“МАШИН УГААГЧААС ЭХЭЛСЭН МИНИЙ АМЬДРАЛ” БОДИТ АМЬДРАЛААС

“МАШИН УГААГЧААС ЭХЭЛСЭН МИНИЙ АМЬДРАЛ” БОДИТ АМЬДРАЛААС

“Далавчгүй Сахиусан Тэнгэрүүд” Групп – Хуулбарлахыг хориглоно

13 жилийн өмнөх 20 настай өөрийгөө харахад амьдралд, ирээдүйд, өөрийнхөө үргэлжлэлд огтхон ч санаа зовдоггүй нэгэн охин явсан байжээ. Энэ тухайгаа групптээ бичиж анх удаа зориглон захиа болгон сууна. Их сургуулийн хоёрдугаар курсийн оюутан нэртэй пайз зүүсэн годгор охин байлаа. Би хүссэн мэргэжлээрээ сургууль авч чадаагүй олон олон хүүхдүүдийн нэг байв. Огтоос мэдэхгүй, чадахгүй хүсэхгүй А ойлголт ч байхгүй мэргэжлээрээ сурч эхлээд л сургуулиа орхисон юм. Гэрийнхэндээ ээж аавдаа хэлж чадахгүй нуугаад нууцаар ажил хайж зөөгч, бармeн, зарлал наагч гээд л явж өгсөөн. Миний мэргэжлээрээ сурахыг үнэхээр хүсэхгүй байгааг ээж минь огт ойлгохыг хүсдэггүй байсан юм.

Миний мөрөөдөл олон хүний хамт олны манлайлагч удирдагч зохион байгуулагч байх байсан болохоор хэзээ ч хүний доор ажиллаж ирээдүйд олон жилийн дараа ихийг хийнэ гэж том том ярьсан охин гүйж байж билээ. Би зүгээр л хоосон уран яруу мөрөөдөгч байсан юм. Мөрөөдөхөд мөнгө төлөх биш би хүссэнээрээ мөрөөддөг байлаа. Би нэг санамсаргүй явж байгаад машин угаалгын газар ажилладаг хөөрхөн залууд дурлачихваа. Тэрэнд харагдах гэж үүдээр нь эргэлдэж бас болоогүй ахыгаа машинаа угаалгаач гэж ятгаж өөрөө мөнгийг нь өгөөд тийшээ дагуулж очиж нөгөө хүүгээ харж байсан гээд боддоо. Гэнэт нэг буланд машин угаагчаар хурдан шаламгай, сэргэлэн, найрсаг залуусыг ажилд авна. Цалин хийснээр гэсэн зар наасан байхыг олж харах нь тэр. Гуяа алгадаад очиж уулзаад маргааш нь орохоор болчихвоо. Ингээд дурласан залуугийнхаа дэргэд машин угаах далимаар хамт ажилдаг болов.

Машин угаах бол бас л миний сонирхол биш байлаа. Би дургүй л хийдэг байв. Нөгөө залуу маань ажилдаа дуртай бас нямбай их даруухан надтай үгч сольдоггүй байв. Гурван сар ажиллаж байж хоорондоо тогдож, наанадаж ядаж л өдрийн хоолоо хамт иддэг болов. Хамт хоол идэхийн тулд гэртээ тэрэнд зориулж хоол хийж савлаад ажилдаа өглөө гардаг байсан юм. Машингүй өдөр цонхон дээр суугаад зам харж суудаг байлаа. Миний өдрийн ихэнх цаг цонхон дээр эсвэл машин угаахад зарцуулагддаг байв. Үр дүн гэх зүйлгүй. Нөгөө залуу маань гэр бүлээ тэжээдэг учраас ажилдаа үнэхээр чин сэтгэлээсээ ханддаг бас хамгийн сэтгэлтэй тусархуу нь байсан. Сайхан ч найзладаг болов. Би нэг өдөр цонхоор харж дэмий суудаг цагаа тооцож үзээд гайхсан юм. Би өдөрт бүхэл бүтэн 5 цаг цонхон дээр сууж зам ширтэж өнгөрөөдөг байж.

Машингүй үeд цонхоо ширтэж суухын оронд хийх юм хэрэгтэй байлаа. Би ном уншиж эхэлсэн. Ном уншиж эхэлсний дараа аялах цоо шинэ хүсэлтэй болсон байсан. Хаанаас ч юм урсан орж ирсэн бодол. Би аялаж зугаалж байгалаас таашаал авч олон хүнд байгаль, газар шороо, тогтоц гээд танилцуулж ярьж тайлбарлаж дагуулж явмаар тийм мэдрэмж дотор төрөх болсон юм. Бүр болох юм шиг оргиод л нэг л тийм амархан юм шиг мэдрэмж. Би тэр намар нь нөгөө залуугийнхаа зөвлөснөөр аялал жуулчлалын мэргэжилээр жижигхэн хувийн сургуульд элсчихэв. Хичээлдээ явж бүр идэвхтэй даалгавраа хийдэг болов. Миний хүсэл ийм юм байжээ л гэж бодсон. Машин угаалгын газараа баасан, бямба, нямд ажилсаар байв. Учир нь нөгөө залуудаа хайртай хэвээрээ байсан болохоор. Шинэ сургуулийнхаа хоёрдугаар курсийн хавар нөгөө залуугаасаа анх удаа болзоонд явах санал авсан юм. Хөл хөөрцөг болон бид хоёр болзож билээ.

Кино үзээд л, зайсан гарч алхаад л. Тэр болзоо их юм эхлүүлсээн. Бид хоёр албан ёсоор болзож эхлээд хоёрхон сарын дараа хамт амьдарсан. Ингээд нэг өрх айл гал голомтоо асаасан даа. Түрээсийн хажуу өрөөнд ажилтайгаа ойр гээд хорооллын эцэст байдаг болов. Хоёр жилийн дараа бид хашаа байшинтай хашаандаа хөөрхөн сагсны шийдтэй, хашаандаа дугуй засвартай бас нэг ТҮЦ-тэй болов. Сургуулиа төгсөж би албан ёсоор хүссэн мэргэжлээрээ ажиллах дөртэй болов. Нэг шөнөжин бид хоёр унталгүй цаашдаа яах ва гэж бодож ярилцав. Бидний яриа ингэж үргэлжилсэн юм. Бид хувиараа жуулчинд явж хөтөч тайлбарлагч, жолоочийн хийж цалин бага ч хамаагүй туршлага сууж эхлэв. Төсөл бичиж эхлэв. Хоёр удаа төсөлөө уруулж бас хоёр удаа цөхөрч гэртээ хэрүүл болж маргаж ч үзэв. Зориглон зээл авч анхны ажлын гараа дөрвөн хүнтэй аялалын кемп бий болгов.

Ажилчид нь нөхөр жолооч, би хөтөч тайлбарлагч, нярав, нягтлан, захирал хэхэ, хадам ээж тогооч, угаагч, хадам дүү үлдсэн бүх зараалын ажилд гэж хуваарилагдах болов. Хэцүү байсаан. Хүнгүй бас бороо шороотой цастай. Харин яг одоо байдал арай өөр. Бид Байгаль нуураа түшээд хүсэл мөрөөдлийнхөө ажлыг хийж явна. Би баярлалаа үнэхээр сайхан аялал байлаа гээд хэлээд явж байгаа хүний тоогоор өөртөө оноо өгдөг юм. Би хичээж байна. Өглөө ажилдаа гарахдаа инээд дүүрэн, орой ажлаа төлөвлөөд унтахдаа бас л сэтгэл дүүрэн байх л хамгийн чухал юм билээ. Машин угаалгын газраас хоёр зүйлтэй гарсан нь нэг нь миний хайр нөгөө нь миний мөрөөдлийн ажил түүнийгээ олж нээсэн явдал байсан юм. Чи юу хийвэл аз жаргалтай байх вэ гэдэг хамгийн чухал юм шүү. Үүнийг надаас дүү олон сахиусан тэнгэрт зориулан бичив…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!