“МИНИЙ ОХИН БОЛООЧ” ӨГҮҮЛЛЭГ

“МИНИЙ ОХИН БОЛООЧ” ӨГҮҮЛЛЭГ

НИЙТЛЭГЧ БЭРГЭТЭЙ

Бүүдгэр тэнгэрээс бороо шиврэн хаялж амьдрал яг л энэ тэнгэр шиг байдаг болов уу хэмээн Сорцэцэг охин бодно. Амьдралын өнгө жирийн нэгэн охины хүсэл тэмүүлэлд ингэж харагдаж байхад хүмүүн бидний сэтгэлд бас ямар аяз шиг сонсогдох нь аргагүй биз. Цонхны цаанаас шиврээ бороонд алхаж буй хүүхдүүд аав, ээжтэйгээ борооны шүхэрт нуугдан хөтлөлцөн алхахыг хараад өөрийн нүднээс нулимс урсахгүй ч зүрх нь уйлах мэт юуных билээ. Аав, ээжийн охин болж хорвоо ертөнцөд охин минь гэж дуудуулах хүсэл тэмүүлэлээр дүүрэн хорвоод мэндэлсэн ч эхийн ангир уургийг гуравхан хоног амлаад ээждээ хаягдан энэ газар ирсэн нь өөрийн буруу биш ч, ээжийнх нь ч буруу биш зөвхөн хатуухан амьдрал үүрүүлсэн хорвоогийн буруу гэлтэй. Эцэг эхийн хайрыг үзээгүй нь түүний сэтгэлийг хатуужуулсан нь энэ билээ. Сорцэцэг найман настай болов ч үүнийг ухан ойлгохгүй байгаа болов уу. Зөвхөн хаяад одсон эцэг, эх хоёртоо уурын дээдээр уурлаж, хааяа гомдсон сэтгэлээр хараан зүхэн бодож бяцхан хүсэлдээ горьдлого тээн ирвэл уулзахгүй хэмээн өөртөө андгай тавив ч хүрээд ирэх болов уу хэмээн өдөр болгон энэ цонхны тавцанг түшин гунигладгыг мөн өөртөө нь цуг энэ их зовлонг үүрч буй алдрай жаахан охид, хөвгүүд л ойлгодог юм. Монголын үрс маш олон болтугай гэсэн үг энэ олон үрсэд адгийн муухай үг болж сонсогдох шиг. Сорцэцгээ миний охин доошоо бууж цайгаа уу гэж ард нь дугарсан энэ хүнийг эндхийн олонх хүүхдүүд ээжээ хэмээн авгайлан дууддаг билээ. Насаар бол залуухан бүсгүй юм.

Багш -Миний охин энэ цонхны өмнө дандаа бодолд автаад уйтгарлан зогсох юм. Битгий ингэж зогсож бай л даа гэхэд Сорцэцэг За гэхээс өөр үг дугарсангүй доош хараад багшаасаа хөтлөн алхалаа. Бас нэгэн багш. Туяа чамтай хүн уулзахаар ирсэн байна. Ээж хэмээн дуудуулдаг багшийн нэрийг Туяа гэдэг билээ. Туяа ямар хүн байна гэж асуувч өнөөх багш түүний үгийг сонссонгүй бололтой цаашаа эргэж хараад алхачихав. Миний охин надтай цуг оччихоод эргэж ирээд цайгаа уух уу? Эсвэл чи түрүүлээд яваж байх уу? Сорцэцэг -Цуг явмаар байна таньтай. Ийн хэлээд цааш хоёул үүд рүү зүглэлээ. Үүдэнд хоёул очиход өндөр цагаан царайтай донж нь таарсан жирэвгэр сахалтай залуу тосон авлаа. Гартаа тортой зүйл барьсныг нь Сорцэцэг олоод харчихав. Ер нь хэн бүхэнд ил харагдахаар барьсан байсан тул олж харсан ч байж болох бизээ. Залуугийн нэрийг Гантөр гэдэг. Туяа, Гантөр хоёр танилцаад хоёр жил хэртэй болж байж нэг гэрт орж бас ч үгүй дахин нэг жилийн нүүрийг үзжээ. Ингээд нийт гурван жил гаран болж байгаа хосууд билээ. Туяа, Гантөрийг тэврэн авч үнсэх гэснээ Сорцэцэг охиноос санаа зовоод өөрийнхөө сэтгэлийн хайрыг хүллээ. Туяа Сайн явсан уу? Миний хань. Хэзээ ирээв. Ханьруугаа ярихгүй дээ. Гантөр -Сая л ирээд чамайгаа ажил дээр байгаа болов уу гэж бодоод л ирсэн зөв байна шүү. Их саналаа хэмээн хошуугаа дөхүүлэхэд Туяа -Дараа болъё хүүхэд хараад байна гээд ичингүйрэх нь эгээтэй л жаахан хүүхэд мэт харагдлаа. Гантөр -Өө мартаж орхиж хэмээн өөрийгөө шоолон нуг нуг инээгээд тортой зүйлээ Туяа өгөв.

Байж бай даа гээд дахин тортой зүйлийг буцаан аваад гараа хийн улаан алим аваад Сорцэцэгт өгөхөд охин харин багшруугаа хараад нүдээрээ авч болох уу хэмээн асуулаа. Туяа -Миний охин ав ав. Хүн юм өгч байна. Сорцэцэг -Баярлалаа гэсээр хоёр гараа дэлгэн авлаа. Туяа -Миний охин яваад цайгаа ууж бай. Багш нь энэ ахтай нь жаахан ярьж байгаад араас нь очно гэхэд. Сорцэцэг за гэсээр жаахан гарандаа томдсон алимыг атгаад алдчихгүй юмсан гэсэн шиг цээжиндээ наан цааш эргэж хараад товор, товор хэмээн гүйгээд явчихав. Араас нь тасралтгүй харж байсан Гантөр ямар хөөрхөн охин бэ. Ийм хөөрхөн охинтой болох юмсан гэж хэлэхэд Туяад энэ үг ямар хатуу байсныг хэлээд ч юу гэх билээ. Нээрээ эмч юу гэж байна гэж Гантөр Туяагаас царайчлангуй асуув. Туяа чимээгүй доош хараад боломжгүй гэсэн гэж дуулдах төдий хэлээд гүнзгий санаа алдах нь тэр. Энэ л гүнзгий санаа алдалт амьдралд хүн бүхэнд адил жаргал, зовлон үзүүлдэггүй хэмээх үгтэй адилхан сонсогдсон ч байж мэдэх юм. Тэр бүү хэл урам зориг, хүсэл хязгаарыг нь мохоох ч үг байж ч мэднэ. Туяагийн нүдэнд нулимс цийлэгнэн доош харсаар л. Гантөр мөн адил санаа алдаад за яах вэ хө. Ханиа болох л байлгүй дээ гэж хэлээд Туяагийн сэтгэлийг засахыг хичээлээ. Даанч өөрөө өөрийнхөө хэлсэн үгэнд итгэхгүй байгаа нь нүднээс нь харагдаж байв. Туяа аз болж түүний нүдийг хараагүй нь яамай даа. Ингээд өөр зүйлүүдийн зах зухаас ярин суухад хэдий хэрийн хугацаа өнгөрсөнийг бүү мэд. Ард нь Сорцэцэг охин булангаас шагайсаар зогсож байв. Өөрийн өмчөө авах гэсэн эзэн мэт багшийгаа хүлээнэ. Түүний зогсож байгааг Гантөр хараад өөрийн эрхгүй инээмсэглэн Туяад охин чинь иржээ гэсээр орой гэрт ирэхээр хоёулаа ярья хэмээгээд бослоо.

Гантөр хаалганы зүг хэд алхаад эргэж харахад Сорцэцэг охин инээмсэглэн баяртай гэсээр гараа даллан зогсоог хараад хариу гараа даллан эргэж хараад хаалга түлхэн онгойлгоод гарлаа. Энэ өдрөөс хойш сар гаруй хугацаа өнгөрөхөд Гантөрийн сэтгэлд охины инээмсэглэн зогсоод гараа даллаж зогсоог мартаж чадалгүй хүлээтэй өнгөрөв. Хааяа даа зүүдлэх нь ч хүртэл байлаа. Харин энэ өдөр тэвчилгүй эхнэрийнхээ ажил дээр очиод Туяаг дуудуулахад жаахан охин цуг гараад ирэх болов уу гэж зүрхэндээ горьдлого тээнэ. Жаахан ажилтай байна түр хүлээгээрэй гэсэн хариуг үүдний жижүүрээс сонсов. Хиргүй тунгалаг цагаан сэтгэлээр инээмсэглээд гараа даллах тэр охиныг харахыг ямар их хүсч байгаагаа нуух мэт коридороор нааш, цааш алхаж охиныг санаж байгаагаа эхнэртэй ч хэлээгүй байсан нь тодорхой бизээ. Тэр байтугай зүүдэндээ өөдөөс нь гүйн ирээд хүзүүгээр нь тэврээд эрхлэн үнсүүлж байна гэж хэд дахин зүүдлэж чихэнд нь ааваа гэсэн дуу хангинадаг болсоноо ч бас л эхнэртээ хэлсэнгүй. Ингэж байтал араас нь юу болов миний хань гэж асуух Туяагийн хоолой сонсогдов. Гантөр -Зүгээр л чамайг тарах дөхөж байгаа байх гээд хүрээд ирлээ. Цуг явдаг юмуу гээд хэлэх нь худлаа ярьсны шинж гэж хэн мэдэх билээ. Туяа -Болоогүй л байна даа. Жаахан ажилтай байна. Нэг охин өвдөөд их сандаргаж байнаа. Гантөр өнөөх охин л биш байгаасай хэмээн залбираад ямар хүүхэд гээд асуучихав. Туяа хар авсангүй. Яагаав дээр чамайг ирэхэд надтай цуг явж байсан охин. Гантөр юу нь өвдчихвөө хэмээн сандарсан байдалтай асуухад Туяа харин дөнгөж сэжиг аван гайхав. Туяа асууж чадалгүй бас хүүхэд өвдөхөөр эр хүн ингэдэг байх нь ээ гээд дотроо бодоод. Элбэг тохиолддог өвчин. Бид нар бол бэтгэрэх өвчин гэж оношилдог.

Заримдаа бид нар яаж ч чадахгүй байсаар хүүхдүүдээ алдчихдаг гээд битүүхэндээ шаналан хэлэв. Тийм л юм бүү болоосой гэж сэтгэлээсээ нэмж хэллээ. Гантөр -Би ороод харж болох болов уу? Яадаг бол. Туяа -Уг нь ч болохгүй л дээ. Тэгэхдээ захирал явсан болохоор болох байхаа. Хэсэг хугацааны дараа өрөөнд нь хоёул цуг оров. Охины толгой дээр нойтон алчуур хажууд нь эм, хоол, цай гээд л бүгд л байв. Харин энэ өвчнийг илааршуулах эм бөгөөд жор л тэр дунд байсангүй. Туяа -Чи хараад сууж байх уу? Би буцалсан усанд яваад ирье. Бусад хүүхдүүдийг бас шалгаадхъя. Гантөр -Тэгье дээ гэж хэлээд охины хажуудах сандал дээр суулаа. Уруул нь хатаж омголдсон байхыг хараад ямар их өрөвдөж зүрхэндээ уйлж байгаагаа ил гаргахгүй нь тулд миний дүү, ахын дүү гээд аажуухан дуудахад. Сорцэцэг аажуухан нүдээ нээгээд та хэн бэ гэж дуулдах төдий асуулаа. Гантөр -Ах нь байна. Таньж байна уу? Ахыгаа жаахан шөл уучих миний дүү гэсэн ч Сорцэцэг хүчлэн сорж чадахгүй байв. Ах нь чамайг санаад ирлээ. Ах нь бас чамд алим авчирсан гээд инээмсэглэх мэт болоод бяцхан гар дээр нь нэг ширхэг алим тавихад Сорцэцэг аажуухан атгав. Ингээд охиныг унтах хүртэл нь толгойг нь илэв. Унтсан хойно нь духан дээр нь үнсээд аавдаа ирээрэй гээд дотроо шивэгнэн хэлээд босжээ. Энэ өдрөөс хойш орой болгон охин дээр очидог боллоо. Захирал, эрхлэгч хоёр нь мэдчихээд эхэндээ уурлах боловч эмч охины бие өдрөөс өдөрт сайжирч байгааг хэлэхэд зөөлрөн оруулж байхыг зөвшөөрчээ. Үнэндээ ч Сорцэцэгийн бие улам л эдгэрч Гантөртэй тоглож бас ярьдаг боллоо. Нэгэн орой өнөөх л байдлаараа суун ярьж байгаад Гантөр, Сорцэцэгээс ингэж асуув.

Миний дүү чи миний охин болооч. Чи намайг ааваа гэж бодож чадвал би чамд бүхнээ зориулах болно. Сорцэцэгээ миний охин болооч. Сорцэцэг гайхан хэсэг харж байгаад толгойгоо сэгсэрлээ. Айсан ч байж болох юм. Дахин аав, ээжгүй болохоос. Гантөр алмайран дуугүй болоод ойлголоо миний дүү. Ахыгаа уучлаарай гэж хэлээд сандлаас босоод эргэж хараад хаалганы зүг алхаж байхдаа охинруу эргэж харахад охин доош тонгойгоод гартай барьсан алимаа улам чанга атгаж байх нь харагдлаа. Гантөр ч эргэн хараад хаалгаар гарав. Урт коридороор гуйван дайван алхаж явахад. Ахаа хэмээн хэн нэгний дуудах нь сонсогдов. Гантөр буруу сонссон байх гээд эргэж харсангүй алхана. Дахин ааваа, миний ааваа гэх охин хүүхдийн хоолой сонсогдоход л Гантөр эргэн харлаа. Энэ явдлыг зүүдэндээ, бодолдоо төсөөлж байсан билээ. Хиргүй цагаан тунгалаг сэтгэлтэй, хоёр салаа гэзэгтэй охин өөдөөс гүйнэ. Алаг том нүд нь нулимсаар дүүрсэн байх нь харагдахад Гантөр миний охион гэж хэд алхаад тэнхээ нь дууссан мэт сөхрөн суулаа. Охин гүйн ирж хүзүүгээр нь тэврээд та битгий яваач дээ ааваа. Та миний аав биз дээ гэсээр уйлахад Гантөр -Миний охион би хаашаа ч явахгүй. Чи минь миний охин шүү дээ гээд Сорцэцэгийг тэврэн үнсээд нүднээсээ урсах нулимсыг ч тоолгүй тэвэрлээ. Сорцэцэг. хариуд нь та миний аав болооч. Намайг битгий орхиоч гэж уйлан шулганан асуулаа. Үүнийг багш нарын өрөөнөөс гарч ирсэн Туяа хараад сэтгэл нь тийм гэхийн аргагүй уяран хаалга налан уйлж зогсоод би эх хүн боллоо гэдэг бахархах сэтгэгдэл төрөв. Гантөр -Миний охин, миний гүнж нь хэмээгээд хоёр хацрын ээлжлэн үнсэхэд Сорцэцэгт энэ хорвоогийн хамгийн жаргалтай хүүхэд болсон мэт санагджээ. Энэ л үед хорвоогийн амьдрал, сэтгэлийн өнгө юутай тансаг билээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!