“МИНИЙ БАЯРЫН НУЛИМС” БОДИТ АМЬДРАЛААС

“МИНИЙ БАЯРЫН НУЛИМС” БОДИТ АМЬДРАЛААС

“Далавчгүй Сахиусан Тэнгэрүүд” Групп – Хуулбарлахыг хориглоно!

Энэ бол ариун цагаан хөдөлмөрөөөрөө түлхүүрийг нь гардан авсан миний ханийн хөдөлмөр шингэсэн бидний анхны голомт минь. 11 жил хөлсний байр, нийтийн байраар амьдарсан амьдрал минь ингээд дуусч өглөө бүр өөрийн гэсэн гал голомтынхоо цонхыг нээн цайгаа чанахнээ. Би ямар азтай эмэгтэй вэ. Хань минь эмнэлэгт хэвтсэн учир хоосон байшиндаа ганцаараа чемодантай хувцасан дээрээ сууж байнаа. Энд хүрэх гэж хичнээн их ядарсан болоод эмнэлэгт хэвтэтлээ ядраа бол доо миний хайр. Хоёр хүүгээ өвөө эмээгээс нь авахасаа өмнө өнгөрсөн 11 жилээ бодож бага зэрэг гуниглах баярлах хослоол сууж байна. Бид хоёр хамгийн анх 5 давхар байрны подвалаас хамтын амьдралаа эхлүүлж байжээ. Харж хандах хүнгүй өнчин өрөөсөн ханийгаа дагаад гэрээсээ хувцасаа тэврээд зоригтой гарсан. Ээж аав минь дүргүйцэж хориглосон ч намайг зогсоож дийлээгүй. Охиноо чамтай суулгахгүй гэж ээжийг маань хэлэхэд миний хань ээжийн минь өмнө сөхрөөд Ээжээ охиныг чинь газар гишгүүлэхгүй явна гэж худал амлахгүй ээ.

Харин ганц ч нулимсгүй амьдруулж чадна. Намайг гэр бүлдээ оруулчих л даа гэж уйлж ээж аавын минь зүрхийг буулгаж авсан юм. Энэ үгэндээ үнэхээр хүрсэн шүү. Миний хань намайг нэг ч удаа гомдоож зовоож уйлуулж байсангүй. Подвальд амьдрах хэцүү л дээ. Чийгтэй хүйтэн харанхуй үргэлж гэрлээ асаалттай. Надтай хамт амьдардаг болоод л миний хань авто угаалгад ажилладаг байснаа болин дугуй засварт ажилд орсон. Шөнө тарж ирнэ. Би хүлээнэ. Ирэн иртэл нь унталгүй хүлээж сууна. Дараа жил нь би ажилд орж цэцэрлэгт туслах тогоочоор ажиллаж эхлэв. Бид хоёр нэг жил подвальд амьдраад Дарь-эхд хашаа байшин түрээслэв. Ингээд тэр жилээ би хүүгээ олов. Нөхөр маань дугуй засвартаа. Үргэлж тос маслонд хутгалдсан хар юм орж ирнэ. Толгойн дээр нь ус хийж өгч байхдаа хэзээ нэг өөрийн гэсэн хашаа байшинтай болох болдоо гэж боддог байлаа. Миний цалин тэр чигтээ хоол хүнс тогны мөнгөнд арай чүү л хүрдэг байв. Одоо ч тийм л дээ. Харин хань маань олсоноо цуглуулж дэмий зүйлд үрэхгүй нягт байх дуртай хачин их тэвчээртэй хүн. Би л үе үе тэсвэр алдан бууж өгчих гээд байдаг байсан.

Хүүгээ тээж байхдаа гоё ганган хувцас өмсөхийг, өдөр бүр амттай юм идэхийг, ямар нэг юмны төлбөр мөнгө бодохгүй амьдрахыг их л мөрөөддөг байсан ч намайг хайрлаж хамгаалж гэр хороололд байгаа хэрнээ ус зөөлгөхгүй, алх хадаас бариулалгүй бөөцийлж байгаа нөхрөө хараад тайвширдаг байлаа. Дугуй засварын орлого их бишээ. Хэн нэгэн инээмсэглэнгээ кофе уугаад пицца идээд гарах мөнгийг миний хань өглөөнөөс шөнө хүртэл даарч хөрч гараа цэврүүттэл ажиллаж байж олдог учраас би ханийнхаа олж ирсэн мөнгийг тансаглалд зориулж чаддаггүй байлаа. Нэг удаа миний хань хүмүүс их салах юмаа. Хүсч зорьж сонгож нийлчихээд яагаад өөрийн болсон хойно нь санаа амраад хайрлахаа зогсоочихдог юм бол. Би бол чамайгаа надад ямар азаар ирсэн юм гэж бодоод өдөр бүр яарч гэртээ ирдэг ш дээ гэж билээ. Өөрөө гэр бүлийн үнэ цэнийг мэдэрч өсөөгүй болохоор аргачгүй биздээ. Бид хоёр тансаглалд мөнгө зориулж үзээгүй дээ бараг. Ямар сайндаа бага хүүгээ төрөхөд л анх удаа пицца идэж үзсэн ш дээ. Гэхдээ ёстой амттай эд байна лээ.

Харин хоёр хүү минь маш их аз жаргалтай тайван дөлгөөн зан чанартай өсч байна. Аавыгаа дуурайдаг юм шиг ээ. Заавал өөрийн гэсэн байр, эсвэл хашаа байшинтай болно доо гэж зүтгэсэн хань минь чаджээ. Өр зээл лизинггүй бидний нэг өрөө байр ингээд ирэх гэж. Хурааж хуримтлуулсан, хойш тавьсан түрхэн зуурын тансаглал үр шимээ өгдөг л юм байна. Эр хүн зүтгэхэд эмэгтэй хүн дагадаг л юм байна. Одоо миний хань юу авмаар байна бүгдийг нэг нэгээр нь хайрдаа хэлээд авахуулаарай. Хайр нь бага багаар авч өгнө. Одоо хоёулаа өргүй бас санаа зовох хамгийн том асуудал үгүй орон гэртэй болсон гэж тэр маань хэлсэн. Хамгийн гол нь үрсдээ үлдээх хөрөнгө, өөрсдийн гэсэн гал голомттой болсон нь хоёр хүүгийнхээ өмнө эцэг эх байх үүргээ биелүүлсэн мэт аз жаргалтай байна даа. Одоо юу юу авахуулмаар бна гэхэд нь гоё гоё юм санаанд орохгүй хамгийн түрүүнд гоё буйдан бас ухаалаг будаа агшаагч гэж л хэлсэн ххэ. Болно доо. Хамтдаа байхад гэр бүл хэрүүл маргаангүй байхад бусад нь асуудал бишээ. Одоо ханийгаа л сайн ядаргааг гартал асарч сувилая. Дуртай хоолыг нь очиж хоёр хүүтэйгээ хамт хийж аавыгаа гурвуулаа эргэе дээ. Дөрвүүлээ инээлдээд орж иртэл бидний шинэ гэр минь түр баяртай.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!