“НАДАД ХАНЬДАА ГОМДОХ ЭРХ БАЙХГҮЙ ЭЭ” БОДИТ АМЬДРАЛААС

“НАДАД ХАНЬДАА ГОМДОХ ЭРХ БАЙХГҮЙ ЭЭ” БОДИТ АМЬДРАЛААС

“Далавчгүй Сахиусан Тэнгэрүүд” Групп – Хуулбарлахыг хориглоно

Би их романтик хүн л дээ. Кино үзээд уйлна. Киноноосоо гарж чадахгүй сэтгэл эмзэглэнэ. Хүний нүдэнд энгийн л харагдах дэвтрийн хуудас миний нүдэнд нугалаад хийсгэж болох онгоцны дүрс болж харагдана. Цас орж байхад цасанд заавал хүрж хурууныхаа үзүүрийг дааруулж байж хүйтнийг мэдрэх дуртай. Бороотой өдөр цонхон дээр зүрх зурж гэгэлзэх дуртай гээд би их романтик эмэгтэй л дээ. Харин маш санамсаргүй тохиолдлоор тамирчин залууд дурлачихсан юм. Мэдрэмжиндээ хөтлөгдөөд тэр залууг хайрлаж халамжилж эхэлсэн. Харин тэр миний нүдээр хорвоог огт харж чаддаггүй хэхэ. Их тайван дөлгөөн сэтгэл хөөрөл багатай хүн. 3 жил би түүнийг ханхүү шиг харж хайрлаж гэнэтийн бэлэг suprise байнга барьж хөөцөлдөж байж бид эхнэр нөхөр болсон. Хөөцөлднө гэдэг нь гэрлэх санал тавьхыг нь хүлээж би гурван жил догдолсон ч эцэст нь тэсэхгүй өөрөө саналаа тавьж байлаа.

Тэмцээнд яваад гадаадаас ирэхэд нь сарнайн дэлбээ асгасан шалан дээр бөгжтэй хайрцгаа тавиад өөрөө хамгийн гоё дээрээ тавиад жазз дууны ая гэрээрээ дүүрэн хангинуулаад хүлээж байгаад ороод ирэхэд нь нүдийг нь таглаад бөгжтэй хайрцгаа атгуулж билээ. Хамгийн инээдтэй нь тэр бүхнийг харчихаад юу гэж хэлсэн гээч “Цалин чинь буусан юм уу хайраа” гэсэн юм даа. Гэрлэх саналаа эмэгтэй нь өөрөө тавьж байхад шүү дээ. Би чинийхээ хажууд өглөө болгон сэрж баймаар байна, эхнэр чинь баймаар байна гээд бөгжөө өгөөд хариулт хүлээн нүдрүү нь ширтэхэд толгойгоо маажснаа ” Хэхэ тэг тэг” гэж үү. Урамгүй ч юм шиг урамтай ч юм шиг ингэж хайртыгаа жолоодож хөглөж бүх л шийдвэрийг би гаргасаар 4 жил болжээ. Үржээд дөрвүүлээ болсон. Одоо болтол ханхүү маань бүдүүн баараг хэвээрээ. Миний төрсөн өдрийг мартчихна. Охиноо хэддүгээр цэцэрлэгт явдгыг мэдэхгүй. Угаалгын машинаа яавал хувцасаа эргүүлээд угааж эхэлдгийг ч сонирхдоггүй, романтик кино үзэж байхад шүлсээ гоожуулаад унтчихна, хос цамц аваад өгөхөд өмсөхгүй дэрлээд унтчихна.

Гоё гоё хоолны нэр мэдэхгүй их хоол л байвал болоод явчихна, будаатай шаазанд вино хундаглаад намайг төрсөн өдрөөр маань гэртээ хүлээж авсан гээд л хэзээ ч романтик мэдрэмж суухгүй ханьдаа маш их хайртай. Яг л хоёр эсрэг тэсрэг хүмүүс бид хоёр. Тийм болохоор ч тэрүү хэрэлдэж огт үзээгүй. Гомдоллоод үглээд хамар шархираад баахан үг шидэлж байхад сонгуулийн дүн юу гэнүү гээд зурагт чангалж байх жишээтэй. Орой нь уур гараагүй буруу хараад хэвтэж байхад бид гурвыг давхраар нь хүрздэж хамаад л энгэртээ тэврээд унтчих жишээтэй хэхэ. Халк залуу маань маргааш гэртээ ирнэ. Тэмцээнд яваад ирэх бүрт нь гэнэтийн бэлэгтэй угтдаг л даа. Газар тарааж өнгө нэмж чимсэн сарнайн дэлбээг маань хайраа энэ өвснүүдийг хаанаас олсон юм гэж байсан түүхтэй. Тэгэхээр арай өөр л гэнэтийн бэлэг мэдрэмжгүй залуудаа бэлднэ дээ. Бид хар цагаан болохоор хамтдаа нийлж зөөлөн хатуу болохоороо нэгнээ түшиж эсрэг тэсрэг болохоороо ингэж оршиж байгаа ч юм билүү гэж ханьдаа гомдоллох эрх байдаггүй юм өө. Би Халк залуудаа хайртай…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!