НУТАГ НУТГИЙН ШОГ

Хамар ба хөөрөг: Хөхморьт сумд Лхаасүрэн гэж эрэгтэй голдуу олон хүүхдийн эцэг, хааяа нэг зохиогоод ярьчихдагийг эс тоцвол хэнд ч хоргүй хээ шаагүй нэгэн аж төрдөг. Гялаан Жаажаа гэгдэх Лхагва гуай хоёул хэдэн жил хээрийн цай, хоолоо хувааж тууврын зам туулсан хоёр. Багадаа моринд өшиглүүлээд гэмтсэн учраас түүний хамар хацраасаа ялгарахгүй намхан нахиу бөгөөд архи уухаараа агсам дүр эсгэвэч гэм хор гэж нэг их шалихгүй. Тууврын замд хүн бүр л наймаа үсэргэх дуртай хойно нэг өдөр атганд багтамгүй манан хөөрөг өвөртлөн иржээ. Гандмал майхныхаа гадаа суугаад цайлах зуур хөөргөө гарган “3000-аар авлаа. Би мөн бэнчинтэй байгаа биз” гэж бусаддаа баярхан тамхилав. Нутгийн тууварчид хонь, үхрээ бөөрлөсөн болохоор бөөндөө ч байж таарчээ. Гараас гар дамжуулах тэд магтах, бас зарим нь арай хямд аваа байлгүй гэлцсээр Лхаасүрэнд хөөрөг ирж. Удтал шинжсэнээ “Бэнчинтэй байгаад ч яах вэ, Биендээ хамар байх биш” гэхэд нь Лхагва гуай таг болсон гэдэг.

Тормоо алдсан нь: Хоёр найз гунжин тэмээ булаалдаад шүүх, сэргийлэхдээ хүрчээ. Лхаасүрэн дийлдэх гарцаагүй болсонд Лхагватай “За яршиг, чи бид хоёрыг шүүхээр орлоо гээд жил сараар шуугицгаана. Чи тэмээгээ ав” гэж хэлж зөвшөөрүүлжээ. Хойтон жилийн ногоо цухуйх үед Лхагва нь тэмээгээ авахаар ганц шил хатуу дарс өвөртлөөд очиж гэнэ. Цай хоолны дараа Лхаасүрэн нь “Тормоо алдсан залхуу, Тогтоол уншаагүй шүүх хоёрт өгч байдаг гайдаа гарсан тэмээ алга. Гэвч холоос ирснийг бодож хоосон яаж буцаах вэ” гэж хэлээд уяандаа эргэцэх ботго руу зааж тохуурхжээ.

Уургаа олоогүй нь: Ардчилал сураггүй үед сумынхан албан ёсны биш ч гэлээ хэтрүүлэгтэй ярианы тэмцээн зохион дүгнэдэг байв. Харин уг тэмцээн цөөхөн хүний хүрээнд явагддаг байж. “Өнөө жил сайхан зун болох нь ээ. Талд ургасан таанын өтгөнийг яана. Үдэш орхисон уургаа өглөө босоод олохгүй сандарч байна” гэж нэг нь хэлэв. Дунд сургуулийн нярав Цэвээндорж ганжаа хариуд нь “Харин тэгэх нь ээ. Манай гэрлийн шонгийн мод цэцэглэж, навч нь гэр дээр унаж дарчих гээд амраадаггүй ээ” гээд тэргүүн байрт шалгарч байв.

Усан дотор тамхи татсан нь: Агент Пүрэвдорж гэж олон хүүхдийн эцэг, амины хэдэн атаа ачаалаад айлууд хэсч будаа гурил, цай тамхиар ард иргэдийг тасалдаггүй ажилсаг нэгэн байлаа. Хааяа нэг залахаараа урт улаан хэл гарган дорхноо баригддаг сонин зантайг нутгийнхан андахгүй. Нэг удаа Завхан голын тэртээд хадлангийн хэсэг ахлах үүрэг хүлээсэн агент үертэй гол гаталжээ.
Гэтэл агентийн морины ачаа хазайн усанд живэхэд авахаар ороод дээш харвал нөхдийн нь морины туурай яралзаад өнгөрөөд байх юм гэнэ. “Тэгээд яав?” гэвэл “Жаахан өндийвөл морины туурайд тархины ясаа цөмлүүлж мэдэхээс эмээн тас гэдрэгээ харан хэвтээд тамхиа ороож татчихаад гараад ирсэн” гэж яриад хэтрүүлэгтэй ярианы тэмцээнд хоёрдугаар байрын шагнал хүртжээ.

Өөртөө итгэсэн нь: Хөхморьтын Даваасүрэн, Жамбаа, хоёр ганц шил юм хуваан хорхойсоод хэн нь дэлгүүр рүү явахаа шодох болж. Жамбаа нь “Өнөөдөр барааны дэлгүүрт хоргой, номын дэлгүүрт шинэ ном ирсэнийг зарах гэнэ лээ” гэж хэлбэл Даваасүрэн нь үнэмшин “За би яваад ирье” гээд гарчээ. Удсангүй Жамбаа өөрийн хэлсэндээ итгэн “Үгүй нээрээ дэлгүүрт хоргой гарвал орой эхнэртээ дээлийн эмжээртэй, өөртөө унших шинэ номтой харих нь байна” гэж үглэсээр араас нь гараад дорхноо гүйцэж очсон гэдэг.

Агаарын юм алсдаа том: Цэргийн начин Баяртогтох гэж хэнэггүй хээгүй нь дэндсэн хүний хайлан нэгэн бий. 1979 онд армийн томчууд, бас байлдагч бөхчүүд оролцсон аварга шалгаруулах барилдаанд 44 бөхөөс 26 давж цэргийн начин цол авчихаад, түүнийгээ олгосныг мэдэлгүй халагдсан хэнэггүй эр. Ерээд оны эхээр архиваас нотолгоо гаргуулснаар цолоо авч байв. Тэр Бэрхийн ууланд даргынхаа тэргээр янгир хөөж, нэгэн загал тэхийг гүйцээд бууддагийн даваан дээр тэнгэрээс онгоц гэмээр том шувуу айсуйд арга буюу янгираа орхин зугтжээ. Тэр ийнхүү зугтааж явахдаа “Загал тэх яах аргагүй лусын амьтан байснаас зайлахгүй гэж дотроо залбирч бас ч үгүй их айж явав гэнэ. Тэгтэл өнөөх онгоц шиг том шувуу ойртох тусам жижгэрсээр, жижгэрсээр УАЗ-469 тэргэний урд хамар дээр подхийн унасан нь хачиг байж гэнэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!