуйван авна аа гэвэл тэгээ тэг эдний хоол их амтай хэмээн замын нөхөр минь дэмжээд би бас цуйван авахаар болж ширээнд суув.
Гэрийн эзэгтэй хоол хийхээр галаа түлэн тогоогоо тавив. Гэрийн эзэн халуун савтай цай өрөм ааруул барин ширээн тухалж цай аягалан хавар, хаваржаа ярина. Удалгүй хоол ч болон том том таваг дүүрэн цуйвангууд ширээ дүүрэв.
Аян замын амтай хоол унд идэж уусан бид автобусандаа сууж холын замыг дахин зорив. Гэнэт л хүмүүс шивэр авир гэх дуунаар сэрвэл бидний зорьсон газар ирж буй бололтой хүмүүс буухаар бэлдэж эхлэв “за манай нутагт ирлээ дээ, ажлаа эрт амжуулбал манайд ирээрэй” хэмээн аян замын анд минь утасны дугаараа өгөөд бууж одов.
Би ч зочид буудал гэсэн хаяг хайн харвал урд нэлээд холгүй зочид буудал гэсэн улаан хаяг анивчих бөгөөд тэрийг чиглэн алхав. Зорьсон ажлаа эртлэн амжуулаад буудалдаа ирээд гэнэт шинэ танилаа санан буудлын хамгаалагч залуугаас асуувал аан Оргио ах уу эндээс уг нь ойрхон хоёр байшингийн цаана байгаа та Оргио ахыг яаж таньдаг юм бэ тэр чинь манай нутгийн ганц чанга гар, охид хүүхний эрлэг, онгироо Оргио гэдэг байсан хүн шүү хэмээв.
Би өчигдөр хамт нэг унаанд сууж ирсэн юмаа өнөөдөр манайд ирээрэй гэсэн гэвэл тэгвэл би зааж өгье хэмээн хувцсаа өмсөн түрүүлэн гарав. Тийм мундаг aтaмaн тэгээд тийм олон охид хүүхэн зовоодог хүн үү хэмээх асуувал хамгаалагч залуу одоо та ороод өөрөөс асуу хэмээн инээд алдан за энэ байшин гээд саарал төмөр хаалгыг хүчтэй цохив.
Удаж удаж хаалга онгойж нүдэнд дулаахан эмэгтэй гайхан харав сайн байна уу Дэлгэр эгчээ энэ танай зочин Оргио ахын найз гэсэн гэвэл өө тийм үү ор ор гэж цааш эргэн миний хөгшөөн танай найз ирлээ хэмээн замчлан зочны өрөөнд орвол шинэ танил маань хоол идэж суусан бололтой босч за ажил төрөл амжсан уу морьтой явна яг хоол дээр ирлээ гэж инээд алдан суухыг урив.
Хоол идэн зочинд хэмээн задалсан хатуу юмнаас хоёр гурав татсан би эртнээс асуухыг бодсон охид хүүхний эрлэг, онгироо Оргио гэдэг хоч юм уу нэр юм уу зүйлийн талаар асуувал инээд алдан энэ талаар яривал их л хугацаа орно доо хэмээн гэргийгээ харан яриагаа эхлэв.
“Би чинь залуудаа энэ нутагт ганц байх эрлэгийн элч шахуу хүүхэд хөгшид айлгаж охид бүсгүйчүүд зовоосон хүн байлаа, аpxи их ууна, энд байх ганц дэлгүүрийн үүдэнд өдөржин ууж сууж, орж гарсан хүнээс аpxины мөнгө дээрэмдэнэ, залуусыг зoдно, юмыг нь булаана, элдэв юм болно оо.
Охид эмэгтэйчүүд надаас айгаад дэлгүүр орж чадахгүй би чинь энийг нь хараад надаас уур хүнгүй мэт аашилна, үүнээс л тэр охид хүүхний эрлэг, онгироо Оргио гэдэг нэртэй болсон юм даа. Тэр жил хотоос ирсэн шинэ аймгийн даргын охин зуны амралтаараа ирлээ, их хөөрхөн алаг нүд урт сормуустай өндөр аймгийн залуусын шүтээн болсон охин байх.
Нутгийн бүх хүмүүс надаас айж байхад энэ л надаас айхгүй, аймгийн даргын охин болохоор тэгдэг байсан юм уу, бүү мэд. Би элдэвлэж байгаад уйлуулаад л явуулна, маргааш нь юу ч болоогүй юм шиг дэлгүүр явж байна.
Нөгөө хатуу сэтгэлтэй хүнийг хайрладагүй хүн чинь нөгөө охинд дасаад дурлаад эхлэв ээ. Тэрийг харахаар тэрэнтэй ярихаар ээрч муураад хөгөө тарина аа, найзууд шоолоод л атaман зан ор мөргүй алга болно.
За тэгээд дурлалынхаа төлөө зүтгэлээ эргүүллээ, тойрууллаа нүүр өгөх шинж алгаа, найзууд чамайг тоохгүй ээ хотод найз залуу байж л таараа байхгүй байгаад чамайг тоолоо гэхэд гэрийнхэн л лав зөвшөөрөхгүй чи бол хамгийн муу залуу, энэ охин бол аймгийн даргын охин гээд дандаа болохгүй талаас ярина.
Харин би заавал эхнэрээ болгоно гээд зүтгээд байх эхлээд уухаа багасгалаа, хотоос хувцас захиад гадна талдаа анхаараад зарим ах нараас зөвлөгөө авлаа. Олон хүүхэдтэй нутгийн ах эр хүн зорьсондоо эмээлт морь харайсандаа гээд урам өгөх тэгээд зүтгэж гарлаа.
Ингэсээр сүүлдээ бид хоёр үерхлээ, бие биедээ хайртай боллоо хөтлөлцөөд гүйдэг боллоо, энийг харсан хүмүүс засаг даргад танай охиныг Оргио эргүүлээд байна эртхэн дээр холдуул гэсэн хов хүрсэн байсан. Нэг өдөр, өнөөдөр аав чамайг гэрт хүрээд ир гэнэ гэж тэр маань дуу муутай хэллээ.
Би ч их айлаа, сандарлаа, орой ч их хурдан боллоо, зүрх муутайхан хаалгыг тогшвол аймгийн дарга өөрөө хаалгаа тайлаад ор ор гэлээ ороод нөгөө охиноо нүдээрээ хайвал алга. Тэр гэрт байх миний таньдаг ганц хүн тэгтэл цаад өрөөнөөс засаг даргын эхнэр гарч ирээд орохгүй юм уу хүү минь гэлээ дагуулан том өрөөнд оруулж цай аягалан өгөв би ч гэм хийсэн хүн цомцойн суувал за хүү танай аав ээж бид арван жилийн нэг ангийн хүүхдүүд байгаа юм. Танай аав ээж их сайн хүмүүс харин хүү минь чи ямар замаар л яваад байна даа.
Би танай аавтай уулзаж ярилцсан охин та хоёрыг үерхэж байгаад их баярлаж байгаа, тийм болохоор миний хүү энэ замаасаа гарч эрдэм ном сур, миний охиныг хүн шиг авч яв гэж хэллээ ийм үг сонсоно гэж бодоогүй би баярласандаа тэр халуун цайг яаж ууснаа огт санадагүй юм, ийм сайхан үг сонссон би “би амлаж байна сайхан амьдарна аа” гэж хэлээд л гарч гэр лүүгээ гүйлээ. Аав ээждээ хэлбэл аав “тийм ээ хүү минь аав нь мэднэ, хүний бүсгүй үрийг зовоож болохгүй шүү” хэмээн хэмээн духан дээр минь үнэрлэхэд би асгаруулж гарлаа шүү.
Энэ миний бараг анхны нулимс байсан байх за тэрнээс хойш ч их уйлсандаа гэхдээ дандаа баярын нулимс байсан анхны хүүгээсээ эхлээд бүх хүүхэд дээрээ уйлсан шүү хүн нас явахаараа бас уйланхай болдог байх хэмээгээд урдах цайгаа уугаад за хадуураад өөр юм ярих гэж байна гэснээ, намар болж хань минь оюутан болж би аймагтаа 10-р ангид суулаа.
Завсраар нь хотруу ханьдаа очно хавар би 10-р ангиа төгслөө хайрт минь ирлээ ингээд л хадам аавын нэг өрөөнд амьдарч эхэллээ, зунжин нэхий түүхий эд хямд авч хотруу зардаг ажил буюу ченж хийлээ мөнгө ч овоо оллоо урамтай байлаа.
Аав ээжүүд баярлаад сүйд ер хүн гэдэг аз жаргалыг өөрөө атгаж байдаг юм шүү за ингээд л намар боллоо хоёулаа сурахаар хотруу явлаа миний хань гадаад хэлний дээд сургуульд сурна, би эдийн засгийн сургуульд сурна, хичээл тараад Арслантай гүүрнээс талбай ороод ханиа дагуулаад 4-р дэлгүүр рүү алхана, тэнд айлын хажуу өрөө хөлсөлнө, орой үдэш бааранд хамгаалагч хийнэ.
Тэгж байтал манай хүн хөл хүнд боллоо, орой үдэш ажиллаж болохгүй боллоо, тэгээд зарын сонин дээрээс 4-р дэлгүүрийн хажууд байх модон түцийг түрээслүүлнэ гэсэн зар харж эзэнтэй нь уулзвал сайхан зантай ах эгч сар сард мөнгийг нь авахаар болж манайх гэдэг айл дэлгүүртэй болов.
Хичээлийн зав чөлөөгөөр бараагаа зах барс хоёроос зөөнө, эхнэр маань хамаатныхаа охинтой ээлжлэн түцэндээ сууна. Зун эхнэр маань төрж хүүтэй болов, за ингээд жил дараалан эхнэр минь төрөөд сураад л түцээ ажиллуулаад, тэгж яваад сургуулиа төгслөө, ингээд нутгийн зүг хоёулаа хотод ирээд тавуулаа болоод буцлаа.
Хэнтийдээ ирээд хамгийн түрүүнд хотод байсан түцнээс санаа аваад 5 модон түц хийв. Өөрөө нэгийг нь ажиллуулаад бусдыг түрээслүүлнэ, ашиг орлого овоо л байлаа, сүүлдээ хүн болгон түцтэй болоод эхлэв, нөгөө таваа зараад байшингийн буланд нэг өрөө авлаа, тэрийгээ бөөний дэлгүүр болгоод хотоос бараагаа зөөж эхлэв, бусад дэлгүүрээс арай хямд зарна, бөөнд нь авбал бүр хямдарна гээд үзэж гарлаа.
Машин хөлслөх үнэтэй байсан тул нэг хуучин микро авлаа, өөрөө бариад хотоос бараагаа ачаад Хэнтийгээс арьс ширээ ачаад явж өгнө дөө. Ингэж байтал Хэнтийн ганц том дэлгүүр хувьчлагдах сураг дуулдав, асуулаа дэнчин тавина гэнэ, хүний 250,000 гэнэ тэр үедээ олдоогүй их мөнгө, хүнээс сурлаа ямар их мөнгө вэ гээд гайхаад байх, аав ээжүүдтэй зөвлөлөө. Ингэж ингэж дэлгүүрээ барьцаалах болов банк орлоо асуулаа. Болно гэж байна зориглоод хөдөллөө дэлгүүрээ хүлээлгэж өглөө бараагаа микрондоо ачлаа.
Дуудлага худалдаа эхэллээ, таван хүнээс би авсан байлаа, ингээд бүх мөнгөө тушаагаад дэлгүүрээ авлаа, жоохон засвар хийлээ мөнгөө дууслаа, дэлгүүртээ микронд байсан бараагаа тавилаа дэлгүүрийн нэг булан л дүүрлээ бусад нь хоосон. Хүмүүс хувьчлах буруу байсан, дэлгүүр хоосорлоо гээд хэл ам хийх шинжтэй.
Бодож бодож машиндаа түлш хийгээд хоосон хотруу гарлаа, замдаа бодлоо дэлгүүр авдаг зөв үү гэж ахин ахин бодлоо. Зах барс дээрээс бараа авдаг хүмүүстэйгээ уулзлаа, гуйлаа надад итгэлээ. Буцаад нэг зил 130 бараа дээр нь микро дүүрэн бараатай ирлээ зарлаа, өрөө төллөө, ахин авлаа, зарлаа төллөө, ахиад авлаа. Энэ хооронд бүл нэмээд долуулаа боллоо.
Үйл ажиллагаа өргөжлөө талхны цех. Ундаа, зайрмаг хийлээ. Ингээд амьдрал үргэлжлээд сайхан байна даа, одоо өвөө эмээ болох гэж байна. Би амласандаа хүрэх гэж хичээсэн, хийсэн гэж боддог надад итгэсэн аавууд ээжүүдээ их баярладаг.
Зорьсондоо хүрэх гэж хичээж зүтгэж байхад үргэлж хажууд минь байсан ханьдаа их баярладаг гэж хэлэн их орой болсон байна унтаад явах юм уу гэж хэлэх охид хүүхний эрлэг, онгироо Оргиог хараад бахархах хүндлэх сэтгэл төрж билээ. Гэрийн сайхан зант эзэгтэйн засаж өгсөн оронд хэвтээд хулжсан нойроо хүлээж хэвтэхдээ энэ гэр бүлийг бүтээсэн тэр сайхан аав ээжүүдээр бахархах сэтгэл өөрийн эрхгүй төрж билээ.