MngNews

“НОМИН ЦЭНХЭР АЛЧУУР” ӨГҮҮЛЛЭГ

Х.ДУЛАМСҮРЭН

Гурав хоногийн өмнө надруу залгаад охинтой болсоноо баяртайгаар дуулгаж байсан танил бүсгүй минь өнөөдөр өглөө дахин надруу залгалаа.. -Сайн уу Гэрэлээ би байнаа, Саруул байна, танайх руу очихоор такси бариад явж байна ,чи гэртээ байх уу, таксины мөнгөгүй явж байгаа болохоор мөнгийг минь төлчихөөрэй тэгэх үү, юу болсоныг би чамд очиж байгаад ярья, гээд их л сандарсан байдалтайгаар хэлэхэд нь, би ямар нэг юм болж дээ гэдгийг дууных нь өнгөнөөс гадарлалаа. – За тэгээ хө, би гэртээ байна, хүрээд ир гэсээр утсаа таслав. Цаг гаруйн дараа Саруул манайд ирлээ. Хүүхдээ төрүүлээд барагцаагаар арван дөрөвхөн хонож байгаа тэрээр нялх охиноо ариун цэврийн том алчууранд ороочихсон, өөрөө гэрийн улавчтай явж байв. Нэлээд таагүй юм болж дээ гэдгийг хараад л ойлгосон би түүнээс олон юм асууж төвдөлгүй, мэндлээд… таксины жолоочоос хэдэн төгрөг гарсаныг нь асууж тооцоог нь хийгээд гэрт орцгоолоо. Чи минь яасан бэ, зүгээр үү гэж намайг гайхсан өнгөөр сая л нэг ухаан орсон мэт асуухад – Найз нь хачин байдалд орчихоод явж байнаа, хүнд худалдаалагдах шахлаа шүү дээ гэхэд нь би түүний юу яриад байгааг нь сайн ойлгосонгүй. -За миний найз эхлээд хүүхдээ хөхүүлээд амраад сууж бай, гэртээ байгаа юм шиг тухлаад сууж байгаарай, найз нь хурдхан шиг хоол цай бэлдээдхье, энэ бяцхан гүнж ядраа байлгүй дээ гэж хэлэнгээ охиныг нь авч орон дээр хэвтүүлээд, гал зуухны өрөөрүү хоол цай авчрахаар орлоо. “Хэдхэн хоногийн өмнө л надтай ярихдаа, гайгүй сайн солонгос хүнтэй суусан, охинтой болсон гээд л их л баяртай ярьж байсан. Гэтэл гэнэт юу болоо юм бол, үгүй ядаж хүүхдээ өлгийдөх өлгийгүй байна гэж баймааргүй юм даа, алчууранд ороочихсон байхдаа яахав дээ нялх амьтныг, живх ч байхгүй шүү ариун цэврийн цаас хийчихсэн харагдав уу даа, арай ч дээ, дулаахан газар орон тулдаа л хүйтэнд бол яанаа, тэгээд худалдагдах шахлаа ч гэх шиг, юун сонин юм яриад байгаа юм бол, за ямар ч байсан сайхан шөл хийж өгъе нялх биетэй хүн нэлээн ядарч яваа бололтой” гэж бодох зуураа хурдхан шиг цай, шөл бэлдэв.

Шөл цай өмнө нь тавьж өгчихөөд, ойр зуурын хэдэн үг сольсон болоод, – За миний найз жаахан амраад цай хоол идээд сууж байгаарай найз нь хурдхан шиг гарч дэлгүүр орчихоод ороод ирье гээд гарч явлаа. Олигтой ч мэндийн зөрүүгүй хоол цай өгчихөөд яаран гарсаны учир нь охинд нь живх даавуу авч өгөхөөр сандарч гүйсэн минь тэр. Нялх үрийг яаж алчууран дээр хэвтүүлэх билээ дээ. Дэлгүүрээс охинд нь живх даавуу, ойр зуурын хэрэгцээний зүйл, найздаа шинэ шөл хийж өгөхөөр үхрийн мах аваад орж ирлээ. Охин ч унтчихсан бололтой чимээгүй байв. Саруул хажууд нь жаахан ч гэсэн сэтгэл нь амарсан байдалтай сууж байлаа. -За найз минь одоо тэгээд яриад байгаарай юу болоо вэ, үнэндээ чиний саяны хэлсэнийг сайн ойлгосонгүй гэсээр намайг дөхөж суутал, тэрээр өөртөө тохиолдсон явдал, амьдралынхаа зах зухаасаа хоолой зангируулан ингэж ярьсан юм. -Найз минь, чи миний амьдралыг тэгтлээ сайн мэдэхгүй байх, одоо би чамаас юуг нь нуух билээ, өөр надад очих газар хандах хүн ч алга. Таван жилийн өмнө би анх Солонгос улсад ирж байлаа. Тэр үед анхны нөхөр болох том хүүгийн маань аав наашаа ирээд хэдэн сар утсаар ярьж, холбоотой байснаа хэл чимээгүй алга болсон юм. Би гэдэг хүн үнэндээ нөхрийнхөө араас хайж ирсэн ухаантай. Гэтэл бараа сураг нь тасраад байсан хүний чинь сураг нь монголоос гарч ирсэн. Намайг ирэхийн өмнөхөн энд ирээд өөр хүнтэй суучихсан. Тэгээд шинэ эхнэрээ дагуулаад надтай зөрөөд монголруугаа буцчихсан байсан. Надад энэ тухайгаа хэлээгүй би нэг танилаасаа олж мэдсэн юм. Эхлээд итгээгүй л дээ. Дараа нь үнэн болохыг нь мэдээд их хэцүү байсан. Хүн гэдэг сонин шүү өөрийг нь санаад бэтгэртлээ хүлээж суугаа үр хүүхэд, хань ижлээ орхиод хэл чимээгүй сураг тасарч, бусдыг хайрлаад явж чаддаг, хатуу даа, их хатуу. Гэтэл би ямар их санаа зовж байсан гээч, амьд мэнд л байгаасай гэж өдөр бүр залбирч байлаа шүү дээ хэмээн ярьж суухдаа Саруул хааяа хааяахан хацрыг нь даган урсах нулимсаа чимээгүйхэн арчиж байв. Гэвч түүний яриа дөнгөж эхлэж байгааг би анзаарч байсан юм. Одоо түүнд үүнээс ч хэцүү зүйл тохиолдсон нь ойлгомжтой байв. Хорвоо заримдаа түүний хэлсэн шиг хатуудаа дэндүү хатуу байдаг хойно доо. Энд ирээд хэл ус ч сайн мэдэхгүй, хүн танихгүй дээр нь нөгөө хойноос нь хайж сураглаж ирсэн нөхөр маань өөр хүнтэй суугаад явчихсан байдаг. Их хэцүү байсан, сэтгэл санаагаар ч нэлээн унасан аргаа бараад, буцъя гэж бодож байтал нэг залуу их тус болсон. Монголд өр зээл тавиад ирсэн буцаад ч яах билээ. Ардаа үлдсэн хүүгийнхээ төлөө ажил хийж, хэд гурван төгрөгтэй болоод явахаар шийдсэн юм.

Сэтгэл санаагаар унаж учраа олохгүй явахад минь тус болсон тэр залуу монголд эхнэртэй хүүхэдтэй байсан. За тэгээд энд ямар эхнэр хүүхэдгүй хүн гэж бараг байх биш, дэм дэмэндээ гэгчээр түүнтэй хэдэн жил хамт амьдарсан. Хүний газар зовж явахад хүнд хүн л хэрэг болдог юм билээ. Тэр залууг буруутгахгүй ээ, надад чадах чинээгээрээ тус болж байсан хөөрхий. Жил гаруйн өмнө нөгөө залуу маань гэрээний хугацаа нь дуусаад монголруу эхнэр хүүхэдрүүгээ буцсан. Дахиад л би ганцаардаж эхэлсэн. Тэгээд гайгүй солонгос хүнтэй суучихвал, амьдрал ахуй дээшлээд, монголоос хүүгээ аваад ирж болох юм гэсэн бодол төрж байлаа. Тэр үед бодлыг минь таасан юм шиг хамт ажилладаг үйлдвэрийн эзэн нэг өдөр хоолонд оръё гэж урьдаг юм байна. Яваад очтол эхнэртэйгээ, бас нэг солонгос хүн дагуулаад ирчихсэн сууцгааж байсан. Идэж уугаад л нөгөө хүнээ жигтэйхэн их магтаж байнаа. “Гайгүй сайн хүн чамд хань болно, өмнө нь хүнтэй сууж байгаагүй, үр хүүхэдгүй, монгол бүсгүйтэй сууна гээд байгаа юм гээд л эзэн авгай хоёр зэрэг зэрэг магтаад л. Нөгөө хүн ч надад талтай байгаа нь мэдрэгдэв. Харахад нүдэнд дулаахан, даруухан гайгүй л хүн шиг санагдсан. Ер нь би ч хүн танихдаа их тааруу юм, анхныхаа амьдралд ч ханиа зөв таниагүйгээс алдсан хүн дээ, гээд Саруул нэг их уртаар санаа алдсанаа яриагаа цааш үргэлжлүүллээ. Тэгээд тэр хүнтэйгээ төд удалгүй суух амьдрах болж, монголруу хамт явж хуримаа хийнэ, бал сараа тэмдэглэнэ гээд л их олон сайхан зүйлийн талаар ярилцаж амлаж байв. Удалгүй бие давхар ч боллоо. Түүнтэй суухаар эргэлт буцалтгүй шийдсэн тул гэрт нь очсон. Хөгшин настай ээжтэйгээ хөдөө амьдардаг. Амьдрал нь тийм ч сайнгүй хүмүүс болохыг очсон эхний өдрөөсөө л мэдрэв. Одоо би яах билээ, ядаж байхад бие давхар байдаг. Энийгээ ч мэдээд намайг жирэмсэн болсон хойно гэртээ аваачсан юм билээ, сүүлд бодоод байхад. .. Хэчнээн хүүхэд өнчрүүлэх билээ би, хэсэгтээ тэвчихээр шийдсэн.

Өглөөнөөс орой хүртэл эмгэнтэй хамт ногооны талбай дээр ажиллаж байв. Урьд өмнө нь гайгүй өнгөтэй зүстэй явсан бол тэр солонгостой сууснаас хойш бүр хэцүүдсэн тулгар биетэйг ч хэлэх үү, том том байцаа ногоо зөөнө. Заримдаа зугтаад яваад өгмөөр санагддаг байсан ч хүүхдээ төрүүлчивэл бүх юм арай гайгүй болох юм шиг санагдаад итгэж хүлээсээр байв. Тэгээд ч том гэдэстэй би хүний нутагт хаачих билээ. Монголруугаа явъя гэтэл очоод амьдрал тийм сайн биш болохоор өөр гарц байгаагүй л дээ. Гэтэл охиноо гаргаад арай дээрдэнэ гэж бодсон минь эндүүрэл байв. Хүүхдээ төрүүлээд эмнэлэгээс гарч ирэнгүүт байдал нэг л биш болж ирсэн. Нөгөө сүйд болоод байсан эмгэн чинь бараг надтай дуугарахгүй, заримдаа хүүхдийг минь аваад хэдэн цагаар өгөхгүй өрөөндөө ороод хаалгаа түгжчихнэ. Нөхөр маань ч надтай бараг уулзахгүй зугтаагаад ч байгаа юм шиг, нэг л сонин. Хааяа гаднаас цоожлоод гараад явчихна, юм хэлэхээр дуугарахгүй үл тоомсорлосон маягтай. Иймэрхүү байдалтай хэд хоногийг өнгөрөөв. Гэтэл хоёр хоногийн өмнө над дээр орж ирсэнээ, огт танихгүй хүн шиг нэг л хүйтэн өнгөөр -Ирэх баасан гаригт манай найзууд эндээс нэлээн зайтай, хөдөө тосгонд уулзалдаж хамт хоолонд орохоор болсон чи хамт явна шүү, энийг өмсөөд яваарай, үс гэзгээ аятайхан янзлаарай гээд хэзээ ч надад авч өгч байгаагүй, даашинзыг бараг л нүүрлүү минь чулуудчихаад гарч одов. Сайхан сэтгэл гаргаж намайг найз нөхөдтэйгээ танилцуулах гэж байгаа гэхэд арай л биш ээ. Нэг л учир битүүлэг санагдаад байв. Маргааш орой нь нөхөр нэлээн халамцуу ирсэн. Би охиноо тэврээд өрөөндөө сууж байсан юм. Нөхөр маань ээжтэйгээ хоол идэнгээ их л чухал зүйл ярьж байгаа бололтой дуугаа нэг намсан, нэг өндөрсгөж байв. Сүүлийн хэд хоног нэг л сэжиг бүхий санагдаад байсан болохоор охиноо унтуулчихаад хаалганы хажуунаас тэдний яриаг сонстол яах аргагүй миний тухай ярьж байнаа. …Юүрий… гээд л солонгосоор намайг тэгж дуудаг байсан юм. Нөхөр, -Ээжээ, та одоо санаа зовохгүй амьдарч болно, хүү нь зөндөө их мөнгөтэй болно, Юүрийг хэд хоногоос аваачиж өгөхөөр болсон. Овоо хэдэн төгрөг надад өгнө гэсэн, харин та охиныг сайн хараад байж байдаг юм шүү гээд л… би юу сонсох нь энэ вэ, нүд минь харанхуйлж, чих шуугиад учраа олохоо болиод, хурдан л эндээс зугтъя гэсэн бодол толгойд орж ирсэн. Тэглээ гээд харанхуй шөнө хаачих билээ, гэж хэлсэнээ Саруул мэгшин уйлав. Одоо ч гэсэн түүний чих шуугиж, нүд нь харанхуйлсаар байгаа бололтой.

Тэгээд шөнөжингөө бодсоны эцэст өнөөдөр ээжийг нь түр дэлгүүр явсан хойгуур охиноо тэврээд зам дагаад гүйчихсэн. Айхад аргал хөдөлнө гэгчээр араас хүрч ирээд чирээд аваад явчих юм шиг санагдаад хичнээн айж ирэв ээ, азаар нээх хол явсангүй такси таарлаа. Манайх чинь хөдөө зэлүүд, тал шахуу газар байдаг болохоор их хэцүү. Ядаж байхад өглөөнөөс хойш намайг зугтах гэж байгааг гадарласан юм шиг эмгэн хүүхэд авчихаад өгдөггүй гэж хэлсэнээ Саруул жаахан тайвширсан бололтой өмнөх цайгаа авч уув. Түрүүнээс хойш амьсгаа авах завгүй шахуу чих тавин алмайрч суусан би, сая л нэг сэхээ авч өмнөө тавиад бараг мартсан шөлнөөсөө халбагадан уув. Түүний яриа надад үлгэр шиг эсвэл зохиол ч юм шиг тийм хачин, санаанд багтамгүй санагдав. -Арай чиний бодож байсан шиг биш байлгүй дээ найз минь, чи солонгосоор буруу ойлгосон байх. Төрөөд удаагүй нялх биетэй эмэгтэйгээр яах юм бэ, тэгээд нялх үрээ ч гэсэн яах болж байна, тэр хүн чинь муу сайн ч гэсэн хүүхдийн чинь эцэг шүү дээ, миний найз л буруу ойлгосон байх -Үгүй ээ би солонгосоор сайн ойлгодог, яах аргагүй тэр хоёр намайг бусдад зарах талаар ярилцаж байсан -За тийм амархан юм гэж юу байдаг юм бэ,.. арай эд, эрхтэн….за за үгүй байлгүй дээ санаанд ер нь буухгүй юм байна гээд би итгэж ядсан өнгөөр хэлээд. “ийм зүйлийг кинон дээрээс л харж байсан болохоос миний эргэн тойронд үзэгдэж, сонсогдож байсангүй, сонин юм даа” гэж бодох зуураа -За миний найз одоо амардаа ядарсан биз. Оройноос өглөө сэргэлэн гэдэг, өглөө хоёулаа маргааш тухтай ярилцаж байгаад шийдье, одоо тэгээд ер нь яах бодолтой байна гэж намайг асуухад, Саруул -Яах юу байхав дээ, найз минь хурдан монголруугаа буцъя, чи л надад тус болж үз, өөр хандах хүн алга даа, араас хайж ирээд олоод авах вий, гэхээс айж байна, муу найз чинь хүний газар бусдад зарагдах нь байна шүү дээ. Намайг энд ор сураггүй алга болвол олж авах сураг тавих хэн ч байхгүй. Өөдсийн чинээхэн хүү, хөгшин ээж хоёр минь л намайг нутагтаа хүлээж суугаа. Намайг гэх өөр хүн байхгүй шүү дээ. Хамаатан садан гээд ганц хоёр ах дүүс байгаа ч, намайг гэхээсээ илүү мөнгө л гэдэг хүмүүс. Магадгүй тэр байдлыг маань ч надтай сууна энэ тэр гэж явахдаа судалсан л даа энэ хүн. Ямар нэгэн татлаа байхгүй, харж хандах хүнгүй болохоор дэндүү амар санагдсан биз гэж хэлээд Саруул уртаар санаа алдав.

Түүний нүдэнд айдас хүйдэс, дааж давахын аргагүй гуниг зовлон хургаастай байв. Хөөрхий нялх охин нь энэ бүхнийг ойлгосон уу, эсвэл тайван амгалан газар ирээд сэтгэл нь амарсан уу, үнэгчлэн нойрсож байв. Бид ч амарцгаалаа. Маргааш нь эртлэн босож ээж охин хоёрт цай хоол хийж өгөөд гурвуулаа гарлаа. Гэр оронтой нь холбогдох утас, охинд нь өлгий даавуу, өөрт нь өмсөх нэг ээлжийн хувцас авч өгөөд, замаараа маргааш өдөр нисэх онгоцны билетээ ч авч амжав. Гэрт ирсэн хойно Саруул гэрийнхэнтэйгээ холбогдлоо. Очих болсон тухайгаа ээж, хүү хоёртоо хэлтэл тэдний баярлаж байгаа гэдэг нь жигтэйхэн. Нарийн учир зовлонгоо хэлсэнгүй, хэлээд ч хэрэггүй биз дээ. Нэлээн дотно байдаг бололтой ээжийнхээ дүү хүүхэнлүү залгаж, яагаад гэнэт буцах болсон тухайгаа зах зухаас нь дуулгалаа. Гэтэл тэр эгч нь – Чи тэр хэнийг нь ч сайн мэдэхгүй солонгосын “шээc”-ээр яах гэж байгаа юм, энд ирээд чамд гай л болно. Наанаа хаа нэг газар орхичихоод ирэхгүй юу гэж ирээд л зандарч байх юм. Саруул -яалаа гэж дээ эгч минь, би хүүхдээ хаана орхих билээ. Би чинь эх хүн шүү дээ, тэгээд ч би хүүхдээ энд тэнд хаяад явчихвал гэмт хэрэг болно биз дээ, хэмээн цөхөрсөн арга нь барагдсан өнгөөр хэлээд чимээгүй болов. Надад тэдний яриаг сонсож суух хүсэл ч төрсөнгүй нөгөө өрөөндөө орлоо. “Хөөрхий дөө найзын минь зовлон дуусах болоогүй л юм байна даа гэж бодох зуур түүнийг өрөвдөн сэтгэл сэмэрч, өөрийн эрхгүй цэлэлзээд ирэх нулимсаа сэмхэн арчсаар суулаа. Маргааш өдөр нь би Саруул түүний охин хоёрыг онгоцны буудал дээрээс үдэж өглөө. Саруул надад баярласан сэтгэлээ илэрхийлээд тэвэрч үнсэв. Түүний хацрыг даган нулимсан дуслууд бөмбөрнө, доош алгуурхан унах нулимсан дуслууд тэвэрч зогссон үрийнх нь нүүрэн дээр хайр найргүй буухад, унтаж байсан бяцхан охин нулимсны чимээнээр сэрвэлзэн цочиж, өлгийгөө хацраараа шөргөөн, уруулаа өмөлзүүлэн өмгөнөлөө. Түрүүнээс хойш түүнийг өрөвдөн харж зогссон би тэсэлгүй өөрийнхөө хүзүүнээс номин цэнхэр алчуураа тайлан бүсэнд нь зүүж өгөв , Энэ алчуур надад олон удаа аз авчирч байсан хайрын үнэтэй алчуур… Амьдралд дөнгөж ирээд зовлон бэрхийн үүдэнд хиргүй тунгалаг заяагаа даатгаж буй энэ нялх үрийн ирээдүйн зам сүүн мөртэй гэгээн байгаасай гэж дотроо залбиран залбиран, азын цэнхэр алчуураа бэлэг болгон өгсөн минь тэр ээ. Харь нутагт хатуу хөтүү бүхнийг биеэрээ туулаад буцаж яваа ээж охин хоёрын цаашдын амьдрал хэрхэн эргэхийг хэн мэдэх билээ. Ямартаа ч Монголын минь салхи тэднийг маань тэврэн үнсэж угтсан гэдэгт би итгэнэ…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!