“НАМСРАЙ” ӨГҮҮЛЛЭГ – Бодит түүхээс

“НАМСРАЙ” ӨГҮҮЛЛЭГ – Бодит түүхээс

БАЗАРНЯМЫН ГАНСҮХ

Манай суманд навсгар Намсрай хэмээн нэрлэгдсэн орон гэргүй эзгүй айлын нурах дөхсөн байр саваар хэсүүчилж амьдардаг нэгэн хүн амьдардаг байлаа. Түүний насыг хэн ч үл мэднэ. Чааваас сургууль соёлын мөр хөөгөөгүй юм болохоор насыг нь асуувал 5 гэж хэлнэ. Бодвол тавын тоог их л гэж бодоод байх шиг байгаа юм. Голын ус зайрмагтахаас өмнө очиж усанд орно. Өвөлдөө бол хаанаа ч орох билээ дээ. Зуны цагт усанд орж байхад нь хүүхдүүд очиж эргээс чулуу хөөлгөнө. Хөөрхий толгойгоо барин доош суугаа харагддаг. Дэлгүүрийн ойр орчмоор явахад юм авчих вий хэмээн худалдагч нар хөөх шахам явуулна. Гуанзанд орж хүмүүсийн үлдээсэн хоолны үлдэгдлийг идчихээд гарна. Гарахдаа зүгээр гарахгүй ээ захиалсан хоолоо идээд дууссан мэт хэн ч аяга тавгаа хураахгүй байхад Намсрай аягаа хураагаад инээмсэглэн гарна. Үүнд гуанзны эзэн баярлаж түүнийг өрөвдөж хөөлгүй гаргадаг байлаа. Заримдаа үүдэнд нь унтсан харагддаг.

Хэнд ч гэм хор хийдэггүй түүнийг зарим нэгэн нь нүдэнд орсон хог мэт үзэн ядна. Зөвхөн тусламж хэрэгтэй үед л түүнийг харах өнцөг өөрчлөгддөг байх. Хааяа айлын түлээ зөөж гараар нь битүү өргөс орчихсон гудамжны үзүүрт түүнийгээ түүж суугаа харагддаг. Ижил буруу гутал, хоёр өвдөг нь цоорсон өмд, нэг ханцуй нь тохойгоо хүртэл урагдсан цамц, бас нэг саарал малгай. Түүнд жилийн дөрвөн улиралд ээлжлээд өмсөх хувцас даан ч алга. Зарим нэг нь багадаа баян айлын хүүхэд байсан юм гэнэ лээ гэхэд зарим нь төрөлхийн согогтой хэмээн ярьцгаана. Нэгэн өдөр манай сумын хэнхэг Доржоо хоёр дөчийн бетон тэргэн дээрээ тавин өнөөх Намсрайгаар түрүүлээд өөрөө хажууд нь тамхи татан яваа харагдав. Халуун зунаар хүний хөлс урсгачихаад атга боорцог ч өгөлгүй гэрээсээ яг л хулгайч хөөн гаргаж буй мэт хашаанаасаа түлхэн гаргаад хаалгаа тас хийтэл хаагаад гэртээ орлоо. Миний ч уур хүрч муу Доржийг нам цохиод уначихмаар байвч хэн хожих билээ дээ. Би машинаасаа буун түүн дээр дөхөн очвол намайг хараад бушуухан хашааны булан эргэх гэснээ миний гаран дахь талхыг хараад над руу горьдлого тээн зогслоо.

Би гэрлүүгээ харих замдаа авсан талх хиамаа түүний гарт бариулбал гаранд нь тэрэгний бариулын ором орж улайжээ. Тэрээр уутнаас нь бушуухан гаргаж идэж гарлаа. Миний нүдэнд нулимс бүрхэж машиндаа суувал миний хүү: аав аа та түүнд юу хэлсэн юм бэ тэр биднийг хараад уйлж байна ш дээ гомдоох үг хэлээгүй биздээ гэвэл арай гэж нүдэнд тогтож байсан нулимс минь хацар даган урслаа… Намрын сэрүүн орлоо модод навчсаа гөвж усны шувуу дулаан орноо зорин нуураа орхин буцав. Өдөр бүр л хүүхдийн тоглодог сааданд ирж хажууханд нь байдаг хогийн савыг хаясан юмаа эрж байгаа мэт онгичон үздэг тэрээр энэ өдөр ирсэнгүй. Би өдөржин хүлээж хүүгээ цэцэрлэгээс нь аваад буцах цаг боллоо. Хуучирсан хувцсаа өгье гэж торонд хийгээд гарсан боловч гэрлүүгээ аваад харихаас хэмээн бодоод явж байтал өнөөх маань нэг хөлөө чирэн их л зовиуртай явж байгаа харагдав. Би гүйн очин учрыг асуувал нэгэн настай хөгшнийг олон нохойнд бариулж байхыг хараад салгах гэж өөрөө махаа гартал хазуулж.

Гэвч хэн ч түүнийг бусдын өмнөөс амь насаа үл хайрлан тэр олон нохойн дунд орсон гэж бодолгүй харсан бүгд л зайгаа барин зугатах шахам явна. Дамдин Нараа хоёрын оёдлын цехээс гал гарч байна гэсэн дохио аван гал командын машин дуудлага аван бүгд бэлтгэлээ хангаад тэднийхийг зорилоо. Гал нэг давхараас гарсан бололтой Нараа эгч охиныг минь авраач хэмээн орь дуу тавин уйлж зогсоо харагдав. Аврах ангийнхан галыг унтрааж доторх зүйлсийг зөөж харагдана. Гэтэл байшин дотроос бидний үзэн яддаг нохойноос дорд үздэг хүүхдийн элэг доог хөгшид залуусын доромжлол болсон Намсрай өөрийнхөө муу цамцаар охиныг ороочихсон тэврэн гарч ирлээ. Бүгд л тэдний зүг хурдалж Нараа эгч Намсрайгаас охиноо шүүрэн авч баярлалаа ч гэлгүй эмнэлэгийн машинд суун хөдөллөө.Охин ашгүй амьд гарлаа эвий минь гэхээс хэн ч Намсрайг хүний амь аварсан ачтан гэж ярих битгий хэл харах ч үгүй гэр гэрийн зүг явцгаалаа. Шатаж дууссан хоёр давхар байшингийн дэргэд хөөрхий Намсрай энд тэнд цог үсрээд шатсан өмдтэй ганцаар үлдлээ… Тэр цагаас хойш Намсрайг хэн ч хараагүй юм гэнэ лээ магадгүй надаас өөр хэн ч тэр хүнийг дурсан санадаггүй байх./Бодит түүхээс сэдэвлэв/

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!