“МИНИЙ ХҮҮ ХУЛИГААН БОЛООРОЙ” ШОГ ӨГҮҮЛЛЭГ

Намайг аравдугаар ангиа төгсөөд сургуульд явахад аав минь ” Миний хүү номыг нь сурахгүй ч номхныг нь сураарай” гэж захиад баруун хацрыг минь үнсэж билээ. Би аавынхаа хэлснээр үнэхээр номыг нь суралгүй номхныг нь сурчээ. Номхон болохоор намайг хүн бүр номхчилно. Ажил дээр болохоор дарга намайг дэлгүүрт оочерлуулж, тамхинд гүйлгэнэ. Гал түймэр, цас зуд болоход байгууллагаа төлөөлж би л дайчлагдана. Хэрэв ” даанага” Дамбаа, ” үсчүүр” Жигээ нарыг ийм ажилд явуулах гэвэл барьж аваад алгадчихаж мэдэх тул тэдний өөдөөс зориглож ам ангайх хүн байхгүй. Гэрт ирэхээр авгай хоол хийлгэж, хог шүүрдүүлж , шал угаалгана. Хүүхдүүд хүзүүн дээр мордон морь болгон мөлхүүлнэ. Гэтэл манай хөрш Дэндэв болохоор эхнэрээрээ хөлөө угааалгаж, хүүхдүүдээрээ гутлаа тослуулж, тамхи асаалгана. Тамхи гэснээс… Би ч нэг юм тамхи татахчаа аяддаг байлаа. Түүнийгээ ааваас төдийгүй авгайгаасаа нууна. Нэг удаа ханцуйгаа шатаан авгайд байцаагдаж улайснаас хойш тамхиа хураалгаж бүр гарсан юм. Дэндэвийн эзгүйд эхнэр нь орж ирж манай авгайтай буу хална. Нэг удаа ” хүүхнүүдийн үг чагнаад л … явж хоолоо хийхгүй юу! ” гэж авгайд загнуулан хөөгдөж, гал тогооны өрөөнд гурил зуурч байхдаа Дэндэвийн авгай намайг ” бурхан шиг хүн” гэж үнэлэн манай авгайн азтай, жаргалтайд атаархан ярьж байхыг хаалганы завсраар сонсож билээ.

Хүү минь л над шиг номхон хүлцэнгүй амьтан битгий болоосой гэж дотроо залбирдаг байв. Хүү ч арваа төгсгөж сургуульд явах боллоо. Хүүдээ би юу гэж аминчлан захисан гэж бодно? ” За миний хүү номыг нь сурахгүй ч гэсэн тэр хулигаантах гэдгийг нь сураарай” гэж захисан гээч. Хүү маань их л гайхан харж байснаа инээж байна. Намайг тоглож байна гэж бодсон бололтой. ” Аав нь тоглоогүй, үнэнээсээ хэлж байна шүү. Амьдрал ингэж шаардаж байгааг ойлго, миний хүү” гэж учирлалаа. Хүү маань дув дуугүй ноомой царайлан нурмайж суув. ” Хувьсгалын жилүүдэд чөтгөрийн тоо эрс цөөрсөн” гэдэг шиг сүүлийн жилүүдэд хулигаануудын тоо эрс өссөн болохоор хуучинсаг үзэлтэй, хоцрогдсон аавынхаа надад захиж байсан үгийг өнөөдөр би хүүдээ яахан хэлж болох билээ.

Намын ургац хураалтаас ирээд хүү утсаар ярилаа. Ажил хийж олсон мөнгөө оюутны тэтгэмжийн хэдтэйгээ дээрэмдүүлчихэж гэнэ. ” Аав нь эс хэл лүү. Чамд юу гэж захилаа. Аавынхаа үгэнд орсон бол” гэхээс өөр хэлэх үг олдсонгүй. Хүү сургуулийнхаа амралтаар ирлээ. Тэр гадагшаа ч гардаггүй, нэг бол ном уншаад хэвтчихдэг, эсвэл ширээний чийдэн ёлтойлгоод шөнөжин юм бичээд суучихдаг хүн болсон байлаа. Нэг өглөө ажилдаа очиход манай хэлтсийн хэд: -Танд баяр хүргэе ! Та ч мундаг хүүтэй юм аа гээд гар атгахад нь ” Тэр маань одоо л ухаан сууж бооксын сээкцэнд орж дээ. Тэгээд тэмцээнд байр эзэлсэн хэрэг байх ” гэж бодоод. -Та нар яаж дуулав? Тэгээд цаадах чинь хэр зодолдож вэ дээ? гэсэн инженер залуу: -Давгүй шүү. Өдийд ийм байгаа хүүхэд Шаравын Сүрэнжав, буурал Бадарч нарын толгой дээр цахиур хагалахыг хэн байг гэхэв гэж байна. -Тэр Сүрэнжав, Бадарч гэдэг чинь спортын мастерууд уу? гэвэл, -Юун мастер, застер яриад гарав аа, та чинь. Яагаав яруу найрагч … одоо болтол хүүгийнхээ шүлгийг үзээгүй яваа юм уу даа гээд сонин авчирч өгөв. Миний өчигдрийн гэртээ аваачиж гарчиглаад гал асаачихсан сонин байлаа. Хүүгийн минь зураг хэдэн шүлэгтэй гарчээ. Би нэг ч их баярласангүй. Үүний оронд миний хүү цагдаа зодчихоод сургуулиасаа хөөгдсөн бол илүү баярлах байлаа. Хүү төгсөх жилийнхээ өвлийн амралтаар анхны шүлгийн номоо хэвлүүлчихсэн бөөн баяр орж ирэв. Нэг өдөр хүүг шүлэг уншуулахаар залуучуудын үдэшлэгт урьжээ.

Авгай ” Миний хүү наад муу гөлөг шиг сээгээгээ орхиод аавынхаа булган малгайг өмсөөд яв” гэв. Гэтэл яасан гэж бодно? Шөнө хүү маань нэг нүд нь булуу болчихсон, муухай царайлсаар толгой нүцгэн орж ирдэг байна. Үдэшлэг тараад ирж явахад нь зодоод малгайг нь дээрэмдчихжээ. “Сургуульд явахад чинь би чамд юу гэж захиж явууллаа? Их хөлийн газар хэдэн жил болохдоо чи цаас эрээчихээс өөр юу ч сурсангүй юу” хэмээн зэмлэвэл авгай орноосоо өндийж, -Өө муу өгөр чинь яаж даварч байна аа? Ганц муу малгай алдлаа гэж хүүхэд загнаад байхдаа яадгийм. Олон юм донгосолгүй хүүхдийн хоол халааж өг ! хэмээн дуу нь чангарахад би зодуулж хаширсан гөлөг шиг гөлсхийн галын өрөө рүү шургав. Тэгэхэд манай хүүтэй хамт арав төгссөн Равдангийн хүү хоёр ч удаа шоронгийн хаалга татаж, хоёр гараад байдаг. Саяхан нэг байгууллагын үдэшлэг дээр согтуу очиж хүн зодоход нь журамлахаар очсон хоёр цагдаа бүр аргадаж ядаад ” Муусайн жандармууд нээрээ надад сайн юм бол хүзүүн дээрээ унуулаад хүргэж өг” гэхээр нь ээлжлэн унуулсаар гэрт нь хүргэж өгсөн гэсэн . Гэгээн цагаан өдөр нэг хүүхний булган малгайг булаагаад ” Малгайнхаа хойноос яваад үзээрэй. Дэмий шүү муу пид…” хэмээн сүрдүүлэхээр нь хүүхэн айгаад чив чимээгүй өнгөрч. Равдан одоо ч өнөөх дээрмийн малгайг нь донхойтол тавьчихаад явж байгаа билээ.

Хүний хүү булган малгай олоод ирж байхад миний хүү алдчихаад аавыгаа хөхөө өвөл толгой нүцгэн явуулж байдаг. Хулигаан хүүтэй болж чаддаггүй яасан азгүй хүн бэ, би? Зах зээлд зохиолч гэдэг хулгар шарын арьсны ч үнэгүй амьтад болжээ. Найрагч хүүтэй байснаас ядахдаа наймаачин хүүтэй болох минь ч яав даа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!