“НАГАЦ АХ МИНЬ” ӨГҮҮЛЛЭГ

Э.ЧИНЗОРИГ

Би нагац ах дээрээ өссөн хүүхэд л дээ. Олон жилийн өмнө эцэг эх хоёр минь өөд болоход би 9 настай балчир хүүхэд үлдсэн юм. Түүнээс хойш ээжийн дүү болох Баяраа ах намайг асран хамгаалахаар болсон билээ. Тэр үед ах маань 21 настай ч аймагтаа л нэртэй авто засварын газар ажилладаг хөдөлгөөнтэй нэгэн байсан юм. Мэдээж тустай гэр оронгүй тул манайд бид хоёр амьдарч эхэлж билээ. Урд нь надтай үргэлж тоглож намайг өхөөрдөн энхрийлдэг байсан болохоор би нагац ахдаа тун ч элгэмсэг байсан юм. Баяраа ах цалингаа маш зөв зохистой хүргэж байсан санагдана. Хоол унд, түлээ нүүрс, хувцас хунар болон бусад зүйлсд зарцуулдаг байсан. Мөн миний тэжээгчээ алдсаны тэтгэмжийг авчирч хэрэгтэй зүйлсд хэрхэн зарцуулсанаа тайлагнаад үлдсэнийг нь миний хуримтлалын дансанд хийж өгдөг байж билээ. Одоо бодоод байхад 21 насны идэр залуухан хүү амьдралын ухаанд айхтар суралцсан байж гэж бодогдохоор. Түүнээс хойш 3 жил өнгөрлөө. Энэ үед Баяраа ах үе үехэн аpxи ууж халамцуу орж ирэх боллоо. Намайг хичээлээсээ ирэхэд гэр үргэлж галтай дулаахан байдаг байсан бол одоо ахын оройтож ирэх нь олширч бүр заримдаа гадуур хоноглодог болсон байв. Хэдий тийм ч урьдын адил хэрэгтэй зүйлсийг минь хүргэж хичээл сургуулийг минь таслуулж байсангүй. Нэг удаа би “та аpxи уудаг болчихсон юм уу? гэж асуухад надруу нүдээ бөлтийлгөн хараад инээмсэглэн “яалаа гэждээ агаан дүү, агаа нь ганц нэг ууж үзсэн, ёстой муухай юм байнлээ шүү. Ахиж тийм муухай юмыг хэрэглэхгүй гэж бодож байгаа” гэж хэлээд хамраа үрчийлгэн “чи ч бас хойшдоо уухгүй гэж амла” гэж хэлээд намайг дарж гижигдэх гэж оролдов. Уухгүй гэж амла! Тэгэхгүй бол гижигдэхээ болихгүй шүү!! гэлээ.

Би ч элэг хөших шахан байж “Амлаж байнаа, амлаж байна, битгий гижигдээд байлдаа” гэж арай ядан хэлж байлаа.Үнэхээр тэр цагаас хойш ах минь аpxи амсаагүй юм. Хүний амьдрал болсон хойно жаргал зовлон ээлжилсээр би төгсөх ангийн сурагч болсон байлаа.Энэ үед ах минь нэгэн бүсгүйтэй үерхэж байж билээ. Өнгөрсөн хугацаанд ах минь өөрийн хичээл зүтгэлээр хувийн авто засварын газар байгуулж амьдрал ахуйн тогтох тийшээ болсон ч манайд хамт амьдардаг хэвээрээ л байсан юм.Манайх ч гэждээ, угтаа ах бид хоёрын өдий хүртэл хамт амьдарсан гэр минь. Нэгэн орой ах минь найз бүсгүйгээ гэртээ урих болсоноо хэлж бэлдэх хэрэгтэйг сануулав. Бид хоёр хэрэндээ сандарч гэр орноо цэвэрлэж мөн ойр зуурын юм зэхэн ширээ заслаа. Гэрийн голд тавьсан ширээн дээр улаан бүтээлэг бүтээж голд нь лаа асаахаа мартсангүй. Энэ бүхнийг бэлдэж буй ахын хамрын хөлс нь бурзайж сандран байгааг нь хараад “Хөөрхий дөө муу ах минь, одоо ч хань ижилтэй бололгүй яахав” гэсэн бодол төрж бас миний төлөө зүтгэж явсан бүхнийг дурсан өрөвдөх ч шиг болж билээ. Хоёр эрийн амьдардаг гэр орон гэж сүйдтэй зүйл үгүй хэдий ч ямартаа ч бохир заваан биш тун чиг цэвэрхэн тохилог тул сэтгэл амармаар. Болзсон цаг дөхөж ах минь гарч найз бүсгүйгээ дагуулан орж ирлээ. Ах минь бие бялдар сайтай муугүй царай зүстэй хэдий ч үнэхээр яаж тоосон юм гэмээр сайхан бүсгүй ороод ирэх нь тэр. Цав цагаан царай, бэлхүүсээ хүртэл урт хар үс, дэрвэгэр алаг нүд, өөрт нь дэндүү зохисон жижиг нимгэн уруул.

Эхэндээ бид 3 биеэ барьж олигтой зүйл яриагүй ч хэсэг хугацааны дараа халж ах бид хоёр хамтын амьдралын бүтэлгүй зүйлсээсээ ам булаалдан ярьж нэгэн үдшийг наргиантай инээд хөөртэй өнгөрөөж билээ. Энэ цагаас хойш бид гурав амьдарч нэг жилийг ардаа орхин би оюутан болж хотруу явлаа. Намайг явах үед ах минь надад миний нэр дээрхи хуримтлалын дансыг өглөө. Тэр дансанд ямар их мөнгө хуримтлагдсан байсан гээч. Бүр 4 битгий хэл 10 жил сурахад ч хүрэлцэхээр мөнгө байлаа. Өнгөрсөн хугацаанд ах минь илүүчилж биш илүү гаргаж хийдэг байсныг нь тэр үед л ойлгож ахаараа ямар их бахархаж байсныг үгээр хэлэхийн аргагүй байсан санагдана. Намайг явсаны дараа ах минь байранд орж миний гэрийг хурааж хашааг нь түрээсэлж үлдээлээ. Би 4 жил автын инженерээр амжилттай сурч төгслөө. Энэ хугацаанд ах минь 2 сайхан хүүтэй болж мөн өөрийн бизнесээ өргөжүүлэн хотод нэгэн салбараа байгуулсан байсан юм. Одоо би тэр салбар хариуцсан автын инженер хүн болсон. Ах минь ирэхээрээ намайг захиралаа гэж дууддаг юм.”Чи чинь намайг бодвол их сургууль төгссөн боловсролтой хүн, миний захирал байлгүй яахав” гэж инээнэ. Ай хөөрхий… Миний нагац ах ямар бурхан ухаантай хүн юм бэ. Олон жилийн өмнөх балчир хүүгийн өнчин сэтгэлийг дэвтээж уйтгар гунигийг нь үргээн төрсөн ахаас дутуугүй халамжлан хүмүүжүүлж намайг зөв замд хөтлөн оруулсан буянтан минь.Одоо би тань дээрээ очиж явна. Найз охиноо дагуулаад очиж явна. Хамт амьдарч байсан хоёр эрийн бүтэлгүй дурсамжаа ам булаалдан ярьцгаана даа хоёулаа…

One thought on ““НАГАЦ АХ МИНЬ” ӨГҮҮЛЛЭГ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!