“МУУ ХАНЬ, МУУ ЭР ХҮН ЯМАР Ч САЙХАН ЭМЭГТЭЙГ ХОРМЫН ТӨДИЙД ГУНДААДАГ…” БОДИТ АМЬДРАЛААС

“МУУ ХАНЬ, МУУ ЭР ХҮН ЯМАР Ч САЙХАН ЭМЭГТЭЙГ ХОРМЫН ТӨДИЙД ГУНДААДАГ…” БОДИТ АМЬДРАЛААС

“Далавчгүй Сахиусан Тэнгэрүүд” Групп – Хуулбарлахыг хориглоно

Би одоо 34 настай, миний бага залуу насны амьдрал тийм ч дардан байсангүй, гэхдээ өнөөдрийн гэрэл гэгээг атгаж авах том хөшүүрэг болсон амьдралын түүхээс та нартайгаа хуваалцъя гэж бодлоо. Олон эмэгтэйд хүч өгөх байх. Миний ээж их оюунлаг, бурхан ухаантай эмэгтэй учраас намайг ухаан орсон цагаас л “миний охин эрдэмтэй л хүн болох хэрэгтэй. Хожим чи хүний эхнэр, айлын гэргийн болно. Тэр цагт нөхөртэйгээ эн чацуу ухаалаг байж амьдрал авч явахад эмэгтэй хүнд боловсрол л хэрэгтэй гэж сургадаг байсан учраас би жаахнаасаа номонд дуртай, мундаг хүүхэд болж өслөө. 10 дугаар ангиа “онц” төгсөөд, аймагтаа очсон цөөхөн МУИС-ийн хуваариас өрсөлдөгчгүй гардаж авлаа. Ингээд анхны Их сургуулиа төгсөөд, 2 дах Их сургуульдаа мөн л амжилттай элсэн орж суралцаж төгссөн. Энэ хугацаанд зөвхөн багшийн өгсөн даалгавар, бие даалтаа хийх, шалгалтандаа бэлдэхээс өөр зүйлд анхаарах сөхөөгүй сурч төгссөн.

Мэдээж залуу хүн л юм чинь хамт олноороо баяр наадам тэмдэглэнэ гэж гарна л даа, гэсэн ч би багын гэрийн хүмүүжил сайтай учраас гадуур зугаа цэнгээний газраар эрчүүдтэй танилцаж явдаггүй байсан. Ингээд 2 дах сургуулиа төгссөний дараа 2010 оны өвөл нэг тийм нүдэнд хүйтэн царайтай, нилээд шоунд дуртай болов уу гэмээр залуу надаас салахаа болилоо. Хаа таарсан газраа зугтана, амьхандаа утасны дугаараа нууж байсан ч олоод авсан байсан. Байнга залгана, мэссэж бичнэ би дургүй байсан болохоор огт хариу бичдэггүй, нүүр өгдөггүй байлаа. Гэтэл бүүр дагасан юм уу гэрийг маань мэддэг болчихсон гаднаас орж ирэхэд орцонд хүлээгээд, сууж байдаг боллоо. Заримдаа бүр орой гадаа чинь байна, гараад ирээч гэхээр нь огт гардаггүй, өглөө ажилдаа гараад явахаар орцны цонхон дээр унтаж байдаг байсан. Иймэрхүү байдалтай 6 сар миний араас гүйсний эцэст би хэтэрхий өөртөө их юм бодож хүн зовоогоод байгаа юм шиг санагдаад, өрөвдөөд залгахад нь утсаа авдаг, гэрийн гадаа ирэхэд нь гарч уулздаг боллоо. Ингээд л миний зовлонт амьдралын эхлэл тавигдсан юм. Хааяа ярьдаг, уулздаг болоод дахиад 6 сар орчим боллоо.

Тэр хүнийг нэрний эхний үсгээр нь Э гэж нэрлэе. Э ч өдөр бүр аяар минь бөмбөрч, чихэн дээр цэцэг ургуулсаар байгаад, бид нилээд дотносож, нэг гэрт орлоо. Нэг гэрт ороод тун удалгүй Э-ийн зэс нь цухуйж эхэллээ. Банны өрөөнд юм угаах эсхүл хоол хийж байх хооронд нэг бус эмэгтэйтэй чаталж, мэссэж бичиж, ярьж амжсан байдаг байлаа. Мэдээж эмэгтэй хүн үүнийг зөвшөөрөхгүй нь тодорхой бухимдана, гомдоно. Нөгөө эмэгтэйчүүд нь залгаж, намайг элдвээр доромжилдог боллоо. Я…, Г…. минь Э-тэй ярьмаар байна утсаа өг, чи муу… гээд л урьд нь сонсоогүй муухай үгсийг харамгүй сонсдог боллоо. За тэгээд Э-ийн хүүхнүүдтэй орооцолдох нь багадаж, орой бүр cогтуу ирдэг боллоо. Би Э-г орой 7 цаг хүртэл хүлээнэ. Хэрвээ 7-оос өмнө ирэхгүй бол тэгээд л ойлгомжтой аpxи уугаад, тэр өдөр шөнөдөж ирнэ эсхүл огт ирэхгүй гэсэн үг. Энэ байдал яг л болох ёстой юм шиг давтамжтай болж, би маш бухимдуу, гундуу, ууртай болж нөгөө гялалзаж явсан сайхан төрх минь гандаж, үрчлээтэж эхэллээ. Би уг нь сургууль соёлын мөр хөөж, зөв сайхан хүмүүстэй найзалж явдаг, гялалзсан өнгөлөг эмэгтэй байлаа гэтэл муу хань, муу эр хүн гэдэг ямар ч сайхан эмэгтэйг нүд ирмэхийн зуур гундааж, өнгө алдуулдаг юм байна лээ.

Ингээд салж, нийлж, гомдож, цөхөрч явсаар 5 жил өнгөрсөн байлаа. Э-ийн утаснаас элдэв жаахан охидын мэссэж салахаа больж, хоногоор шоудаж, хоногоор явчихаад, хүзүүгээ битүү шимүүлчихээд ирэх зэргээр намайг доромжилж ханадаггүй байлаа. Өдөр бүрийн аpxи, хүүхнээс болж хэрэлдэхээс үнэндээ залхаж, би ч салахаар шийдлээ. Салж, сарнихаа эвээр ч хэлж, эвдрэлцэж хэлсээр Э-г гэрээсээ явууллаа. Учир нь Э манайд амьдардаг байсан юм. (Эр хүн бүх зүйл бэлэн байх тусам давардаг юм байна лээ) Ингээд салаад хоёр сар болж байтал түүнээс хүүхэдтэй үлдсэнээ мэдсэн. Яг үнэндээ би маш их баярласан. Яагаад вэ гэвэл муу эр хүнтэй өнгөрүүлсэн амьдралыг бодохоор эр хүн надад огт хэрэггүй санагдаж, “ээжээ” гэж дуудуулах өөрийгөө хайрлах бяцхан хүүхдээ төрүүлээд, сайн хүн болгож өсгөсөн нь надад хавьгүй жаргалтай санагдаж байлаа. Хэдий би энд хоёрхон өгүүлбэрт багтааж бичиж байгаа ч цодгор байх 9 сард чамгүй ядарч, зутарлаа. Хэвлий дэх үрийнхээ төлөө үүрээр гарч, шөнийн бор хоногтоо ирж, махран ажилласаар дикритээ авах ч боллоо.

Энэ хугацаанд шүд зуун нэг ч удаа Э-д хүүхдийнхээ тухай, ядруу хэцүү байгаагаа хэлэлгүй, тусламж гуйж царай алдаагүй төрөх ч боллоо. Би анхнаасаа хүүхэдтэй болсон, хүүхдээ төрүүлж өсгөнө, хүүхэдтэй болсондоо маш их баяртай байгаа гэхдээ чам шиг муу үлгэр дууриалтай эцгийн хажууд өсгөхгүй гэдгээ хэлээд, маргааш нь байсан байрнаасаа нүүж, утасны дугаар солиод зугтаж алга болсон. Яг салах үед би азаар ажлаа сольж байсан учир миний ажлыг огт мэддэггүй байсан. Ингээд л би огт холбоогүй хүүхдээ төрүүлж, өсгөөд өнөөдөр охин маань 2 нас 8 сар хүрч байна даа. Дикритээ аваад, төрөөд, хүүхдээ 7 сар хүртэл нь хүүхдээ тэжээхийн тулд гэрээр бичиг цаасны ажил, найз нөхдийн ханив тусламж, бүр орцны жижүүр ч хийж үзсэн. Үнэхээр сөхөрч суугаад, цурхираад уйлах, нүдээ хавдаж, дэрээ нортол уйлах өдөр, шөнүүд цөөнгүй байсаан. Гэхдээ хамгийн сонин нь ингэж сөхрөөд, уйлах тусам би улам ирлэгдэж, хурцлагдаж, хүчтэй болж байсан юм. Охиноо 7 сартайгаас нь буцаж ажилдаа ороод, зөвхөн цалингийн бараагаар хүссэн сайхан амьдралаа зохиож чадахгүйг ойлгосон учир мэргэжлээр дуртай ажлаа хувиараа хийх болсноос хойш би маш их жаргалтай амьдарч байгаа.

Хүүхэд минь эрүүл саруул бойжиж, хүссэн ажлаа хийж амжилтруу алхам алхмаар дөхөж, хажуугаар нь өөр шигээ зовлон туучиж яваа ээжүүдэд зөвлөгөө өгч, үлгэр жишээ бүсгүйчүүдийн нэг болсон минь миний сэтгэлийн тэнхээ, сэтгэлийн хүч гэж боддог. Үүнийг би өнгөрүүлсэн асуудлаа гайхуулах гэж биш муу эр хүн, муу ханьтай учраад уйлж, энэлж, зүсээ гундааж, сэтгэлээ чилээж суугаа 100 100 бүсгүйчүүдэд сургамж болгож илгээлээ. Амьдралд уруудах тусмаа та өндийх хэрэгтэй, таныг сорих тусам та чангарах хэрэгтэй. Тэгж байж та хүссэн цэгтээ мөлхөөд ч гэсэн явж очно шүү бүсгүй минь. Аа нээрээ тийм бас нэг баяртай мэдээ дуулгахад, би одоо салбартаа нилээд амжилттай ажиллаж яваа учраас хааяа телевизийн зочноор хүртэл уригдах болсон шүү. Та нарыг маань бас ямар сайхан завшаан хүлээж байгааг хэн ч таашгүй. Сэтгэлээ ирэл, хурцал, өндий, бос бүсгүй минь. Таны төлөө та л тэмцэнэ. Зөв, ухаалаг тэмцлийн үр дүнд өнөөдөр би тансаг үнэртэн анхилуулж, өсгийт жийн, инээд алдан алхаж явна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!