НУЛИМСТАЙ УНШЛАА…

Эхнэр бид хоёр буузны жижигхэн гуанз ажиллуулдаг юм. Манай байнгын үйлчлүүлэгчид дунд Лхагва гариг бүрийн 15 цагт тогтмол ирдэг эмээ өвөө хоёр байдаг. Ихэнхдээ өвөө нь түрүүлж ирээд хүлээх боловч, бороо эсвэл цас орсон өдөр, цаг агаар муу өдөр эмээ нь түрүүлж ирээд булангийн суудалд суугаад хаалга ширтэн сууж өвөөг хүлээнэ. Эмээ өвөө хоёр хоорондоо нэг их юм ярихгүй, өөд өөдөөсөө хараад суучихаад бие биенийгээ ширтэн харж байгаа нь их л гунигтай байх бөгөөд үе үе нулимсаа арчина. Энэ хоёр хөгшин ямар учиртай улс юм болоо? хэмээн бууз чимхэн буй эхнэрээсээ асуухад эхнэр минь – харин ээ, эхнэр нөхөр хоёр ч юм шиг , үгүй ч юм шиг. Эхнэр нөхөр хоёр бол юунд ингэж гуанзанд нууцаар ирж уулздаг юм болоо? Жинхэнэ эхнэр нөхөр бол юунд ингэтлээ бие биенийгээ хайрын нүдээр хараад л суугаад байв гэж дээ. Эхнэр нөхөр биш юм шиг байнаа. Эсвэл анхны хайр нь юм болов уу? Иймэрхүү түүх байдаг шүү дээ, бие биедээ маш их хайртай байсан чинь гэр бүл, ойр орчмынх нь хүмүүс хориглоод суулгаагүй, тэгээд олон жилийн дараа санамсаргүйгээр тааралдтал анхны хайр нь гэнэт сэргээд л, гэхдээ харамсалтай нь хоёулаа тус тусдаа гэр бүлтэй болчихсон байдаг. Тийм учраас хааяа ингэж уулздаг байх гээд манай эхнэр драм бичиж байгаа юм шиг ургуулан бодоод ярьж байгааг сонсохдоо нээрээ тийм ч юм бил үү гэж бодлоо.

Бие биенийхээ төлөө гэсэн сэтгэл нь хэвээрээ буй, халуун хайрын нүдээр бие биенийгээ ширтэх энэ хоёр хөгшин ямартай ч байсан их л онцгой харилцаатай хүмүүс шиг санагдаж билээ. – “Байз, өнөөдөр эмээгийн бие ядруу харагдаж байх чинь. Царайных нь өнгө урьд ирдэгээс их өөр харагдаад байна.” гэж санаа зовон хэлэх эхнэрийнхээ үгийг сонсоод ажиглавал санаа дагаад ч тэр үү, нээрээ өнөөдөр эмээ нулимсаа ойр ойрхон олон удаа арчиж харагдана. Хоёр хөгшин захиалсан буузаа ч идэлгүй, өвөө мөнгөө төлчихөөд эмээг нуруугаар нь тэврэн гараад явчихлаа. Би эмээ, өвөө хоёрыг далд ортол ардаас нь хараа салгалгүй харсаар байлаа. Хариугүй сөхрөн унах нь уу гэмээр алхан буй эмээг тэврэн буй өвөө – ангаахайгаа далавчиндаа хумин тэврэн хамгаалах бүргэд мэт харагдана. Хоёр хөгшний энэ дүр зураг миний сэтгэлийг маш ихээр өвтгөв. Нээрээ энэ хоёр ямар учиртай улсууд юм болоо, манай эхнэрийн хэлдэгээр анхны хайртууд юм болов уу Хүн хөгширсөн ч, хайр хэзээ ч хөгширдөггүй хууль байдаг. “Бороо ороод эхлэх нь ээ, хурдлаарай” гэх эхнэрийнхээ дууг сонссон ч , би хоёр хөгшинд санаа зовсоор байлаа, бороо ороод эхэллээ дээ хоёулаа шүхэргүй явсан даа, дараа долоо хоногт ирэхэд нь би өөрөө тэдэнтэй эхэлж үг солиноо хэмээн бодлоо. Гэтэл дараачийн долоо хоногийн Лхагва гаригт эмээ, өвөө хоёр манай гуанзанд ирсэнгүй. Хоёр хөгшнийг хүлээсээр нэг мэдэхэд хоёр сар өнгөрчээ.

Хүн гэдэг ийм л байх юм, тэгж их санаа зовж байсан хирнээ өдөр тутмынхаа ажилд дарагдаад дорхиноо мартчих юм даа. Гэтэл хоёр сарын дараа Лхагва гаригийн 15 цагт өвөө гуанзанд маань ороод ирлээ. – Эмээ удахгүй ирнэ биз дээ гэж намайг асуутал өвөө – Эмээ нь ирэхгүй ээ, тэнгэрийн улс руу явсан гэлээ. Эхнэр бид хоёр барьж байсан тавгаа унагааж хагартал цочирдов. Өвөөгийн гунигтай яриаг сонсоод бид хоёр амаа ангайсан чигээрээ зогсохдоо үнэхээр харамсаж байлаа. Эмээ, өвөө хоёр нэг гэр бүлийн хоёр гэнэ. Хоёр хүүтэй бөгөөд өвөө нь том хүүгийн гэрт, эмээ нь бага хүүгийнхээ гэрт амьдарч байжээ. – Та хоёр муудалцаад салсан байсан юм уу?гэхэд -Бид хоёр муудалцаагүй юм аа, хоёр бэр маань хоорондоо муудалцаад, том бэр маань :” адилхан хоёр хүү нь байхад яахаараа ганцхан манайх хоёр хөгшнийг хоёуланг нь харах ёстой гэж, адил тэгш хуваарилана” хэмээн бид хоёрыг хүүхдүүд маань салгаж харахаар болсон юм. Тиймээс хоёр хөгшин тусдаа хол хол амьдардаг тул долоо хоногт нэг удаа цаг болзож манай гуанзанд уулздаг байжээ. -Хөгшин маань тэнгэрийн улс руу түрүүлээд явчихлаа. Одоо би л үхчихвэл болно. Тэгвэл бид хоёр тэнгэрийн улсад мөнхөд хамтдаа байна даа хэмээн хэлээд цонх руу ширтэх өвөөгийн хацрыг даган нулимс урсана…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!